Ази тивийн эрэгтэй чөлөөт бөхийн ХХIХ дэх, эмэгтэй чөлөөт бөхийн ХIХ дэх аварга шалгаруулах тэмцээн Тайланд улсын Бангкок хотод үргэлжилж байна. Бямба гаригт /02.20/ эмэгтэй 58, эрэгтэй 57, 65, 74, 97 кг-ын жингүүдийн барилдаан боллоо.
57 кг-ын жинд 16 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер С.Батболд нэгдүгээр тойрогт Энэтхэгийн бөх Сандееп Томарт 3:5 онооны харьцаагаар хожигдож дагах барилдаанд Тайваны бөх Чин Фуг 10:0 онооны харьцаагаар хожиж хүрэл медалийн төлөө Ираны бөх Жонес Фируз Сармастидажалийг 16:8 онооны харьцаагаар дийлжээ.
65 кг-ын жинд 19 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Б.Батмагнай нэгдүгээр тойрогт Киргизийн бөх Улукмен Маматовыг 12:2, хоёрдугаар тойрогт Сирийн бөх Чамара Миландаг 10:0 онооны харьцаагаар хожиж, гуравдугаар тойрогт Ираны бөх Мейсам Аболфазл Насирид 2:13 онооны харьцаагаар дийлдэж дагах барилдаанд Узбекийн бөх Мариф Кириллоевийг 7:6 онооны харьцаагаар өвдөг сөхрүүлж хүрэл медалийн төлөө барилдаанд Японы бөх Масаказу Камойг цэвэр даран тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт бөх болов.
74 кг-ын жинд 15 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Д.Гомбодорж нэгдүгээр тойрогт Хятадын бөх Чунфу Фэнгийг 10:0, хоёрдугаар тойрогт Арабын Эмират улсын бөх Мохамед Насериййг 11:0, хагас шигшээ барилдаанд Ираны бөх Мостафа Мохаббали Хоссеханид 0:7 онооны харьцаагаар дийлдэж хүрэл медалийн төлөө Киргизийн бөх Саякбай Юсуповтой өрсөлдөж 1:2 онооны харьцаагаар хожигджээ. Манай бөх Ираны бөхийг ялсан бол шувтаргын барилдаанд Казахстаны бөх Зибер Закиров бэртлийн улмаас дэвжээнд гараагүй учир азийн аварга болох боломж байлаа.
97 кг-ын жинд 14 бөх барилдсанаас олон улсын хэмжээний мастер Д.Хүдэрбулга нэгдүгээр тойрогт Хятадын бөх Цагаанзааныг 2:0, хоёрдугаар тойрогт Туркмений бөх Юсуп Мележаевыг цэвэр ялж, хагас шигшээ барилдаанд Ираны бөх Реза Мохаммед Али Резданид 0:7 онооны харьцаагаар дийлдэн хүрэл медалийн төлөө Узбекийн бөх Сукробжан Мукаромовтой өрсөлдөж 10:0 онооны харьцаагаар ялж, тивийн аварга шалгаруулах тэмцээнээс дөрөв дэх медалиа авчээ.
Эмэгтэй 58 кг-ын жинд 11 бөх барилдсанаас спортын мастер Э.Гантуяа нэгдүгээр тойрогт Тайландын бөх Канитка Хомсунгийг 10:0, хоёрдугаар тойрогт БНАСАУ-ын бөх Юн Сум Рийг 6:4 онооны харьцаагаар ялж, хагас шигшээ барилдаанд Киргизийн бөх Айсулуу Тунебековад 4:5 онооны харьцаагаар ялагдан хүрэл медалийн төлөө барилдаанд Энэтхэгийн бөх Саритаг 10:0 онооны харьцаагаар буулган авчээ.