Categories
мэдээ нийгэм

Долоо хоногийн онцлох үйл явдлууд

Долоо онцлох үйл явдлууд зурган илэрцүүд

Парламент ирэх оны төсөв мөнгөний бодлогоо хэлэлцэж байна. Мөн Засгийн газраас өргөн барьсан эдийн засгийн хүндрэлийг даван туулах тогтоолын төслийг УИХ хэлэлцэж эхэллээ. Эдийн засагт үүссэн хүндрэлүүдийг богино хугацаанд шийдвэрлэх зорилгоор “Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах” хөтөлбөр нь:

1. Макро эдийн засгийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлэх,

2. Дунд хугацаанд эдийн засагт бүтцийн өөрчлөлт хийж, тогтвортой өсөлтийг хангах, өрийн дарамтыг бууруулах бодлого хэрэгжүүлэх гэсэн хоёр үндсэн стратегитэй бөгөөд энэ хүрээнд нийт 60 гаруй бодлогын арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Гэвч парламентийн гишүүд энэ тогтоолын төсөлд сэтгэл дундуур байна. Өмнөх парламентийн үед хэлэлцэж, баталсан үр дүнгээ өгөөгүй эдийн засгийн хямралаас гарах тогтоолын төслөөс ялгарах юмгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байв. УИХ өнгөрөгч долоо хоногт төсөв мөнгөний бодлого, хямралаас гарах тогтоолын төслүүдэд гол анхаарлаа хандуулав. Учир нь хуулийн дагуу энэ сарын 15-нд гэхэд ирэх оны төсвөө төслөө хэлэлцэн баталсан байх учиртай. Иймээс ирэх долоо хоногт ч төсөв, мөнгөний бодлого парламентийн гол сэдэв байх нь ээ.

Энэ мэт өнгөрөгч долоо хоногт болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэе.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний ТУЗ-ийн гишүүдийг чөлөөлж, шинэ бүрэлдэхүүнийг томиллоо. “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн энэ оны зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 100 хувь Монголын компани болсон бөгөөд шинэ ТУЗ нь нийтдээ долоон гишүүнээс бүрдэх юм. Тэдний дөрөв нь үйлдвэрийн 51 хувийг эзэмшиж байгаа Засгийн газрын төлөөлөл байхаар томилгоо хийсэн бол гурав нь 49 хувийг оросуудаас худалдаж авсан “Монгол зэс” / Mongolian Copper Corporation/ компанийн төлөөлөл байх шийдвэр гарсан байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-ийн дарга болон гүйцэтгэх захирлыг төрөөс томилох юм байна.

“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн ТУЗ-д Төрийг төлөөлөх гишүүдээр

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга У. Бямбасүрэн

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамын Төрийн нарийн бичгийн дарга Г. Нандинжаргал

Сангийн яамны Нягтлан бодох бүртгэлийн газрын дарга Б.Доржсэмбэд

Төрийн бодлого зохицуулалтын газрын орон тооны бус зөвлөх Д. Дэмбэрэл нарыг томилжээ.

Харин цөөнхийн хувьцаа эзэмшигч буюу “Монгол зэс” /Mongolian Copper Corporation/ талаас ТУЗ-д төлөөлөх гишүүдээр

Да.Ганболд

О.Орхон

М. Мөнхбаатар нарыг тус тус дөрвөн жилийн хугацаатайгаар томилжээ

АН-ын хурлын товоо гаргалаа

УИХ-ын 2016 оны сонгуулиар хойш хэдэнтээ тов тогтоож хурлаа хойшлуулсан ҮЗХ-ны товыг дахин тогтоолоо. Ардчилсан намын Гүйцэтгэх зөвлөл өнгөрсөн долоо хоногт хуралдаж, Үндэсний зөвлөлдөх хорооны хурлыг энэ сарын 16-нд хуралдуулах тов гаргалаа. Үндэсний зөвлөлдөх хорооны хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрмийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлж, арванхоёрдугаар сарын 6-нд хуралдах намын Их хурлаар батлуулах юм.

Харин энэ сарын 16-аас арванхоёрдугаар сарын 6 хүртэл намын Үндсэн дүрмийн төслийг улс орон даяар, намын гишүүд дэмжигчдээр хэлэлцүүлэхээр ийнхүү ҮЗХ-г товлов. Энэ удаад ҮЗХ-ны ирж бүрэлдэж, хуралдах эсэх нь тодорхой бус байна.

Долларын ханш өссөөр байна

Ам.долларын ханш сүүлийн хоёр долоо хоногт огцом нэмэгдэж, даваа гарагт 2410 төгрөгтэй тэнцээд байв. Эдийн засагчид ам.долларын ханшийн өсөлтийг цаашид үргэлжлэнэ хэмээн үзэж байгаагаа дуулгаж байгаа. Учир нь Засгийн газраас зээлийн эх үүсвэрийг хайж байгаа ч одоогоор тодорхой шийдэгдээгүй байгаагаас ханш нэмэгдсээр байгаа аж. Харин өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт ам.долларын ханш бага зэрэг суларч 2404 төгрөгтэй тэнцлээ.

Сурагчид амарч байна

Өнгөрсөн пүрэв гарагаас 2016-2017 оны хичээлийн жилийн нэгдүгээр улирлын амралт орон даяар эхэлж байна. Нэгдүгээр улирлын амралтаар бүх ангийн сурагчид зэрэг амрах юм. Тодруулбал бүх ангийн сурагчид XI сарын 3-наас 9-нийг дуустал 1 долоо хоног амарна.

ҮДБЭЧ-ыг Үндэсний урлагийн их театр болгов

Засгийн газрын хуралдаанаар Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулгын нэрийг өөрчилж Үндэсний урлагийн их театр болгохоор шийдвэрлэжээ. Ингэснээр Монголын олон үндэстэн, угсаатны ардын урлагийг баяжуулан хөгжүүлж байгаагаа улам өргөжүүлж, урын сангаа бүрэн ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаанд дэвшил нь гарч, олон улсад өрсөлдөх боломж нэмэгдэнэ гэж мэргэжлийн байгуулагынхан үзэж буй аж. Өөрөөр хэлбэл, 70 гаруй жилийн түүхтэй Үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулга өнөөдөр концертын байгууллагаас театрын байгууллага болж хөгжсөн, гадаадын улс орнуудынхаа ижил төрлийн байгууллагатай статус нэг болох шаардлагтай байгаа юм.

Үндэсний дуу, бүжгийн эрдмийн чуулга 1945 онд “Эстрад концертын товчоо” нэртэйгээр байгуулагдсан. Анх 19 дуучин, 27 хөгжимчин, 13 бүжигчин, уран сайхны удирдагч, багш гээд нийт 62 уран бүтээлчтэй байсан бол одоо 24 дуучин, 64 хөгжимчин, 48 бүжигчин болон багш, удирдлага бүхий 190 гаруй хүнтэй байгууллага болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *