Categories
мэдээ нийгэм

Долоон эрдэмтэн академич цол хүртлээ

ШУА-ийн ээлжит Их чуулган өчигдөр хуралдаж шинэ академичдыг сонгон шалгарууллаа. Энэ жил 14 эрдэмтэн нэр дэвшсэнээс дараах долоон эрдэмтэн академич болов. Эрдэмтдийн тухай товч танилцуулбал:

1. Бүдээбазарын АВИД Шинжлэх ухааны Академийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, химийн шинжлэх ухааны доктор (Sc.D).

Б.Авид нь 1993 онд Менделеевийн нэрэмжит Оросын Хими-технологийн их сургуулийг өндөр молекулт нэгдлийн химич-инженер-технологич мэргэжлээр төгсөн. Тэрээр эрдэм шинжилгээний байгууллагын эрх зүйн орчныг шинэчлэх, сайжруулахад бодитой хувь нэмэр оруулжээ.

Б.Авид нь 20 гаруй жил чулуун болон хүрэн нүүрс, шатдаг занар, байгалийн битум, нефтийн хүнд үлдэгдлийн судалгаа хийж, тэдгээрийн халуун задралд орох төлөв байдал, уусгагчийн орчинд боловсруулах арга, хийжих технологийн горим тогтоох зэрэг онолын ажлаас гадна утаагүй түлш, шүүгч шингээгч материал, эмчилгээний шавар зэрэг практикийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүн бий болгоход шаардлагатай технологийн томоохон үр дүнгүүд гарган авсан химийн технологийн чиглэлийн тэргүүлэх эрдэмтэн юм.

2. Бадрахын БУРМААЖАВ ШУА-ийн бүтцийн академиуд хариуцсан нарийн бичгийн дарга, Нийгмийн эрүүл мэндийн тэнхимийн эрхлэгч, МАУА-ийн үндэслэгч гишүүн, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор.

Б.Бурмаажав нь 1978 онд АУДэС-ийг эрүүл ахуйч мэргэжлээр төгссөнөөс хойш Эрүүл ахуй, халдвар, нян судлалын улсын институтэд ЭШТА, ЭМЯ-нд анагаах ухааны бодлого, төлөвлөлт хариуцсан ахлах мэргэжилтэн, МАУА-ийн ерөнхий эрдэмтэн нарийн бичгийн дарга, ШУА-ийн бүтцийн академиуд хариуцсан нарийн бичгийн даргаар 40 жил ажиллажээ.

Монгол улсад эрүүл ахуй, халдвар судлал, эко-анагаах ухаан, хүүхдийн эко-анагаах ухааны чиглэлээр 40 гаруй сэдвээр судалгаа хийж, гадаад, дотоод орчноос хамааралтай өвчин, эмгэгээс сэргийлэх шинжлэх ухааны үндэслэл, зөвлөмжүүдийг боловсруулж, урьдчилан сэргийлэх анагаах ухааныг хөгжүүлэх, хяналтын арга, тогтолцоог бэхжүүлэх; Монгол улсад шинжлэх ухаан түүний дотор анагаах ухааны салбарын эрхзүйн орчныг боловсронгуй болгох, хөгжлийн бодлогыг тодорхойлох, хэрэгжүүлэх, гадаад, дотоод хамтын ажиллагааг хөгжүүлэх, анагаах ухааны ёсзүйн хяналтын тогтолцоог бүрдүүлэх, хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулсан Монголд төдийгүй, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлч эрдэмтэн.

3. Содномсамбуугийн ДЭМБЭРЭЛ ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал, геологи, минерологийн шинжлэх ухааны доктор, профессор.

С.Дэмбэрэл нь 1978-1983 онд ЗХУ-ын (хуучнаар) Иркутск хотын Их сургуулийг хэрэглээний математикч мэргэжлээр төгсөн. Тэрбээр геологийн болон геофизикийн нарийн түвэгтэй процессийг шинэ техник технологи, судалгааны шинэлэг аргазүйг ашиглан судалж, Дэлхийн физик орны хувьсал болон чулуулаг мандал дахь гүний тогтоц түүний өөрчлөлт, бүс нутгийн геодинамик, нео-геотектоник, газар хөдлөлтийн идэвхжилт, хүчтэй газар хөдлөлтийн чиглэлээрх судалгааны ажлуудыг амжилттай гүйцэтгэж ирсэн. 2003 онд ОХУ-ын Москва хотод физик-математикийн ухааны доктор (Ph.D), 2017 онд ОХУ – ын Иркутск хотын Иркутскийн Үндэсний Судалгааны Техникийн их сургуульд геологи-минералогийн шинжлэх ухааны доктор-(Sc.D)-ын зэргийг тус тус амжилттай хамгаалжээ.

С.Дэмбэрэл нь Монгол орны нутаг дэвсгэр болон Төв Азийн зэргэлдээх бүс нутагт 1964-2017 онд болсон газар хөдлөлтийн мэдээллийг ОХУ-ын ШУА- ийн Сибирийн салбарын Геофизикийн албаны Байгалын болон Алтай-Саяаны станцуудын мэдээллүүдтэй нэгтгэн боловсруулж бүс нутгийн газар хөдлөлтийн идэвхжилтийг судалсан байна.

4. Сампилдондовын ЧУЛУУН ШУА-ийн Түүх археологийн хүрээлэнгийн захирал, Олон улсын Монгол судлалын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, түүхийн шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор.

С.Чулуун нь Монголын түүхийг менежментийн шинэ шатанд гаргах, бүс нутаг болон олон улсын түвшинд хүргэх, эрдэмтдийн нэгэн шинэ үеийг буй болгож бэлтгэх, монголын түүх, соёлын цогц судалгааг онол-арга зүйн шинэ шатанд гаргах, монгол судлалыг монгол улсад төвлөрүүлэн хөгжүүлэх үйлсэд томоохон хувь нэмэр оруулж байгаа юм.

Тэрээр өмнө нь судлаагүй түүхийн цагаан толбо байсан 17 зууны монголын хот сууриныг цогцоор нь малтан судлах ажлыг анх удаагаа санаачлан эхлүүлж, удирдан хэрэгжүүлж байна.

Түүний судалгааны гол чиглэл нь Монголын эзэнт гүрний дараах үеэс ХХ зууны эхэн хагас хүртэлх үеийн бүс нутгийн улс төр, эдийн засаг, соёлын харилцааны түүх, Монголын улс төрийн зүтгэлтнүүдийн намтар үйл ажиллагаа, сурвалж бичгийн судалгаа юм. С.Чулуун 17 зууны Монголын түүхийг Орос, Манжийн харилцаатай холбон 20 гаруй жил цогцоор нь судлахдаа монголын түүхийн судалгаанд гадаад орнуудад, ялангуяа хөрш хоёр улсад хадгалагдаж буй монгол, манж сурвалж хийгээд археологийн дурсгалтай хослуулан судлах онол, арга зүйн шинэ шийдэл, хандлагыг бий болгож, түүнийгээ баримталсан томоохон суурь бүтээлүүд туурвиж байгаагаараа түүхийн судалгаанд өөрийн гэсэн дэг сургууль бий болгох ажлыг эхлүүлж чаджээ.

Түүний судалгаа, бүтээлүүд нь дэлхийгээр тархан хадгалагдаж буй түүхийн болон археологийн маш өргөн хэмжээний мэдээ баримт, сурвалж хэрэглэгдэхүүнд суурилж чаддагаараа монголын түүхийн шинжлэх ухааны хөгжилд бодитой хувь нэмэр оруулж байгаа билээ.

5. Очбадрахын ЧУЛУУНБААТАР ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн Мэдээллийн технологийн лабораторийн эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирал, физик-математикийн шинжлэх ухааны доктор (Sc.D), Монгол Улсын Төрийн шагналт.

О.Чулуунбаатар нь 1999 оноос ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн шинжилгээний нэгдсэн институтийн (ЦШНИ) Мэдээллийн технологийн лабораторид (МТЛ) ажиллан, 2018 оноос эрдэм шинжилгээ эрхэлсэн орлогч захирлын албыг хашиж байна.

Судалгааны ажлын хүрээнд гаргаж авсан гол үр дүн:

•Канторовичийн аргыг төгсгөлөг элементийн аргатай хослуулан олон хэмжээст Шредингерийн тэгшитгэлийн хувьд анхны захын бодлого, захын бодлого, сарнилын бодлогын тоон шийдийг өндөр нарийвчлалтай тооцоолох нэгдсэн цогц арга, алгоритм боловсруулж, нийлэлтийн тухай теоремуудыг баталсан.

•Боловсруулсан арга алгоритмуудаа ашиглан 6 комплекс программ Фортран хэл дээр бичиж олон улсын Computer Physics Communications (импакт фактор 3.936) сэтгүүлийн программын санд оруулсан.Хоёроос зургаа хүртэлх хэмжээст симплекс мужаар авсан интегралыг бодох найм хүртэлх эрэмбийн, эерэг коэффициентууд бүхий бүх зангилааны цэгүүд нь симплекс дотроо оршдог Гауссын төрлийн квадратурын томьёонуудыг байгуулсан.

•Атом, молекулыг хурдан электроноор иончлох туршлагуудын үр дүнг онолын үр дүнтэй харьцуулахад хэрэглэгддэг олон электронт атом, молекулуудын холбоост төлөвийн функцийг өндөр нарийвчлалтайгаар тооцоолох, сарнилын долгионы функцийн асимптотикийг байгуулах арга алгоритмуудыг боловсруулсан. Судалгааны ажлын үр дүнгүүд нь Physical Review Letters (импакт фактор 8.839), Physcal Review A (импакт фактор 2.909) зэрэг сэтгүүлд хэвлэгдсэн бөгөөд нэг ажил нь 70 гаруй удаа олон улсын сэтгүүлд ишлэгдсэн.

6. Рүвжирийн ШАГДАРСҮРЭН Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн ерөнхий зөвлөх эмч, анагаахын шинжлэх ухааны доктор (Sc.D), профессор, Хүний гавьяат эмч.

Р.Шагдарсүрэн анагаах ухааны салбарт тасралтгүй 51 жил ажиллаж судалгаандаа түшиглэн Монголын гэмтэл согог судлалын асуудлыг онол, арга зүйн шинэ хандлагаар авч үзэн гэмтэл согог судлалын дэг сургуулийг үүсгэн хөгжүүлсэн. Гэмтэл согогийн 300-аад эмч–судлаач бэлтгэж, хөнөөлгүй–бичил мэс заслын аргуудыг анхлан нэвтрүүлж гэмтэгсдийн хөдөлмөрийн чадварыг эрт сэргээхэд үнэтэй хувь нэмэр оруулжээ.

7. Халтарын ЭНХЖАРГАЛ Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Сургалт, оюутны асуудал эрхэлсэн дэд захирал, техникийн шинжлэх ухааны доктор, профессор (Sc.D).

Х.Энхжаргал нь Сэргээгдэх эрчмийн эх үүсвэрийг ашиглах туршилт, судалгааны ажлын хүрээнд нарны коллекторын шинэ хийцийг зохион бүтээж, туршилт, судалгаа шинжилгээг явуулан, Монгол орны нөхцөлд анхны нарны халаалттай туршилтын байшин барьж иж бүрэн судалгаа хийсэн.

1992 оноос хойш 28 жилийн хугацаанд Эрчим хүчний салбарын мэргэжилтэн бэлтгэх ажлыг амжилттай удирдан Дулааны инженер, Сэргээгдэх эрчим хүч, Үйлдвэрийн экологийн инженер мэргэжилтэн бэлтгэж, туршилт, судалгаа шинжилгээний баазыг бүрдүүлж тус салбарт ажиллах эрдэмтдийн баг, дэг сургуулийг бий болгоход бодит хувь нэмрээ оруулжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *