Categories
мэдээ нийгэм

Элэгний вирусийн эмийн хөнгөлөлтөд Орхон аймагт 607 сая төгрөг төсөвлөжээ

Өнөөдөр өглөө 11 цагт “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр Орхон аймагт нээлтээ хийлээ. Уг хөтөлбөр Монгол Улсын Засгийн газрын 112 дугаар тогтоолоор батлагдсан бөгөөд Монгол Улсын 15-аас дээш насны хүн амд хепатитийн В, С вирусын халдварыг илрүүлэх зорилготой юм. Үүний хүрээнд 2017 онд 40-65 нас, 2018 онд 15-39 насныханд элэгний В, С вирус илрүүлэх, оношлох, эмчлэх арга хэмжээ зохион байгуулна. Үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний С вирусын эсрэг эмийг хайрцаг тутамд нь 210 мянган төгрөгөөр хөнгөлж байгаа. Ингэхдээ 2016 оны 9 дүгээр сараас хойш эм авсан иргэдэд хөнгөлөлт үзүүлэх юм. Эмийн хөнгөлөлтөд 2017 онд улсын төсөвт 18.9 тэрбум төгрөг батлагдсанаас Орхон аймагт 607 сая төгрөгийг хуваарилжээ. Үүнийг Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргах юм. Мөн вирус тоолуулах лабораторийг улсын хэмжээнд сонгон шалгаруулна. Нэг иргэн дунджаар 120 мянган төгрөгөөр вирусээ тоолуулах бөгөөд уг мөнгийг улсаас гаргана. Тодруулбал, лабораторийн сонгон шалгаруулалтад ялсан эмнэлэгт ЭМД-ын сангаас иргэдэд үйлчлэх санхүүжилтийг өгнө гэсэн үг юм. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн хүрээнд 40-65 насныхныг харьяа Өрхийн эрүүл мэндийн төвөөр дамжуулж H-Info програмд бүртгэх, эрт илрүүлгийн шинжилгээ, үзлэгт хамруулж эмчилгээ хийнэ. “Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийн гол зорилго нь 2020 он гэхэд С вирусын халдвартай 150 мянган иргэнийг бүрэн эмчилж элэгний хорт хавдар, хатуурлын шалтгаантай нас баралтыг эрс бууруулж вирусын голомтыг устгахад чиглэж байгаа юм. Сүүлийн 10 жилд Монгол улсад элэгний хорт хавдарын улмаас жилд дунджаар 2600 хүн буюу өдөр бүр 7 хүн нас барж байгаа нь дэлхийн дунджаас өндөр үзүүлэлт юм. Дэлхийн эрүүл мэнлийн байгууллагын хийсэн түүвэр судалгаагаар манай улсад 400.000 хүн В, С вирусын халдвартай байх магадлалтай ажээ.

Орхон аймагт 2016 онд элэгний хорт хавдартай 96 иргэн бүртгэгджээ

“Элэг бүтэн Монгол” үндэсний хөтөлбөр батлагдахаас өмнө Орхон аймаг 2016 оны 9 дүгээр сард “Элэгний вирусгүй Эрдэнэт” хөтөлбөр баталж үйл ажиллагаа явуулж байсныг дурдах нь зүйтэй юм. “Элэгний вирусгүй Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд “Элэгний вирусгүй хамт олон” аян өрнүүлж үүнд 39 байгууллагын 3600 иргэн хамрагдаж эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүртжээ. Мөн 2099 хүн энэ чиглэлийн сургалтад, 1995 хүн шинжилгээнд хамрагдаж 495 иргэн В вирусын вакцинд хамрагджээ. Түүнчлэн өнгөрсөн сард АЗДТГ, “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ, Дэлхийн Зөн ОУБ-Эрдэнэт нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран Говил багийн 18-39 насны 200 хүнд элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ хийж вакцинд хамруулсан байна. Мөн “Элэгний вирусын халдваргүй нярай” төслийн хүрээнд 2017 оны 5 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэлх хугацаанд 300 нярайд хийх вакцинд орон нутгаас 30 сая төгрөг төсөвлөснийг дурдах нь зүйтэй юм. Дашрамд дурдахад, Орхон аймагт 2016 онд элэгний вирусын шалтгаант хорт хавдартай 96 иргэн бүртгэгдсэнээс 25 хувь нь эрт үедээ 75 хувь нь хожуу үедээ оношлогджээ. Хожуу үедээ оношлогдсон иргэдийн 72 хувь нь тухайн жилдээ нас барсан байна. Орхон аймагт элэгний вирусын шалтгаант өвчлөлөөс улбаалсан нас баралт өндөр хувьтай байгаа тул ийнхүү орон нутгийн удирдлагууд “Элэгний вирусгүй Эрдэнэт” аянг өнгөрсөн оны 9 дүгээр сараас “Эрдэнэтийн эрүүл иргэн” ТББ, ЭМГ, БОЭТ, “Медипас” эмнэлэгтэй хамтран зохион байгуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *