“Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр” УИХ-ын тогтоолын төсөлд тусгагдсан хэвлэлийн эрх чөлөөг боомилох гэсэн ноцтой заалтуудыг Монголын хэвлэл мэдээллийн салбарынхан дуу нэгтэйгээр эсэргүүцэж байгаа. Энэ сэдвээр“ТВ-5” телевизийн гүйцэтгэх захирал Э.Дагиймаатай ярилцлаа.
-Авлигатай тэмцэх нэрийдлээр хэвлэлийн эрхэнд улмаар энэ салбарыг үгүй хийхээр санаархсан тогтоолын төсөл УИХ-д явж байна. Төслийн эхэнд хэвлэл мэдээллийн байгууллагууд авлигын эсрэг соён гэгээрүүлсэн нийтлэл, нэвтрүүлгийг үнэ төлбөргүй сурталчлах ёстой гэж үүрэгдсэн маягийн заалт бий. Үүнийг биелүүлэх боломж хувийн хэвшлийн сонин хэвлэл, телевиз, радиод байгаа юу?
-Төрийн үйл ажиллагааг хэвлэл мэдээллийн хэрэгслээр үнэ төлбөргүй сурталчилна гэдэг асуудал УИХ-ын түвшинд яригдаад, улстөрчид өөрсдөө үнэгүй сурталчлуулах гарцаа хайж байсныг манай уншигч, үзэгчид бүгд мэдэж байгаа. Улстөрчид сонгуульд өрсөлддөг, ялсан нам нь засаглалаа бүрдүүлдэг. Тэр хүмүүсийг хэвлэл мэдээллийнхэн хүчээр магтан дуул гэдэг тулгалт байж болохгүй. Яагаад гэвэл өнөөдөр чөлөөт хэвлэл үүссэн процессыг харахаар энэ салбарт хайртай хүмүүс л авч үлдсэн байдаг. Герман болон Америкийн жишээг харъя л даа. Сэхээтнүүд нь хэвлэл мэдээлэлтэйгээ үлдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, сонин гэхэд элит гэр бүлийн өвлөгдөж ирсэн өмч хөрөнгө. Хэвлэл мэдээллийн байгууллага бол улс орны үндэсний аюулгүй байдалдмаш томбааз суурь болдог. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчөөр бий болсон хэвлэл мэдээлэл гэж байхгүй. Манай иргэд мэдэж байгаа, бүгд хувийн өмч шүү дээ. Төр хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мөнгө зарцуулж байсан түүх байхгүй. Тухайлбал, ТВ-5 телевиз гэхэд өөрсдөө хөдөлмөрлөөд бүх зүйлээ хийсээр өдий зэрэгт хүрсэн. Түүнээс төр манай телевизийг мөнгөөр тэтгээд сайхан хөгжсөн үү гэвэл үгүй гэж хариулна. Энэ засаг өнөөдөр хөгжлийнхөө гольдролоор явж байгаа байгууллагууд руу үсрээд байгаа нь харамсалтай. Ингэж болохгүй. Төр өөрөө ажлаа ард түмэнд ил тод хүргэх ёстой. Гэтэл төр өөрийнхөө ажлыг хийж чадахгүй мөртлөө нийт эдийн засгийн 70 хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлийнхнийг хааж, бооно, шалгана гэдэг. Үүгээр зогсохгүй төр хувийн бизнест хувь хэмжээгээ оруулна гэх зэрэг тулгалт явуулж байгаад харамсаж байгаа.
Авлига гэж юу юм бэ. АТГ юу шалгах ёстой юм бэ гэвэлэнэ байгууллага татвар төлөгчдийн мөнгийг хууль бусаар захиран зарцуулж, албан тушаалаа хэтрүүлж, төсвийн хөрөнгийг идэж, шамшигдуулж байгааг авлига гэж хардаг. Энэ утгаараа тэд манай хэвлэл мэдээллийн байгууллагуудыг авлига гэж хараад байгаа юм уу, ойлгохгүй байна. Бид өнөөдөр реклам, зар сурталчилгааныхаа орлогоор санхүүждэг. Хэн нэгнээс авлига авдаггүй. Бид бизнесийн компаниудаа, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж ажилладаг.
-Авлигын эсрэг соён гэгээрүүлэх ажилд улсаас чамгүй мөнгө төсөвлөдөг. Тэгсэн хэрнээ хувийн хэвшлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үнэ төлбөргүйсурталчлуулах гээд байна?
-АТГ соён гэгээрүүлэх үйл ажиллагаа хэзээ ч явуулдаггүй. Тэгвэл энэ ажлаа сайн хийгээрэй гэж улсаас мөнгө төсөвлөдөг юм байна. Тэр төсвөө юунд зарцуулдгаа тэд тайлагнамаар юм. Бараг хэдэн товхимол, каталоги, цаас хэвлээд дуусдаг байх л даа. Миний хувьд авлигын эсрэг соён гэгээрүүлсэн цуврал нэвтрүүлэг,нийтлэл үзэж, уншиж байгаагүй юм байна. Дэлхийн жишигт авлигатай тэмцэх хамгийн гол ажил нь ард түмнээ авлигын эсрэг мэдээллээр хангаж, соён гэгээрүүлэх. Харин манай АТГ хүмүүсийг барьж, хорьж айлгах маягаар соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулдаг. Авлигаас эмээж, айдастай байх нь зөв. Гэхдээ хүмүүсийг дарамталж, авлигын эсрэг тэмцэж байна. Арай сардаа нэг хэвлэлийн бага хурал хийснээ соён гэгээрүүлэх ажил гэж бодохгүй байх.Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэрийг нь үнэ төлбөргүй нийтэлж, нэвтрүүлдэг шүү дээ. Харин төсөвлөчихсөн мөнгөөрөө АТГ нь ажлаа хийж чадахгүй байхад бид өмнөөс нь тэдний ажлыг хийнэ гэж юу байхав дээ.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй байгуулсан хувийн хэвшил, иргэн аж ахуй нэгжүүдийн гэрээг ил тод болгохоор тогтоолын төсөлд тусгасан байна. Хэвлэлийг дампууруулах гэсэн бас нэг ийм заалт тогтоолын төсөлд байгаа?
-Төрд, хувь хүнд ч нууц гэж байх ёстой. Тиймдээ ч дотоод журам гэж байна. Хувь хүний нууцад бүр ч халдаж болохгүй. УИХ-ын гишүүд гэхэд бүгд халдашгүй дархан эрхтэй. Тэднийг ямар нэгэн асуудалд холбогдохоор прокурор шалгаж чаддаггүй биз дээ. Гэтэл ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд халдашгүй дархан эрхтэй атлаа ард түмэн хэврэг байж болохгүй. Ардчиллын үнэ цэн алдагдана. Яахав хэвлэлтэй байгуулсан иргэн аж ахуй нэгжийн гэрээ хэрэгтэй гэвэл шалгаж болно. Бид хуулийн байгууллагаас нуугаад явахгүй. Гэхдээ гэрээ болгоноо гаргаад тайлагнаад байх уу. Энэ бол бизнесийн зарчим. Өнөөдөр чөлөөт зах зээлд өрсөлдөөн гэж байна. Хэвлэл мэдээллийн салбарт гэхэд арилжааны 16 телевиз өрсөлдөөд явж байна. Манайх “Номин” компанитай байгуулсан гэрээгээ ил тод болгох ёсгүй. Магадгүй бид хамгийн доод үнэ өгсөн байж болно. Тэрийгээ зарлаж болохгүй. Хэрэв ил болголоо гэхэд “Номин” компани бидэнтэй гэрээ хийсний нэмэргүй. Тэгвэл бид өрсөлдөөд яах юм бэ. Ямар ч үнэ цэн байхгүй болж байгаа биз дээ.
Монгол Улс өнөөдөр ардчилсан нийгэмд шилжээд 25 жил болсныхоо ойн баярыг сүр дуулиантай зарлаж, тунхагласан. Гэтэл ардчиллын амин сүнс болсон хэвлэл мэдээллийн хэрэгслийн эрх чөлөөг шат дараатайгаар боомилж, хаахыг оролдсоор ирсэн. Өнөөдөр Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийг өргөн барьж, баталсан улстөрчид тэнд байгаа. Хотын дарга Э.Бат-Үүлээс өгсүүлээд тухайн үедээ “Ардчиллын үнэ цэн хэвлэлийн эрх чөлөөнд байдаг” гэж хэлж байсан. Өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөг байхгүй болгох, хэвлэл мэдээллийн хэрэгслийг төр өөрөө цензурддаг тогтолцоо руу орох нь ээ. Мэдээж, төрийнхнийг АТГ шалгалгүй яахав. Манай хэвлэлийнхэн авлигатай тэмцэхийг уухайлан дэмжээд хамгийн тэргүүн фронтод явж байгаа. Давс нь хэтэрсэн хоол шоврог болдогтой адил тийм гашуун хоолыг идээд явах хүн өнөөдөр байхгүй. Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхийд байнга ухарсан үзүүлэлттэй байгаа. Ялангуяа ардчилсан засаглалын үед үүнийг харах ёстой. Хэвлэлийн эрх чөлөөг боомилсон хууль зөвхөн авлигатай тэмцэх тогтоолын төслөөр хязгаарлагдахгүй. Олон хууль байна. Хууль санаачилсан УИХ-ын гишүүн заавал хэвлэл мэдээллийн салбартай холбоотой заалт хийдэг. Энэ салбарыг оролдохгүй бол болдоггүй юм шиг л байдагт гайхдаг.
-Сэмхэн өөр хуультай хамааруулаад оруулж ирдэг зальжин арга бас байна…
-Томоохон баяр ёслолоор хүмүүсийн анхаарал өөр тийшээ хандсан байхадхууль баталдаг муу зуршил УИХ-д байдаг. Төр энэ муу зуршлаасаа салах ёстой. Бид хуульгүй байя гэж ерөөсөө хэлээгүй. Хууль баталж болно. Гэхдээ энэ салбарын төлөөллийг хэлэлцүүлэгтээ оролцуулаад санаа оноог нь тусгаад сайн хууль гаргавал шүүмжлээд байхгүй. Тэрнээс хэвлэл мэдээллийн салбар бол бүх хуулийн төсөлд шигтгэгдээд ордог зүйл биш. Үүнийг манай улстөрчид анхаараасай. Тэд сонгогчдын саналаар төрд гарч ирдэг. Дараагийн сонгуулийн уухайн дуу ойртож байгаа. Улстөрчдийн нүдэнд хамгийн гоё болоодмуухай харагдаж байгаа хүмүүс бол хэвлэл мэдээллийнхэн. “Хэвлэлийнхнийг л дарж байвал өөрсдийгөө амь бөхтэй төрд байна” гэж тэд бодож байгаа бололтой. Манай хэвлэл мэдээллийнхэн энэрэнгүй, дандаа хүний төлөө явдаг. Хэзээ ч өөрсдийнхөө асуудлыг тавьдаггүй. Барилга хазайлаа гэхэд оршин суугчид хохирч, гэмтэх вий гэж болгоомжилно. Эмнэлгийн барилга хүрэлцэхгүй байхад өвчтөнүүд нь шалан дээр унтаж байна гэж санаа зовдог. Тэгсэн атлаа өөрсдийнхөө асуудлыг үргэлж хойш нь тавьсаар ирсэн. Номхон тэмээг ноолоход амар гэдэг дээ. Тийм болохоор манай салбарыг байнга оролддог байх. Харин хэвлэл мэдээллийнхэн номхон тэмээ шиг дарлуулаад суугаад байдаг хүмүүс биш.
-Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд хэвлэлийн эрхийг хааж, боомилсон хууль батлахыг хориглоно гэсэн заалт бий. Гэтэл энэ хаврын чуулганаар энэ хуулийг зөрчсөн хэд хэдэн төслүүдийг хэлэлцэх гэж байна. Хэвлэл мэдээллийн салбарынхан өөрсдийнхөө төлөө хэрхэн нэгдэх шаардлагатай вэ?
