Хэдхэн хоногийн дараа шинэ он гарна. 2015 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжих олон хууль бий. Энэ онд иргэд НӨАТ-ынхаа хоёр хувийг буцаан авах эрхтэй болно. Гэртээ хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломж бүрдэнэ. Замын хөдөлгөөнд оролцохдоо зөрчлийн оноогоо тооцуулж эхэлнэ. Энэ мэт өдөр тутмын амьдралд мөрдөгдөхүйц олон хууль хэрэгжиж эхэлнэ. Тэдгээр хуулиудыг тоймлон хүргэе.
Шинэ төлбөрийн баримтаа цуглуулж, мөнгө аваарай
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг энэ оны долдугаар сард баталсан. Хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. НӨАТ ирэх оноос цахим хэлбэрт шилжинэ. Өөрөөр хэлбэл, НӨАТ төлөгчийн арилжаа хийж байгаа бүх мэдээлэл нь татварын байгууллага, Сангийн яаман дээр цахим хэлбэрээр төвлөрөх юм. Ингэснээр татвараас зугтаах, зайлсхийх боломжгүй болох аж. Хуульд зааснаар бараа, үйлчилгээг борлуулахгүй, аж ахуйн үйл ажиллагааны бус, зөвхөн өөртөө хэрэглэх зориулалтаар худалдан авч, импортоор оруулсан хувь хүнийг албан татвар төлөгч гэнэ. Харин үйл ажиллагааны борлуулалтын орлогын хэмжээ 50 саяас дээш хүрч, албан татвар ногдуулан суутган авч, төсөвт төвлөрүүлэх үүрэг бүхий этгээдийг албан татвар суутган төлөгч гэж буй. Одоо мөрдөж байгаа хуулиар НӨАТ-ын босго 10 сая төгрөг байгаа. Шинэ хуулиар энэ босгыг 50 сая төгрөг болгон нэмэгдүүлснээр сайн дураар бүртгүүлэгчид нэмэгдэнэ гэж хууль санаачлагчид тайлбарлаж байсан. Албан татвар суутган төлөгч нь арав хоногийн дотор татварын албанд бүртгүүлж, гэрчилгээ авах ёстой. НӨАТ төлөгч бүрийн мэдээлэл нэгдсэн хэрэглэгчийн системд бүртгэгдэнэ. Тухайлбал, албан татвар төлөгч хэрэглэгчийн системд бүртгэдсэн төлбөрийн баримтын мэдээллийг гурав хоногийн дотор борлуулалтын нэгдсэн системд илгээх үүрэг хүлээнэ.
НӨАТ-ын шинэ хуульд албан татварыг буцаан олгох тухай заалт орсон. Албан татвар төлөгч нь тухайн жилийн худалдан авалтад төлсөн татварынхаа 20 хүртэл хувийг буцаан авах боломжтой. Энэ нь барааны үнийн дүнгийн хоёр хувь гэсэн үг. Мөн сугалааны тохирлоор татварын буцаан олголт авахыг зохицуулсан байгаа.
Иргэн таны үйлчлүүлсэн аж ахуйн нэгж НӨАТ төлөгч мөн бол худалдан авалт хийсэн баримтаа цуглуулаарай. Ирэх оноос худалдан авалтын баримт шинэ загвараар гарах юм. Мөн долоо хоногийн дараагаас кассын шинэ машин ашиглаж эхэлнэ. Бараа, үйлчилгээ авсан баримтаа цуглуулж цахим системд бүртгүүлээд дараа жил буцаан олголтоо авах боломжтой. Татварын буцаан олголтоо цахим картаараа ч авах боломжтой. Мөн сугалаанд оролцож их хэмжээний мөнгө хожих ч боломж бүрдэж байгаа хэрэг.
Таны үйлчлүүлж байгаа аж ахуйн нэгж НӨАТ-ын баримтын тасалбар олгоогүй, олгохоос татгалзсан, үнийн дүнгээс зөрүүтэй дүнгээр олгосон бол торгууль төлөхийг Татварын ерөнхий хуулиар зохицуулжээ.
Мөн татвар төлөгчөөр бүртгүүлээгүй бол хувь хүнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний, эсвэл 2-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгоно. Цахим системд хугацаанд нь багтааж бүртгэж аваагүй албан тушаалтныг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3-4 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх төгрөгөөр торгох аж.
Таван хүүхэд хараад улсаас 560 мянган төгрөг авах боломжтой
Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль долоо хоногийн дараа хэрэгжиж эхэлнэ. Хуульд зааснаар уншигч та гэртээ хүүхэд харах үйлчилгээ эрхлэх боломжтой. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх гэж байгаа бол Боловсролын яамнаас зохион байгуулж байгаа хүүхэд харах үйлчилгээний тусгай сургалтад хамрагдсан байх ёстой. Ингэснээр хүүхэд харах үйлчилгээний гэрчилгээтэй болно. Мөн гэмт хэрэгт холбогдож байгаагүй 18-65 насны, халдварт болон сэтгэцийн өвчингүй, Монгол Улсын иргэн байх ёстой. Энэ шаардлагыг хангаж байвал гэртээ таван хүүхэд харж болно. Хүүхдээ харуулах эцэг эх нь багшийг таньдаг байвал давуу тал болох аж. Нэг хүүхдэд сар бүр 116 мянган төгрөгийг төсвөөс олгоно. Тэгэхээр таван хүүхэд харж байгаа бол 560 мянган төгрөгийг улсаас авна. Мөн хүүхдээ харуулж байгаа эцэг эхчүүдээс улсаас авч байгаа мөнгөнийхөө 60 хувиас хэтрэхгүй төлбөр авах юм. Энэ нь дунджаар 60 мянган төгрөг гэсэн үг. Ингээд тооцвол гэртээ таван хүүхэд хараад 860 мянган төгрөг олох боломжтой гэсэн үг. Хоёр багш нийлээд арван хүүхэд харах ч боломж бий. Харин 15-аас илүү хүүхэд авахыг хориглосон. Гурван багш нийлээд түрээсийн байранд 15 хүүхэд харах боломж бий гэсэн үг. Ирэх жил 10 мянган хүүхдийг хүүхэд харах үйлчилгээгээр хүмүүжүүлэхээр болсон. Ингэснээр 2000 ажлын байр шинээр бий болох ажээ.
Хүүхэд харах үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нас харгалзахгүй хамруулах боломжтой. Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх байр гэрийн гадаад орчин нь хүүхдийн амь нас, эрүүл мэндэд эрсдэлгүй байх ёстой. Мөн тэр байр, гэрийг зөвхөн хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар ашиглах бөгөөд амрах, тоглох, гар угаах, бие засах газар, гал тогоотой байх шаардлагыг хуульчилжээ. Гэрт хүүхэд харах бол гал тогооны тусгай гэртэй байх ёстой. Зуух яндан, халаалтын хэрэгсэлд хүүхэд ойртохгүй байхаар хаалт хийсэн байхыг мөн шаарджээ. Хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байгаа байр, гэрт өөр хүмүүс амьдрах эрхгүй. Багш, хүүхдийн эцэг эх, харгалзах хүмүүсээс өөр гадны хүн тэнд орох ёсгүй. Мөн шашны зан үйл явуулах, эмчийн зөвшөөрөлгүй эм өгөх, бие махбодийн болох сэтгэл санааны хүчирхийлэл, дарамт үзүүлэхийг хоригложээ. Хүүхэд харахдаа өдөрт нэг цагаас илүү хугацаагаар зурагт үзүүлэх, компьютер, цахим хэрэгслээр тоглуулахыг хоригложээ. Байр бүрт хяналтын камер тавих боломжгүй учраас эцэг эх, асран хамгаалагчид нь багшийг хянах аж. Хууль зөрчсөн багшид эхний удаад сануулж, дараа нь торгоод зөрчлийг давтвал зөвшөөрлийг нь цуцлах хариуцлага тооцох юм байна.
Төрийн байгууллага нийтийн сонсгол зохион байгуулж иргэдийн оролцоог хангана
Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн барьсан Нийтийн сонсголын тухай хууль нь төрийн байгууллага, албан тушаалтан энэ хуульд заасан асуудлаар нийтийн сонсголыг зохион байгуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангах зорилготой. Долоо хоногийн дараа хэрэгжиж эхлэх энэ хуульд зааснаар нийтийн сонсголыг хууль тогтоох, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн гэсэн төрлөөр зохион байгуулах боломжтой. Томилгооны сонсгол гэхэд УИХ-аас албан тушаалтныг томилохтой холбогдуулан УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтээр сонсгол явуулах аж. Сонсголыг 14 хоногийн өмнө мэдээллийн хэрэгслээр зарлах бөгөөд сонсголд оролцогчид таваас доошгүй хоногийн өмнө бүртгүүлэх үүрэг хүлээнэ.
Сонсголд оролцогч тайлбар, санал, дүгнэлт гаргах, сонсголоос гаргасан шийдвэртэй танилцах эрхтэй. Сонсгол нээлттэй явагдах ёстой. Зөвхөн хувь хүн, байгууллага, төрийн нууцад хамаарах болон үндэсний аюулгүй байдлыг хангахтай холбоотой асуудлаар хаалттай явагдах юм. Иргэд ерөнхий хяналтын, хууль тогтоомжийн сонсгол явуулах хүсэлтээ тухайн асуудал эрхэлсэн байнгын болон дэд хороонд гаргаж болно.
Зөрчлийн оноо тооцож эхэлнэ
Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хууль өнгөрсөн есдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн. Уг хуульд жолооч нарт зөрчлийн оноо тооцох тухай заасан байгаа. Зөрчлийн оноог ирэх сарын 1-нээс тооцож эхэлнэ. Тодруулбал, Зөрчлийн оноо тооцох журам мөрдөгдөж эхлэх юм. Жолооч зөрчлийн ерөнхий 10 оноотой “цагаан шугамнаас” явж эхэлнэ. Улмаар жолооч замын хөдөлгөөний аюулгүй байдалтай холбоотой хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт зөрчсөн үйлдэлд нийгэмд учирч болзошгүй хор, уршгаас шалтгаалан зөрчлийн 1-5 оноо хасна. Зөрчлийн оноо дууссан тохиолдолд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй болох юм. Мөн хуульд заасан үндэслэлээр жолооны эрхээ хасуулбал зөрчлийн оноо хүчингүй болно гэсэн үг.
Зам тээврийн осол гаргасан жолооч таван оноо хасуулна. Жолооны үнэмлэхгүй машин баривал хоёр оноо, жолооны үнэмлэхгүй нөхөрт машинаа шилжүүлбэл машины эзэн нэг оноо хасуулна. Согтуу, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл хэрэглэсэн этгээдэд машинаа бариулсан бол хоёр, ядарсан, өвчтэй үедээ машин жолоодсон, тийм хүнээр жолоо бариулсан бол нэг оноогоо алдана. Хуурамч дугаартай, улсын бүртгэлийн дугааргүй машин жолоодвол, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй, хурд хэтрүүлсэн, хориглосон газарт гүйцэж түрүүлэх үйлдэл хийсэн бол хоёр оноо хасагдана. Тусгай дуут дохио зөвшөөрөлгүй ашиглавал гурав, хамгаалах бүс хэрэглээгүй, гэрлэн дохио, цагдаагийн хориглосон дохио зөрчвөл, хүн ачаа тээвэрлэх журам зөрчсөн бол нэг оноо хасагдахаар журамлажээ.
Харин зөрчлийн оноо хасагдсанаас хойш нэг жилийн хугацаанд дахин зөрчил гаргаагүй бол хамгийн сүүлд хасагдсан оноог сэргээж урамшуулах аж. Мөн зөрчил гаргалгүй хоёр жил өнгөрвөл 10 оноог бүтнээр нь өгөх юм байна. Жолооч нар зөрчлийн онооныхоо мэдээллийг сайт болон ухаалаг утсанд зориулсан программ хангамж, лавлах утас, мессэж үйлчилгээгээр дамжуулан жолооны үнэмлэхнийхээ дугаараар авах боломжтой аж.
Ц.ӨРНӨХ