Монгол Улсын Засгийн газар, Улсын онцгой комисоос гадаад улс оронд байгаа эх орондоо ирэх хүсэлтэй иргэдээ татан авах ажиллагааг тасралтгүй зохион байгуулж байна. Энэ долдугаар сард нийт 12 удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөж байсан бол гурван нислэгийг нэмж, 15 болголоо.
Төлөвлөснөөр өнөөдөр буюу 07 дугаар сарын 20-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 07 дугаар сарын 21-нд УБ-Токио чиглэлд Япон улсад байгаа иргэдийг, 07 дугаар сарын 26-нд УБ-Франфурт чиглэлд Европд байгаа иргэдийг татан авах бол нэмэлтээр 07 дугаар сарын 28-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 07 дугаар сарын 29-нд УБ-Сөүл чиглэлд БНСУ-д байгаа иргэдийг, 07 дугаар сарын 30-нд УБ-Сидней чиглэлд Австралид байгаа нийт 1470 иргэнийг татан авах юм. Хилийн хорио цээрийн дэглэм нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлснээс хойш дэлхийн 44 орноос 67,290 Монгол Улсынхаа иргэнийг эх орондоо агаарын, газрын, төмөр замын тээврээр татан аваад байна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.