Categories
мэдээ нийгэм

Эмээлтэд хөнгөн үйлдвэр, технологийн цогцолбор парк байгуулна

Олон жил ярьж буй Эмээлтийн Хөнгөн үйлдвэр, технологийн паркийн бүтээн байгуулалтын ажил хараахан эхлээгүй, Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай хамтран ажиллахаар тохиролцож судалгааны ажлыг хийж байна.

НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор 2014 онд Эмээлтэд Хөнгөн үйлдвэр, технологийн цогцолбор парк байгуулахаар нийслэл хотоос 214 га газарт гэрчилгээ олгосон юм. Нийслэлийн Үйлдвэрлэл, инновацийн газраас мэдээлж байгаагаар тус цогцолбор паркийг байгуулах талаар ОУСК-тай хамтран ажиллахаар тохиролцож судалгааны ажлыг эхлээд байна. Олон улсын байгууллагын хувьд юуны түрүү зах зээлээ танддаг учир Эмээлтийн Хөнгөн үйлдвэр, технологийн парк байгуулснаар ямар зах зээл байгааг судалж байна. Судалгаагаар энд зах зээл, ЖДҮ хөгжүүлэх боломж гарвал ОУСК-тай хамтарч цахилгаан хангамж, парк доторх инженерийн шугам сүлжээ, авто замын бүтээн байгуулалтын ажлыг эхэлнэ.

Орон сууц, үйлдвэр үйлчилгээ, агуулах, амралтын бүсээс бүрдэх Эмээлтийн парк дэд бүтцээс гадна цэвэрлэх байгууламж, нөөц бүстэй байхаар төлөвлөж бүтээн байгуулалтын зураг төслийг гаргаад байгаа юм. ОУСК-иас Эмээлтийн үйлдвэр, технологийн паркийг цогцоор нь хөгжүүлэх тал дээр хамтарч ажиллахаар болоод байна. Эмээлтэд зөвхөн Үйлдвэр , технологийн парк бариад зогсохгүй суурьшлын шинэ бүс байгуулж нийслэл хотын дагуур хот болгон хөгжүүлэх зорилтыг нийслэлээс тавиад байна.
Анх арьс шир, ноос ноолуурын анхан шатны үйлдвэрүүдийг нийслэл хотоос Эмээлтэд шилжүүлэх үүднээс Хөнгөн үйлдвэрийн парк байгуулах санал гарч, “Эмээлтийн хөнгөн үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн парк” орон нутгийн өмчит төсөвт үйлдвэрийн газар (ОНӨТҮГ) байгуулж гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг татах талаар ажиллаж байна. Бүтээн байгуулалтын ажил, хөрөнгө оруулалт нээлттэй явж байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд БНХАУ-ын “Си Вай Си Кэй” ХХК-тай хамтран ажиллах талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зураад байна.
Тодруулга: Анх 2012 онд УИХ-ын 74 дүгээр тогтоол, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 оны хөгжлийн чиг хандлагын баримт бичиг, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын бичиг баримтын хүрээнд нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байгаль орчин, хүний эрүүл мэндэд халгүй үйлдвэр технологийн парк, суурьшлын шинэ бүс байгуулах бэлтгэл ажлыг хангах, бүтээн байгуулалтыг удирдан зохион байгуулах үүднээс Эмээлтийн Хөнгөн үйлдвэр-технологийн паркийг байгуулахаар болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *