Монгол Улсын Морин хуурын чуулгын ятга хөгжмийн квинтет есдүгээр сарын 29-нд анх удаа “Хязгааргүй” бүрэн хэмжээний тоглолтоо тавих гэж байгаа юм. Энэ тухай хамтлагийн ахлагч Э.Оюунтуяатай ярилцлаа.
-Ятга хөгжмийн бүрэн хэмжээний тоглолт гэхээр содон буугаад байгаа юм. Тоглолт тань маргааш болох гэж байна. Тоглолтын бэлтгэл ажил хангагдчихсан байгаа юу?
-Тэгэлгүй яахав. Ятга хөгжмийн тоглолт ингэж олон нийтэд тоглогдсон удаа бараг байхгүй. Морин хуурын чуулга маань зохион байгуулж бид анхны концертоо хийх гэж байна. Бид шинээр монгол үндэсний хөгжим болох ятга орчин цагтайгаа хөл нийлүүлж чадаж байгаа эсэхийг харуулахаар зорьж байна. Нэг ёсондоо ятгын хөгжил хоцрогдоогүй гэдгийг бид харуулна. Тоглолтын бэлтгэл ерөнхийдөө жигдэрчихсэн. Манай тоглолт энэ сарын 29-ний өдөр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт ганцхан удаа тоглоно. Энэ удаагийн тоглолтод Морин хуур чуулгын удирдаач хөгжмийн зохиолч Д.Түвшинсайханы бидэнд зориулсан шинэ хөгжмүүд эгшилнэ. Тоглолт маань бүх талаараа шинэлэг байхаар төлөвлөгдсөн байгаа.
-Танай тоглолтын тасалбарын үнэ хэд байх юм бол?
-Тасалбар суудлаасаа хамаараад 30000, 50000 төгрөгийн үнэтэй байгаа. Үзэгчид маань суудлаа сонгож тасалбараа авах байх.
-Ятга хөгжмийн квинтет гээд байгаа. Энэ нь чухам ямар утгатай юм бол?
-Морин хуурын чуулгын доторх ятгын квинтет гэж явж байгаа л даа. Энэ нь Италийн хөгжмийн хэллэгээр тавал гэж явдаг юм. Тэгэхээр монголоор “Ятгын тавал” гэж ойлгож болно.
-Хамтлагийнхаа гишүүдийг манай уншигчдад танилцуулахгүй юу?
-Намайг Э.Оюунтуяа гэдэг. Би хамтлагийн ахлагч. Хамтлагийн хөгжимчин О.Мөнхтогтох, Ж.Уранцэцэг, П.Дэлгэрцэцэг, А.Жамбалсүрэн гээд авьяаслаг бүсгүйчүүд байгаа.
-Бүгд мэргэжлийн хөгжимчид үү?
-Тийм. Бүгд хөгжим бүжгийн коллеж, СУИС-ийг төгссөн мэргэжлийн хөгжимчид байгаа. Хамтлагийнхан маань доод тал нь 10 гаруй жил ятга хөгжмөөрөө уран бүтээл туурвисан хүмүүс.
-Хэзээнээс тавуулаа уран бүтээл хийх болсон бэ?
-Тавуулаа уран бүтээлээ туурвиад зургаан жил болж байна. Морин хуурын чуулгын шинэ номер тоглолтуудад оролцоод явдаг. Манай хамтлагийнхан ятгандаа таарсан хөгжмийн найруулгуудыг өөрсдөө хийдэг. Энэ тоглолтоос бидний зургаан жилийн хөдөлмөрийг харах бүрэн боломжтой.
-Тоглолтын нэр их содон санагдаж байгаа. Яагаад “Хязгааргүй” гэж нэрлэх болов?
-Хүн бүрийн хүсэл, тэмүүлэл, түүндээ хүрэхэд хязгаар үгүй гэх санааг хүргэхийг зорьж “Хязгааргүй” гэдэг нэр өгсөн.
-Ямар уран бүтээлээр сонсогчдынхоо сонорыг мялаах гэж байна?
