Categories
мэдээ нийгэм

Элчин сайд Ли Ё Хун Солонгосын жуулчдыг Монгол Улсад визгүй нэвтрүүлэх асуудалд хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсэв

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж нар өнөөдөр (2022.02.17) БНСУ-аас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ли Ё Хунтай албан уулзалт хийлээ.

Элчин сайд Ли Ё Хун БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэд өндөр ач холбогдол бүхий салбарын сайдаар томилогдсонд баяр хүргээд, байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр хамтран ажиллах хэд хэдэн бодитой саналууд байгаагаа дурдаад, танилцуулсан юм.

Тухайлбал, байгаль орчны чиглэлээр уур амьсгалын өөрчлөлт дэлхий нийтийн тулгамдсан асуудлын нэг болж байгаа энэ цаг үед Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь өндөр ач холбогдолтойг онцлоод бүрэн дүүрэн дэмжиж ажиллана гэв.

Мөн “Ногоон хөгжил-Ногоон шинэчлэл” төслийн ажлыг хамтран хэрэгжүүлэх ажлын хүрээнд БОАЖЯ нэгдсэн зохион байгуулалт, удирдлагаар хангаж ажиллаж өгөхийг хүслээ.

Цаашид зөвлөлдөх уулзалтууд, үзэсгэлэн, хөгжлийн хамтын ажиллагааны төслүүдэд хамтран ажиллах хүсэлтэй байна гэв.

Харин аялал жуулчлалын чиглэлээр БНСУ-аас Монгол орныг зорин ирсэн жуулчдын тоо цар тахлаас өмнө буюу 2019 онд 100 мянгад хүрсэн. Тиймээс цаашид тус улсын жуулчдын урсгалыг нэмэгдүүлэх бүрэн дүүрэн боломж бий гээд Солонгос улсын жуулчдыг Монгол Улсад визгүй нэвтрүүлэх асуудалд хүчин чармайлт гаргаж ажиллахыг хүсэв.

Мөн хоёр орны аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд иргэд хоорондын харилцаа, соёлын ойлголтыг идэвхжүүлэх хэрэгтэйг дурдаад Монгол Улсын тухай мэдээ, мэдээлэл гаднын улсад ялангуяа Солонгос улсын иргэдийн дунд маш бага байдаггэлээ.

Монгол Улсаас БНСУ-ыг зорих иргэдийн визний мэдүүлэг бүрдүүлэлтийн шат дамжлагыг цөөлж, цахимаар мэдүүлэх боломжийг бүрдүүлсэн. Цаашид Монгол Улсын иргэдийг Солонгос улс руу зорчих визтэй холбоотой асуудалд Элчин сайдаар ажиллаж байх хугацаандаа хүчин чармайлт гаргаж, анхаарч ажиллана гэдгээ илэрхийлэв.

Сайд Б.Бат-Эрдэнэ БОАЖЯ, Соёлын яам, Гадаад харилцааны яам хамтран энэ сарын 21-нд гадаад улсаас Монгол Улсад суух Бүрэн эрхт Элчин сайдууд болон аялал жуулчлалын салбарынхантай уулзах уулзалтад Элчин сайд Ли Ё Хунг урилаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *