Монгол Улсын төрийн шагналт Дорнын их найрагч Бэгзийн Явуухулангийн 85 насны ой өнөө жил тохиож байгаа билээ. Эл эрхэм найрагчийн ойг тохиолдуулан түүний шавь, ардын уран зохиолч Дөнгөтийн Цоодолтой ярилцсанаа хүргэж байна.
-Явуу багшийн тань 85 насны ой тохиож байна. Яриагаа мэдээж Явуу найрагчаас л эхэлнэ дээ?
-Цаг хугацаа гэж хурдан юм аа. Миний багш өнөөдөр сэрүүн тунгалаг байсан бол наян тавтай өвгөн байж байх нь. Их л сэмбэгэр сайхан хүн байх байсан даа гэж бодогдоном. Насанд нь жаахан цөв орсон болов уу гэж боддог. Ирж буцдаг нь хорвоогийн жам юм. Явууг эргэж төрөөсэй хэмээн ард түмэн залбираад хоцорч билээ. Багш маань олон түмэндээ жигтэйхэн хайртай, элгэмсүү найрагч байсан. Явуу шиг ганган дэгжин нь тухайн үед ховор байжээ. Мөн түүн шиг олон таван үггүй найрагч бас ховор байлаа. Найранд очихоос төвөгшөөдөггүй хэрнээ дуулж хуурдана гэж байхгүй. Маш олон дуу бичсэн хүн шүү дээ. Дагвын Лувсаншарав гуайтай гэхэд дөч гаруй дуу хийсэн гээд бодохгүй юу. Тийм олон дуутай хүн чинь хашгирч болноо доо. Гэвч тэгээгүй. Уруулаа долоочихоод л сууж байдаг сан. Улаа бутарсан царай, урсгал хар нүдтэй. Махир гаанс зуучихна. Ер нь гаанс цуглууламтгай хүн шүү. Түүнийг өнгөрснөөс хойш яруу найрагт маань ямар чиг том орон зай үлдэв дээ. Явуугүй өнгөрүүлсэн он жилүүд хөг нь алдарсан морин хуур шиг санагдах үе байдаг.
-Ингэхэд та чинь багштайгаа хэрхэн яаж танилцаж байв. Шаравын Сүрэнжав гуай танилцуулсан гэдэг?
-Би чинь юмыг их мартамхай, салан палан хүн. Гэхдээ нэг зүйлийг мартдаггүй, мартаж боломгүй юм гэж бас байдаг байх нь. 1966 оны зургадугаар сарын 17-ны өдөр юм. Би гэдэг хүн Төв аймгийн Зуун мод хотын баруун захад галлагаатай ганц өрөөнд амьдарч байсан үе. Залуучуудын эвлэлийн ажил хийж байгаа ухаантай. Тэр цагт надад бусдад үзүүлж харуулах зүйл байсангүй. Харин “найрагч болноо” гэх зүйл зүрх сэтгэлд хадгалаастай байсан. Галлагаатай ганц өрөөгөө “Чонын хонгил” гээд нэрлэчихсэн тийм л ядмагхан амьтан дээр Явуу багш гэнэт хүрээд ирж билээ. Хотоос автобус дүүрэн зохиолч Төв аймагт ирж уулзалт хийсэн юм. Сүрэнжав өмнө нь надтай нэг удаа уулзсан учир намайг мэдэж байж. Аймгийн утга зохиолын нэгдлийнхэн гэдэг жагсаал тараах гэж байгаа цагдаа нар шиг төвийн том найрагчид руу усан шүлгээрээ шүршинэ. Сүрэнжавыг өмнө нь би бас л шүршээд явуулсан хэрэг. Гэхдээ цаад чинь надад их сайхан урмын үг хэлж, чи чинь авьяастай юм байна гээд явсан. Ингээд л дараа нь Явууг дагуулаад ирсэн хэрэг. Явуу ягаан буурал костюмтай, өндөр өсгийтэй ботинктой жигтэйхэн, сүрдмээр хүн санагдаж билээ. Тэр хоёр сайндаа ирсэнгүй, хүмүүс цуглах хооронд ороод гаръя гээд ирж. Аз болоход надад хугас шил юм байсан. Түүнийгээ гаргалаа. Өнөө хоёр чинь хуваагаад хүртчихлээ. Тэгэхэд би хоёр шүлэг уншиж өгсөн юм. Багш “Чи над дээр яваад очоорой. Би чинь Цог сэтгүүлийн утга зохиолын нарийн бичгийн дарга” гээд сэтгэл зассан үг хэлсэн юмдаг.
-Таны анхны ном “Нутгийн зургаан өнгө”-ийн өмнөтгөлийг Явуу багш тань бичиж гаргасан билүү?
-Жаран найман онд багш дээрээ очсон. Явуу багш миний арав гаруй шүлгийг өмнөтгөл үг бичээд “Цог” сэтгүүлд тавьсан. Хөдөөгийн шүлэгч надад түүн шиг том баяр гэж юу байхав. Тэгж би багшаасаа яруу найрагч болох “лиценз”-ийг авсан хувьтай хүн юм. Төв аймгаас хотод ирэхдээ Явуу багшийндаа л ирнэ. Өөр надад очоод байх айл гэж байсангүй. Манай хүн гэртээ бол султаан шиг л байна. Эрээн өнгийн халаад өмсчихсөн, гал тогооныхоо өрөөнд эргэлдээд л. “Зуун муу зохиолчийг нийлүүлээд нухчихсан юм шиг лут амьтан даа” гэж Ванганыгаа магтаад л. “Манай энэ олигор бас мундаг даа” гэж “Үер” киноны Болд өвгөн буюу ардын жүжигчин Сангийн Гэндэнгээ хэлээд л байж байна. Багш ер нь хүнийг муу хэлж байсан удаагүй. Жижигхээн юманд хүүхэд адил баярлахыг нь яана. Өөрийгөө мундаг тогооч гэж магтана аа. “Удвал дарга намайг сайн тогооч гэсэн” гээд өнөө цуйвангаа л хийнэ. Зохиолчид хөдөө явахад Явуу багш нэг удаа цуйван хийснийг нь Удвал гуай “Чи чинь сайн тогооч юм байна” гэчихэж л дээ. Явуу ганганыг бүгд мэднэ. Гэхдээ мань хүн шинэ костюм өмсчихөөд хүнээр заавал магтуулж байж санаа нь амардаг сан. Энүүхнээс нь харахад л хүүхдэрхүү гэдэг нь мэдрэгдээд байдаг.
-Жинхэнэ уянгын яруу найргийн оргил гэдэг. Энэ тухайд та юу хэлэх вэ?
-Тэр үнээн. Явуугаа оргил гэхгүй юм бол хэнийгээ тэгж бардамхан хэлэх билээ. Шүлэг бүрээс нь, шүлгийнх нь мөр нугалаа бадаг бүрээс Явуу цухалцаж байдаг нь гайхмаар. Явуу ханхлаад, Явуу уянгалаад байна шүү дээ.
Ухаандаа, “Туулайн гүйдэл шиг салхинд
Туулын шугуй найгана
Уулын согоо шиг хүүхэнд
Хайрын сэтгэл дасна…”,
…Мөнгөн аяга шиг гараас чинь
Туулын уснаас амсах юм сан
Мөнхийн усыг уусан юм шиг
Танхил чамтай амьдрах юм сан….” гэдэг ч юм уу, эсвэл
“Харахаас ялдам хонгор бүсгүй ээ
Хайрын тухай битгий дуулаач
Наалинхай хонгор аашаа дэлгэж
Надад битгий нүүр үзүүлээч
Дэнлүү хоёр нүдэнд чинь
Дэнгийн эрвээхэй шиг шатчих гээд байна
Дэвүүр хоёр сормосонд чинь
Дэнжийн ногоо шиг ганхаад байна…
…Дэнлүү хоёр харцтай чинь би
Дэндүү эрт тулгарч дээ, хөөрхий
Дээж найргаа гүйцээсэн бол ч
Дэнгийн эрвээхэй шиг шатсан ч яамай… гэхэд л Явуу байдаг.
“Найран дээрээс гараад иртэл
Намрын навчис хийсч байлаа
Налгар тэнгэрээр шувуудтай цуг
Нарлагхан намар зэллэн одлоо
Салхи ч үгүй нам гүм байтал
Шарласан навчис хийсч байлаа
Санаанд ч үгүй аж төрж явтал
Санчигны минь үс цайж байлаа
Налгар тэнгэрээр шувуудтай цуг
Зэллэсэн бүхэн эргэж ирнэ
Намрын навч шиг надаас хийссэн
Залуу нас минь л эргэж ирэхгүй” гэдэг ч юм уу. Эрдэнийн сувд шиг шүлэг бүрээс нь л асгаруулмаар байна. Мань мэтийн юмнууд чинь ганц хоёр аятайхан мөр бадаг биччихээд түүндээ ханачихдаг. Явуу бол тэгдэггүй байсан. Өөрийгөө жинхэнэ утгаар нь нэрж, шүлгийг цогцоор нь бүтээж байж л сая санаа нь амрах нь тэр ээ. “Янхигар” Явуухулан гэдэг чинь ёстой янхийлгадаг л байсан байхгүй юу. Багш маань хэзээ ч таргалж, айлхаж байсныг мэдэхгүй юм. Одоо чинь хүмүүс хэлтсийн дарга болоод л алхайтал таргалаад ирэх юм. Уул нь багш маань амьтны жишгээр бол таргалах л хэмжээний хүн. Төрийн шагналтай, Дорно дахины том найрагч, АИХ-ын депутат, Зохиолчдын хорооны нарийн бичгийн дарга гээд л албан тушаалыг нь хэлж барахааргүй. Гэвч бүх чадал дотоод энерги, энерциэ зөвхөн яруу найрагтаа чин үнэнчээр зориулсан хүн юм даа. “Түлээчин”, “Сонин” гээд шүлгүүд байдаг. Гэхдээ тэрээр иргэний уянгын шүлэг бичихдээ ч гэсэн нийтлэлийн аяс огт оруулалгүй, яг л цэвэр найргаа урладаг байсан. Үндсэндээ яруу найргаа бүдүүн тоймын утсаар хэзээ ч нэхэж байсангүй. Түүнийг яруу найргийн ёрог даавуу нэхээд сууж байсныг хэн ч хараагүй нь тийм учиртай. Утга зохиолын дараа дараагийн үедээ багш маань ингэж л сургамжилжээ.
-Аав ээж удам гарлынх нь талаар та багшаасаа асууж байв уу?
-Багштайгаа жараад оны сүүлээр учирсан. 1970-аад онд гэхэд эх эцэг нь өнгөрчихсөн үе. Аав тань юу хийж байсан хүн бэ гэж багшаас бага залуудаа асууж байсан. “Ерөөсөө л анч хүн байсан” гэж хариулж байсан юм. “Тэхийн зогсоол” найраглалынхаа өмнөтгөлд “Ачит эцэг анчин Бэгзийн гэгээн дурсгалд зориулав” гэсэн нь тийм учиртай юм билээ. Аав ээж нь Ар, Өвөрхангайн хүмүүс байсан гэдэг шүү. Ан хөөж амьдардаг, тэгж явсаар газрын цээжинд хангайн оргилд гарчихсан хэрэг л дээ. Дэжид гэж төрсөн эгч нь байсныг мэдэх юм. Ядамжавын Баатар гэж судлаач бий шүү дээ. Тэр яалт ч үгүй садангийнх нь хүн. Харин багшийн маань Энхээ, Амараа гээд хоёр хүүгийнх нь хүүхдүүд байлгүй яахав. Зарим нь Америкт байдаг л дуулддаг. Ингэхэд Явуугийнх анх нутгаасаа, Завханы Алдархаанаасаа хот руу гарахдаа зургаан сарлаг, хайнаг тэргэнд гэрээ ачаалаад хөдөлж байжээ. Анчин Бэгз гуайнхтай айл аймаг явсан нэг хөгшнийг эрж сураад тэр жил би Дамбадаржаад очиж уулзан энэ бүгдийг асууж байсан.
-Та ардын уран зохиолч хэмээх өндөр цол хүртээд бараг л маргааш нь Явуу багшийнхаа нутаг руу зохиолч нөхдийнхөө хамт явж байсан. Багшийн тань ус нутгийн олон ихэд бэлгэшээж байсныг санах юм?
-Мэдээж бэлгэшээлтэй сайхан санагдалгүй яахав. Багшийнхаа төрсөн бууц Ар Тасархайн хоёр ууланд нь очоод алхаж явахад, “Тэхийн зогсоол”-доо мөнхөлсөн Хүүшийнх нь өвөлжөөний бууцны салхи савирт илбүүлээд зогсож байхад өөрийн эрхгүй дотогшоогоо мэлмэрч л явлаа. Нөгөө талаас бас санаа зовох гэдэг ч юм уу, жаахан ичих явдал байсныг юуг нь нухав. Учир нь багшийнхаа хүрээгүй өндөр цолыг авчихаад очно гэдэг чинь молхи шавьд нь хэцүү байдаг юм билээ. Гэхдээ Явуу, Гайтав хоёрыг ардын цолыг хэд дахин нугалахаар аварга амьтад байсныг ард түмэн мэдэх юм даа. Алдархааны ноён шовх оргилууд, Богдын голын мэлмэрсэн хөвөө, Отгонтэнгэр хайрханых нь бэлд оччихоод “Би Явуугийн шавь байна” гээд хашгирч явсангүй. Манай нөхөд л яриа хөөрөөн дундаа миний тухай дурдаж, багшийнхаа нэрэмжит “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би” гэх яруу найргийн баярт шүлгээ уншиж, ус нутгийнх нь түмэнтэй уяралтайхан сэтгэлээр учран золгосон нь тэр юм аа.
-“Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Тэхийн зогсоол” гээд бүтээлүүдийг нь мэдэхгүй хүн ховор. Ялангуяа “Би хаана төрөө вэ” шүлэг Монголын яруу найрагт нэгэн том давалгаа үүсгэж, үзэгдэл болж, өнөө л шинэчлэлийн үүд хаалгыг нээсэн болов уу гэж санана…?
-Явуугийн “Би хаана төрөө вэ” шүлгээс өмнө манай зохиолчид эх орны тухай олон гайхалтай бүтээл биччихсэн байсан шүү дээ. Их Нацагдоржийн маань “Миний нутаг”, “Дөрвөн цаг”, Дондогийн Цэвэгмид гуайн “Булшин дээр” найраглал, Цэдэнжав гуайн
“Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч
Сэтгэл зүрх хоёртоо шатаж явах үедээ
Чин үнэнч амрагтаа хэлж үзээгүй мөртлөө
Чинийхээ төлөө үхье гэж эх орондоо би хэлдэг” хэмээх “Миний нутаг” найраглал бичигдчихсэн байсан үе. Эх орны тухай дээрх шүлгүүдээс илүү өндөр түвшинд, нарийн гаргалгаатай, цэвэр онгодоор бичиж үг хэллэг, дүрс дүрслэл, утга уянгын хувьд “Би хаана төрөө вэ” гэх шүлэг бол үнэндээ өндрөө авсан сонгомол бүтээл л дээ. “Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Хөмсгөн сарны аялах алсын алс тойрогт
Холын хоёр одны тохиох бяцхан чөлөөнд
Хоёр нүдний үзүүрт цэнхэрлэх төдий тэртээд
Хөх манхан тэнгэрийг эзэгнэнхэн төрлөө би
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би
Цан хүүрэг савсаж үүлс ороох оргилд
Цасан ширхэг царцаж мөс болох халилд
Царгиа хүйтэн өвөл сарлагийн бух дошсон
Цаст цагаан уулыг эзэгнэнхэн төрлөө би…” гээд уншихад ямар гайхамшигтай билээ дээ. Тэгээд “… Сайхан бүсгүйн сэтгэлийг эзэгнэнхэн төрлөө би” гээд хүн рүү нь ойртуулж өгсөн байдаг. “Би хаана төрөө вэ”, “Алаг дэлхийд төрсөн минь учиртай”, “Мөнгөн хазаарын чимээ”, “Тэхийн зогсоол”, “Туулын урсгал шөнөдөө сайхан”, “Туулын шугуй”, “Хар ус нуурын шагшуурга” гээд бүх л шүлгээс нь Явуу ханхлаад, Явуу уянгалаад байдаг, үүнийг би ярианыхаа эхэнд бас л хэлсэн дээ. Эмзэг нарийн хийл шиг түүний шүлгүүд хүний сэтгэлийн мухарт тэр чигээрээ долгиотон, намиатан хүрч чаддаг. Үүнд л яруу найргийнх нь үнэ цэнэ байдаг биз ээ. Дээр нь нэмээд хэлэхэд Явуу бол жинхэнэ эх оронч байсан. Түүний илрэл нь мэдээж өөрийнх нь уран бүтээл. Манай залуухан “сонгодгууд” үүнийг мэдрэх хэрэгтэй юм. Ингэхэд манай хүн чинь Сэлэнгийн Номгоны сангийн аж ахуйд хаврын тариалалтаар очиж тариа үрлэгч хийж байсан гэдэг. Дараа нь би тариаланчидтай нь уулзахад хүмүүс жигтэйхэн магтаж билээ. Мөн Батлан хамгаалах яаман дээр нэг удаа уулзалт болж Ёндондүйчир генерал гээд олон аваргууд байхад Явуу нэг их айхтар үг хэлсэн санагдана. “Нөхөд минь та нарт анхаарах юм их байна, цэргийн эмх цэгц дорой байна. Дарга, цэрэг нь мэдэгдэхгүй, биенээ дайрч унагачих гэсэн хүмүүс байх юм. Улсын сүр цэрэгтээ, цэргийн сүр жагсаалдаа гэдэг. Энэ үнэн. Тушаалынхаа дэсээр дарга нартаа ёсолдог байх ёстой” гэж хэлээд нам авч л байсан. Тэгж л бүхнийг нарийн анхаардаг эх орны бүхий л зүйлийг сэтгэл дотроо тээж явдаг найрагч байсан.
-Явуугийн шинэчлэл гээд л байдаг. Үүнийг та хэрхэн тайлбарлах бол?
-Монголын яруу найрагт тэр яриа байхгүй шинэчлэл хийсэн. Маш товчхоноор хэлэхэд, монгол уламжлалт найргийнхаа хөрсөнд л тулгуурлаж шинэчлэл хийсэн байхгүй юу. Ерөөл магтаалын шинжтэй уламжлалт яруу найргаа илүү уянгалаг, сэтгэлийн болгосон юм даа. Түүнээс багш минь гаднаас там тум дуулсан зүйлээ уншигчдадаа тулган шаардаагүй, монголоос монгол яруу найрагч. Мэдээж асар их уншиж, боловсрохыг хэлдэг байсан нь илэрхий.
-Горькийг төгсч ирээд гаргасан “Мөнгөн хазаарын чимээ” яруу найргийн ном нь Монголын утга зохиолын нэгэн том шинэчлэл гэж үе үеийн найрагч, судлалтнууд хэлдэг. Танаас Горькийд сурч байсан тухай нь асуух гэсэн юм?
-Авирын Чойжилжав гэж соёлын гавьяат зүтгэлтэн нэртэй сэтгүүлч байдаг. Явуу багш Чойжилжав гуайг “Бид хоёр чинь хүж барьсан хоёр” гэдэг. Миний бие Чойжилжав гуайгаас, Лувсаншарав гуайгаас багшийнхаа Горькийд сурч байсан үеийг их сонсоно оо. Халгиа цалгиатайхан залуу байжээ. Хагас бүтэн сайнд Явуугийнд очиж цагаа өнгөрөөдөг байсныг найзууд нь хэлнэ. Орос айлаас өрөөг нь хөлсөлж аваад тэндээ үдэшлэг зохиодог байж. Тэгээд л Явуу нь шүлгээ уншиж, Лууяа нь хөгжмөө уянгалуулна биз дээ. Том найрсалт, цэнгээн болдог нь тодорхой. “Өгөр толгой” Гүрсэд буюу Дугарсанжаа гуай тухайн үед театр урлагийн сургуульд сурч байсан юм билээ. Дугарсанжаа бас л тэр тухай ярина. Хүүхнүүд Явууд их дуртай байсан гэдэг. Харин найз нөхөд нь тэр тухайд “Манай Явуу ч урамгүй л дээ” гэдэг сэн. Горькийн сургууль төгсөөд хамгийн нижгэр том цайллагыг Явуу хийсэн гэдэг юм. Лев Ошанин, Евгений Долматовский гээд Оросын утга зохиолын лидерүүд ирж гэдэг. Гахайн шарсан торойн дээрээ спирт асгаад шүдэнз зурахаар цэнхэр туяа татаад гэрэлд нь орос охидтой бүжээд гээд их романтик зүйлсийг Лууяа тэргүүтнүүд ярина шүү дээ.
-Сүүлд танд аминчлан хэлж захисан зүйл байдаг болов уу.
-1982 оны хоёрдугаар сарын таванд сүүлчийн удаа уулзсан. Миний бие Горькийн нэрэмжит утга зохиолын сургуулийн дэргэдэх дээд курст сурч байв. Өвлийн амралтаар ирээд багштайгаа уулзалгүй яахав. Харин сургууль руугаа буцах гэж байсан тэр өдөр багш “Чи нэг манайд хүрээд ирэхгүй юу. Чамаар Адъяад үг хэлүүлмээр байна” гэлээ. Миний Адъяа эгчид үг хэлнэ гэж юу байх билээ. “Энэ Явуухулан ойрд их хариуцлагагүй байгаа” гэж Адъяа эгч хэлж байсан. Уугаад гэж аашилж байгаа бололтой. Багш хариуд нь “Таван жил архи уугаагүй хүн чинь гурван өдөр ууж болно биз дээ” гэж байв. Багштайгаа гэрээс нь хамт гараад одоогийн Үндэсний түүхийн музейн ард хүртэл алхлаа. “За миний шавь сайн яваарай” гэж хэлээд хоцорч байсан сан. Ачит багшаасаа сонссон сүүлчийн үг энэ байлаа. Энэ нь намайг Москва хүртэл сайн явах тухай биш, ерөөсөө үлдсэн амьдралдаа, их утга зохиол яруу найрагтаа сайн яваарай хэмээн молхи шавь намайгаа ерөөжээ гэж бодохуйд нулимс гарах шиг болдог. Түүнээс багш зааж зааварлаад байна гэж байхгүй. Ерөнхий дүн нуруугаараа л бүхнийг ойлгуулна шүү дээ. Надад хүрэн үзэг сүүлд бэлэглэж билээ. Одоо л мөн би толгойг нь хадгалдаг юм. Манай хүүхдүүд алга хийгээд толгой нь үлдсэн хэрэг. “Сайн яваарай” гэж ерөөснийх нь хүч байлгүй их утга зохиолд Дөнгөтийн Цоодол гэж амьтан өнөөг хүртэл нуруугаа алдалгүй, шүлэг зохиолынхоо зам мөрөөр бэдэрч л явна. Монголоо бичсээр, хөдөөгөө дуулсаар л явна. Ж.Саруулбуянтайгаа хамт Явуу багшийнхаа тухай нэг ном гаргахаар бэлдэж байна. Эрдэнэ баавайгаасаа аваад их бага гэлтгүй бүгд л Явууг гайхмаар бичсэн байна аа, манайхан. Явуугаа л судалмаар байна. Явуугаа хичнээн нээх тусам бидний яруу найргийн зам илүү тодорхой болно гэдгийг хэлмээр байна. Өөр юу чиг хэлэх билээ дээ.
Ярилцсан: Н.Гантулга