-Удахгүй Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болох гэж байна. Энэ салбарынхан эрх чөлөөнийхөө төлөө дуугарна. 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль дөрөвхөн заалттай, ганц хуудас. Энэ бол хууль 1998-2015 он хүртэл биднийг зохицуулаад ирсэн. Монголын хэвлэлмэдээллийг маш өндөр түвшинд хөгжүүлж чадсан хууль. Үүнд төр хэвлэл мэдээллийн нийтлэлийн бодлогод оролцохгүй гэдгийг заачихсан. Төрийг хэвлэл мэдээллийн байгууллагыг хаах, боох ямарваа нэгэн заалтыг хуулинд оруулж болохгүй гэдгийг тодорхой заасан хууль өнөөдөр хүчин төгөлдөр байна. Гэтэл манай улстөрчид ямар нэгэн байдлаар хэвлэлийг хаана, бооно гэж бичээд явдаг. Тэд нэгэнт энэ салбарын тухай хууль хийх гэж байгаа болсалбарынх нь тухай хэрэгжээд явж байгаа хуулийг унших хэрэгтэй. Бидэнд олон хууль хэрэггүй. “Авлигатай тэмцэх, хариуцлага шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөр” гэх УИХ-ын тогтоолын төслөөр хэвлэл мэдээллийн салбарыг боомилж, хаах асуудал яригдах юм бол бид босч, тэмцэнэ.
-Ер нь хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг ил болго, хөрөнгө оруулагчдыг нь зарла гэсэн заалт бүхий хуулийн төсөл байсхийгээд л орж ирэх юм. Энэ удаад ч авлигаас ангижрах халхавчийн дор өргөн баригдлаа.
-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эздийг ил болго гэж хэн эрж хайгаад юм бэ. Иргэд бол аль сонин, телевизийг хэн өмчилж, эзэмшдэгийг мэддэг. Хамгийн ил тод байгаа хөрөнгийг ил тод байлга гэж шоудаад байх хэрэггүй. Хууль зүйн яаманд бүгд бүртгэлтэй. Зарламаар байгаа юм бол хариуцсан яам нь дэлгэ л дээ. Манай хэвлэлмэдээллийнхэрэгслүүдэд айж сандраад байхаар Барак Обама, В.Путин нарын хөрөнгө оруулалт байхгүй. Үнэн хэрэгтээ хэвлэл мэдээллийн хэрэгслүүд асар их орлого олоод байдаггүй. Энэ чинь оёдлын үйлдвэр, нарийн боовны цех ч биш. Үнэнийг хэлэхэд салбартаахайртай, үүнийгээ бөхөөчихгүй юм сан гэсэн сэтгэлээр ажиллаад явж байна.
Ер нь бол “Би тэр телевизийн хувьцаа эзэмшигч” гээд зарлачихсан хүн ч байгаа. Улстөрч хүн хэвлэл мэдээлэлгүй байх ёстой гээд байдаг. Яагаад ингэж хүний эрхийг боож байгаа юм бэ. Хүн Үндсэн хуулиар олгогдсон амьд явах, хэвлэн нийтлэхэрхтэй шүү дээ. Харин ч улс төрд манай сэтгүүлчид лидер явдаг. Ерөнхийлөгч, Ерөнхийсайдаасаа авахуулаад сэтгүүлч байсан. Магадгүй сэтгүүлчид муу байсан бол элитүүд төрөхгүй. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хөрөнгө оруулагчдыг зарлахыг шаардаад байгаа юм бол бусад компаниуд ч хөрөнгө оруулагчдаа ил тод болгох ёстой. Тийм л юм бол өнөөдөр “АПУ”, “Женко” компаниуд хичнээн хувьцаа эзэмшигтэйгээ нийтэд танилцуулж, тэднийг ил тод болго. Бид мэдэхгүй байна шүү дээ.
-Улстөрчид өөрсдийгөө тандах гэж иймэрхүү увайгүй аргаар хууль, тогтоолын төсөл санаачилж, хэвлэлийн эрх чөлөөг хумих гээд шиг. Тэд “Энэ хэвлэлийн цаана ямар улстөрч байна, хэн удирдаад байна” гэж бие биенээ илрүүлэх зорилготой гэж харагдахаар байгаа…
-Манай хэвлэл мэдээллийн салбарынхан юманд туйлшраад нэг талыг бариад явдаггүй. Хэвлэлмэдээлэл үргэлж ард түмнийг улстөрчдөөс дээгүүр тавьсаар ирсэн. Тэнд нэг хувь хүн, эзний эрх ашиг хэзээ ч үйлчилдэггүй. Харин улстөрчид өөрсөд шигээ санаж харддаг. Бид улс орныхоо эрх ашгийг дээгүүр тавьдаг бол улстөрчид хувийнхаа эрх ашгийг тэргүүнд болгодог. Үүнд л том ялгаа бий. Үнэнийг хэлэхэд сонгууль дөхөөд, улстөрчдөд хэвлэл мэдээллийн хэрэгслүүд муухай харагдаад байгаа. Нэг хэсэг хэвлэлүүд хаалтын гэрээ хийсэн гээд л тэд баахан шуурцгаасан. Тэр хаалтын гэрээ хаана байна, тийм л юм бол гаргаад ирэх хэрэгтэй шүү дээ. Түүнээс энэ салбарыг нэлэнхүйд нь харлуулаад хэрэггүй. Харин ч хаалтын гэрээ гэж ярьсан гишүүдээс АТГ тэр хүнийг нь хайж олоод шалга л даа. Тэгэхгүй байж авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрөөр хэвлэлийн эрх чөлөөг боомилохыг санаархаж болохгүй.
-Уг тогтоолын төсөлд “Хэвлэл мэдээллийн салбарт хөрөнгө оруулагч, өмчлөгч-эзнийг нээлттэй зарлаж, нэг хөрөнгө оруулагч болон нэгдмэл сонирхолтой этгээдийн оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ нь тухайн хэвлэл мэдээллийн байгууллагад хяналт тогтоох боломж бүрдүүлэхгүй байхаар тогтоох” гэсэн утгагүй заалт бий. Таны байр суурийг сонсъё?
-Хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэд хэзээ ч редакцийн бодлогод оролцдоггүй. Телевизийн эфирт бүх хувьцаа эзэмшигчид нь суугаад л гарах гэж байгаа мэдээ, нэвтрүүлэг болгоныг хянаад суудаггүй. Энэ бол сэтгүүлчдийн хөдөлмөр байдаг. Харин улстөрчид нийгэмд өөрсдийгөө гоё харагдуулах гэж, сонгогчдоос санал авахыг хичээн хэзээ ч хэрэгжихгүй эсвэл хэрэгжиж байгаа хууль ярьдаг болов уу.
Хэвлэл мэдээллийн салбарыг хөгжүүлье гэсэн нэгдмэл ашиг сонирхолтой хүмүүс л сонин, телевиз байгуулж, бизнест хамтарна шүү дээ. Үнэн хэрэгтээ улс төрийн намууд нэгдмэл үзэл санаагаар нэгдсэн. Улс төрийн нам байгуулж,төрд гарч болдог мөртлөө хоёр найз нийлээд сонин, сэтгүүл хийхийг хуулиар хориглож болохгүй. Магадгүй энэ төслийг санаачлах хууль боловсруулагчид асуудлаа ойлгоогүй байх. Тэгвэл Монголд хүмүүс нийлээд, хамтраад бизнес хийж болохгүй байх нь ээ. Одоохондоо хэвлэл мэдээллийн салбарт хамаатай заалт гэж харагдаж байгаа ч цаашдаа бизнес компанийнханд хүнд асуудал болно. Тэгэхээр ах, дүү гурав нийлээд компани байгуулж болохгүй гэсэн үг үү. Бүгд тус тусдаа бизнес эрхэл гэж хуульчилж байгаагаас ялгаагүй.
Бид өнөөдөр хамгийн хүнд, оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүс. Гэвч төр үнэлдэггүй. Гэтэл өнөөдөр танай байгууллага цаад эздээ зарлаад, бүх хувь хэмжээгээ ил тод болгоо гэж хуульчлах гэж санаархаж буйд харамсаж байна. Өнөөдөр авлигатай тэмцэх хууль Монголд хэрэгтэй. Гэтэл савнаасаа хазайгаад даваад явахаараа олон нийтийн дэмжлэгийг биш тэдний дургүйцлийг хүргэдэг гэдгийг санах ёстой.
М.МӨНХЦЭЦЭГ