“Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо”, “Ардчилсан залуучуудын холбоо”-оос санаачлан хүүхдийг аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хүүхэд хамгаалалд бүх нийтээрээ оролцъё” арав хоногийн аяныг эхлүүллээ. Төрийн ба Төрийн бус байгууллага, иргэдийг аянд идэвхтэй оролцохыг уриалж байна.
Энэ талаар “Ардчилсэн эмэгтэйчүүдийн холбоо”-ны тэргүүн С.Одонтуяа “Өнгөрсөн өдрүүдэд хүүхдийн эсрэг гэмт хэрэг, хүүхдийн амь нас хохирсон явдлууд ар араасаа гарсан. Иргэдийн хүлээлтийг харахад эмэгтэйчүүд энэхүү аяныг эхлүүлж, зохион байгуулалтад оруулах хэрэгтэй гэсэн саналууд ихээр ирж байгаа. Бид хэн нэгнийг буруутгахаас илүү цаашид хүүхэд хамгааллыг хэрхэн шинэ шатанд хүргэх вэ гэдэг чухал асуудал болоод байна.Монгол Улс 2016 оны II сард хүүхдийн эрхийн тухай хуультай болсон. Гэвч хуулийн хэрэгжилт хангалтгүй байдаг. Хуульд төр, Засгийн газар, төрийн ба төрийн бус байгууллагууд, эцэг эх юу хийх вэ гэдгийг зааж өгсөн. Хуулийг амжилттай хэрэгжүүлбэл хүүхдээ хамгаалж чадна. Орон нутаг, нийслэлийн 2019 оны төсөв батлагдахаас өмнө хүүхэд хамгааллын чиглэлийн төсвүүдийг багтаах шаардлагатай байна. Үүнийг шийдвэр гаргах эрх бүхий хүмүүст хүргэх ёстой. Хий хоосон хүүхдээ хамгаалъя гэж яриад юу ч өөрчлөгдөхгүй. Нурах гэж буй сургууль, цэцэрлэгүүдийг засварлах, хүүхдийн явдаг замд гэрэлтүүлэг, камер зэрэг олон зүйл шаардлагатай байна.
“Хүүхэд хамгаалалд бүх нийтээрээ оролцъё” арав хоногийн аяны хугацаанд сошиал, хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэд, эцэг эхчүүд, төрийн бус байгууллагууд урьдчилан сэргийлсэн бүхий л зураг, пост, сургалтуудыг ил болгохыг хүсч байна. Аль нэг газар цахилгааны утас ил гарсан бол иргэн зургийг нь авч пост хийснээр болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх боломжтой. Хүмүүсийг зохион байгуулалтанд оруулж, арга замыг зааж өгөх нь чухал. Бидэнтэй хамт УИХ-ын гишүүн З.Нарантуяа санаачлан өнөөдрийн арга хэмжээг зохион байгуулж байгаа. Мөн ерөнхий сайдад асуулга тавьсан. Энд цугласан бүх хүмүүс чиглэл чиглэлээрээ анхаарч ажиллах хэрэгтэй байна.
Би Баянгол дүүргийн засаг даргаар ажиллаж байгаа. Хүүхэд хамгааллын хуульд шат шатны засаг даргын эрх үүргийг нарийвчлан зааж өгсөн. 230 мянган иргэн 90 гаруй мянган хүүхдийнхээ өмнө хариуцлага хүлээн ажиллаж байна. Хамгийн гол нь хүүхдийг хараа хяналтгүй байлгахгүйн үүднээс чөлөөт цагаа өнгөрүүлэх хүүхэд хөгжлийн төвүүдийг байгуулсан. Ингэснээр хүүхдүүд хичээлийн бус цагаар дугуйланд хамрагдаж, хараа хяналттай байх ажлуудыг хийнэ. Олон номын сангууд, усан бассейн сургалтын төв, хоёр эмнэлэг барьсан. Хүүхдийн зуслан удахгүй ашиглалтад орно. Боловсрол, эрүүл мэндийн чиглэлээр зорилгодоо тулгуурлан ажиллаж байна. Хүүхэд залуучуудад зөвлөгөө өгөх төв байгуулсан нь хүүхдүүд амиа хорлохоос сэргийлнэ гэж үзсэн юм. Мөн нийслэлийн албаны даргаас тушаал ирж, өчигдрөөс бүх холбогдох албан тушаалтнууд нэг бүрчлэн ажилдаа орсон. Бүх цэцэрлэгүүд тоглоомын аюулгүй байдлаа хангаж дууссан” гэлээ.
НИХ-ын төлөөлөгч Ц.Одонтунгалаг “Хотод барилга байгууламж нэмэгдэх тусам хүүхдийн аюулгүй байдал эрсдэлтэй болсоор байна.Иймээс Нийслэлийн хүүхдийн газраас “Хүүхдэд ээлтэй хот” хөтөлбөр боловсруулж 2015 оны XI сарын 20-ны өдрийн тэргүүлэгчдийн хурлаар баталж, хэрэгжүүлж эхэлсэн. Нийслэлийн засаг дарга С.Батболд, НИХ-ын дарга С.Амарсайхан нарт 2018 оны хоёрдугаар сарын 18-ний өдөр Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зөвлөмжийг гардуулан өгсөн.Гэтэл өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна. Ажил хийсэн тайлан ч ирээгүй байна” хэмээн ярив.
2018 оны эхний таван сарын байдлаар 833 хүүхэд золгүй явдалд өртжээ. Үүнээс амь насаа алдсан 34, амиа хорлосон 16, зам тээврийн ослоор амь эрстсэн найм, бусад шалтгаанаар арав, нийт 68 хүүхэд амь насаа алдсан байна.
Э.АНУДАРЬ