Categories
мэдээ эдийн-засаг

“Эдийн засгийн чуулган”-аар сургамж, сорилт, шийдлээ хэлэлцэнэ

“Монголын эдийн засгийн форум” төрийн бус байгууллагаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Эдийн засгийн чуулган-2016” долоо дахь жилдээ зохиогдох гэж байна. Энэ сарын 30, 31-ний өдрүүдэд “Сургамж, сорилт шийдэл” гэсэн уриан дор Төрийн ордноо хуралдах уг чуулганаар Монгол Улсын эдийн засгийн төлөв байдлыг хэлэлцэхийн сацуу дэлхийн болон бүс нутгийн эдийн засгийн төлөвийг тандан хэлэлцэх ажээ.

Сүүлийн үед төр компаниудын бизнес рүү орж, хувийн хэвшлийнхнээ хүнд байдалд оруулж байна гэх шүүмжлэл ихсэх болсон. Тиймээс тус форумаар төр засаг, бизнесийн зааг ямар байх ёстой талаар төр засгийн төлөөлөл, бизнесийнхэн хэлэлцүүлэг хийж, эдийн засаг хөгжсөн сүүлийн 15 жилийн ололт болон алдаа, тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга замын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.

Чуулганд уламжлал ёсоор төрийн тэргүүн болоод төрийн түшээд, гүйцэтгэх засаглалынхан оролцохоос гадна гадаадын экспертүүдийг ч урьжээ. Энэ удаагийн Эдийн засгийн чуулганд Азийн хөгжлийн банкны Зүүн Азийн бүсийн захирал Аюуми Кониши, Байгалийн баялгийн засаглалын институтийн ерөнхийлөгч Даниел Кауфман, ОУСК-ийн Ази, Номхон далайн бүсийн захирал Вивек Патак нар уригджээ. Мөн Google, Facebook, Yahoo гэх мэт байгууллагад IT-гийн чиглэлээр ажилладаг монгол залуус оролцох аж.

Эдийн засгийн чуулганы салбар хуралдаанууд Хөгжлийн төлөө түншлэл, Цомхон чадварлаг төр, Нийгмийн даатгалын шинэчлэл, Аюулгүй хүнс-Тогтвортой ашигтай бизнес, Хуульчдын өрсөлдөх чадвар сэвдийн хүрээнд өрнөх юм.

Ж.ХУЛАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *