Categories
мэдээ цаг-үе

“Дундговийн амьдрал” сонины эрхлэгч С.Пүрэвсүрэн: “Суудлын машины эрэл эзэгнэл хоёр” гэсэн нийтлэл хэвлүүлж дарга нарыг сандаргаж байлаа

“Дундговийн амьдрал” сонины эрхлэгч, Үйлчилгээний гавьяат ажилтан С.Пүрэвсүрэнтэй ярилцлаа. Тэрбээр сонин хэвлэлд 47 жил ажиллажээ. Тэр дундаа орон нутгийн хэвлэлийн удирдах албан тушаалыг 38 жил хашсан байна.


-Та өөрийн амьдралынхаа хагас 100 жилийг сонин хэвлэлд ажиллаж өнгөрүүлжээ. Хэвлэл мэдээллийн салбарт бол таныг “сонин”-ы гэж тодотгодог юм билээ?

-Би өөрийгөө сонингүйгээр нэг л төсөөлж чаддаггүй юм. Уул нь Сандагдоржийн Пүрэвсүрэн боловч хүмүүс “Сонины” гэж овоглоод хэвшчихсэн байна.

-Сонины редакцид ойр өссөн үү. Анхны мэдээгээ хэддүгээр ангид байхдаа нийтлүүлж байв?

-Зургадугаар ангийн сурагч л мэдээ бичиж эхэлсэн дээ. Тэгээд л аймгийн сонины газарт хичээлийн чөлөөгөөр үсэг өрнө. Миний үсэг өрөгчийн багш нь М.Басбиш гэж эмэгтэй байлаа. Тэгтэл 1968 онд аймгийн “Улаан туг” сонины 20 жилийн ой майн баяртай давхцан болдог юм. Наймдугаар ангийн сурагч би сониныхоо тухай “Улаан туг” гэсэн шүлэг бичсэн чинь нийтлэгдчихээд майн баярын жагсаал дээр тэр үеийн мундаг нэвтрүүлэгч “Бүдүүн” Халтар гуай чанга яригчаар уянгалуулан уншихад мөн ч их сэтгэл хөдөлж билээ.

-Тухайн үед сэтгүүлчдийг хэрхэн бэлтгэж байсан бол. Таны хувьд ямар сургууль дүүргэсэн бэ?

-Сонины идэвхтэн бичигч, үсэг өрөгчөөс эхэлж сонины сурвалжлагч, хариуцлагатай нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад сургуульд явсан. Тухайн үед Намын дээд сургууль сэтгүүлчдийг бэлддэг байлаа. Дөрвөн жил суралцаад төгсөхөд намайг Хэнтий аймгийн “Урагшаа” сонины хариуцлагатай эрхлэгчээр МАХН-ын Төв хорооны нарийн бичгийн дарга нарын зөвлөгөөнөөр орж батлагдсанаас хойш 38 жил орон нутгийн сонин эрхэллээ.Сонины хариуцлагатай эрхлэгчээр томилогдоод хэдхэн сарын дараа Архангай аймагт болсон сонины эрхлэгч нарын зөвлөгөөнд очсоны орой надаар тангараг өргүүлэх юм болж Баянхонгорын “Хар” Рэнцэн олон олон гуншин давтан төгсгөлд нь “Аймаг, хотын сонины эрхлэгч нарыг цугларахад архи хоёр шилтэй ирэхээ тангараглая, тангараглая” гэж наргиа болгон “Элсүүлж” байлаа. Дорноговийн “Толгой” Гомбожав, Завханы “Муухай” Түдэв” Өвөрхангайн Самдан, Архангайн Цанжид… гээд тэр үеийн, аймаг орон нутагтаа оюун ухааны сор болсон, нутаг орон, хоч цолоороо нэршсэн хорин архаг, дархаг эрхлэгч нараас маань одоо ажил төрлөө хийж байгаа байтугай амьд яваа нь цөөрсөнд өр өмөрч сэтгэл шаналах юм даа. Энэ тухай яагаад дурднав гэхээр албан тушаалынхаа өмнө “Хариуцлагатай” гэсэн тодотголтой, тухайн сонинд албан байгууллага, иргэний зарлалаас бусад нийтлэгдсэн бүхний хариуцлагыг толгойгоороо хариуцахаа дугаар бүрийн дор нэрээ тавин баталгаажуулдаг тэр албыг хэн дуртай хүн хашчихдаггүй байсан юм шүү. Энэ том итгэлийг хэн дуртай хүнд хүлээлгэдэг ч үгүй байлаа. Намын Төв Хорооны олон давхар сорил, шалгалт, судлалтыг амжилттай давсан, сургууль соёлыг дүүргэсэн, дадлага туршлага хуримтлуулсан хүнийг сонгон томилдог байсныг хэлмээр санагдлаа. Бас дунд нь “Үнэн” сонины сурвалжлагчаар хоёр аймаг дамжин дөрвөн жил ажиллахдаа МОНЦАМЭ, Монголын радио, “Шинэ хөдөө” сонин, “Тоншуул” сэтгүүл гээд таван эзний нэг зарц явсан үе бий.

-Дөнгөж сургууль төгссөн шинэ сурвалжлагч орон нутгийн сонины өнгө төрхийг хэрхэн өөрчилж байв. Орон нутгийн хэвлэлүүд дундаа үлгэр жишээ байсан талаар ахмад үеийн сэтгүүлчид ярьдаг юм билээ?

-Би сургууль төгсөөд их дэврүүн, хийж бүтээх сэтгэлтэй очсон шиг байгаа юм. Сургуулиас өмнө дөрвөн жил аймгийн сонинд ажиллачихсан хүн чинь. Санжийн Батмөнх гэж гайхамшигтай эрхлэгчийн гарт дөрвөн жил нухуулчихсан, “Дэлт” Чимэддорж, Цогсүрэнгийн Ганболд, Дуламын Цэрэннадмид гээд асч дүрэлзсэн, халгиж цалгисан авьяастай залуустай нэг редакцийхан. Авьяас, залуу нас хоёртоо шатаж явсан тэд маань редакцийн ганц умгар өрөөнд яаж багтаж байсан юм бол оо гэж одоо бодогдох юм. Тийм сайхан хүмүүсийн хаялга, цацлага ч байсан л биз. “Урагшаа”-г эрхлэн гаргасан жилүүд миний ажил, амьдралын “Алтан” үе байж. Тэр үеийн “Үнэн” сонины тэргүүн өгүүлэлд сонины тухай бичвэл сайны жишээнд “Урагшаа” сонин л дурдагддаг, бүр миний найз Товуучийн Бямбадорж Өвөрхангайн “Хөдөлмөрийн төлөө” сонины хариуцлагатай эрхлэгч ахуйдаа намайг “Чи нээрэн цагаан хэл ам хүрэхээр магтагдаж байна шүү” гэж үнэн сэтгэлээсээ өгүүлж байсан даа. Тэр үед манай сонины нийтлэлийн зохион байгуулах, уншигчдыг хөтлөн дагуулах үүрэг үнэхээр өндөр байлаа. Тиймдээ ч “Урагшаа” сонин миний ажиллах хугацаанд мэргэжлийн байгууллагаас шалгаруулдаг уралдаанд тэргүүн байр өнжиж байсангүй. “Захиалгын хувь 4000 байснаа 10000 хүртэл суга өсч энэ тоогоо нэлээн жил хадгалснаас ч ямар түвшинд байсныг харж болно. Ингээд яриад байвал их юм бий ч “Өвгөн партизаны яриа” сонин биш байж мэднэ.

-“Урагшаа” сонины редакц ямар бодлоготой байв. Гол төлөв юу нийтэлж байсан бол?

-Тэр үед Горбачёвын өөрчлөн байгуулалт эхэлчихсэн, ил тод байдал гэж ярьж байсан. Шүүмжлэлтэй нийтлэл их гарна. Зарим хүмүүс “Ардчиллыг ардчилагчид эхлүүлээгүй, Үнэн сонин, Л.Түдэв эхэлсэн” гэж ярьдаг шүү дээ. Ийм маягаар эмзэг асуудлуудыг хөндөж байсан.

-Ямар асуудлууд байв. Сонирхож болох уу?

-Хэнтий аймаг сааль сүүгээрээ орон даяар нэрд гарсан газар. Хөдөлмөрийн баатар, Сүхбаатарын одонгоор олон саальчин шагнуулж байлаа. Тухайн үед 15 үнээ сааж норм хийдэг байсан юм. Нэг үнээнээс нь л 3000 литр сүү саалаа гээд баатар болдог байлаа шүү дээ. Газар дээгүүр явж үзэхэд өнөө хэд маань 40-50 үнээтэй, олон хүүхэдтэй байна. Олон үнээнээс саасан сүүгээ 15 үнээнд хуваагаад баатар болдог жишиг байсан. Ингээд “Нутгийн 15 үнээнээс гэдгийн цаана…” гэдэг том шүүмжлэлт материал нийтэлж байв. Бараг анхны шүүмжлэлт материал энэ байх. Манай залуухан баатрууд хурал номонд ирнэ. Нийтлэлийн дараа баатрууд маань надтай дуугарах нь цөөн болсон шүү/инээв/. Гэхдээ тухайн үеийн саальчид мундаг ажилтай хүмүүс байсан юм шүү. Мөн дарга нарын эрх ямбаны тухай шүүмжилнэ. Гэр, ажил нь 100 метрийн зайтай байхад л том дарга нар машинтайгаа ажилдаа ирж, буцна. Нөгөө талд жирийн иргэд аймгийн авто баазын дуудлагын машинаар явна. Тэд нь явахгүй эвдэрхий. Ингээд “Суудлын машины эрэл, эзэгнэл хоёр” гэж гэж нийтлэл бичсэн. Нэг талаар эрэл, нөгөө талаар эзэгнэл болж байгааг шүүмжилж бичсэн.

-Нийтлэлийг тань дарга нар яаж хүлээж авч байв?

-Аймгийн сонинд нийтлэхэд бол толгой авах шахна шүү дээ. “Үнэн” сонин руу бол халдаж чадахгүй. Л.Түдэв гуай ч иймэрхүү материалыг соргог анзаарч нийтэлдэг байсан.

-Тухайн үед Хэнтийд олон модны үйлдвэр ажиллаж байсан тухай ахмадууд ярьдаг. Ойг ч хядсан байх шүү?

-Үнэн. Хамгийн өндөр хүчин чадалтай техникүүд ойг нурааж байлаа шүү дээ. Батширээт, Бүрэнхааны үйлдвэрүүд чинь ойг нурааж байсан. Үүний хажуугаар зүгээр өнгөрөлгүй “Эх орны ногоон хүрэм сэглэгдэж байна” гэж нийтлэл бичиж байлаа. Тухайн үед их л өндөр үнэлгээ авч байсан санагддаг юм.

-Сонин хэвлэлд 48 жил зүтгэсэн хүн сэтгүүл зүйн гал тогоонд олон шавь бэлтгэж оруулсан байх?

-Миний гараар орсон, бичсэн, туурвиснаа миний улаан харандаагаар эрээчүүлж дөрөө олсон сэтгүүлч зөндөө, зөндөө. Нэг өдөр МУИС-ийн ромбо зүүчихсэн охин орж ирсэн нь Хэнтийн Индэрсүрэнгийн Байгальмаа. Сонины сурвалжлагчаас хариуцлагатай нарийн бичгийн дарга, эрхлэгчээр олон жил ажилласан. Хэвлэлийн хүрээлэнгийн Зүүн бүсийн төвийн захирал ч байсан. Одоо ч Хэнтийдээ ажиллаж амьдарч яваа, сайн сэтгүүлч. За тэгээд Хэнтийд дунд сургуульд багш байсан Л.Дашцэвэгмаа, Д.Нармандах, Дундговьд малын эмч байсан Ц.Чимэддорж, сургуульд жижүүр хийж байсан А.Лхагваа, сумын ИТХ-ын дарга байсан Д.Наранцогт… гээд олон хүнийг сонины редакцид сонгон авсан нь Монголын сэтгүүл зүйд нэртэй, мөртэй сэтгүүлчид болж дээ. Тэднээс М.Равдандаш, Ц.Чимэдорж нар Соёлын гавьяат зүтгэлтэн” цол хүртэж А.Лхагваа МЗЭ-ийн болон Нацагдоржийн нэрэмжит шагналт яруу найрагч болсон… гээд тоочиж болно.

-Дал наяад онд сонин хэвлэлд ажиллаж явсан үе тань одоогийнхоос их ялгаатай байх даа?

-Ялгаа байлгүй яахав. Би чинь тугалган үсгийн өндөр хэвлэлийн үеийн газетчик. Маш хүнд технологи. Шүдэнзний модны хугархай шиг тугалган үсгийг ширхэг ширхгээр нь түүж бүхэл бүтэн сонины бичвэрийг өрнө гэхээр одооны сонины хүмүүсийн санаанд багттахгүй. Цаана нь цайр зураг гаргана гэж олон дамжлагатай асар хүнд ажил бий. Үсэг өрөгч нэг хүний өдрийн норм нь А3-ын нэг нүүр байсан юм. Намайг 1981 онд Хэнтийд томилогдон очиход сониноо мөн л гараар өрж байлаа. Аймгийн сонины редакци 5-6 хүнтэй, хэвлэх үйлдвэр 30 шахам хүнтэй, нэг удирдлагатай, бүгд л сонины “Хар” ажилд сэтгэл, зүрхээрээ зүтгэсэн хүмүүс байсан даа. Одооныхтой зүйрлэхэд үнэхээр хүнд. Сониноо гаргах гээд өнжин хонон редакцийн өрөө, хэвлэлийн машины дэргэд халтар сарман царайтай өглөөний радио дохиог сонссон олон олон өглөөг одоо дурсах сайхан байдаг юм.

-Залуу сэтгүүлч нарт юу зөвлөх вэ?

-Одоо сонины ажлыг дэндүү хялбарчилж, интернэт шүүрдээд л болж байгаа харагдах юм. Үндэсний хэмжээний өдөр тутмын нэг сонинд хэдэн жилийн өмнө манай нутгаас төрсөн Ардын уран зохиолч С.Дашдооровын тухай нийтлэл дээр миний зургийг томоор тавьчихсаныг үзээд гайхлаа. Тэр суут хүний тухай би мэр сэр юм бичиж байсан юм. Тэгсэн Дооров гуайн тухай нийтлэл тавих болоод зургийг нэрээр нь интернэтээс хайтал миний зураг дунд нь байсныг мань хүний зураг гэж эндүүрээд аваад оруулчихсан байх жишээний. Ингэж хялбарчилж болохгүй л дээ.

Миний шавь нартаа, хамт ажиллагсдадаа хэлдэг нэг том өгүүлбэр байдаг юм. Түүнийгээ энд бас эш татъя.

Сонинд гарах хэдхэн мөр. Чухамхүү үүний төлөө хоёр гурван шөнийн нойр алдаж, чухамхүү үүний төлөө хагас зуу, зуун километр алхаж, үүний төлөө заавал очих ёстой хэн нэгний төрсөн өдрийн цайллаганд очиж чадалгүй гэр бүлдээ хэл ам татлах, чухам үүний төлөө л амралтын өдрөө алдаж өнжин хонон өлөн зэлмэн явж, өвөл бол хөлөө ч юм уу хамраа хөлдөөж, ам зөрөх ёсгүй хэн нэгэнтэй хэрэлдэж, чухам үүний төлөө л хийхгүйгээ хийж үзээгүйгээ үздэг юм. Үүнээс халширвал чи хэзээ ч сэтгүүлч болохгүй. Хэрвээ үүнээс халшрах юм бол аль нэг сонин, аль нэг редакцийн хаалгыг татаад ч хэрэггүй. Яагаад сонинд гарах хэдхэн мөр ийм их хөдөлмөрөөр бүтдэг гэж санана. Тэр хэдэн мөр түүх болон үлдэнэ. Түүхийн бичээс, эх сурвалж болж хэдэн зууны дараа ч үнэ цэнэтэй хэвээр байх болно. Ингэж бодохоор хүүхдүүдийн хэлээр “Аймаар” байгаа биз. Ер нь худалдагдаагүй, шантаажнаас хол, дуулиан шуугиан дагаж “Намирдаггүй”, улс төрөөс хөндий хэвлэл мэдээлэл гэвэл орон нутагт л байна шүү


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *