Эх түүхээ хамгаалж үлдэх асуудлаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ болон “Бидний цөөхөн монголчууд” төслийн санаачлагч М.Зоригт тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ.
“Бидний цөөхөн монголчууд” төслийн санаачлагч М.Зоригт:
“Өнгөрсөн долоо хоногт Андлалын хөшөөг буулгахыг хараад цочирдсон. Арай ч гэж дээ гэж бодогдсон. Өмнө нь тэр хөшөөн дээр очиж үзэж байсан. Ард иргэдийн муулаад байгааг ойлгож л байсан. Бүх шатандаа цавчдаг, иддэг дүр төрх тэнд байж л байсан. Гэхдээ муу ч сайн ч түүхээ авч үлдэх ёстой. Монголчууд бид цөөхүүлээ шүү дээ. Хөшөөг буулгаж байна гэх бичлэг үзээд тухайн өдөр нутгийн удирдлагуудтай ярьж, асуухад үнэн гэсэн. Гэтэл Засгийн нэг сайд нь гаргасан зардлыг нь улсын төсөвт буцааж тушаасан гэж мэдэгдэж байх жишээтэй. Өнөөдөр монголын хамгийн сайн оёдолчид, зураачид, барималчид хаана байна вэ, Өнмөд Монголд байна. Андлалын өргөөг баригдахын өмнөх Монголчууд, нураасны дараах Монголчууд байгаасай гэж хүсэж байна” гэв.
Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
“Үеийн үедээ Монголын төр үүх түүхээ дархлаажуулж ирсэн юм. Өдий хзртэл соёлын үүх түүх болсон газар нутгаа өдий хүртэл хамгаалж ирсэн Хан Хэнтийчүүддээ баярлалаа гэж төр засаг хэлж байсан үе бий. Монгол Улсын Засгийн газар Хэнтий аймгийг “Түүхэн аялал жуулчлалын бүс” болгох онцгой шийдвэр гаргасан байдаг. Андлалын өргөөг зүгээр нэг хүн очоод барьчихсан цогцолбор бол биш юм. Барьсан газар нь хүртэл түүхэн газар барьсан байдаг юм” гэв.