-Ятга хөгжмөөр орчин цагийн хөгжмийг яаж дуугаргаж болох. Ятга хөгжим хөгжлийн ямар түвшинд байгаа. Бусад улсын хөгжмийн хөгжилтэй зэрэгцэж байгаа эсэхийг харуулах зорилготой. Тоглолтод хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн “Мандухай сэцэн хатан” киноны дууг ятгын тавалд оруулан тоглосон байгаа. Сүүлийн үед дэлхий даяар сонирхож байгаа минималист чиглэлээр уран бүтээлээ туурвидаг Италийн хөгжмийн зохиолч Людмила Наудигийн аясыг ятга хөгжмөөр яаж гоё дуугаргах талаас нь өөрсдөө найруулж тоглож байгаа.
-Тэр нь гэнэтийн бэлэг болох нь ээ дээ?
-Тоглолт маань нэлээд шинэлэг уур амьсгалтай тавигдана. Гэнэтийн бэлэг болгож дуучин Б.Сарантуяатай хамтарч ажиллаж байгаа. Бидний аянд модерн баллет бүжиглэнэ. Мөн Морин хуур чуулгын “Стрингс” хамтлаг маань бидэнд зориулж тоглоно гээд үзэгчид маань уйдахааргүй гэгээлэг сайхан тоглолт болно.
-Зургаан жилийн хугацаанд ятгын тавал хэдэн уран бүтээлтэй болсон байна вэ?
-Манайх анх ятгын дөрвөл гэж байсан юм. Тухайн үед Үндэсний хөгжимчдийн улсын уралдаан анх зохиогдож байхад гранпри шагналыг нь авч байлаа. Тус уралдаан дээр “Гоолингоо”, “Аргагүй амраг” гэдэг ардын дууны хөгжмийг тоглосон юм. Мөн хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуай ятгын дөрвөлд зориулаад цохиур хөгжим, хуур хөгжимтэй хамтарсан “Дэврүүн зурвас” гэж шинэ зохиол гаргаж байсан.
Энэ хөгжмийг тоглоод Үндэсний хөгжимчдийн улсын уралдаанаас анхны гранприг авч байлаа. Жил болгон болдог “Play off”, “Вeatiful Mongolia”, “Novel Melody” тоглолтуудад шинэ уран бүтээлүүдээрээ оролцдог. Сүүлд “Marry Christmas” киноны төгөлдөр хуурыг өөрсдөө найруулж ятганд оруулж тоглосон. Мөн Аргангенты Тангоны хаан болсон хөгжмийн зохиолчийн “Либертанго” аяыг ятгаар тоглож үзэгчдийнхээ сонорыг мялаах гээд хүлээж байна даа.
-Гадаад аязыг ятгаар тоглох хэцүү юу?
-Үндэсний хөгжмөөр гадаад хөгжим тоглоно гэдэг хэцүү л дээ. Характерыг нь гаргах ч хэцүү. Ятга хөгжимдөө тохирох үзүүлбэрээ л бид сонгож найруулсан л даа. Бидний тоглолтыг үзэх хүмүүст таалагдах байх гэж найдаж байгаа.
-Ятга тоглох гоёмсог харагддаг ч удаан хичээллэх бас хэцүүхэн байх даа?
-Эхлээд ятга тоглож сурахад үнэхээр хэцүү байсан. Өндөг цэврүүтээд өвчин орчихно, халширдаг л байсан. Одоо ажил дээр гарчихсан учраас байнгын бэлтгэл сургуулилттай. Гар чанга болчихсон байдаг. Амарчихаад ирэхэд гар нялцайгаад хэвэнд нь оруулах гэж нэлээдгүй хуруу, гарны дасгал хийнэ шүү дээ.
-Үндэсний хөгжмөө тоглох сайхан байдаг уу?
-Гадны оронд үндэснийхээ урлагийг сурталчлаад явахад үнэхээр бахархдаг. Үзсэн хүн болгон л шагшин магтдаг нь урамтай сайхан. Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров гуайн бидэнд зориулсан аяыг сонсоход дурлахгүй байхын аргагүй. Тиймээс л ятга хөгжмөөрөө олон жил ажиллаад явж байна даа.
-Тоглолтын дараа юу хийхээр төлөвлөж байна. Төлөвлөгөөгөө гаргачихсан байгаа байх?
-Цаашдаа бид киноны аяыг ятга хөгжмөөрөө тоглохоор ажиллаж байна. Мөн Азийн хөгжимчидтэй харилцан туршлага солилцож урлагийн тоглолт хийхээр төлөвлөж байгаа.
С.Ариун