Categories
мэдээ нийгэм

Эмч нарыг 2-8 жилээр яллахаар болсныг эсэргүүцэж байна гэв

Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ноос “Монголын
шорон эмч, сувилагчдаар дүүрлээ” сэдвээр өнөөдөр Монгол ньюс мэдээллийн
төвд хэвэлийн бага хурал зохион байгууллаа.

Тэдний хурал хийх болсон гол шалтгаан нь
2016 оны есдүгээр сарын нэгнээс эхлэн хэрэгжиж эхлэх Эрүүгийн хуулинд
оруулсан шинэчилсэн найруулгад эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг
шоронжуулсан найруулга хийсэн явдал гэв. Тодруулбал тус хуулийн 15.1
буюу эмнэлгийн эмч мэргэжилтэн хүн бүр ямар нэг байдлаар
болгоомжгүйгээр үйлдсэн гэмт хэргийг санаатай үйлдсэн гэмт хэрэг болгон
ангилж, эмч мэргэжилтнүүдийг 20-80 сая төгрөгөөр торгох, эсвэл 2-8 жил
хүртэл хугацаагаар яллах хууль боловсруулсан гэдгийг хэллээ. Улмаар
өмнөх хуулиар болдог байсан зохицуулалтыг эмч мэргэжилтнүүдийг
шоронжуулсан хууль болгон өөрчилснөөрөө хүний амь нас, эрүүл мэндийн
төлөө зүтгэж байгаа биднийг маш ихээр бухимдуулж байна гэсэн юм.

Энэ үеэр Эрүүл мэндийн ажилтны ҮЭХ-ны
дэд дарга Ч.Нарантуяа хэлэхдээ “Улаан бурхан өвчний дэгдэлтийн өнөө үед
эрүүл мэндийн салбарын бүх эмнэлгүүд шалаараа дүүрэн хүүхдүүд
хэвтчихсэн, эмнэлгүүд маш их ачаалалтай орчин нөхцөлд ажиллаж байна. Ийм
байхад ажиллах нөхцөлдөө тохирохгүй хуулийг Монгол Улс мөрдөх гэж
байгааг эсэргүүцэж байна. Тиймээс ч энэ хуулиа эргэн харж, засч
залруулахыг УИХ, Засгийн газар, холбогдох байнгын хороод, Хуульзүйн яам,
Эрүүл мэнд спортын яамдад хандан мэдэгдэж байна. Арван мянган эмч,
эмнэлгийн мэргэжилтнүүдийг гарын үсэг бүхий шаардлагыг холбогдох хүмүүст
өнөөдөр албан ёсоор гадуулж өгнө. Салбарын яам нь улс төржиж, сайд нь
байн байн солигдсоноос болж өнөөдөр Монгол Улсад ийм хууль батлагдчихаад
байна. Тиймээс түр хороо, эмч ажилчдын зүгээс улс орон даяар хамтын
тэмцэл зарласанаа албан ёсоор мэдэгдэж байна.” гэлээ.

Түүнчлэн “Энэ хуулийг батлахдаа өмнөх
хуулиасаа аль болох шоронжуулахгүй байлгах зорилготойгоор хүн амин
ноцтой гэмт хэрэг үйлдсэн хүнд оноох ялыг хүртэл багасгасан атлаа эмч,
эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гардаг
энэ хэргийг бусад болгоомжгүй үйлдэгддэг гэмт хэргүүдээс илүү хүндээр
яллахаар хуулинд тусгасан байна. Тухайлбал зам тээврийн ослын улмаас
хоёр ба түүнээс дээш хүний амь хохироосон бол хуучин хуулиар 5-аас дээш
жилийн хорих ял оногдуулдаг байсан. Гэтэл шинэчилсэн хуулиар яг эмч нарт
оноох гэж буй ялтай адил 2-8 жилийн ял оноохоор төлөвлөсөн байна.
Хоёрын хоёр хүний аминд хүрсэн хүнд оноох ял нь энэ. Авто ослын улмаас
хүний амь нас хохирч байгаа тохиолдол ДЭМБ-ын тайлан мэдээгээр
хоёрдугаарт явдаг. Ийм байхад болгоомжгүйгээр маш олон хүний амь нас
хохироодог хэргийн ялыг хөнгөрүүлж багасгасан хэрнээ цөөн тохиолдлоор
гардаг, эмч нарын алдаанд өгч байгаа ялыг хүндрүүлж байгаа нь шударга
бус гэж үзэж байна. Эмч нар хариуцлага хүлээх нь шударга ёсны зарчимд
нийцнэ гэж хэлэх хүмүүс олон байна. Үүнийг эмч нар бидний хэн ч
эсэргүүцээгүй. Гагцхүү ялын санкци нь хэтэрхий өндөр байна гэдгийг л
хэлэх гэсэн юм” хэмээн тус ҮЭХ-ны хуульч ярьлаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *