ОХУ 2022 онд Украинд довтолсны дараа барууны улсууд Кремльд эдийн засгийн хориг тавьж эхэлсэн. Үүний хариуд “Роскосмос”-ын тэргүүн Дмитрий Рогозин “Бид сансрын пуужингийн “RD-181” хөдөлгүүрээ АНУ-д нийлүүлэхээс татгалзаж байна. Америкчууд одоо сансарт шулмын шүүр унаж ниснэ биз” гэж мэдэгдэж байсан юм.
Үнэхээр ч америкчууд НАСА-гаас хамаагүй хямд Оросын пуужингийн хөдөлгүүрийг ашиглаж нийт 22 удаа сансарт нисээд байсан билээ. Энэ явдал улсын байгууллага болох хүнд суртал, өндөр үнэтэй бүтээгдэхүүн гаргадаг НАСА-гийн ганцаар ноёрхож байсан сансрын салбарт хувийн компаниуд орж ирэхэд том түлхэц болж өгсөн юм. Тэгвэл Элон Маскийн “SpaceX” хувийн компанийн инженерүүд анх удаагаа “Starship Super Heavy” пуужингийн хамгийн том хэсэг болох “хурдасгуур” гэгддэг хөдөлгүүр болон түлш бүхий хэсгийг хөөрсөн байршилд нь буцаан оруулж буй бичлэгийг дэлхий нийтэд харуулав. Урьд нь сансрын пуужингийн хамгийн том хэсэг болох түлш бүхий хөдөлгүүрийн хэсэг үүргээ гүйцэтгээд хяналтгүй болон хөлгөөс салж ихэвчлэн далайд унадаг байсан билээ.
Энэ удаад “Super Heavy” хөлгийн түлшний хэсгийг нэмэлт хөдөлгүүрээр тоноглосон бөгөөд энэ нь өөрийн анх хөөрсөн сансрын буудал руу хяналттай бууж ирэн маневр хийж өөрийг нь хөөрөх хүртэл барьж байсан “сарвуун хавчаар”-т дахин орж чадсан явдал байв. Энэ бол “Starship” пуужингийн тав дахь туршилт юм. Энэ оны зургадугаар сард хөлөг дөрөв дэх туршилтын нислэгээ хийж, анх удаагаа Энэтхэгийн далайд амжилттай газардаж байсан билээ. Хамгийн гол нь Элон Маскийн “SpaceX” хувийн компанийн “Starship Super Heavy” пуужингийн “хурдасгуур” нь 33 хөдөлгүүрээр тоноглогдсон нь түүнийг хамгийн хүчирхэг хөдөлгүүр болгосон бөгөөд 74 меганьютон түлхэх хүчтэй юм. Харин NASA-гийн хамгийн хүчтэй пуужин болох “Space Launch System (SLS)” нь хуучны “Шатл” сансрын хөлгүүдээс ердөө 20 хувиар илүү буюу 39 меганьютон түлхэх хүчтэй юм. Хувийн болон улсын компанийн гол ялгаа нь энэ юм.
“SpaceX” компанийн инженерүүдийн зорилго нь сансрын пуужингийн түлшний хэсгийг олон удаа ашиглах боломжтой болгох буюу өөрөөр хэлбэл, онгоц шиг зөвхөн түлшээ солих шаардлагатай болгох явдал байв. Тэд энэхүү зорилгоо амжилттай хэрэгжүүлсэн гэдгийг дэлхий нийтэд батлан харуулав. Энэхүү шинэ арга нь олон зуун тонн ачааг сансрын тойрог замд хүргэх пуужингийн нислэгийн зардлыг эрс бууруулж байгаа билээ. Элон Маскийн хувьд түүний хөтөлбөр ийнхүү амжилттай хэрэгжсэн нь Ангараг гариг руу хүмүүсийг нисгэж, энэ гариг дээр шинэ суурин бий болгох амбицтай төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх гол нөхцөлийг бүрдүүлж байна гэдэгт мэргэжлийнхэн санал нэг байна.
Мөн энэхүү төсөл нь Маскийн өөр нэг төсөл болох олон хиймэл дагуулууд хөөргөн дэлхийн бүх хэсэгт өндөр хурдны интернэт нэвтрүүлэх “Starlink” хөтөлбөрөө асжилттай дуусгахад том тус болох нь дамжиггүй юм. Мөн Америкийн сансрын агентлаг НАСА амжилттай болсон энэхүү туршилтын үр дүнг энэ арван жилийн эцсээс өмнө хүмүүсийг саранд суурьшуулах зорилготой “Артемис” хөтөлбөрийн нэг хэсэг болгон ашиглахаар төлөвлөж байна. Өөрөөр хэлбэл, сансрын пуужингийн энэ шинэ хөдөлгүүр нь сансрын нисгэгчдэд саран дээрээс сарны тойрог замд орж, дараа нь дэлхий рүү буцах боломж олгож байгаа аж.
Бэлтгэсэн Г.АМАРСАНАА