Categories
мэдээ цаг-үе эдийн-засаг

Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын үеэр Монгол, Оросын Стратегийн түншлэлийг хөгжүүлэх хэтийн төлөвийг хэлэлцэнэ

2021 оны 9 дүгээр сарын 2-4-ний өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалт болно. Өнгөрсөн хугацаанд уг чуулга уулзалт нь ОХУ болон Ази, Номхон далайн бүс нутгийн улс орнуудын урт хугацааны, үр ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал тавцан болж чадсан юм.

Энэ жил Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын хөтөлбөрт “Шинэ цагийн эдийн засаг: юу өөрчлөгдөж, юу үлдэх вэ”, “Алс Дорнод – шинэ сорилт, боломжууд”, “Өөрчлөгдсөн дэлхий ертөнцөд үүрэг хариуцлагаа хамтдаа үүрэх” гэсэн 4 үндсэн сэдэв багтсан болно. Мөн Залуучуудын Дорнын эдийн засгийн чуулга уулзалт зохион байгуулагдана. Олон улсын арга хэмжээнүүдээс дурьдвал “Орос – АСЕАН”, “Орос – Солонгос”, “Орос – Хятад”, “Орос – Энэтхэг”, “Орос – Европ” гэсэн яриа, хэлэлцүүлгүүд явагдана. Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын гол арга хэмжээ нь ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины оролцоотой нэгдсэн хуралдаан байх бөгөөд 9-р сарын 3-нд хийхээр төлөвлөжээ.

Монгол, Оросын хамтын ажиллагаа асар их нөөц, бололцоо, хөгжлийн хэтийн төлөвтэй билээ. Тодруулбал, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн төмөр замын суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнийг шинэчлэх талаар талууд хэлэлцээр хийж байна. Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны гэрээ байгуулах боломжийг Монгол Улс судалж байгаа бөгөөд энэ нь экспортын бараа, бүтээгдэхүүний хэмжээг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх боломжийг олгох юм. Шинэ эрин үеийн гурван талт хамтын ажиллагааны бэлгэдэл болох зорилготой ОХУ-аас Хятад руу Монгол Улсаар дамжуулах хийн хоолой тавих төслийг хэрэгжүүлэх хамтарсан ажил хийгдэж байна.

Дорнын эдийн засгийн VI чуулга уулзалтын үеэр Монголын төлөөлөгчид эдгээр төслүүдийн явц, хэрэгжилтийг ярилцах төдийгүй Оросын талтай стратегийн түншлэлийн харилцааны цаашдын хэтийн төлөвийг үнэлэх боломжтой. Үүний сацуу худалдаа, эдийн засаг, цэргийн хамтын ажиллааны шинэ чиглэлийг тодорхойлох, соёл, боловсрол, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллгааг бэхжүүлэх талаар ярилцах боломж нээлттэй юм.

Чуулга уулзалтын хүрээнд ОХУ, Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойд зориулан “Орос, Монголын харилцааны түүхэн ба орчин үеийн чиг хандлага: 100 жилийн ойг угтах нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү арга хэмжээ нь улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, Орос, Монголын ард түмнүүдийн харилцан ойлголцлыг гүнзгийрүүлэх, тогтвортой байдал, аюулгүй байдал, сайн хөршийн харилцааг бэхжүүлэхэд онцгой ач холбогдолтой гэж чуулга уулзалтын зохион байгуулагчид хэлж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *