ХҮН намын удирдлагууд орон нутгийн буюу аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн үр дүнгийн талаар Төрийн Ордонд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд УИХ-ын гишүүн, ХҮН намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Ганзориг, УИХ-ын гишүүн Б.Найдалаа, Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа болон НИТХ-д ХҮН намаас нэр дэвшсэн гишүүдийнх нь төлөөлөл оролцов.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХҮН намын Ерөнхий Нарийн Бичгийн Дарга П.Ганзориг: “ХҮН нам энэ удаагийн орон нутгийн сонгуульд 400 орчим хүн нэр дэвшүүлсэн. Бид энэ удаагийн сонгуулиар Архангай, Сэлэнгэ, Дорнод аймгуудын ИТХ-д гурван төлөөлөлтэй болсон. Мөн нийслэл хотод гэвэл Хан-Уул, Багануур дүүргийн ИТХ-д төлөөлөлтэй болсон.
Сонгуулийн үр дүнд хоёр зүйл тодорхой байгааг тодотгож хэлье.
Нэгдүгээрт, нийслэлд 45 төлөөлөгч сонгогдоно. МАН нийт сонгогчдын 50 орчим хувийн саналыг авсан хэдий ч 45 төлөөлөгчийн 90 гаруй хувийг авсан. Энэ нь 100 хувь мажоратори тогтолцоогоор явж байгаагийн гажуудал. Хэрэв Үндсэн Хуулийн нэмэлт, өөрчлөлт хийгдэж, холимог тогтолцоогоор УИХ-ын сонгууль яваагүй бол яг саяны орон нутгийн сонгууль шиг үр дүн гарах байсан.” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Найдалаа: “Ардчилсан Монгол Улс сонгуулиа хийхдээ нэг л болохгүй байгааг харж байгаа биз дээ. Сонгосон нам нь, сонгосон нэр дэвшигч нь гарахгүй байна.
Булхай, луйвар, мөнгөний сүлжээтэй нь, мөнгөтэй нь, хулгайч нь, худалч нь сонгуульд ялж гардаг энэ тогтолцоо нэг л болохгүй байна.
Сонгуульд төрийн албыг ашиглаж байгаа энэ булхай нь Ардчилсан Монгол Улсад гацаа болж байна. ХҮН нам үүнийг өөрчлөх болно.” гэлээ.
Харин Нийслэлийн ХҮН намын хорооны дарга Э.Золзаяа: “Сүүлийн хоёр өдрийн турш өөрчлөлтийг дотроосоо болон гаднаас хийх зайлшгүй шаардлага гарсан юм байна гэж бодсон. Сурталчилгааны хугацаа эхлэх үед ХҮН намын нэр дэвшигчид хотын хөгжлийн бодлогыг маш сайн хөндөж ярьсан. Гэвч бодлогын мэтгэлцээн болж чадсангүй. ХҮН намд саналаа өгсөн 220 мянган сонгогчдодоо баярлалаа.Бидний найдвар залуучууд байсан. Иргэд орчин нөхцөлдөө дүн тавьж, өөрчлөлийг хүсэх болов уу гэж найдаж байсан ч залуус маань хангалттай саналаа өгч чадсангүй” гэв.
Мөн тэрээр сэтгүүлчийн асуултад хариулахдаа: “Сонгуулийн үр дүнд маш олон төрлийн хүчин зүйл нөлөөлсөн. Яг талбар дээр өрсөлдөөнд явсан залуучуудаа төлөөлөөд хэлье. Хамтарсан Засгийн Газрыг буруутгасан хандлага үнэхээр байсан уу? гэвэл байсан. Нөгөө талаар мөнгө тараалт улаан цагаандаа гарсан” гэсэн юм.
Эх сурвалж: sonin.mn