Categories
мэдээ нийгэм

Э.Амарбат: Б.Булганы нөхцөл байдлын талаар албан ёсоор шалгаж байгаа

Прокурорын байгууллагаас энэ оны нэдүгээр улиралд хийсэн ажлаа танилцуулж, Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат мэдээлэл хийлээ. Тэрээр “Прокурорын байгууллага 2016 оны нэгдүгээр улиралд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан нийт 14,767 хэргийн 4,529 хэрэг буюу 30.6 хувийг хэрэгсэхгүй болгож, 1.554 хэрэг буюу 10.5 хувийг шүүхэд шилжүүлж, хэргийн эцэслэн шийдвэрлэлт 41.1 хувь байгаа нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.6 хувиар өссөн үзүүлэлттэй байна” гэв. Мэдээллийн дараа Улсын ерөнхий прокурорын туслах, Дотоод аюулгүй байдлын албаны дарга Э.Амарбат сэтгүүлчдийн асуултад хариуулсан юм.

-Прокурорын байгууллагын шалгаж байгаа Г.Дэнзэнгийн хэрэг ямар шатандаа явж байгаа вэ?

-Г.Дэнзэн нарт холбогдох хэргийн албан ёсны шийдвэр надад алга байна. Мөрдөн байцаалтын ажиллагаа шувтрах шатандаа явж байсан. Прокурорт шилжиж ирсэн эсэх талаар тодорхой мэдээлэл байхгүй байна.

-С.Зориг агсны эхнэр Б.Булганы эрх зөрчигдөж байна гэсэн мэдээллийг түүнтэй уулзаад ирсэн УИХ-ын гишүүд өгсөн?

-С.Зориг агсны хэрэгтэй холбогдуулан түүний эхнэр Б.Булганыг цагдан хорьж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн сүүлээр УИХ-ын гишүүд очиж нөхцөл байдалтай нь танилцсан. Б.Булганы нөхцөл байдлын талаар нийтэд мэдээлэл хүргэсэн байсан. Үүнтэй холбогдуулан прокуророос нөхцөл байдал ямар байгааг тодруулах, гишүүдийн ярьж байгаа зүйл үндэслэлтэй зөв байна уу гэдгийг албан ёсоор шалгаж байгаа. Энэ шалгалтын дүн ойрын хугацаанд гарах байх. Тухайн үед нь мэдээлэл хийнэ.

-Шинэ төмөр зам болон Сайншандын аж үйлдвэрийн парктай холбогдуулан Баянгол зочид буудалд байрлах “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” хоёр компанид нэгжлэг хийх үеэр “УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдлаа, Х.Баттулгыг баривчлах гэж байна” гэх мэт мэдээллүүд тарсан. Нэгжлэгийг прокурорын байгууллагын зөвшөөрөлтэй гэж мэдэгдэж байсан?

-УИХ-ын гишүүн Х.Баттулгын хувь эзэмшдэг Баянгол зочид буудлын зарим өрөөг түрээсээр ашигладаг хоёр аж ахуйн нэгжид нэгжлэг хийсэн. Нэгжлэг хуульд заасан үндэслэлийн дагуу прокурорын зөвшөөрөлтэйгөөр хийгдсэн. Нэгжлэгийн үеэр хүний эрх, эрх чөлөө үл зөрчигдөх нөхцөл байдлыг хангах үүднээс прокурорыг оролцуулсан.

Ажиллагааны явцад нэгжлэг явуулж байгаа газарт хөндлөнгийн этгээдүүд хүчээр түрж орсон, нэгжлэгийн үйл ажиллагаанд саад учруулахыг оролдсон. Нэгжлэгийн дараа баривчлагаа явагдах юм шиг буруу мэдээллийг тарааж, олон нийтийг цуглуулсан гэх мэтчилэн олон асуудал болсон. Эрүүгийн байцаан шийтгэх ажил бол онцгой ажиллагаа байдаг. Тиймээс тусгайлан хуулиар зохицуулж, оролцогч байгууллага албан тушаалтны эрх үүргийг тодорхойлж өгсөн байдаг. Хуульд заасан аливаа ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, аливаа байдлаар ажиллагааг тасалдуулахыг оролдохыг хориглодог. Энэ тохиолдолд мөрдөн байцаалтын ажиллагаанд саад учруулсан гэж үздэг.

Цаашид УИХ-ын гишүүний бүрэн эрхээр далайлгаж, аль нэг өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглаж хууль хяналтын байгууллагын зохих үндэслэл журмын дагуу явуулж байгаа ажиллагаанд хэн нэгнийг хөндлөнгөөс оролцох, ажиллагааг тасалдуулахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хүлээн зөвшөөрөхгүй гэж хэлмээр байна. Нэгжлэгийн ажиллагаа явагдаж байхад ямар нэг байдлаар саад хийвэл албадан гүйцэтгэдэг хуультай. Нэгжлэгийн үеэр тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаатай холбоотой зарим санхүүгийн баримт эд зүйлийг хурааж авсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилж байна.

-Дээрх хэрэгтэй холбогдуулан УИХ-ын зарим гишүүд Цагдаагийн байгууллага, Хууль зүйн сайд, Хууль зүйн байнгын хорооны даргад албан бичгүүд хүргүүлж байсан. Энэ нь хууль тогтоох дээд байгууллага Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд нөлөөлөх гэсэн оролдлого мөн үү?

-Энэ асуултад хувийн байр сууринаасаа хариулъя. Сонгууль ойртож зарим хүмүүсийн улс төрийн үйл ажиллагаа идэвхжиж байна. Магадгүй заримынх нь харж байгаагаар асуудал тодорхойгүй хэвээр үргэлжлээд байгаа юм шиг ойлголтоор хандаж байгаа хүмүүс байгаа байх. Ер нь сүүлийн үед хууль хяналтын байгууллагын үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцсон, дүгнэлт хийсэн, ялангуяа хууль ёсны дагуу явуулж байгаа үйл ажиллагааг өөр бусад зорилгоор явуулж байгаа мэтээр нийтэд ойлгуулахыг эрмэлзсэн мэдэгдэл их явж байгаа. Үйл явдал хэрхэн өрнөж байгаа, бодит байдал нь юу вэ гэдэг талаар бид өөрсдөө нээлттэй, нийтэд үнэн бодитой мэдээллийг аль болох шуурхай хүргэж байх ёстой юм байна гэж ойлгож байгаа. Цаашид энэ талаар анхаарч ажиллана.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *