Categories
мэдээ энтертаймент-ертөнц

“Эко аялагч” нэг сарын аян эхлүүлж байна

Аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан “Залуусын хэмнэл” НҮТББ, “MSC” продакш нь санаачлан 2018. 07.01-08. 01 хүртэл “ЭКО АЯЛАГЧ” нэг сарын аяныг эхлүүлж байна. “ЭКО АЯЛАГЧ” аяны гол зорилго нь аялагчид аяллын явцад гардаг хог хаягдлаа байгальд ил задгай хаялгүй буцааж авчирдаг, байгальд ээлтэй аялагч байхад чиглэгдсэн аж.

Аяллын явцад их бага хэмжээгээр хог хаягдал гардаг. Иймд хог хаягдлаа уутлан зориулалтын хогийн цэгт хаяж, хэвшсэнээр байгаль экологийн тэнцвэрт байдлыг хадгалахад өөрийн хувь нэмрээ оруулж буй нэг хэлбэр юм. Тиймээс зохион байгуулагчид аяны хүрээнд эдэлгээ даахуйц, зориулалтын эко хогны уутыг хэрэглээнд нэвтрүүлэхийг зорьж байгаа бөгөөд эко хогны уут нь 50смx60 см хэмжээтэй, автомашинд авч явахад тохиромжтой юм байна. Түүнчлэн эко гэдэг утгаараа олон дахин ашиглах боломжтой, хогоо хийгээд амыг нь татчих боломжтой, хог асгарахгүй байх зэрэг олон давуу талтай аж.

Эл эко уутыг ямар нэг нэмэлт зардал тооцохгүйгээр бодит өртөг болох 1000 төгрөгөөр Баянзүрхийн товчоо болон 22-ын товчоо, мөн автозам дагуу сайн дурын оюутан залуус долоодугаар сарын нэгнээс худалдаалж эхлэх юм байна.

Үүний зэрэгцээ ЭКО АЯЛАГЧ аяны хүрээнд олон нийтийн хандлагыг өөрчлөх, ухамсарт нөлөөлөхийн тулд “Байгаль дэлхийгээ аврахад бидэнд гурван секунд хангалттай” гэсэн уриатай нөлөөллийн реклам, шторк, постеруудыг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацах болон цахим сүлжээнд байршуулах, олны танил эрхмүүдийн дуу хоолойг энэ зүгт хандуулах, байгууллага ААН-үүдийг “ЭКО АЯЛАГЧ” байхад уриалсан челленж өрнүүлэх, сурталчилгааны материал тараах сайн дурын залуусын хөдөлгөөн, аялагчид байгалийн сайханд амарч, зугаалахдаа байгалаа анх очсон шигээ үлдсэн гэдгийг нотолж, эко хогны ууттай зургаараа гангарах уриалга гаргаж буй юм байна.

“ЭКО АЯЛАГЧ” аянд байгальд дэлхийгээ хайралдаг, нийгмийн хариуцлагаа ухамсарласан төрийн болон ТББ байгууллага, ААН-үүдийг нэгдэхийг уриалж буй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *