Эдийн засгийн хямрал, уналт, хөрөнгө оруулалтын зогсолт гэх мэт гутруу үгс хөвөрсөн энэ үед өөдрөг мэдээлэл ч багагүй сонсогдож байна. Эдийн засгийн өөдрөг мэдээллээс хүргэе.
АЛТ, ЗЭС, ТӨМРИЙН ХҮДРИЙН ҮНЭ ДАЖГҮЙ БАЙХ НЬ
Ирэх онд нүүрснээс бусад экспортын ашигт малтмалын үнэ унахгүй гэсэн өөдрөг мэдээг шинжээчид хэлж байна. Чикаго дахь “Long Leaf Trading Group”-ын ахлах стратегич Тим Эванс “Одоо алт худалдан авах цаг биш” хэмээн ярьсан ч,”Goldman Sachs” хэдэн сарын дараа унци алт 1050 ам.доллараар үнэлэгдэж магадгүй гэж сэрэмжлүүлсэн ч гэлээ алтны үнэ ирэх ондоо өснө гэсэн таамаг гарчээ. Алтны үнэ уналаа гэхэд 1000 дээр очно, мянгаас өгсөөд 2500 хүртэл “галзуурах” боломжтой гэх гэгээтэй мэдээ дуулдаж байна. Шинжээчид алтны үнийг удаан хугацаандаа энэ хавьцаа хүрнэ гэж таамаглаж байгаа. Удаан гэдэг нь зургаан сар хүртэлх хугацаа гэхээр ирэх жилдээ алтны үнэ огцом өсөх хандлага анзаарагдаад эхэлчихэж.
Төмрийн хүдрийн үнэ лав л өнөөдрийнхөөс буухгүй гэсэн таамаг бий. Болгоомжлонгуй хандсан тоо гэж хэлэх шинжээч ч байна. Дэлхийн уул уурхайн “акул” компаниудын нэг, төмрийн хүдэр олборлолтоороо тэргүүлэгч”Вале” төмрийн хүдрийн үнэ сүүлийн таван жилийн доод түвшнээсээ эргэж сэргэнэ гэж таамаглажээ. Гал тогоонд нь байгаа компанийн үнэлгээ учраас амьдралд илүү ойрхон байх магадлал өндөр.
Нийлүүлэлтийн илүүдэлд орж он гарсаар бараг 50 орчим хувиар унасан төмрийн хүдрийн үнэ өгсөх болсон нэг том шалтгаан бий аж. Өндөр өртгөөр олборлолт хийдэг хэд хэдэн уурхай үүдээ барьсан юм байна. Энэ нь ханш өсөх таатай нөхцөлийг бүрдүүлнэ гэж “Вале” үзжээ. Тэдний харж байгаа хоёр дахь шалтгаан нь төмрийн хүдрийн гол хэрэглэгч тивтэйхолбоотой.Азийн бүтээн байгуулалт сэргэсэн нь төмрийн хүдрийн үнэд эерэг нөлөө үзүүлэх нь. Төмрийн хүдрийн ханш тонн тутамдаа 85-90 ам.доллар хүрнэ гэсэн таамаг яригдаж байна. Энэ металлын ханш одоогоор 68 ам.доллараар үнэлэгдэж байгаа. Зэсийн үнийн хувьдөнөөдрийнхөөсөө буухгүй гэсэн таамаг байна.
АШИГТ МАЛТМАЛЫН НӨӨЦ НЭМЭГДСЭЭР БАЙНА
Газар доорх баялгийнхаа хэмжээг тодорхой болгоно гэдэг улсынхаа үнэ цэнийг тэр хэрээр өсгөж байгаа хэрэг. Тэнд тийм орд төчнөөн тонн нөөцтэй нь тогтоогдлоо гэсэн мэдээ бүр Монгол Улсын дэлхийн зах зээлээс мөнгө босгох боломжийг нэмж байдаг. Саяхан Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Guildford Coal” компани
“Монгол Улсын Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл Баруун ноён уул ордын гарцыг нэмэгдүүлсэн төлөвлөгөөг баталлаа” гэсэн мэдээг хөрөнгө оруулагчдад хүргэлээ.
Гарц нэмэгдсэнээр энэ ордоос 2015 онд1.5 сая тонн, 2016 онд хоёр сая тонн нүүрс олборлох боломж бүрджээ. “Guildford Coal”-ийн дуулгасан өөр нэг сайн мэдээ ньБаруун ноён уул ордын коксжих нүүрсийг угааж боловсруулснаар үнслэг багатай сайн чанарын нүүрс болдог нь туршилтаар дахин батлагдлаа гэсэн мэдэгдэл. Сингапурын “Sino Construction” -ызүгээс “Guildford Coal”-ийг худалдан авах саналаа албан ёсоор хүргүүлсэн гэх мэдээлэл байна. Одоогийн үнэлгээнээс нь бүр 17 хувиар өсгөж үнэлжээ.
ДОЛЛАР ХЭМНЭЖ, ДОЛЛАР ОЛОХ ГУРВАН ҮЙЛДВЭР ҮҮДЭЭ НЭЭЛЭЭ
Шинэ үйлдвэр байгуулагдах хэрээр гадагшаа урсдаг долларын урсгал багасна гэсэн шалгуураар хэмжвэл эдийн засагт эерэг нөлөө үзүүлэхээр үйл явдал өнгөрсөн амралтын өдөр тохиолоо. “Эрдэнэт хивс” компанийн дэргэд Ноос угаах үйлдвэр, Нано технологийн даавууны үйлдвэр нээлтээ хийсэнюм. Үүнээс гадна”Хөх ган” компанийн шууд ангижруулсан төмөр үйлдвэрлэх үйлдвэр ажиллаж эхэлж байна. Нано технологиор үйлдвэрлэсэн даавууны эдэлгээ 2-3 дахин нэмэгдсэн гэх үзүүлэлтийг үйлдвэрлэгчид сонирхуулсан. Гэрийн бүрээсний даавуугаа хүртэл урд хөршөөс худалдаж авдаг монголчуудын хувьд гэрийн мянган метр бүрээс үйлдвэрлэчихсэн нано технологийн даавууны үйлдвэр сайн мэдээ байж чадсан. “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх ноосны шинэ үйлдвэрийн онцлог нь өмнөхөөсөөнарийн цэвэрлэгээ хийх боломжтойгоороо онцлог. Ингэснээр дэлхийн зах зээлд чамлахааргүй үнээрборлуулдаг монгол хивснийчанар сайжирна гэсэн өөдрөг мэдээг үйлдвэрлэгчид онцолно лээ. Монгол руу урсах долларын урсгал бага ч гэсэн нэмэгдэх боломж бүрдсэн гэсэн үг. Шууд ангижруулсан төмөр ч ялгаагүй. Валютын нөөц нэмэгдэхэд дажгүй нөлөө үзүүлэх нь ойлгомжтой.
ТӨГРӨГ
ЧАНГАРАХ СУРАГ
Хоёр мянга дөхөж явсан ам.долларын ханш өнгөрсөн хоёр хоногт уруудав. Тодруулж хэлбэл амралтын өдрүүдэд 1880 төгрөгт хүрсэн юм. Арилжааны банкуудын ам.доллар худалдан авах ханш 1867-1870 төгрөг байгаа бол зарах ханш нь 1880 төгрөг байна. “Найман шарга” валют арилжааны цэгтөчигдөр 16.00 цагийн үед ам.долларыг1875 төгрөгөөр авч, 1880 төгрөгөөр зарж байлаа. Засагт АН, МАН хамтрах болсон нь долларын ханш буухад нөлөөлсөн гэх таамаг бий. Эдийн засагчид өмнө нь “Долларын ханш өсвөл ханш хөөрөгдөх гэж байгаа хэрэг, түүнээс биш ам.доллар чангарах боломж байхгүй” гэсэн таамаг хэлж байсан юм. Энэ талаас нь харвал улс төрийн тогтворгүй байдал ногоон валютын ханш чангарахад нөлөөлсөнбайж болох талтай. Тэгэхээр засаг үймснээс болж хөөрөгдсөн ам.долларын ханш, засаг тогтворжих хандлага руугаа орсон учраас хөрсөн дээрээ бууж эхэлсэн гээд дүгнэчихэд болохгүй юмгүй.
Өөр нэг таатай мэдээ гэвэл өнгөрсөн гурван сарын хугацаанд төгрөгийн голлох валютуудтай харьцах ханшийн өөрчлөлт харьцангуй тогтвортой байж. “Летфорекс” валют арилжааны төв болон зарим банкныхан “Ам.доллар төгрөгийн эсрэг өнгөрсөн таван сарын хугацаанд 3.6 хувийн өсөлттэй байсан бол юанийн төгрөгтэй харьцах ханш 4.7 орчим хувиар чангарчээ. Олон улсын зах зээлд ам.доллар голлох валютуудын эсрэг өссөн дүр зурагтай байна. Евро сүүлийн таван сарын хугацаанд ам.долларын эсрэг ес орчим хувиар, иен 16 хувиар суларсан” гэж онцолж байна. Гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдвэл ам.долларын эсрэг төгрөгийн ханш өнөөдрийнхөөс ч чангарна гэсэн таамгийг шинжээчид хэлж байгаа юм.
ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫН ИТГЭЛ ТАСРААГҮЙ
Гадаадын шууд хөрөнгө оруулалтын урсгал тасарсан ч гэлээ хөрөнгө оруулагчдын итгэл тасраагүйг өнгөрсөн хугацаанд болсон хоёр ч үйл явдал нотлов. Саяхан Хонконгт болсон Монголд хөрөнгө оруулагчдын чуулганаас хэрэгжүүлэхээр зэхсэн том төслүүд маань мөнгөтэй эрхмүүдийн анхааралд бий нь тод харагдсан. Хөрөнгө оруулагчдын ирц өмнөх жилийнхээс төдийлөн буураагүйг “Блүүмбэрг” онцолсон.Өнгөрсөн сарын 26-28-нд уг төсөлд хөрөнгө оруулахаар өрсөлдөж буйФранц, Солонгосын хамтарсан GDFSUEZ & POSCO Energy консерциумын баг Таван толгойн цахилгаан станц баригдах талбай, усны шугам, цахилгаан дамжуулах агаарын шугам зэрэг дэд бүтцийн төлөвлөсөн талбайд ажилласан нь үүний нэг нотолгоо. Тавантолгой цахилгаан станц төслийн хөрөнгө оруулагчийг сонгох олон улсын шалгаруулалт үргэлжилж байгаа билээ. Японы “Marubeni” корпораци, “Kansai electric”, Солонгосын “Daewoo Engineering” компанийн багууд арванхоёрдугаар сард төсөл хэрэгжих талбайд ажиллана гэсэн мэдээлэл байна.Сая дурдсан компаниудаас Таван толгойн цахилгаан станц төсөлд хөрөнгө оруулах өрсөлдөөнт саналыг ирэх оны хоёрдугаар сар хүртэл хүлээж авах юм.
Хөрөнгө оруулагчдын итгэл тасраагүйн бас нэг жишээ нь Хөгжлийн банкны босгосон гэж мэдээлээд буй синдикат зээл. Хөгжлийн банк анх олон улсын зах зээлээс анх 200 сая ам.доллар босгоно гэж төлөвлөж байсан ч эрэлт их байсан учир 300 сая болгож нэмэгдүүлсэн байдаг. Эрэлт гэдэг нь Монголын Хөгжлийн банкинд мөнгөө өгөх гэсэн хөрөнгө оруулагчдын сонирхолөндөр байсан гэсэн үг. Монголыг гэсэн шинэ хөрөнгө оруулагчид ч цөөнгүй байгааг Хөгжлийн банкны сүүлд босгосон синдикат зээл нотолсон. Тухайн үед “Credit Suisse Securities”-ийн гүйцэтгэх захирал Пол Трегидго Нью Йорк дах Блүүмбэрг телевизэд ярилцлага өгөхдөө “Энэ үйл явдал цоо шинэ зах зээл рүүнэвтэрч байгаагаас гаднашинэ хөрөнгө оруулагчдыг бий болгож байна. Монголыг сонирхох олон улсын хөрөнгө оруулагчдыг улам бүр нэмэгдүүлсэн алхам болсон. Монголд хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд олон бий ч Монголын талаарх хөрөнгө оруулагчдын сонирхол хүчтэй хэвээр байгаа. Монголын эдийн засаг дунд, болон урт хугацаандаа өндөр өсөлттэй байх учраас хөрөнгө оруулагчид их сонирхож байна. Монголд хөрөнгө оруулах тохиромжтой цаг ирсэн гэсэн үг” хэмээн ярьсныг хэвлэлийн хуудаснаас харж болно.
Ц.БААСАНСҮРЭН