Categories
мэдээ нийгэм

Дөрвийн давааны оноолт хэрхэн таарахыг бөх сонирхогчид сэтгэл догдлон хүлээж байна

Үндэсний их баяр наадмын гурвын даваа шувтарч, дөрвийн даваа хэдхэн мөчийн дараа эхлэх гэж байна. Гурвын даваанд улсын арслан Х.Мөнхбаатар, До.Ганхуяг, улсын гарьд И.Доржсамбуу, Д.Рагчаа, улсын заан Б.Батмөнх, улсын начин Б.Амарзаяа, Ц.Одбаяр, Ч.Ганзориг гээд олон хүчтэй бөхчүүд өвдөг шороодсон. Улсын цолонд яригдаж байсан бөхчүүдээс Завхан аймгийн харьяат уран барилдаант бөх Ш.Пүрэвгарьд, Булган аймгийн арслан Д.Амаржаргал, Ховд аймгийн арслан Н.Батсайхан, “Хилчин” спорт хорооны бөх аймгийн арслан Б.Ганбаатар, Б.Батдорж гээд олон шилдэг залуучууд тахимаа өгч дараа жилийн наадмыг хүлээхээс өөр аргагүй боллоо.

Харин Ш.Мөнгөнбаатар, О.Хангай, М.Бадарч, О.Гантулга, Ц.Мөнхбаяр, Т.Сайханжаргал, Б.Хишигбаатар, Б.Даваа-Очир, Б.Сандагдорж, Б.Бат-Эрдэнэ, Д.Тамир, Ш.Дарханбат нарын залуучууд гурав даваад байна. Тэд дөрвийн даваанд хүчтэй заан, харцагуудтай цолны эрэмбээр оноолт таарах юм. Ж.Дагва-Очир, Л.Отгонбаатар, Д.Болдбаатар нарын аймгийн заанууд цолны эрэмбээр Г.Өсөхбаяр, О.Балжинням, Г.Эрхэмбаяр нарын аваргуудтай учраа таарна. Оноолт хэрхэн гарахыг бөх сонирхогчид сэтгэл догдлон хүлээж сууна.

Ө.МАНЛАЙ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *