Эдийн засгийн идэвхжлийг
нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдрийн
чуулганы нэгдсэн хуралдаанаар баталсан билээ. Энэ талаар УИХ-ын Эдийн засгийн байнгын
хорооны дарга Б.Гарамгайбаатар, Монголбанкны захирал Н.Золжаргал, УИХ-ын гишүүн
Д.Зоригт нар Эдийн засгийг эрчимжүүлэх тогтоолын төслийг баталснаар эдийн
засагт ямар ахиж, гарц бий болох талаар мэдээлэл хийлээ.
Нийт
26 заалт бүхийн тогтоолын төслийн 18 нь эдийн засгийн хүндрэлээс ойрын
хугацаанд гарах арга хэмжээ бол үлдсэн найман төсөл нь тогтолцооны шинэчлэл
хийхэд чиглэгдсэн байна. Тогтоолын төсөл батлагдсанаар гадаад валютын урсгалыг
сайжруулах, санхүү эдийн засгийн эрсдэлээс сэргийлэх аж. Мөн бизнес, хөрөнгө
оруулалтын орчныг сайжруулах, эдийн засгийн идэхжлийг нэмэгдүүлэх, хувийн
хэвшлийг дэмжих, хөгжлийн бодлого, хөгжлийн зээл, санхүүжилтийг тодорхой болгох
юм. Түүнчлэн төрийн өмчийн удирдлагын тогтолцоог шинэчлэх үндсэн дөрвөн чиглэл
тусгагасан гэдгийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар тодотголоо.
Тухайлбал, “Оюутолгой” төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг
түргэтгэж, “Тавантолгой”-н ордоос олборлож байгаа бүтээгдэхүүний
өрсөдөх чадварыг сайжруулах юм байна. Жишээлбэл, “Тавантолгой”-н ордын
нэмэлт хөрөнгө оруулалтыг ойрын 3-5 жилийн хугацаанд 3-5 тэрбум төгрөгөөр
нэмэгдүүлэхээр тогтоолын төсөлд тусгажээ. Мөн бизнесийн орчинг сайжруулах,
бизнес эрхлэгч, хөрөнгө оруулагчдын үйл ажиллагааг дэмжих зорилгоор хувийн
хэвшлийн үйл ажиллагаанд тавьдаг олон хяналт, шалгалтын тоог цөөрүүлнэ гэсэн. Төрийн
байгууллагын хүнд сурталыг багасгах, тусгай зөвшөөрлийн тоог цөөлөх чиглэлээр
зарим хуульд өөрчлөлт оруулахаар Засгийн газар ажиллаж байгаа гэнэ. Тухайлбал,
тусгай зөвшөөрлийн тоо 900 орчим байгааг 400 болгож бууруулах, хяналт
шалгалтуудын тоог эрс бууруулах арга хэмжээнүүдийг тогтоолд тусгасан гэж УИХ-ын
гишүүн Д.Зоригт онцолсон.
Тогтоолд
тусгагдсан чиглэл, зарим арга хэмжээнүүдийг УИХ-ын 2014 оны хаврын чуулганы
хугацаанд багтаан хэрэгжүүлэхийг Засгийн газар болон холбогдох байгууллагуудад
УИХ-аас үүрэг болгожээ. Мөн тогтоолын хүрээнд зургаан хууль шинээр батлах,
зургаан багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төлөвлөгөө боловсруулжээ. Хуулийн
төслүүдээ ирэх сарын 1-ээс өмнө УИХ-д өргөн барихаар ажиллаж байгаа аж.