Өчигдөр хоёр аймгийн дөрвөн суманд хээрийн түймэр ассан байна. Хээрийн түймрийг хамгийн ойр сум орон нутгийн иргэд, онцгой байдлын албан хаагчид нэгдэн цаг алдалгүй унтрааж, цурманд оруулжээ. Тухайлбал, Төв аймгийн Батсүмбэр сумын хоёрдугаар багийн нутаг “Долоон гүнт” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 20 км-т/ хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран нийт 58 хүн ажиллаж, түймрийг цурманд оруулсан байна. Төв аймгийн Баян сумын 1 дүгээр багийн нутаг “Буйрын цагаан толгой” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 12 км-т/ хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр сумын 22 иргэн ажиллаж, түймрийг унтраажээ. Төв аймгийн Архуст сумын 1 дүгээр багийн нутаг “Рашаантын-Ам” гэдэг газар /сумын төвөөс хойд зүгт 12 км-т/ хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр сумын 100 иргэн ажиллаж, түймрийг унтраасан. Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багийн нутаг “Бор-Ухаа” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 25 км-т/ хээрийн түймэр гарсан тухай мэдээллээр Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид, орон нутгийн иргэд нийт 69 хүн ажиллаж, түймрийг унтраасан байна