Categories
мэдээ соёл-урлаг

“Дунгаамаа” Д.Баасанжав гавьяат боллоо

Эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр төрийн дээд цол, одон медаль гардуулсан. Ардынн хувьсгалтай нас чацуу Ардын уран зохиолч Б.Бааст гуай хөдөлмөрийн баатар болсон бол СУИС-ийн дуулаачийн тэнхимийн багш, соёлын тэргүүний ажилтан Дуламын Баасанжав Монгол Улсын гавьяат жүжигчин цол хүртлээ.

Тэртээ наян зургаан онд “Жонон хонгор”-ын Дашням гуайд хөтлөгдөн “Хан Хэнтий” босгоор алхан орж байсан дуучин Д.Баасанжавын амьдрал, хөдөлмөрийн намтар түүх даруухан хэрнээ үр бүтээл өндөр. Соёл урлагийн их сургуульд дуучны мэргэжил эзэмшиж хөгжмийн их зохиолч Д.Лувсаншаравын урилгаар Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгад(тухайн үеийн нэрээр) уригдан ажиллаж байсан гэдэг. Өдгөө нийслэлийн “Улаабаатар” чуулгад ажиллаж байгаа хэдий боловч энэ хугацаанд “Харцны хайлган Дунгаамаа”, “Гурван зүртийн уянга”, “Асгат нүдэнгийн бага нас” болон хамгийн сүүлд “Дунгаамаа” гээд бие арав орчим бие даасан уран бүтээлийн тоглолт хийсэн уран бүтээлийн баялаг намтартай дуучин билээ. “Дуулсан дуугаараа ард түмний дунд нэрлэгдэн хүндлэгдэнэ гэдэг нь тр бүр уран бүтээлч хүнд, дуучин хүнд олдоод байдаггүй завшаан. Энэ аз завшаан гэх үгийн цаана дуучны дундаршгүй их авьяас, нөр их хөдөлмөр, уран бүтээлч жаргал, зовлон, эцэс төгсгөлгүй эрэл хайгуул байдаг гэдгийг энд дурдахаас өөр аргагүй мэт. Дуучин Д.Баасанжав энэ бүх замыг туулан байж энэ өндөрлөгт хүрч чадсан байх юм. Үүнийг түүний “Дунгаамаа-дуун хорвоо” уран бүтээлийн концерт нотолно. Төрийн шагналт хөгжмийн зохиолч Ц.Чинзоригийн хөгжим, соёлын гавьяат зүтгэлтэн нэрт зохиолч Дүгэржавын Маамын шүлгээр бий болсон энэхүү дууг дуучин Д.Баасанжав хоолойн өвөрмөц өнгө аясаараа, дуулах өөрийн гэсэн донж маягаараа дуулсан нь ард түмний сэтгэлд хүрч “Дунгаамаа-Баасанжав” хэмээн алдаршжээ. Энэхүү дуу нь хэдийгээр зохиогчтой дуу боловч түүнийг ардын дууны хэмжээнд хүргэн амилуулж ард түмэнд хүргэсэн нь дуучин Д.Баасанжавын гавьяа юм” гэж хөгжим судлаач доктор С.Энхбулаг үнэлсэн байдаг.

Монгол Улсын гавьяат жүжигчин Дуламын Баасанжав нь “Аргагүй амраг”, “Сүнжидмаа”, “Хөх торгон дээл”, “Янлинхуар”, “Цонхон дээр суусан ялаа” гээд монгол ардын богино дууны оргил болсон дээжсээс авахуулаад ардын дуу мэт эвлэгхэн дуулсан зохиогчтой дуунууд гээд тоолж баршгүй олон дууг урын сандаа багтаан амжжээ. Энэ нь хэдийгээр түүний урын сангийн цар хүрээг хэмжих гэсэн оролдлого боловч нөгөө талдаа ардын дууны тэр их сан хөмрөгийг хойч үедээ өвлүүлэн үлдээх гэсэн санаа гэдгийг уран бүтээлч хэн боловч ойлгох буй за. Шинэхэн гавьяатдаа бүтээл туурвилын их амжилтыг хүсье.

Н.Гантулга

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *