Categories
мэдээ утга-зоxиол

DNN-УТГА ЗОХИОЛ: Ц.БАТТУЯА “ХУРИМЫН ГЭРЧ” БЭСРЭГ ТУУЖ (Бүрэн эхээрээ)


“DNN-УТГА ЗОХИОЛ” буланд зохиолч Цэдэндамбын Баттуяагийн “Хуримын гэрч” туужийг бэлтгэн хүргэж байна.


Зохиолч Ц.Баттуяа нь 1994-2004 онд Хэнтий аймгийн Хэрлэн сумын “Тэмүүжин” цогцолбор сургууль, 2004-2008 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийг төгсөж байжээ.

No description available.

Мөн тэрээр

  • 2004-2008 он. “Хүмүүс” сонинд сэтгүүлч
  • 2008-2009 оны 9 сар хүртэл. “Өнөөдөр” сонинд сэтгүүлч
  • 2009-2011 он. Хэвлэлийн дизайнер
  • 2011-2015 он. “Өглөөний сонин”-д Урлаг соёл, спортын албаны дарга, Хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 2015-2016 он. Баянгол дүүргийн ЗТДГ-т Олон нийттэй харилцах мэргэжилтэн
  • 2016-2018 он. “Тодмагнай” сэтгүүлд гэрээт сэтгүүлч, редактор
  • 2016-2018 он. “Залуу нас” сонины гэрээт сэтгүүлч, редактор
  • 2016 оноосхойш “Мэдрэмж” ПиАр, эх бичвэрийн агентлагийн захирлаар ажиллаж байна.



Харин сэтгүүл зүйн чиглэлээр:

  • 2011 он. “Монголын сайхан аавууд” хөрөг номын II, III боть
  • 2011 он. “Хүүхдийн ертөнц” хүүхдийн зурагт ном
  • 2015 он. “Баянгол дүүргийн 100 эрхэм” хамтарсан бүтээл
  • 2015 он. “Дархан хотын 100 эрхэм” хамтарсан бүтээл
  • 2016 он. “Говь-Алтайн 100 эрхэм” хамтарсан бүтээл
  • 2017 он. “Дотоод алс” сэтгүүл зүйн бие даасан бүтээл
  • 2018 он. “Үндэсний шинэ бахархал” түүхэн ном

Уран зохиолын чиглэлээр:

  • “Гивлүүрт салхин” шүлгийн түүвэр
  • “Таримал цэцгийн сүм” өгүүллэгийн түүвэр
  • “Үйлийн үр захиалагч” тууж
  • “Арухай” хүүхдийн комик зохиол
  • “Аз жаргалын зөрлөг” тууж
  • “Мөнх тэнгэрийн үрс” хүүхдэд зориулсан адал явдалт цуврал

Редактораар ажилласан бүтээлүүд:

  • П.Цэдэндамба “Хэрлэний хөдөө арал – уншаагүй ном, судлаагүй шаштир”
  • А.Пүрэвмаа “Шидэт савдгийн хүсэл” хүүхдийн ном
  • А.Пүрэвмаа “Сахиусан тэнгэрүүд”
  • Дэвид Новак “Гайхамшигт нэгэн” хувь хүний хөгжлийн ном
  • Эрнест Хемингуэй “Товгүй баярын хот”
  • “Мэргэн буудлагын онол практик, өнөөгийн байдал”
  • Г.Соёлгэрэл “Гаслант усан дусал” тууж
  • Г.Соёлгэрэл “Эрвээхэй дэвсэн зун” өгүүллэгийн түүвэр
  • Г.Соёлгэрэл “Тэргүүн хатагтай” роман
  • Г.Соёлгэрэл “Өстний өвөрт” тууж
  • Г.Соёлгэрэл “Рэкет” роман
  • Б.Батзориг “Сүүдрийн хүн” роман
  • Б.Батзориг “Сүүдрийн вант улс” роман
  • С.Эрдэнэ “Ардчилалд зүтгэсэн он жилүүд”
  • С.Баярсайхан “Овоонд өргөх чулуу” өгүүллэгийн түүвэр
  • “Шинэ зууны шилмэл туурвилууд” I, II боть
  • “Солонго 40” түүхэн ном
  • Ц.Тэгшбуян “Энэ цагийн эмэгтэй” сэтгүүл зүйн бүтээл
  • Б.Батчимэг “Бүсгүйн жор” хувь хүний хөгжлийн ном
  • Б.Номинчимэд, Д.Оюунчимэг “Эрдэнэсийн сан” цуврал VIII, XII боть
  • Сузанна Стил “Анхны 365 хоног” хувь хүний хөгжлийн ном
  • Б.Болормаа “Дэлхийн зүрх” өгүүллэгийн түүвэр
  • Ж.Ч.Лили “Арванхоёрдугаар сарын бороо” тууж
  • “Ринзааны Булгамаа”
  • С.Зундуй “Миний он жилүүд”
  • Г.Соёлгэрэл “Шидэт Айку” хүүхдийн ном
  • Хүлгийн хурдыг шинжих судар
  • П.Дамдинпүрэв “Он жилүүдийг онгичихуй”… зэрэг бүтээлүүдийн редактораар ажиллаж байв.

ИНГЭЭД УНШИГЧДАДАА “ХУРИМЫН ГЭРЧ” БЭСРЭГ ТУУЖИЙГ БҮРЭН ЭХЭЭР НЬ ХҮРГЭЖ БАЙНА


-Анд аа, ийм бүсгүйн жолооч болчихвол догь уу? …нөхөр нь УИХ-ын гишүүн, өөрөө группийн ерөнхийлөгч. Хүмүүс яаж зүтгэхээрээ ингээд баяжчихдаг байна аа… хамгийн гол нь, их сайхан бүсгүй юм аа… хэмээн найз минь ганцаараа ярьсаар л. Би гар утсаараа тоглонгоо яриаг нь анхааралтай сонсож байсан ч яаран хариу хэлэхийг хүссэнгүй.

-Амьдрах байраар үнэгүй хангана. Даатгалд хамруулна. Сарын цалин 1.6 саяас эхэлнэ. Долоо хоногийн зургаан өдөр ажиллана… Илүү цагийн урамшуулал бодогдоно. Олон хоногоор томилолтоор явах боломжтой, ар гэрийн зүгээс ажиллах боломжийг нь бүрэн дүүрэн хангаж өгдөг байх… өө, би ч бүтэхгүй юм байна л даа. Ийм сайхан бүсгүйг дагаад томилолтоор явчихвал манай эхнэр гэрт нь давхиж очоод, түймэрдчих байлгүй… гэж хэлэхэд нь л

-Ганц бие хүнд л таарсан ажил юм биш үү дээ гэж бодсноо шуудхан хэлчихэв.

-Тийм байна аа, үнэгүй байранд амьдраад ийм өндөр цалин авна гэдэг чинь тэнгэрийн умдаг атгалаа л гэсэн үг биз дээ.

-Захирал хүүхэн нь адгийн муухай ааштай шулам байвал чөтгөрийн саварт атгууллаа л гэсэн үг шүү дээ.

-Хүүе, чи энэ ажилд орооч. Цуглуулсан мөнгө чинь байр авахад хүрэхгүй учраас түрээсийн өрөө хайж байгаа биз дээ? Үнэгүй байранд амьдрах зууртаа цалингаа цуглуулаад байвал удахгүй байр авчих юм биш үү?

-Юу вэ, би тэгээд жолооч хийх гэж үү?

-За, чи гадаадад жолоочоос ч хүнд ажил хийж байгаад ирсэн биз дээ? Баян хүний жолооч гэдэг чинь тансаг ажил шүү. Чи бид хоёр шиг эзэмшсэн мэргэжилгүй хүмүүст үүнээс дээр ажил олдохгүй дээ.

-Тийм ч юм уу? Бодож үзнэ ээ.

-Бодоод байх юм байхгүй ээ, би чиний анкетийг бөглөөд явуулчихъя. Өргөдөл авах хугацаа нь өнөөдөр дуусаж байгаа юм байна.

-За өөрөө мэд ээ. Харин баахан алдаатай юм бичээд явуулчихав аа, чи?

-Бөглөж дуусаад, чамд уншуулна аа.

Ийм яриа болсноос хоёр хоногийн дараа танихгүй дугаараас дуудлага ирсэн нь мөнөөх ажлын ярилцлаганд орох урилга байсан юм. Тэрхүү урилгын дагуу хотын төвд байрлах найман давхар шилэн барилгын хамгийн дээд давхарт хүрч очлоо. Угтагч бүсгүй инээмсэглэн ойртоод:

-Та ярилцлаганд орох гэж байгаа бол тэр өрөө рүү ороорой хэмээн зөвлөв. Цэмцгэр шаргал өнгөөр тохижуулсан тэрхүү өрөөнд жижиг ширээ, хоёр сандлаас өөр юу ч байсангүй. Нэг сандлыг нь татаж суугаад тухалж ч амжаагүй байтал өндөр нуруутай, дунд зэргийн махлаг бүсгүй орж ирэв. Тэрбээр өөрийгөө захирлын туслах хэмээн танилцууллаа. Намхан өсгийтэй гутал, хэлхгэрдүүхэн өмд цамцтай хослуулан өмсөж, эрэгтэй хүн шиг хайш яайш алхах тэрбээр энгэртээ ажил хэрэгч хавтас тэврээгүйсэн бол албан тушаалтайгаа огт авцалдахааргүй л харагдаж байв.

Туслах бүсгүй ажил хэрэгч маягаар хэдэн зүйл асууж, энгэртээ нандигнан тэвэрч ирсэн цаасан дээрээ идэвхийлэн тэмдэглэж байснаа:

-Манай захирал ажилтнуудтайгаа өөрийн биеэр уулзаж, сонгодог. Энэ удаа тун завгүй байгаа учир жолооч шалгаруулж ажилд авах ажлыг би бүрэн хариуцаж байгаа юм. 300 гаруй залуусаас ажилд орох өргөдөл ирснээс 15-ыг нь сонгож, ярилцлаганд орууллаа. Та бол ярилцлаганд орсон хамгийн сүүлчийн хүн. Энэ бол нэлээд ачаалалтай, хөдөө гадаа, гадаад, дотоодоор их явдаг ажил. Тиймээс би ганц бие, гэхдээ дунд орчим насны хүнийг сонгоё гэж бодсон юм. Та багаасаа янз бүрийн ажил хийж байсан, амьдралын тодорхой зорилготой хүн байна. Би таныг ажилд авлаа. Та маргааш өглөө 8:30-д ажилдаа ирэхэд бэлэн үү? гэв. Ингээд л ажилд орчихно чинээ огт төсөөлөөгүй суусан би бага зэрэг тулгамдсан ч:

-Тийм ээ, бэлэн гээд л хэлчихлээ. Бүсгүй суудлаасаа босмогцоо амжилт хүсэн гар бариад, “Маргааш өглөө уулзъя” гээд гарч одов.

Маргааш нь товлосон цагт нь ажилдаа ирсэн ч туслах бүсгүй намайг захиралтайгаа шууд уулзуулсангүй. Бүтэн долоо хоногийн турш туслах бүсгүйг даган, хотын төвөөр холхичихдог юм байна. Ажилд орсноос долоо хоногийн дараа буюу пүрэв гарагийн өглөө туслах бүсгүй Тунамал:

-Та маргааш өглөө захиралтай уулзана. Өнөөдөртөө байрандаа нүүж ороод, сайхан амарчих. За тэгэхээр одоо хоёулаа байрыг чинь очиж үзнэ ээ гэв. Тэрбээр намайг хотын захад байрлах 15 давхар орон сууцны нэг өрөөнд дагуулан оров. Уг өрөөг тунгалаг шар, цасан цагаан өнгийн тавилгуудаар тун аятайхан тохижуулжээ. Тунамал өрөөний түлхүүрийг алган дээр минь тавиад:

-Тавилга, цахилгаан хэрэгслүүд энд бүгд бий. Та чемодантай хувцсаа аваад ирэхэд л болно. Энд амьдарлаа гээд цалингаас чинь ганц ч төгрөг хасагдахгүй. Хамгийн гол нь, та ажлаас халагдвал дараагийн хүн энд амьдрах учраас цэвэрхэн, ариг гамтай л амьдраарай гэж зөвлөн сануулав.

♠♠♠

“Захирлынх” хэмээн зааж өгсөн гурван давхар хувийн орон сууцны хэрмэн хашааны үүдэнд ирэхэд товлосон цаг болоход 10 минут дутуу байлаа. Тас хар дээр алтан шаргал хээ товойлгож гоёсон төмөр хаалганы хажууд байрлуулсан хонхон дээр зөөлөн дарвал:

-Шинэ жолооч уу? Ор ор гэх бүсгүй хүний хоолой сонсогдов. Хариу хэлэх эсэхдээ эргэлзэн зогстол хаалга өөрөө нээгдчих нь тэр. Боржин чулуугаар угалз урлаж тавьсан зам дээгүүр чигээрээ алхсаар байшингийн хаалганд тулж очоод зөөлөн түлхвэл онгорхой байлаа. Хаалгыг аяархан түлхээд л хурлын заал шиг том цэлгэр өрөөнд шууд ороод ирэх нь тэр. Хойморт нь гал тогооны хэсэг байрлах бөгөөд том шар навчин хээтэй, цагаан даашинзтай бүсгүй цаашаа хараад зогсож байв. Түүний ар талд байрлах дугуй ширээний ард дунд эргэм насны туранхай бор залуу суух бөгөөд тэрбээр над руу толгойгоо өлийлгөн харснаа “нааш ир” хэмээн гараараа дохилоо. Огт танихгүй айлд анх удаа ирж байгаа учир гэрэмшиж бишүүрхсээр хөлөө зөөж ядан алхаж явтал хүүхдийн цовоо инээд гэнэт цангинаад эргэж харж ч амжаагүй байтал хүү, охин хоёр хажуугаар шуртхийтэл гүйгээд ширээний ард очоод суучихав.

Эзэгтэй эргэж хармагцаа над руу хальт толгой дохиод:

-Нааш ир, нааш ир. Энд ирээд суучих. Нэрэлхэх хэрэггүй. Бидэнтэй хамт өглөөний цай уунгаа сайхан танилцаад авъя гээд таван тавганд өглөөний хөнгөн зууш таваглаж эхлэв. Гэрийн эзний хажууд байрлах хоосон сандлыг татах зууртаа:

-Сайн байцгаана уу? гэж ам нээвэл бүгд нэгэн зэрэг:

-Сайн, сайн байна уу? хэмээн мэндчилсэн нь халуун дотно юм шиг хэрнээ анх танилцаж байгаа надад ичиж зовмоор ч юм шиг хоёрдмол мэдрэмж төрүүлэв. Дасаагүй орчинд таниагүй нөхцөл байдалтай хэрхэн зохицох учраа ололгүй, шал ширтсээр сандал дээр дөнгөж суутал:

-Хөөе, агаа… хэмээн огцом хашхирах адтай дуу цуурайтлаа. Надад л хандаж хэлсэн нь тодорхой тэр дуунаас цочсондоо годосхийгээд босчихлоо. Тэгтэл

-Наранбаяр агаа… гэсэн уулга алдалтын эзнийг хайж ч амжаагүй байтал ягаан даашинзны хормой хоёронтоо дэрвэлзээд л, булбарай жаахан хоёр гар бэлхүүсээр минь тэврээд авах нь тэр ээ. Охины царайг олж хараагүй учир чухам хэн болохыг нь таньж ядан арга мухардаж зогстол эзэгтэй нүдээ томруулан, намайг сүрхий сонжиж харснаа:

-Хөөш, сайн уу? Ямар сонин хүн бэ? Чамайг гадаадад л байгаа гэж бодож байлаа шүү дээ хэмээн уулга алдав. Эзэгтэйн өөдөөс эгцэлж харах уу, гэдсэнд минь хацраа наагаад намайг халуун дотноор тэвэрч буй бяцхан охиныг энхрийлэн үнсэх үү гэдгээ шийдэж амжаагүй байтал гэрийн эзэн:

-Таньдаг хүн чинь юм уу? За ашгүй, ашгүй. Чи аялалдаа санаа зовох шаардлагагүй боллоо шүү дээ. Би ч Мөнхөөгөө яаж авч үлдье дээ гэж бодож байсан юм гэж их л тайван өгүүлэв.

Хэзээнээс ч юм бэ, хэвшиж тогтсон заншилаараа өглөөний цайгаа уухаар тухалж суусан энэ гэр бүлд гэнэтийн учрал авч ирсэн хүн нь би л болж таарлаа. Тиймээс ч тэднийг болоод өөрийгөө балмагдлаас гаргахын тулд чухам хэнийд орж ирснээ нэн даруй мэдэх шаардлагатайгаа ухаарч, өнөөх охины үсийг илэнгээ хоёр гарыг нь тавиулж, зөөлөн түлхэн өөрөөсөө холдуулаад, нүүр лүү нь эгцлэн ширтэв. Хэзээний танил хонин бор нүд өөдөөс минь гэрэлтэн гялтагнаж үзэгдэхүйд сэтгэлийн чавхдас хөнгөн имрэгдээд, хоёр нүднээ нулимс бүрхээд ирлээ. Охины духан дээр үнэрлэж, хоёр харцыг нь өндгөөрөө зөөлөн илбэх зууртаа эр сэтгэлээ хатамжилж нулимсаа дотогш залгив.

-Алив, миний охин суудалдаа суугаад цайгаа уу. Хичээлийн чинь цаг боллоо шүү гэсэн эзэгтэйн сануулгаар охин даашинзныхаа хормойг дахин хоёронтаа дэрвүүлээд л сандал дээрээ очоод суучихав. Би ч оногдсон сандал дээрээ эргэж суумагцаа гүнзгий амьсгаа авч, өөрийгөө тайвшируулаад толгойгоо өргөж, танил болоод танил бус тэрхүү гэр бүлтэй анх удаа нүүр тулахаар зориглов. Харцаа эгшний зуурт ганцхан гүйлгээд л ширээ тойрон тухалсан халуун бүлийн гишүүдийг бүртгэж амжлаа. Намайг танимхайрч буй энэ охиныг Наргил гэдэг юм. Одоо есөн нас хүрч байх учиртай. Түүний хажууд зэрэгцэн суух гялтагнасан хар нүдтэй, хэвлүүхэн бяцхан ноёнтонг би огт танихгүй. Надтай зэрэгцэж суугаад, шарсан өндөг, зайдсаа бараг л зажилалгүй хоолойгоороо гулгуулж буй ажил хэрэгч энэ бор залууг ч бас би огт мэдэхгүй. Харин… харин… эгц өөдөөс минь харж суугаа бүсгүй хэлбэрлэг ягаан уруул, гүн давхраатай жижигхэн гэрэлтсэн хар нүдтэй байх учиртай. Ийнхүү гэнэтийн учралаас үүдсэн ээдрүүхэн бодолдоо түүртсэн ч харахын хүслэндээ хөтлөгдөөд, зовхио өргөмөгцөө л хоёр жил гаруйн турш санаж шаналсан хөөрхөн алаг нүдтэйгээ харц тулгарчихав. Бид тун ахархан хугацаанд ширтэлцсэн ч он цагийн тэртээд гээгдэж орхигдсон бүлээхэн мэдрэмж зүрхийг минь дэнслүүлж амжлаа. Гэвч тэр миний бүсгүй байхаа больсноо гэнэт санав уу гэлтэй, харцаа гэнэт буруулчихав.

Төдөлгүй бүгд цайгаа ууж дуусаад, урд хойгуур гүйлдсээр гэрийн эзэн хоёр хүүхдээ аваад гарч одлоо. Тэднийг гармагц ам нээх санаатай хэдэн үг эвлүүлж ядан суутал хаалга сэвхийтэл онгойгоод Наргил гүйгээд ирэв.

-Юу болов, миний охин юмаа мартчихаа юу гэж ээжийгээ асууж байгааг ч анзаараагүй бололтой, миний дэргэд гүйж ирэн гараас минь атгаад:

-Би таныг эргэж ирнэ гэж мэдээд байсан юм аа. Гэхдээ ээж даанч таныг санахаа больчихсон л доо… гэснээ хөнгөн гуниглав бололтой, шал ширтээд зогсчихов. Би түүнийг хэрхэн аргадах учраа олсонгүй. Тэгтэл охин толгойгоо огцом өргөж нүд рүү минь эгцлэн ширтсэнээ:

-Харин би таныг санаад л байсан шүү гэчихээд гүйгээд явчих нь тэр.

♠♠♠

Тэр надаас юу ч асуусангүй. Би ч олон зүйл асууж зүрхэлсэнгүй. Дотно бус хүмүүсийн зарчмаар үг дуугүй хооллочихоод, хэлснийх нь дагуу ажил руу нь явахаар машиндаа сууцгаав. Гэрлэн дохион дээр түр зогсох үед харц минь өөрийн эрхгүй түүн рүү хандана. Анзаарчих вий гэж эмээгээд зоригтой ч ширтэж чадсангүй. Өхөөрдөл төрүүлдэг Алимхан маань нэлээд жин хаяжээ. Суухад нь бага зэрэг цодойж харагддаг гэдэс, үе нь хонхойж эгдүү хүргэдэг булцгар гар, инээхэд нь үл мэдэг хонхойдог бумбагар хацар… аль алийг нь хайгаад олж харж чадсангүй.

Ажил хэрэгч бариу даашинзны цаанаас тодорч товойх төгс галбир, төгөлдөр хуурын товчлуур дээр бүжих уран цагаан хун мэт цаас шарчигнуулан эргүүлэх савхан хуруунууд, бодолд автан зангирсан өтгөн хар хөмсөг, дээд, доод уруулаа шүргэлцүүлэн имэрдэх танил бус хөдөлгөөн, намайг хажуудаа байгааг ч умартсан мэт хүйтэн хөндий байдал… аль алинд нь дасах гэж нэлээд шаналах бололтой.

Ажил дээрээ очмогцоо тэрбээр хүн бүртэй толгой дохин мэндлээд, “Гүйцэтгэх захирал Н.Хатансайхан” гэсэн өрөө рүү оров. Махлагдуухан бие, өндөр нуруутай, нүсэрдүүхэн эр биднийг угтан мэндчиллээ. Тэднийг ажил хэргийн яриа өрнүүлэх зуурт гаднаас хүмүүс цувран орж ирсээр тавуулаа болов. Бүсгүй группийнхээ охин компаниудын захирлуудтай тун товчхон хуралдаад, намайг дагуулан гарлаа. Тунамалыг угтан ирэхэд тэрбээр:

-Наранбаярыг Амралтын өрөөнд оруулчих гэснээ над руу эргэж хараад:

-Би энд нэлээд удаан саатах нь. Чи Амралтын өрөөнд хүлээж бай. Тэнд буйдан, зурагт гээд бүгд байгаа. Үдийн цайны үеэр чамд хоол, цай оруулаад өгчихнө гэв. Ингэж хэлмэгцээ эргэж алхаад, Гүйцэтгэх захирлын хажуугийн өрөө рүү яваад орчихлоо. Хэрэгт дурлан араас нь өнгийж харвал өрөөний хаалган дээр “Ерөнхийлөгч Б.Минжин” гэж товойлгон бичсэн байв.

Амралтын өрөөнд мөн л гэгээлэг шар өнгө зонхилох бөгөөд жижиг буйдан, нимгэн зурагт, дугуй ширээ гэсэн гуравхан тавилгаар тав тух хангахуйц орчин бүрдүүлжээ. Би буйдан ирмэгдэн суугаад гар утаснаасаа Минжингийн талаарх мэдээлэл хайж эхлэв. Тэрбээр телевиз, сэтгүүл, хэвлэх үйлдвэр гэсэн бүтэцтэй медиа групп, гадаад хэлний сургалтын төв, бие хамгаалах урлагийн академи, өөрийн бүтээлээр дагнасан уран бүтээлийн нэгдэл гэсэн дөрвөн хэсэгт хуваагдах группийг нэгтгэн удирддаг аж. Мөн УИХ-ын гишүүн нөхрийнхөө мөрийн хөтөлбөрт багтсан Ахмад настан, өнчин хүүхдүүдийн асрамжийн газрын даргаар томилогдоод удаагүй байгаа гэнэ. Уг асрамжийн газарт зориулж улсаас байршил сайтай газар гаргаж өгсөн бөгөөд арван давхар барилга барих санхүүжилтийг гадаадын буцалтгүй тусламжаар босгожээ. Түүний нөхрийг Ононбат гэх бөгөөд төр түшилцэх эрхээ өнгөрсөн сонгуулиар олж авсан залуу улстөрч аж. Тэд сонгуулийн дараахнаас хамтран амьдрах болсон ч хуримаа хараахан хийгээгүй байгаа талаар хэвлэлүүд хэд хэдэн удаа онцлон дурьджээ. Тэд Наргил, Мөнх-Учрал хэмээх хүү, охин хоёртой бөгөөд Наргил урлагийн карьериа аль хэдийнэ эхлүүлсэн бол хосууд бага хүүгээ олон нийтийн өмнө гаргахаас өнөө хэр нь татгалзсаар байгаа гэнэ.

Ийнхүү тэдний гэр бүлийн талаарх чамлахааргүй мэдээлэл олж авсан ч Минжин нөхөртэйгөө хэзээ хэрхэн танилцаж дотноссон талаар ганц ч өгүүлбэр олж уншиж чадсангүй.

♠♠♠

Минжин маргааш нь гэрийнхээ хүнсийг цуглуулахын хамт манай хөргөгчийг мөн дүүргэж өгөв. Миний оронд өөр хүн байсан ч ийнхүү анхаарал тавьж, амьдрах, ажиллах тав тухыг нь хангаж өгөх нэгэн гэдгийг нь би сайн мэдэх учир үүнд онцгойлон догдлох хэрэггүй гэдгээ ч мэдэж байлаа. Гэвч юунд дуртай хийгээд дургүйг минь мартаагүй байгааг нь анзаараад өнөө муу зүрх минь цээжин дотроо багтаж ядан бөндчин тонгочиж эхэлсэн билээ.

Тэрбээр цуглуулсан хүнсээ хөргөгчин дотор ангилан байрлуулаад

-Бид хоёр хоногийн дараа урт хугацааны аялалд гарна. Тиймээс энэ удаа хөнгөн зууш маягийн зүйлс авчихлаа. Аяллаас ирээд хоол хийх зориулалттай зүйлсээр хөргөгчийг чинь дүүргэж өгье. Сар хэрэглэх хүнсээ нэг дор авчихвал мөнгөнд ч хэмнэлттэй байдаг юм. Хоёулаа ажил ихтэй байх учраас дийлэнхдээ гадуур хооллоно. Зарим үед жолооч нар маань манайд оройн хоолоо идчихдэг юм. Амрахаас бусад үед гэртээ хоол хийх шаардлага бараг гарахгүй байх аа. Гэхдээ хөргөгч хэзээ ч хоосон байж болохгүй гэв. Ингэж хэлэхдээ ч мөн шинэхэн ажилтандаа албан ажил тайлбарлаж буй захирал бүсгүйн байр сууриа хадгалсаар байх аж. Энэ л үед би түүнийг таньдаг эсэхдээ бүр эргэлзэж орхино. Хоёр жил гаруйхны хугацаанд орчлон дэлхий, хүн төрөлхтөн, аливаа юмс тодорхой хэмжээгээр хувьсан өөрчлөгдсөнийг би хүлээн зөвшөөрнө. Гэвч хүн ингэтлээ өөрчлөгдөж болдог юм гэж үү?

Би түүний хажууд байх эгшин бүртээ танил дотно нэгнээ хайж байв. Хүн жин хаяж болно. Төрөлх зангаа гээмээргүй юм. Гоо сайхны мэс засалд орж, гадаад төрхөө танигдахын аргагүй болтол нь өөрчилж ч болно. Мөн чанартаа засвар хийж хүчрэмгүй юм.

Хоёр жил гэдэг үнэндээ урт хугацаа биш шүү дээ. Урт байлаа ч аливаа дурсамжийг ой санамжаасаа арчиж хаяхад л лав хүрэлцэхүйц хугацаа биш. Тэрхүү гэрэлт өдрүүд өнөө хэр нь миний ой санамжинд амьд сэрүүнээрээ, амь халуунаараа оршин байдаг. Тэдгээр өдрүүдэд бидэнд тохиосон үйл явдлууд сэтгэл дотор минь яг л өнгөт зүүд шиг туналзан жирэлзэж байдаг. Өдөр бүр… хором тутам. Эргэн санахын төдийд тэрхүү цаг хугацаандаа буцаад оччихсон мэт мэдрэмж төрөөд, зүрх минь хүчтэй булгилж, тэр минь их л бодитойгоор өөдөөс минь зөөлөн инээмсэглэдэг. Түүний бие нь надаас холдсон ч тэр нүд өнгөрсөн хугацаанд надаас алхам ч холдоогүй. Алхам тутамд минь дагаж хараад л, харц тулгарах бүртээ ичингүйрэн инээмсэглэсээр байдаг. Тэр нүдтэй ингэж нууцхан ширтэлцэж, сэтгэл дотроо хадгалж явдаг үгсээ хааяахан шивнэн хэлэхдээ би хамгаас жаргалтай байдаг. Урсан одсон хоёр жилийг би түүнтэй л “ярилцаж”, түүнтэй л хамт туулсан юм. Хэрэв тэр дэргэд минь байгаагүйсэн бол… үгүй ээ, ингэж төсөөлөх маш хэцүү. Дэлхий тэнхлэгээ алдаж, би тэндээс хөл алдаад хязгааргүй огторгуй руу нисчих байсан байх. Тэндээ тэгээд үүрд төөрчихөж мэднэ. Тиймээс би түүнийг дэргэд минь байхгүй байна гэж огт төсөөлдөггүй. Гэвч хүн гэдэг амьтан ямагт байгаагаасаа илүүг хүсдэг, хүлээдэг. Тэр л жамаар би тэр төсөөллийнхөө нүднээс даваад эзэнтэй нь уулзан учрахыг хүсэн тэмүүлсээр ирсэн. Уулзах хувь тохиодог л юм бол өчүүхэн үл ойлголцлоос болоод хөндийрч золгүй тавилангийнхаа талаар сөхөн ярьж, учирлан ойлгуулаад харилцаагаа сэргээнэ ээ гэж найдан хүлээдэг байсан. Тэр хүлээлт, тэр итгэлдээ л хөтлөгдөн таван жилийн гэрээгээ цуцлаад эх орондоо эргэж ирсэн юм. Хэрвээ хэн нэгэнтэй уулзахыг чин сэтгэлээсээ хүсвэл хувь тавилан чамайг түүнтэй учруулахын төлөө хичээдэг гэдэг нь үнэн бололтой. Тийм ээ, хувь тавилан, амьдралын тойрог биднийг дахин учруулсан. Харамсалтай нь, бие нь дэргэд ирсэн ч сэтгэл нь надаас аль хэдийнэ алс тэртээд оджээ. Тэр одоо надтай харц тулгараад ичингүйрэн инээмсэглэх нь бүү хэл, над руу эгцэлж ч харахгүй байна. Дийлэнхидээ л бичиг цаас эргүүлж, гар утас юм уу, зөөврийн компьютерийнхоо дэлгэцийг цоо ширтээд хөмсөг зангидан бодолд автана. Ямар нэгэн мэргэн санаа олов уу гэлтэй хааяахан инээмхийлэх ч өнөөх л амин чухал бичиг баримтуудаасаа харц үл салгана. Ямар нэгэн зүйл асуух юм уу, бяцхан даалгавар өгөхдөө над руу эгцэлж харна. Тэр харцнаас ямар ч дотно байдал, танил мэдрэмж төрөхгүй. Харин би эгшин бүрт түүн рүү тэмүүлэх зүрхээ, танил нэгнээ хайх харцаа захирч дийлэхгүй байна. Урьдын явдлаа ор тас мартчихсан мэт, олон охин компанитай том группийн ерөнхийлөгчийнхөө дүрд хэт орчихсон ажил хэрэгч бүсгүйн дүр эсгээд байхаар нь гөжүүдлээд эрх мэдэл, эд хөрөнгөөрөө аархсан ярвагар захирлын ямбигар жолоочийн дүрд тоглож эхэлмээр санагдана. Гэвч би чадахгүй нь…

♠♠♠

Бүтэн өдөржин дэлгүүр хэсч, хоёр өдрийн турш зогсоо зайгүй бэлтгэсний эцэст бид анхны аялалдаа гарлаа. Аялал 21 хоног үргэлжлэх бөгөөд таван аймгаар орж, хөдөө орон нутгийн ахмадууд болон хүүхдүүдийн амьдралд тандалт судалгаа хийх юм гэнэ. Тэрбээр өдөр нь ямар нэгэн аймаг юм уу, суманд үдэлж, хүмүүстэй уулзаж ярилцах бөгөөд дийлэнхдээ төв суурин газраас холдож, ой мод, үзэсгэлэнт нуурын эрэгт хоноглохоор төлөвлөжээ. Гэр бүлийн аялалд зориулсан машинтай учир бид амрах үедээ арын өрөөндөө гэртээ байгаа мэт тухалж болох аж.

Тэрбээр бие барьсан нарийн мөртэй майк, хэлхгэр тааран өмд, дэлбэгэр цагаан малгай өмссөн нь миний өмнө нь хэзээ ч харж байгаагүй цоо шинэ төрх байлаа. Хамгийн гол нь, энэ удаа тэр ямар нэгэн бичиг цаас болон зөөврийн компьютер тэвэрсэнгүй. Гар утас, хэтэвч хоёроо гартаа атган орж ирсэн ч голын тавиур дээр тавьчихаад, заншил ёсоороо суудлын бүсээ зүүв. Танил дотно байсан үеийнхээс минь өөрчлөгдсөн бас нэгэн зуршил нь энэ. Тэр үед Минжин суудлын бүсээ хэзээ сануулгагүйгээр зүүдэггүй хэнэггүй нэгэн байсан юм. Харин одоо тэр машинд суунгуутаа л суудлын бүсээ зүүдэг маш зөв зуршилтай болчихож.

Замын турш ямар нэгэн ажил хэрэгт анхаарлаа хандуулж, намайг үл тоомсорлохгүй гэдгийг нь мэдсэн учир би энэ завшааныг ашиглаад л хэдэн үг сольчих юм шүү гэж өөртөө сануулаад амжив. Нөгөөтэйгүүр, хоёр жилийн турш тээж явсан үгсээ ч түүнд хэлэх боломж энэ аяллын үеэр олдоно гэдэгт эргэлзэхгүй байлаа. Гэвч түүнтэй хэрхэн яриа өрнүүлэх учраа олохгүй, дүмбийж явсаар хотоос гарлаа. Нүднийхээ булангаар сэм ажиглавал тэрбээр захирал төрхөө өнөө хэр нь хадгалсаар байх аж. Өөрөөр хэлбэл, тэр урьдын л адил суудал дээрээ цэх суугаад шанаагаа тулан өмнөх замаа анхааралтай ширтэж явна. Юу ч бодож буйг бүү мэд. Надтай ямар нэгэн яриа өрнүүлье гэж огт бодохгүй байгаа бололтой.

Хотоос гараад нэг их удаагүй байтал тэрбээр ямагт тун тухгүй харагддаг хоёр өвдгөө салган, биеэ бүхэлд нь урагш түрж, толгойгоороо түшлэгээ налав. Түүний энэ байрлал тун эршүүд авч урьдынхаасаа хэд дахин тухтай харагдаж байлаа. Тэрбээр ийнхүү тав тухаа эзэлснээ нэг их гүнзгий шүүрс алдаад, нэг гараа голын тавиур дээр тавьчихав. Тэр өмнө нь ч бас яг ингэж жолоочийн хажуугийн суудал дээр тав тухаа олж суугаад, гараа яг энд тавьдаг байсан сан. Жолоо барих зууртаа зөөлөн атгаж илэх, өөр лүүгээ татаж үнсэх гэх мэт дуртай үйлдлээ хийхэд минь зориулж л гараа энд тавьдаг гэлтэй. Ер нь тэр хэзээ ч түрүүлж үйлдэл хийдэггүй эмэгтэй л дээ. Үнсэхийг асар ихээр хүсэвч үнсэхгүй. Зүгээр л нүд рүү минь хараад инээмсэглэнэ. Дараа нь аажмаар уруул руу минь харна. Бас л инээмсэглэнэ. Үнсүүлмээр байсан ч “үнсүүлмээр байна” гэж хэлэхгүй. Нүд рүү минь ширтэж, нүд, хөмсөг, хамар, хацар, уруулыг минь нэгбүрчлэн бүртгэх мэт удаан ширтэж, үнсэхээс өөр аргагүй болтол хайр төрүүлнэ. Тэврэхийг хүссэн ч түрүүлж тэврэхгүй. Харин тэврэхэд хамгийн тохиромжтой байрлалыг олж суугаад тэврэхийг минь тэвчээртэй хүлээнэ. Ингэж тэр өөрөө хийхийг хүссэн үйлдэл бүрээ өрөөлөөр хийлгэх боломжийг бүрдүүлээд, хийлгэж ч чаддаг. Тиймээс ч би түүнийг гараа гар минь хүрэх зайд ил тавихад нь атгуулахыг хүсч байгааг нь мэдэрч, нүд болоод уруул руу минь ширтэн инээмсэглэхэд нь үнсүүлмээр байгааг нь ойлгож, биеийг минь зөөлөн шүргээд ойртон суухад нь тэврэх учиртайг мэддэг болсон юм. Түүний биед хүрэлгүй хоёр жил гаруй хугацааг даван туулжээ. Өмнө нь түүний биед л хүрэхгүй бол байж сууж чадамгүй санагдаад байдаг сан. Би ийм урт хугацааг яаж туулсан юм бол… бүү мэд. Гэвч түүнтэй хамт байхдаа хийдэг байсан үйлдлүүд минь өнөө хэр нь миний дотор амьд оршсоор байна. Яг тэр л амьд мэдрэмжиндээ хөтлөгдөөд түүний гарыг эгээтэй л атгачихсангүй. Гараа жолооноос хөндийрүүлээд, түүн рүү сунгасан боловч гарт нь хүрч зүрхлэлгүй өвдгөн дээрээ тавьчихав. Тэр үйлдлийг минь огт анзаараагүй боловч би өөрөө үүндээ бантаад, түүнийг нүднийхээ булангаар ч ажиглахаас эмээн, өмнөх замаа цоо ширтэж явлаа. Гэтэл хажуухнаас минь цоо ширтээд, ажиглаад байгаа мэт халуухан мэдрэмж гэнэт төрөх нь тэр. Энэ мэдрэмж үнэн бол надад хэчнээн таатай байхсан билээ. Хяслантай нь, надаас холдож хөндийрсөн, мартаж хонзогносон дүрдээ хэт итгэчихсэн энэ босс бүсгүй намайг хэзээ ч тэгж халуухнаар ширтэхгүй биз ээ.

“Итгэж болохгүй шүү” гэж хэдэнтээ сануулсан ч “тэр чамайг ширтээд байна” гэсэн бодол тархин дотор минь байж ядан тонгочоод зүгээр суулгахгүй байлаа. Догдлоод, урам хугарч ханадаггүй өнөө муу зүрхийг минь хүртэл уруу татаад дэгэлзүүлэв. Эгээ л өсвөр насны хөвгүүн шиг догдлолоо барьж ядан суутал “Чи над руу харахгүй юм уу?” гэх танил хоолой сонсогдох нь тэр. “Юу?” гэж уулга алдан хажуу тийш хараад л түүнтэй харц тулгарчихлаа. Ийм үед түүний л хацар ягаарч ичингүйрээд зөөлөн инээмсэглэдэг сэн. Энэ удаа ичингүйрсэндээ миний хацар халуу дүүгээд явчихав. Харин Минжин огт тоосон шинжгүй, нүд рүү минь цоо ширтэж байгаад

-Чи миний хэлсэн үгийг сонсов уу? гэж нэлээд ноцтой лавлан асуух нь тэр.

-Юу… юу тэр билээ… би сая юм бодож яваад анзаар…сангүй.

-Харин тийм бололтой. Их л чухал зүйл бодож байжээ дээ.

-Айн… юу… тийм ч чухал зүйл биш ээ. Чи юу гэсэн юм бол…? үгүй ээ, та гэх ёстой бил үү?

-Чи гэхэд болно оо. Би уг нь нэг үгээ давтаж хэлдэггүй л дээ. Гэхдээ энд чамаас өөр ярих хүн байхгүй байгаа учир давтаад хэлчихье. Яг одооноос эхлээд энэ машин дотор ямар ч гишүүний эхнэр, группийн захирал байхгүй шүү.

-Айн…

-Чи одоо юундаа ингэтлээ сандраад байгаа юм бэ? Яагаад ингэтлээ биеэ бариад байдаг болчихов? Урьдынх шигээ л бай л даа.

Ингэж хэлээд тэр мөрөн дээр минь гараа тавьснаа тун дотноор доош гулгуулан илэв. Энэ бол яах аргагүй танил дотно мэдрэмж. Тэр сэтгэл хөдлөлөө яг ингэж илэрхийлдэг байсан юм. Хэрэв бид хоёр жил гаруйн завсарлага аваагүй бол ингэж илснийхээ дараа тэр нүүрээ мөрөнд минь наагаад, зөөлөн инээмсэглэж, гараа доош гулгуулсаар гараас минь атгах байсан. Түүнтэй дахин уулзсанаас хойш анх удаа ийм дотно мэдрэмж мэдэрсэндээ ч тэр үү, эсвэл хэт догдолсондоо түүн рүү эгцлэн ширтэх зориг оров. Минжин суудал дээрээ хажуулдаж суугаад шал ширтээд зөөлөн инээмсэглэж байна. Мөн байна. Тэр яг ингэж инээмсэглэдэг, ичингүйрдэг, яг ингэж сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг байсан…

Тэрүүхэндээ чимээгүй инээмсэглэж байснаа толгойгоо өргөн нүд рүү минь ширтээд:

-Чи бид хоёр ямар танихгүй хүмүүс биш дээ. Урьдынх шигээ л байя. Хэн нэгэн нь тусдаа амьдралтай боллоо гээд бие биендээ хөндийрхөж хатуурхаад яах вэ. Чамайг ингээд биеэ бариад байхаар би бүр яахаа мэдэхээ больчих юм гэв.

“Урьдынх шигээ л байя… чи урьдынх шигээ байж чадсан бил үү? Чадах уу?… яг үнэндээ хэн нь биеэ барьж, хоосон дүр эсгэсэн бол доо” гээд хэлчихмээр байсан ч энэ удаа үгээ дотогш залгив.

-Чи ямар нэгэн юм хэлэхгүй юм уу?

-Урьдынх шигээ… Урьдынх шигээ юү?

-Мхнн

-Болох байлгүй дээ.

-Одоо л нэг юм өөрөөрөө байж болох нь. Одоо хаана ч хэнтэй ч уулзсан хоёулаа зүгээр л зугаалж яваа хоёр шүү. Хотод даанч ийм чөлөөтэй байх боломж байхгүй. Жаахан л чөлөөтэй байчихвал нөгөө гишүүний авгай чинь… нөгөө группийн ерөнхийлөгч чинь… гээд фэйсбүүкээр нэг зураг хөрөгтэй нь тавьж байгаад муулаад эхэлнэ. Хэцүү шүү дээ.

-Од байх ч хэцүү байх аа. Мань мэт нь яаж мэдэх вэ дээ.

-Од нь ч юу юм бэ.

-Гэхдээ үүнийг чи өөрөө л сонгосон биз дээ? Гэнэт сонгочихсоноос хойш одоо хэцүү гээд яах вэ дээ, тийм ээ?

-Би өөрөө ч сонгоогүй л дээ. Хувь тавилан л намайг ийм сонголт руу хөтөлчихсөн…

-Чи ийм амьдрал сонгохгүй байсан гэж үү?

-Би огт өөр амьдралыг сонгох байлаа…

-Ямар?

-Чи мэднэ шүү дээ.

-Дэргэд нь байхдаа л амар амгаланг мэдэрч чадах нэгэнтэйгээ хамт эгэл даруухан амьдралаа өөрсдөө босгоод л… эгэл даруухан амьдрах уу?

-Үгүй ээ…

-Тэгвэл би мэдэхгүй юм байна. Хамгийн энгийн мөрөөдөл чинь хүртэл өөрчлөгдчихсөн гэж бодсонгүй.

-Би хэн нэгний дэргэд байхдаа амар амгаланг мэдэрч болох ч бусад хүмүүс тэр амар амгаланг заавал эвддэг юм билээ. Тэгэхээр нь бид хүсч байсан тэр амар амгалан минь энэ биш юм байна гээд өөр газраас хайгаад, төөрөөд явчихдаг. Гэтэл хажууд нь амар амгалан аж төрж чадахгүй ч түүнгүйгээр ч бас амар амгалан байж чаддаггүй.

Чамайг л байхгүй бол

Би үхнэ гэж боддог

Цээжээ ганцаардлын цогоор хучаад

Шатна гэж боддог

Орхиод явбал чинь гомдож

Орчлонгоор дүүрэн хашгирна гэж боддог

Өөрт чинь сонсгоно гэж боддог

Ахиад хэзээ ч уулзахгүй гэж боддог

Тэнгэрийн гүн рүү ниснэ гэж боддог

Тэндээ үүрд нуугдана гэж боддог

Нэрээр минь дуудан хашгирахад чинь

Уйлахад чинь хүртэл

Гарч ирэхгүй гэж боддог

Гомдоно гэж боддог

Хатуурхана гэж боддог

Чамайг л байхгүй бол

Би үхнэ гэж боддог…

Дэргэд нь байхдаа хүн хэзээ ч ингэж боддоггүй юм билээ. Харин явчихаар нь яг ингэж боддог. Хамаг амар амгалангаа эвдүүлээд, түүнгүйгээр аж төрж чадахгүй мэт давчдаад байдаг. Хэрүүлтэй, маргаантай, зөрчилдөөнтэй хэрнээ түүний дэргэд ямар амар амгалан аж төрж байснаа мэдэрдэг, ухаардаг. Тийм л хүнтэйгээ жаргаж инээж, жаргаж уйлаад, жаргаж хэрэлдээд сууж байх л ямар ч эд хөрөнгө, эрх мэдэл, нэр төртэй харьцуулшгүй амар амгалан аз жаргал юм билээ. Сэтгэлийн амар амгаланг тээж явдаг хүн гэж тусдаа байдаг юм билээ.

-Нөхөр чинь тийм хүн чинь биш юм уу?

-Би түүний дэргэд зүгээр л аюулгүй, амар амгаланг мэдэрдэг юм. Хүүхдүүд маань ч мөн адил. Би түүнгүйгээр ч амар амгалан аж төрж чадна. Дэргэд нь байхдаа амар амгаланг мэдэрдэг хэрнээ дэргэдээс минь явчихаар амар амгалан минь эвдэгдэхгүй. Шулуухандаа бол тэр миний сэтгэлийн амар амгаланг тээгч нэгэн биш ээ.

-Зөзө…

Гаднаа ийнхүү үл тоомсорлож байгаа мэт дүр эсгэсэн ч дотроо бол “Сэтгэлийн амар амгаланг нь тээгч тэр нэгэн нь би юм биш биз” гэсэн нууцхан горьдлого тээж л явлаа.

-Харин чамд… хувь тавилан ямар сонголт өгөв?

-Надад… надад уу? Гадаад явна гэснээрээ явах л сонголт өгсөн дөө.

-Таван жил явна гэж байсан биз дээ? Яагаад эргээд ирэв?

-Эргэх ирэх сонголтыг бол харин би өөрөө хийсэн шүү…

“Сонголт…” энэ үгнээс үүдсэн урт бодол хөврөв. Би түүнтэй анх учрахдаа л таван жил гадаадад ажиллахаар төлөвлөчихсөн, бэлтгэлээ базаачихсан байсан. Түүнтэй учирч дотноссоноороо энэ төлөвлөгөөгөө өөрчлөхөд хүрсэн юм. Тэр харин нөхрөөсөө салаад гурван жил болж байгаа ганц бие ээж байлаа. Надтай учирсанаараа тэр ч бас “Охиноо 16 нас хүртэл амьдрал зохиохгүй” гэсэн төлөвлөгөөнөөсөө ухарсан юм. Бид анхны харцаар дурлалцаж, маш богино хугацаанд дотносож, нэг л мэдэх нь ээ, хамтын амьдралынхаа төлөвлөгөөг гаргачихсан байсан. Өсвөр наснаасаа л хар бор ажилд нухлагдсан, дээд сургууль төгсөж, мэргэжил эзэмшиж чадаагүй хүү нь гадаад явж, амьдралаа дээшлүүлээд ирэх төлөвлөгөөнөөсөө гэнэт татгалзсан нь аав, ээж хоёрт минь огт таалагдаагүй. Ээж минь санасандаа заавал хүрч байж санаа нь амардаг хүн л дээ. Тэр л зангаараа “Энэ хүүхнээс л холдуулчихвал хүү минь гадаад явна, их мөнгөтэй болж ирээд, амьдралаа босгоно” гэж бат итгээд, Минжинтэй уулзахаар шийдсэн байгаа юм. Уулзмагцаа “Миний хүү чамд тохирохгүй. Эр хүн сэтгэл хөдлөлдөө автаад хэсэг зуур зугаацаа л биз. Чи амьдрал зохиож үзсэн хүн байна, ойлгоно. Хүү маань гадаад руу зөвхөн ажил хийх гэж явж байгаа юм биш ээ. Тэнд эхнэр нь байгаа юм. Өөр шигээ нэгэн эмэгтэйн нулимсан дээр амьдрал босгоод яах вэ дээ, охин минь” гээд хэлчихэж. Ээжийн хэлсэн тэр эхнэр нь намайг гадаадад ажиллуулахын тулд урилга явуулахаар хөөцөлдөж байсан Уянга хэмээх бүсгүй л дээ. Үеэл ахтай минь ханилж, хоёр хүүхэдтэй болоод салсан ч манайхантай тун дотно байдаг, хэрэгтэй үед тусалж дэмждэг, өрөөлийн ажлыг өөрийн мэт санаж бүтээхийн төлөө зүтгэдэг сайхан сэтгэлтэй нэгэн. Урилга хүлээж авах, виз хөөцөлдөх ажлаар Уянгатай байнга холбогдож, долоо хоног бүр шахам л илгээмж хүлээн авдаг ч ямар учир холбоотой хүмүүс болохоо Минжинд тайлбарлаж хэлээгүй минь алдаа болсон юм.

Нэг л өдөр “Би өөр хүнтэй болсон. Дахиж чамтай уулзмааргүй байна” гэж хэлээд, харцаараа тас шилбүүрдээд гүйж одсон Минжинд гомдож гутарсан би эхэндээ бодит үнэнийг огт мэдээгүй. Мэдэхийг ч эрмэлзээгүй. Өөрийг минь гэхээ больсон нэгний араас шаналж шархалж суухын оронд зам шулуудаж, харийн орон руу ниссэн юм. Тэгэхэд л өөрийнх нь хэлдгээр түүнгүйгээр амар амгалан амьдарч чадахгүйгээ мэдэрсэн дээ. Тиймээс ч биеийг нь энд орхиод явахаас өөр сонголт үлдээгүй ч инээмсэглэл тээсэн алаг нүдийг нь сэтгэлдээ зураглаж “тэр минь үргэлж миний дэргэд байна” хэмээн өөртөө итгүүлж, төсөөллөө амилуулан өөртэйгөө ярьж л өөрийгөө аварч үлдсэн дээ.

-Хөөе, чи бас юу болоод гөлөрчихөв өө? гэх дээрэнгүй хоолой намайг дурсамжин дундаас минь суга татаад гаргаад ирэв.

-Аан… нэг зүйл бодоод оо… яасан… юм хэлсэн үү, хө? гэвэл

-Үгүй ээ, үгүй. Юу ч хэлээгүй. Чамтай замд явах үнэхээр уйтгартай юм. Бүхэл бүтэн 21 хоног, 4200 километрийг яаж туулна даа… гэж хэлээд суудалдаа шигдээд, буруу хараад суучихав.

Чамтай хамт байх уйтгартай юм… Тэр надад анх удаа л ингэж хэлж байна. Өмнө нь бид юу ч яриагүй хэрнээ харцаараа ойлголцдог, уулзалгүй хоёр хоновол хорь хоночихсон юм шиг санагддаг, юу ч хийхгүй хэрнээ биесээ ширтэж инээмсэглээд, тэвэрч хэвтээд жаргалыг мэдэрдэг байх үед тэр ингэж огт хэлж байгаагүй. Түүнтэй хамт байх надад хэзээ ч уйтгартай санагдаж байгаагүй. Сүүлийн хэдэн өдрийн турш тэр өглөөнөөс үдэш хүртэл дэргэд минь байгаа хэрнээ надтай юу ч ярихгүй байсан ч надад огтхон ч уйтгартай санагдаагүй. Харин намайг урт замын дунд хэсэгхэн зуур дуугаа хураах зуурт тэр уйдаад эхэлчихэж. Хэрэв тэр аян замын 21 хоног биш амьдралын 20, 40, 60 жилийг надтай хамт туулсан бол яг хэдийд нь ингэж уйдах байсан бол…?

♠♠♠

Аялалд гараад арван зургаа хонолоо. Бид өмнөх шигээ ойртож дотноссонгүй. 24 цагийн турш хамт байгаа учир өмнөхөөсөө олон удаа үг сольдог болсон хийгээд Минжин хааяахан тун санамсаргүй байдлаар гараас минь атгах юм уу, биеийг минь шүргэхээс өөр ахиж дэвшсэн зүйл ч гарсангүй. Хээрээр гэр, хэцээр дэр хийхээс бага зэрэг залхсан уу, эсвэл тав тухтай тансаг амьдралаа санагалзсан ч юм уу, тэр гэв гэнэт л амралтын газарт байрлах шийдвэр гаргасан юм. Ой моддын дунд орших дээд зэрэглэлийн жуулчны баазад ирээд бид гурав хонож байна. Хооллохоос бусад үед тэр өрөөнөөсөө барагтай л бол гарч ирэхгүй. “Надтай хамт байх ч уйтгартай шүү. Би амарч зугаалах бус ажил хэргийн зорилгоор энэ аялалд гарсан учир дийлэнх цагийг ажилдаа л зориулна. Өөрийгөө зугаацуулах зүйлээ олж аваад, хүссэнээрээ байгаарай. Амралтын газарт ирснийх охид бүсгүйчүүдтэй уулзаж, уйдахгүй байх аргаа олоорой” гэж хэлснийг нь би энгийн нэгэн хошигнол гэж хүлээж авах уу, аль эсвэл нөхөрсөг зөвлөгөө гэж ойлгох уу гэдгээ мэдэхгүй байлаа. Тэр хэлснээрээ ихэнх цагийг ажилдаа зориулж, намайг үл тоомсорлосон хэвээр.

Ганцаардаж гиюүрсэн надад зурагт болоод гар утаснаас өөр нөхөрлөх зүйл олдсонгүй. Үдшийн цагаар хааяахан ойн чөлөө рүү очиж, жаргаж буй нарыг ширтэн, сэтгэл доторх Минжинтэйгээ чин сэтгэлийн халуун яриа өрнүүлнэ. Өнөөдөр харин өрөөнөөсөө цухуйдаггүй их зантай хатагтайгаа уул руу алхах бяцхан аялалд уруу татахаар шийдлээ. Дурсамжийг нь сэргээж, сэтгэлийнх нь нандин утсыг хөндөхийн тулд түүнтэй танил дотно байсан үедээ өмсөх дуртай байсан юүдэнтэй хар цамц, бариу өмд, хөнгөн кетээ гаргаж өмсөв. Хаалгыг нь зөөлөн тогших агшинд зүрх минь эгээ л түүнийг анх харсан мөчийнх шигээ хүчтэй цохилж, цээжийг минь тийрэн дэвхцэж байлаа. Нэлээд болгоомжлонгуй гурван удаа, дараа нь жаахан чанга, хэсэг хүлээзнээд нэлээд чанга тогшсон боловч тэр хариу дуугарсангүй. Дахин тогшихоор гар сунгасан боловч “Унтаж байгаа байх нь” гэж өөртөө хэлээд, урам муутайхан эргэж алхлаа.

Үдшийн зугаалгаас эргэж ирээд, оройн хоол хамт идэхээр хаалгыг нь тогшсон боловч тэр бас л хариулсангүй. Өрөө лүүгээ алхаж яваад Жуулчны баазын зохион байгуулагч бүсгүйтэй таарав. Тэрбээр толгой дохиод зөрөх гэснээ гараас минь зөөлөн татаад:

-Ингэхэд танай захирал зүгээр үү? Өнөөдөр огт харагдсангүй гэж чухалчлан асуулаа.

-Би бас өнөөдөр таарсангүй. Хоолоо идсэн үү?

-Үгүй.

-Өчигдөр ажил ихтэй байна гээд өрөөндөө хооллоод байсан болохоор нь би…

Ингэж хэлэхтэй хамт “Минжинд ямар нэгэн зүйл тохиолдсон юм биш биз? Өчигдрөөс хойш бид үнэхээр тааралдаагүй юм байна шүү дээ” гэсэн бодол толгойд харвах нь тэр. Ухасхийгээд эргэж, Минжингийн өрөөний хаалгыг хэд хэдэн удаа угсруулан нүдлээ. Хажуугийн өрөөний бүсгүй хэрэгт дурлав уу гэлтэй, үүдээрээ шагайж харснаа:

-Наад дуу чимээгээ… хүүхдүүд унтаж байна гэчихээд ширэв татан хаалгаа тасхийтэл хаав.

Зохион байгуулагч бүсгүй араас минь гүйцэж ирээд:

-Уучлаарай, та арай л хүчтэй нүдээд байна гэснээ өөрөө тун зөөлхөн хэдэнтээ тогшиж, хариу хүлээн хэсэг зогсов. Тэгснээ гар утсаа гаргаж ирэн хэн нэгэн рүү залгаад:

-28 тоотын түлхүүрийг аваад ирээч гэж хэлэв.

“Ямар нэгэн зүйл тохиолдож дээ” гэсэн бодол тархи тоншиход би байж ядан дороо холхиж эхэлснээ өөрөө ч анзаарсангүй. Жижүүр залуу түлхүүр авчирч өгөх хүртэл “Нөгөө хүн чинь ирж байна уу?” гэж зохион байгуулагч бүсгүйгээс хэдэн ч удаа давтан асуусан юм бүү мэд.

Зүс таних болсон жижүүр залуу аахилан гүйсээр түлхүүр авчирч өгөхөд булаах нь холгүй шүүрч аваад, цоожны нүхэнд шургуулаад эргүүлэх гэсэн боловч болсонгүй. Хүчтэй түлхээд, дахин эргүүлсэн ч хэт сандарснаасаа болоод ч юм уу, онгойлгож чадахгүй байлаа. Онгойлгож чадахгүй байгаадаа бачууран аман дотроо хараалын үгс бувтагнаж эхлэхийг минь анзаарсан зохион байгуулагч бүсгүй намайг зөөлөн түлхэж холдуулаад, түлхүүрийг ганцхан эргүүлээд л онгойлгочихов. Гүйгээд ортол Минжин хөнжлөө толгой дээгүүрээ битүү нөмөрчихсөн, нам унтаж байх нь тэр. Царайг нь олж хараагүй боловч өрөөндөө бүрэн бүтэн байж байгаад нь багахан ч болов санаа амарч, нэг сайхан гүнзгий амьсгаа аваад, орных нь булан дээр очиж суув. Зохион байгуулагч, жижүүр хоёр зайдуухан зогсоод, харцаараа ямар нэгэн зүйл асууж байгааг сая л анзаарлаа. Хөнжлөөс зөөлөн татаж:

-Минжээн… унтаж байгаа юм уу? Хоолоо идсэн үү? гэж асуувал тэр хөнжил дотроо зөөлөн хөрвөөгөөд:

-Наба… гэж аяархан дуудах нь сонсогдлоо.

-Айн? Яасан бэ? би энд байна гэсээр ойртож очоод, хөнжлийг нь таттал тэр усан хулгана болтлоо хөлөрчихсөн хэвтэж байх нь тэр.

♠♠♠

Минжингийн хоолой үрэвссэнээс өндөр хэмээр халуурчээ. Баазын эмчид үзүүлж, эмчилгээ бичүүлж аваад өрөөн дотор бид хоёулхнаа үлдэв. Халуун нь бууж, өндийж суухтайгаа болмогц нь битүү шөл халбагадаж өгөх зууртаа:

-Яагаад биеэ боддоггүй юм бэ? Өвдсөн юм бол намайг дуудаж болно оо доо. Өрөөн дотроо хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихөөд хэвтээд байхаар чинь хэн чамайг өвдсөн гэж мэдэх юм бэ? Ийм байдалтай олон хоносон бол яана… гээд л өөрийн мэдэлгүй үглэж эхлэв. Минжин халуун шөл оочлох зууртаа нүдээ бүлтэлзүүлэн хэдэнтээ анивчсанаа:

-Үглээ хэвээрээ л байх шив… гэж тээршаасан маягтай хэлээд хоолойгоо засан хэдэнтээ бөгшүүлэв.

-Чамд л санаа зовоод… Хоолой чинь сөөчихсөн байна. Ярих гэж хичээгээд яах вэ. Шөлөө уучихаад сайхан унтаж амар.

-За

Түүнийг ийм дуулгавартай байхыг би хэзээ ч харж байгаагүй учир бага зэрэг балмагдсан ч үгэндээ оруулж чадсандаа сэтгэл өегшиж, хучлагыг нь засч өгөн хэвтүүлэв. Аяга таваг хурааж, эмчийн бичиж өгсөн эмийг хэд, хэдэн цагт уулгахыг тооцоолж, цаасан дээр нь тэмдэглээд:

-Би өнөө шөнө чамайг сахиж хононо оо гэж өөртөө тун ч итгэлтэй дуугарлаа. Минжин чимээгүйхэн толгой дохиод, хачин дотно инээмсэглэлээрээ намайг шагнав.

Шөнө дунд тэр дахин өндөр халуурсан ч эмчийн өгсөн эм болон бүлээн жингийн тусламжтайгаар халууныг нь богино хугацаанд буулгаж чадсандаа сэтгэл тайвширав. Үүрээр тэр минь эв эрүүл болчихсон мэт бие нь тавираад, амгалан нойрсож буйг харах сэтгэлд таатай мэдрэмж төрүүлж байлаа.

Амар амгалан… чамайг өвдөх зовлонгүй, шаналах асуудалгүй амар амгалан байгааг харж, дэргэд минь буйг мэдэрнэ гэдэг юутай их амар амгалан бэ. Урсаж одсон он цагийг нэхэн санахуйяа би ер нь чинийхээ унтаж байгааг бараг л харж байгаагүй юм байна. Чи л үргэлж надаас түрүүлээд сэрчихсэн байдаг сан. Нүд юм уу, уруул дээр минь зөөлөн үнсэж болгоомжлонгуй дуудахад чинь нойроо харамласандаа дийлэнхдээ муухай аашилдаг байсан сан. Чи хэсэг чимээгүй хүлээгээд биед минь зөөлөн хүрч, дахин дуудна. Сэрүүлэг хэдэн минутын өмнө дуугарсныг, ажилдаа явах цаг болж буйг сануулна. Би нойроо харамлаж, хөнжлөө толгой дээгүүрээ нөмрөх авч хөнжил доогуураа гараа сунгаж, түүнийхээ гарыг олж зөөлөн атгаад, өөр лүүгээ татдаг сан. Тэр дэргэдүүр минь хажуулдан хэвтэж, намайг тэврээд дахиад л хэсэг хүлээнэ. Тэгснээ үс болоод хацрыг минь зөөлөн илж “одоо босохгүй бол ажлаасаа хоцрох нь ээ” гэж зөөлөн шивнэнэ. Цаг хэд болж буйг асуухад гэрээсээ гардаг цагаас минь тавхан минут дутуу эсвэл таван минут хэтэрсэн байдаг сан. Би огло үсрэн босоод, хам хум хувцаслана. Нүүр гар, шүдээ угаах зуурт минь тэр өглөөний зууш, уух дуртай цайг минь ширээн дээр гаргаж тавина. Хэчнээн яарч байсан ч хоолоо заавал идэж дуусгадаг зуршлыг үг дуу цөөтэй аавын хатуу зан, санасандаа хүрэх хүртлээ үглэчихдэг ээжийн ааш хоёр надад бат нот хэвшүүлсэн юм. Тиймээс би хэчнээн яарч байсан ч нүүр, гар, шүдээ хичээнгүйлэн угааж, бэлтгэсэн хоол цайг идчихээд л гэрээсээ гардаг.

Тэр намайг хаалган дээрээсээ гаргаж өгнө. Гармагцаа би эргэж хараад хаалганы завсраар түүнийхээ уруул дээр зөөлөн үнсэнэ. Тэр минь “Гэрээрээ дайрах юм уу” гэж асууна. Би “амжихгүй нь ээ” гэж хэлээд цааш эргэнэ. Яаран алхах боловч шатаар буухын өмнө эргэж хараад, түүн рүүгээ ирмэнэ. Тэр өөдөөс минь зөөлөн инээмсэглээд, гараа даллана.

Ажлаа хүлээж аваад, ширээнийхээ ард тухлан сууж, амьсгаагаа дарах мөчид түүнээс минь зурвас ирнэ. “Хоцорсон уу” гэсэн байдаг сан. Би хоцорсон ч, даргадаа загнуулсан ч “үгүй” гэж худлаа хэлдэг сэн. “Хоол ундаа заавал идээрэй. Битгий даараарай” гэсэн зурвасаар бидний харилцаа хэсэгхэн зуур завсарлана.

Түүнтэй хамт бүтээсэн дурсамж бүхэн минь ийм гэгээн. Хааяахан ам зөрөлдөж, хоёулаа зөрүүд учир бууж өгөхгүй гэж хэдэн өдрөөр биестээ тунина. Заримдаа бүтэн өдөржин хэрэлдэнэ. Ам зөрж байсан ч дэргэдээс нь холдмооргүй санагдсан сан. Тэгж л бид жаргаж хэрэлддэг байлаа. Тэр бүхний дараа сэтгэл уярам эвлэрэл болно. Угтан ирэх өдөр хоногуудыг түүнгүйгээр төсөөлж чадахгүйгээ мэдрэхэд нүдэнд минь нулимс дүүрч, хоолой өөрийн эрхгүй зангирдаг байлаа. Тэгээд “Чи бол миний бүсгүй” гэж хэлээд гараас нь атгахад тэр энгэрт минь наалдан чангаар тэвэрч, үгээрээ бус үйлдлээрээ хайраа илэрхийлдэг сэн.

Ийнхүү дурсамжаа хөвөрдөн, түүнийгээ ширтэж суусаар нар мандсаныг ч анзаарсангүй. Хэн нэгэн хаалга тогших чимээнээр сэрүүн зүүднээсээ сэрж, суудлаасаа өндийв. Гараа алдлан суниаж, хөшиж чилсэн биеийнхээ алжаалыг тайлаад, хаалга тайлбал зөөгч бүсгүй өглөөний цай барьчихсан зогсож байлаа.

Өглөөний цайг Минжингийн орны хажууд байрлуулсан ширээн дээр тавьчихаад, эмийн бичгийг харвал эм уух цаг болжээ. Хөнжлөөс нь зөөлөн татаж:

-Эмээ уух цаг болчихож. Өглөөний цайгаа ч уучих гэвэл тэр нойроо харамлаж буй бололтой, буруу хараад хэвтчихэв.

Таван минут хүлээгээд “Эмийг нь заавал цагт нь уулгаарай” гэсэн эмчийн үгийг санаж, түүнийг дахин дуудлаа. Минжин хөнжлөө толгой дээгүүрээ нөмөрчихөв. Дэргэд нь очиж суугаад хөнжлөөс нь зөөлөн татаж:

-Ядаж эмээ уучих аа. Эргээд унтаж болно шүү дээ гэвэл

-Өө чи ямар ядаргаатай юм бэ? Би унтмаар байна шүү дээ хэмээн ундууцав. Хөнжлийг нь татсан боловч тэр дотроос нь тас зуурчихаад тавихгүй байгаа бололтой. Урам хугараад

-Заза өөрөө л мэдэхгүй юү. Би өглөөний цайгаа ганцаараа уулаа шүү гээд өндийтөл тэр гараас минь зөөлөн атгаад:

-Би энэ цамцыг таньж байна гэх нь тэр.

Тэр өдөр бид сэтгэлийнхээ гүнд нууцлан түгжсэн дурсамжуудаа гав гинжнээс нь чөлөөлж, хайр цалгиж, зүрх догдлуулсан тэр л өдрүүддээ эргэж очсон юм. Хамтран бүтээсэн дурсамжууд минь хэчнээн гэгээн байсан тухай, тэр мөчүүдийг эргэн санах бүртээ зүрх бүлээцдэг тухай, дахин уулзахыг ямар их хүсдэг байснаа гээд л чин сэтгэлдээ тээж явсан бүхнээ уудлан ярилцав. Хоёр биенээсээ хэрхэн хөндийрсөн хийгээд холдсоноосоо хойш юу бодож, юу хийж явснаа ч ярив. Харин тэр нөхөртэйгөө хэрхэн дотносож, нэг гэрт орсон тухайгаа л огт ярьсангүй. Магадгүй, үүнээс ч өөр яриагүй зүйлс түүнд нэлээд үлдсэн мэт санагдсан. Ярих шаардлагагүй болоод л яриагүй биз ээ.

Гурав хоногийн дараа Минжингийн хоолой эдгэв. Үүнтэй зэрэгцээд аялал ч өндөрлөх дөхсөн учир бид өрөөгөө хүлээлгэж өгөөд, аян замдаа гарлаа. Бид танил дотно хүмүүс болж чадсан хэдий ч миний хүсэл бүрэн биелсэнгүй. Учир нь, тэр одоо миний эмэгтэй биш. Бие сэтгэл, амь амьдрал өөр нэгэнд бүрэн харьяалагдах учир би түүнийг үнсэхийг, тэврэхийг хором бүрт хүсэмжлэвч энэ бол хэзээ ч биелшгүй өнө холын мөрөөдөл болон хувирчээ. Аав, ээж хоёр минь намайг хүний юманд зөвшөөрөлгүй гар хүрэх, аливаа хэм хэмжээний хил хязгаарыг давахгүй байхад сургасан. Гэвч хүний хүсэл, хайр гэдэг хориглож дийлдэшгүй их хүч юм. Хүнийх гэсэн тэр хил хязгаарыг давж, хууль цаазыг нь зөрчөөд, түүнийгээ ганцхан удаа чангаас чангаар тэврэхийг, дотночлон үнсэхийг ямар их хүснэ вэ.

Хот руу явах зам зуурт бид ердөө л хоёрхон удаа хээр хоноглоно. Сэтгэлийг минь эзэмдэгч чамайгаа ганцхан удаа энгэртээ наан тэврээд “Хайртай шүү” гэж хэлэх боломж надад олдох болов уу.

♠♠♠

Гэрээс гарснаас хойш яг 22 хоног өнгөрчээ. Бид хамтдаа 4275 километр зам туулжээ. Гэртээ харихад 184 километр л үлдэв. Хоноглох бэлтгэлээ базаагаад, задгай гал дээр мах шарж байтал Минжин сагс дүүрэн шар айраг барьсаар хүрч ирэв.

-Урт аялал өндөрлөж байна. Энэ аялалд үнэндээ ажил чухал байгаагүй ээ. Тэр бол зүгээр л шалтаг. Хамгийн гол нь, би ганцаараа байж, өөртэйгөө ярилцаж, өнгөрсөн жилүүдэд өөрөөсөө асуусаар ирсэн олон асуултандаа хариулт өгөх л гэсэн юм. Хоёулаа яваа хэрнээ ганцаараа мэт тийм амар амгалан байхад минь тусалсан чамд маш их баярлалаа. Хоёулаа маргааш ч бас эндээ хононо оо. Тиймээс санаа зоволтгүй. Үүнийг уучих.

-За

Тэр өөрөө нэг шар айраг задлаад эр хүн шиг л гүд гүд хийтэл залгилав. Би түүнийг ажиглаж хэсэг чимээгүй сууснаа

-Чи одоо хариад юу хийх вэ? гээд асуучихлаа.

-Хүүхдүүдтэйгээ хамт зусландаа гарч амарна аа. Чи ч бас нэг сар амраарай за.

-Амрах аа?

-Тийм ээ, юуг нь тэгтлээ гайхаа вэ?

-Би ажилд ороод нэг л сар болж байна шүү дээ.

-Зүгээр ээ. Би хотод очмогцоо цалинг чинь бөөнд нь шилжүүлчихнэ. Томилолттойгоо нийлээд нэлээд хэдэн төгрөг болчих байх. Амрах хугацаанд ч гэсэн байр үнэгүй.

-Би тэгээд бүтэн сар юу хийх юм бэ?

-Би яаж мэдэх вэ дээ. Найз нөхөдтэйгөө ийш тийшээ зугаална уу, гэртээ амарна уу, өөрөө л мэд. Би сүүлийн жилүүдэд маш завгүй ажилласан. Хүүхдүүддээ ч олигтой цаг зарцуулж чадаагүй. Тиймээс одоо яг нэг сар өөр юу ч бодолгүй, хүүхдүүдтэйгээ хамт баймаар байна.

-Ойлголоо.

-мхнн

-Хүүхдүүдтэйгээ… гэсэн үү? Нөхөр чинь хамт байхгүй юм уу?

-Тэр бөөн ажилтай. Амрах зав гарахгүй биз. Гэхдээ мэдээж зав зайгаараа бидэн дээр очно л доо.

-ммм

-Ингэхэд тулгачих уу?

-Юуны төлөө?

-… ммм … сайн сайхны төлөө…

-Чиний сайн сайхны төлөө.

-Чиний ч бас.

Дөрвөн лааз шар айраг уугаад Минжин нэлээд халамцав бололтой, хэл нь ээдэрч эхэлсэн ч үг нь олширч эхлэв.

-Чи мэднэ дээ. Би өмнө нь олж байгаа мөнгө маань хэрэглээнд хүрээд, шаналах өвчин, айх айдасгүй л бол бол оо гэж боддог байсан. Байгаа бүхэндээ дэндүү сэтгэл хангалуун нэгэн байлаа. Харин тэр нэг өдрөөс хойш надад юм бүхэн дутуу дулимаг санагддаг болсон. Бүх юм болж бүтэхгүй байгаа мэт санагдаад л, өөрийн эрхгүй бухимдаж, амьдралд гомдоллодог болсон. Би зүтгээд байна шүү дээ, яагаад намайг шагнахгүй байгаа юм бэ? Би сайн байсан шүү дээ, яагаад намайг ингэж шийтгэж байгаа юм бэ? Яагаад бусад хүмүүст илүүг өгөөд, надад дутуу өгөөд байгаа юм бэ? гээд л. Тэгж гомдоллож явахдаа Ононбаттай таарсан юм. Тэр амьдралд дэндүү их талархалтай ханддаг, өөдрөг нэгэн байлаа. Би эхэндээ түүнд атаархдаг байсан. Яг түүн шиг юм бүхэнд талархаж амьдрахсан гэж хүссэн. Харин тэр надад амьдралд талархах боломжийг бэлэглэсэн юм. Бид танилцсанаасаа хоёрхон сарын дараа нэг гэрт орсон. Учир нь, юм бүхэнд гомдоллож, юунаас ч юм бэ айж, тэр айдсаасаа болоод асар их бухимдалтай амьдарч байсан надад тэр л айх айдасгүй, амар амгаланг мэдрүүлсэн юм. Түүний дэргэд байхад юу ч гомдохгүй, юунаас ч айхгүй, юунд ч бухимдахгүй амьдарч чадах юм шиг санагдсан. Үнэхээр ч тэгж чадсан. Би амьдралд үнэхээр их талархдаг. Надад илгээсэн бүхнийх нь төлөө… бас надаас авсан бүхнийх нь төлөө…

Өнгөрсөн хоёр жил би галзуу юм шиг л ажилласан. Ингэснийхээ ч хүчинд хүсч байсан бүхнээ босгож чадсан. Гэхдээ энэ бүхэнд Ононбат л хамгийн их тусалсан. Хэрэв түүний дэмжлэг, түүний мөнгө байгаагүй бол би хэчнээн хүсээд ч, хэчнээн зүтгээд ч энэ бүхнийг босгож хүчрэхгүй байсан. Тэр намайг маш сайн дэмждэг. Би ч гэсэн чадлынхаа хэрээр түүнийг дэмждэг. Би одоо л хүсч тэмүүлж байсан шигээ ажиллаж, амьдарч чадаж байна. Үдэш бүр ямар нэгэн зүйлд санаа зовоостой орондоо орох ямар хэцүүг чи мэдэх үү? Унтаад байгаа хэрнээ тархи ажиллаастай. Амарсан ч болдоггүй. Харин одоо би юунд ч санаа зовохгүй байж чадаж байна. Тиймээс шөнө бүр маш сайн амарч, өглөө бүр сэтгэл хангалуун сэрж байна. Нөхөр минь намайг хуурдаггүй, бухимдуулдаггүй, хайраар дутаадаггүй.Би хүссэн бүхнээ хийж, хүссэн бүхнээ авч чадаж байна. Хүүхдүүд минь эрүүл чийрэг, элбэг хангалуун өсч байна. Үүнээс өөр юу хэрэгтэй гэж?

Ингэж хэлснийхээ дараа тэр сүүлийн өгүүлбэртээ эргэлзэв үү гэлтэй хэсэг чимээгүй болоод, ямар нэгэн зүйлийн талаар нэлээд нухацтай бодох шиг болов.

-Би амьдралд маш их талархдаг. Хоёр сайхан үрийг минь өгсөнд, ийм сайхан ханийг илгээсэнд… Амармаар санагдсан үедээ амарч, ажиллах ёстой үедээ ажиллах боломжийг минь хангаж өгч байгаад…

Хамгийн гол нь, чамтай учруулсанд. Хэрэв би чамтай учирч, дараа нь холдоогүй бол амьдралд гомдоллох хийгээд талархахын ялгааг олж харж чадахгүй байсан байх. Нөгөө л байгаа бүхэндээ сэтгэлдээ хангалуун, дээшээ ахидаг ч үгүй, доошоо урууддаггүй эмэгтэй хэвээрээ л насыг барах байсан биз. Энэ бүхнийг хэлэхийн тулд чамтай дахин уулзахыг хүсдэг байлаа. Дахин уулзуулсан хувь тавиланд маш их талархаж байна.

Тэр өдөр чамайг хараад ямар их баярлаж догдолсныг минь чи л лав төсөөлөхгүй дээ. Баярлаж байгаагаа нуух гэсэндээ чамайг аль болох анзаарахгүй байгаа мэт дүр эсгэх гэж хэтэрхий их хичээдэг байлаа. Чамаас асуухыг хүссэн маш олон зүйл надад бий. Гэвч асууж зүрхлэхгүй л явна.

Тэр дахиад л чимээгүй болчихов. Асуух эсэхээ бодож байгаа бололтой.

-Чи надад үнэхээр хайртай байсан уу?

Би түүнийг юу ч асуусан хариулна гэж бодож байсан ч шууд ингэж асууна гэж төсөөлсөнгүй. Гэнэтийн асуултанд нь тулгамдсандаа хий дэмий л нүд рүү нь ширтээд, хэсэг чимээгүй суулаа.

-Тийм ээ. Хайртай. Чиний төсөөлж байгаагаас ч их.

-Тийм байх аа. Чамтай хамт өнгөрөөсөн мөч бүхнээ, надад зориулсан үг, үйлдэл бүрийг чинь эргэн санахад чи надад үнэхээр хайртай байсан юм шиг санагддаг. Эргэлзэх юмгүй. Гэвч надад эргэлзэх шалтгаан байсан юм аа. Тийм их хайртай байсан хэрнээ яагаад тэгж чив чимээгүй алга болж чадсан юм бэ?

Дахиад л хүндхэн асуулттай нүүр тулгарлаа. Үнэндээ би ч бас энэ асуултыг түүнээс асуухсан гэж маш их хүсдэг.

-Мэдэхгүй ээ. Очихсон гэж маш их хүссэн. Гэвч намайг гэх сэтгэлгүй болсон хүн дээр эргэж очоод ямар хэрэгтэй гэж?

-Сонин юм шүү. Бид яг адилхан зүйлийг мэдэрч, яг адилхан төөрөгдөлд орж байжээ.

Асууж ч амжаагүй байхадминь тэр өөрөө л хариулчихлаа. Харин би түүнд хүсч байсан хариултыг нь өгч чадсан болов уу. “Одоо юу гэж асуух бол…” гэж хүлээсэн боловч тэр дахиж юу ч асуусангүй. Бас юу ч нэмж ярьсангүй. Чимээгүй суугаад, тэнгэрийн хаяа руу ширтээд, гартаа чанга гэгч нь атгасан шар айрагнаасаа хааяахан нэг балгаж, гүд хийтэл залгина. Ярьсан бүхнийг нь тунгаан бодоход улирч одсон цаг хугацаа, биднийг холдуулсан хувь тавиланд гоморхож бачуурмаар санагдана. Бачуурал минь нулимс болж хоолой дээр зангираад юу юугүй л аньсага давж урсчих гээд байв. Нулимсаа дотогш залгихын тулд шар айрагнаас томхон балгаад гүд хийтэл залгилаа. Шар айргаа залгисан ч хоолой дээр тээглээд байгаа зүйлийг хамтад нь залгиж чадсангүй. Амьсгаа ч авах завдал өгөлгүй, угсруулан залгилсаар шар айрагны лаазаа хоослов. Хоосон лаазаа шамшийтал нь базаад, холоо гэгч нь шидчихлээ. Маш олон зүйлийг яг ингэж шамшийтал нь базаад, гар хүрэхгүйалсад шидэхийг хүсдэг. Одоо ч тэгж хүсч байна.

Бие, сэтгэлийг минь торлож хүлчихээд байж суухын аргагүй тарчилгаж буй бачуурлаас өөрийгөө чөлөөлчих санаатай хэрэндээ л хичээлээ. Хэлэхсэн гэсэн бүхнээ хэлж, хийхсэн гэснээ хийхгүй бол энэ бүхнийг дотроо хадгалаад байж чадахгүй бололтой. Хадгалаад байвал би нэг л өдөр тэсэрчихэж мэднэ. Бүгдийг нь ил гаргахаар шийдэж, Минжин рүү зориглон ширтлээ. Тэр тэнгэрийн хаяа руу ширтэж байгаа дүр эсгээд уйлж байгаа мэт харагдав.

Өөдөөс нь харан бохирч суугаад нүд рүү нь ширтлээ. Нүдэнд нь нулимс дүүрэн мэлтэлзэх ч миний л нэгэн адилаар асгаруулчихгүйг хичээж суугаа аж. Нүд рүү минь ширтээд, инээмсэглэж байна. Энэ нүдэнд, энэ инээмсэглэлд би хэчнээн хайртай билээ.

Юу ч бодож амжсангүй, хүзүүгээр нь тэврээд уруулыг нь зөөлөн шимж үнслээ. Эхний хэдэн секунд тэр уруулаа огт хөдөлгөсөнгүй. Төдөлгүй тэр ч бас хариу үнсэж, суган доогуур минь гараа шургуулан тэврэв. Он жилийн тэртээд гээгдэж хоцорсон дурсамж, танил мэдрэмж дахин амиллаа. Дэндүү хайртай түүнийхээ уруулын амтанд мансууранхан үнсэж байсан минь саяхан мэт. Бид биесээсээ алсад хоёр жил гаруй хугацааг туулсан гэдэг худлаа байх аа. Өглөө нь үнсэж гараад, өдөржин энэ уруулыг санаж, үдэш нь ажлаасаа ирмэгцээ л шунан дурлаж, үнсэн таалж буй мэт. Уруулынх нь амт, үснийх нь үнэр, арьсных нь зөөлөн, тэврэлтийнх нь халуун яг л хэвээрээ байна. Юу ч өөрчлөгдсөнгүй. Түүнийгээ үнсэхээр нүдээ аниад, нээхийн төдий л хугацаа өнгөрсөн мэт.

Тэр минь хэзээ ч миний дэргэдээс холдоогүй мэт. Тийм халуухан жаргалд шөнөжин умбав. Харах бүртээ инээмсэглэж, хайр ундарч, үнсэх хүсэл төрнө. Үнсэх тусмаа улам ихээр хүсэмжилж, энхрийлэн таална. Яг ингээд л бид он цагийг хамтдаа туулсаар өнөөдөрт хүрч ирсэн мэт. Яг ингээд л бид он цагийг хамтдаа элээх мэт.

-Яг ингээд л цаг хугацаа зогсчихдог ч болоосой гэж тэр минь аяархан шивнэв. “Миний хувьд аль хэдийнэ цаг хугацаа зогсчихоод байна аа” гэж би харин сэтгэл дотроо шивнэлээ.

-Цаг хугацаа зогсчихвол чи энд надтай үүрд үлдэхэд бэлэн үү? гэж би түүнээс асуув.

-Үлдэхсэн. Цаг хугацааны хаа нэгтээ чамтай хамт гацчихаад нэгэн насны амьдралаа элээхийг би үргэлж л хүсдэг байсан шүү… гэж тэр дуулдах төдий хэлэв.

“Байсан шүү…” энэ үг яасан гунигтай сонсогдоно вэ. Энэ үг сэтгэлийг минь тон хийтэл тогшоод, сайхан зүүднээс минь гуд татаад сэрээчихлээ. Тэр биеэ хурааж, энгэрт минь наалдаад, зөөлөн санаа алдаж байна. Тэврэх бие, амьсгалах чимээ, хэлэх үгс нь бодитоос бодит авч чамайг эзэрхийлэн өмчлөх минь оргүй хоосон зүүд төдий юм.

Маргааш бид гэртээ харина. Сэрэмгүй сайхан зүүднээсээ харамсангуй сэрнэ. Тэвэрт минь нялхарч эрхэлсэн чи тэврээс минь алдуурна. “Тэр үед сайхан байсан шүү…” гэсэн дурсамж л үлдэнэ. Эсвэл… эсвэл чи минийх. Чи миний бүсгүй хэвээрээ үлдэнэ. Биесээсээ алсад өнгөрүүлсэн хоёр жил ердөө л урьд шөнийн зүүд байсан гэдэг нь нотлогдоно. Бид өглөө нь хоёр тийшээ салж, ажилдаа яваад, үдэш нь гэртээ уулзалдаж буй дахин учралдана. Тэгээд бид хэзээ ч биесээсээ удаан хугацаагаар холдохгүй. Санахын шаналан, мартагдахын зовлонг мэдрэхгүй. Чи бол миний бүсгүй. Минийх л байсан. Үүрд минийх л байх болно.

♠♠♠

Цаг хугацаа хэзээ ч эргэдэггүй. Он цаг хэзээ ч амсхийдэггүй. Бид сайхан дурсамжаа санаж сэтгэлээ бүлээцүүлдэг ч дурсамжин дундаа амьдардаггүй. Дурсамж бүтээгдсэн он цагтаа л үлдэж, харин бид хувь тавилангийнхаа жимийг даган урагш гэлдэрдэг. Өдөр бүр, хором тутамд хүсэн тэмүүлсэн амтат мөрөөдөл минь гэнэт амилж, салж хагацамгүй зүүд шиг жаргалыг хэсэгхэн зуур л мэдрэв. Харин одоо зүүднээсээ сэрэх цаг болжээ. Хажуухнаас минь ширтэж, зөөлөн инээмсэглээд л, гараас минь атгаж зөөлөн илээд л, мөрөнд минь хацраа нааж эрхлээд л, харцнаасаа хайр цацрааж гэрэлтээд байсан тэр минь хотод орж ирмэгцээ л зэрэглээ мэт замхарчихав. Хашааныхаа хаалгаар ормогцоо л нуруугаа цэхэлж, биеэ цэгнээд, хэзээний захирал зангаараа хахирган өнгөөр зааж тушаагаад эхлэх нь тэр. Ачаагаа буулгаж, бүгдийг цэгцэлж дуусмагц тэр:

-Наба… Долгормаа эгч хоол хийчихлээ гэж байна. Хамт хооллоё гэчихээд өөрөө түрүүлээд орчихлоо. Сайхан зүүдэндээ дэндүү итгэчихсэн би л харин жолоочийн дүрдээ эргэн орох гэж багагүй тэвдэв.

Гал тогооны өрөөнд орвол Ононбатаас бусад нь бүгд ширээ тойроод суучихсан байлаа. Наргил намайг хармагцаа гараа өргөж, хөөрхөн хуруунуудаа годогнуулан мэндчилэв. Би ч тэрхүү өхөөрдөм мэндчилгээнийх нь хариуд дуугүйхэн л инээмсэглэв. Мөнөөх бяцхан ноёнтон ээжийнхээ өвөр дээр гараад суучихсан, хайр дүүрэн нүдээр ширтэж, жижигхэн булцгар гараараа хацрыг нь илэн инээмсэглэх аж. Минжин хүүхдүүдээ ээлжлэн ширтэж, өхөөрдөж үнсээд л… ер бусын жаргалтай харагдаж байлаа. Хооллож дуусмагц тэр хэн нэгэн рүү залгаад:

-Наранбаярын цалинг бодоод явуулаач. Яг одоо… гэж хэлээд утсаа таслав. Цалинг минь өгөөд “Үүрд баяртай” гэх гэж байгаа мэт хачин жигтэй мэдрэмж. Хоолны дараах амттанаа идэж дуусаагүй байтал Минжингийн утас дуугарав. Миний цалинг бодчихсон бололтой. Минжин утсаар ярьж дуусмагцаа над руу эгцлэн ширтээд

-Дансны дугаар чинь хэд билээ? гэж асуув. Хариулаад нэг их удаагүй байтал гар утасны хонх жингэнэж, орлогын мэдээлэл ирж буйг мэдэгдлээ.

-Цалинг чинь шилжүүлчихлээ. Бид нөгөөдөр зуслан руугаа явна.

-Би хүргэж өгөх үү?

-Тэгэх хэрэггүй ээ. Чи одоо амарч болно.

Амттанаа идэж дуусаад тавгаа хураах гэж байтал Наргил гүйж ирээд:

-Би авчихъя гэв. Тэр ширээн дээрх аяга тавгыг хураан угаах зууртаа

-Агаа… гэж часхийсэн дуугаар гэнэт дуудлаа. Дахиад л танил дотно мэдрэмж.

-Айн?

-Та их ядарсан уу?

-Айн?

-Их ядарсан уу? Ээж та хоёр олон хоног явлаа шүү дээ. Хол замд жолоо бариад ядарсан биз дээ?

-Аан, гайгүй ээ.

-Ээж ээ, агаа өнөөдрөөс амарч байгаа юм уу?

-Тийм ээ. Олон хоног замд яваад ядарсан байх гээд амрааж байгаа юм.

-Агаа бидэнтэй хамт зуслан дээр очиж амардаг бол гоё тэ?

-Яалаа гэж дээ. Агаа чинь гэртээ, өөрийнхөө гэр бүлтэй хамт амарна. Гэрээ, гэр бүлээ санасан байгаа шүү дээ.

Энэ үгээрээ тэр намайг энэ гэр бүлийн хүн биш гэдгийг маш тодорхой санууллаа. Тийм ээ, би ердөө л оройн зоогонд уригдсан зочин төдий. Тэр намайг хоол идэхийг урьсан. Бид хооллож дууссан. Тэр намайг жолоочийн ажилд авсан. Би ажлаа хийгээд, цалингаа авчихсан. Одоо явах цаг болсон бололтой.

-За би ингээд явъя даа гэж урам муутайхан дуугарвал Минжин над руу сүрхий харснаа “явж болно” гэх мэт толгойгоо хөнгөн дохив.

-Баяртай гэж хэлээд түүн рүү болон Наргил, бяцхан ноёнтон, дараа нь үйлчлэгч, асрагч, тогооч эгч рүү хүртэл нэгбүрчлэн толгой дохин салах ёс гүйцэтгэв. Юунд ч юм бэ, ер бусаар хорогдох хэрнээ явах ёстой гэдгээ маш сайн мэдэж байсан учир өөрийгөө хүчлээд хаалга руу зүглэлээ. Үүдэнд очоод хаалгаа зөөлөн түлхэх мөчид

-Зуслангаас ирээд холбогдъё гэх танил дуу гарав. Үүрд хагацах гэж байгаа мэт давчдаж бачуураад байсан сэтгэлийг минь айдсаас чөлөөлсөнд баярлалаа. Эргэж харан инээмсэглээд:

-За тэгээрэй гэвэл

-Зуслан руу хүргүүлэхээр бол хэлнэ ээ гэх нь тэр.

Хэдхэн километрийн цаана л сэтгэлийг минь дүүрэн шаргал наран гэрэлтэн гийгүүлж байсан. Энэ хашааны үүдээр ормогц л хаанаас ч юм бэ, бөөн хар үүл нүүж ирээд бүрхчихсэн. Минжингийн хэлсэн сүүлийн хоёр өгүүлбэр харин сэтгэлд минь зөөлөн салхи сэвэлзүүлж, өнөөх хар үүлийг багахан ч болов сарниулав. Даахын аргагүй хүнд бодлоо хаалганы цаана орхиод энэ гэрээс би гарлаа. Халуун хайр, хөнгөн догдлолоо тээсээр энд би ирсэн. Халуун хайр, хөнгөн догдлолоо тээсээр эндээс би буцаж байна. Халуун хайр, хөнгөн догдлолоо тээсээр л эргэж ирнэ.

♠♠♠

Өглөө бүр хамгийн түрүүнд горьдонгуй ширтдэг зүйл минь гар утасны дэлгэц. Үдэш бүр байн байн асааж хардаг зүйл минь ч гар утасны дэлгэц. Олон шөнийн нойрыг минь хулжааж, орондоо хий хөрвөөх шалтгаан минь ч энэ л дэлгэц. Харамсалтай нь, энэ утсанд хүсэн хүлээсэн цор ганц зурвас, цор ганц дуудлага минь ирэлгүй хяссаар 23 хоногийг ардаа үдэв. Тэр нэгэн үдшээс хойш Минжин надтай ганц ч удаа холбоо барьсангүй. Хором бүрт түүнтэй холбогдохыг хүсэх авч “Тэр миний бүсгүй биш” гэсэн цор ганцхан хяслан гараас минь татаж, хүслийг минь боомилно. Бодит үнэнтэй тэрсэлдээд түүн рүү залгачихвал, ганцхан зурвас биччихвэл “амар амгалан амьдралыг нь бусниулчих болов уу” гэж эмээнэ. “Тэр минь айх айдасгүй, шаналах зовлонгүй, шархирах өвчингүй амар амгалан амьдарч байгаа” гэсэн итгэл л цор ганцхан тайтгарал минь юм. Өөрийн хүсэл тэмүүлэл, зол жаргалын төлөө өрөөлийн амар амгалан амьдралд халдах тийм өөдгүй нэгэн би биш ээ.

Хүсэл минь дахин амилахгүй гэдэгтэй би бараг эвлэрч эхлээд байлаа. Тиймээс ч аяллаас ирсний маргаашаас л “Шинэ байранд чинь зочилъё” гэж шалаад байсан найзуудаа гэртээ урив. Үерхэл хайрын талаар төсөөлж ч чадахааргүй нялх багаасаа үерхэж дотноссон, амьдралын минь түшиг болсон дөрвөн анд минь манайд дуу шуу болсоор хүрч ирлээ. Тэд бүгдээрээ өрх толгойлж, өөрийн амьдралаа босгосон. Уулзаж суугаад эхнэр, хүүхэд, амьдралын аар саархан асуудлын талаар л ам булаалдан ярьдаг болсон. Үеийн нөхдөөсөө хоцорч үлдээд, ганцаархнаа гэрийн мухар сахиж суугаа надад тэдэнтэй ярих зүйл ч олдохоо больсон. Тиймээс үе үе уулзалдаад байя гэж бодохоо ч үнэндээ больчихсон юм. Ганцаардаад ганц хоёр шар айрагны бөглөө мултлахаар сэтгэл шулуудах үед минь тэд дандаа л завгүй байдаг. Хүүхэд харах хүнгүй, эхнэр гаргахгүй, хадам ээжийн бие муудчихсан, эсвэл гэр бүлээрээ хөдөө явна л гэнэ. Хүн бүр өөрийн гэсэн амьдралтай, өөрт оногдсон асуудалтай учир бүгдийг нь нэг дор цуглуулна гэдэг ч асар том асуудал болж хувирсан билээ. Элдэв асуудалд хэт санаа тавих, шаардлагатай гэж л үзэхгүй бол хичээл зүтгэл гаргадаггүй, хэн нэгнийг хүлээх дургүй надад энэ бүхэн хэтэрхий төвөгтэй санагдах учир уулзах санаачилга гаргасныхаа нэгэн адилаар үтэр түргэн цуцалчихаж ч чаддаг. Өнөөдөр харин ямар гээчийн дашням, балжинням нь давхацчихсан юм бэ гэлтэй, хэн нь ч шалтаг тоочсонгүй. Товлосон цагаасаа ч хоцорсонгүй.

Цугласнаас хэдхэн хормын дараа л гэхэд хаа сайгүй шар айрагны лааз, хоолны үлдэгдэл, тамхины иш, элдэв үнэртэй оймс, цамц хөглөрчихсөн байлаа. Ямагт эмх цэгцтэй байдаг орон гэр минь ийнхүү толгой эргэм эмх замбараагүйд умбаж эхлэв. Гэвч энэ бүхэн хэнд хамаатай юм бэ. Бүх эмх цэгц, хэм хэмжээ, хил хязгаарыг чөтгөр ав. Бүхнийг умартаад, орчлонгоос тасармаар байна. Өөрийгөө болоод өрөөлийг ч санан үгүйлж, мэдэрч тэмүүлэхээ ч мэдэхгүй болтлоо мансуурмаар байна.

Уусан зүйл минь тийм их биш ч аль хэдийнэ толгой дүйнгэтээд эхэлжээ. Гар болоод хөлөө харж байгаа хэрнээ мэдрэхгүй байгаа мэт таатай мэдрэмжинд автаж суутал хэн нэг нь:

-Хөөх, юу олсныг минь хар даа. Whiskey Lauders хэмээн хашхирав. Зовхио арай ядан өргөж, өнөөх амар амгаланг эвдэгчийн зүг хараа бэлчээвэл найзуудын маань нэг нь гал тогооны шүүгээний буланд хийгээд мартаж орхисон вискиг минь барьчихсан гуйвж явна.

-Энийг хэрэглэж болох юм уу, хөгшөөн?

-Уу уу.

-За эзнээс нь зөвшөөрөл авчихлаа шүү, нөхөд өө… Ингэхэд хундага байгаа бил үү?

-Байхгүй ээ.

-Тэгээд энэ нандин эдийг юугаар уух уу, хө?

-Аяганд хийгээд уучих аа.

-За тэгье… хөөе хөөе. Чишш чимээгүй. Миний утас дуугарч байна.

Виски аягалах гэж байсан нөхөр маань гэнэт долоовор хуруугаа гозойлгон, урууландаа хальт хүргээд гар утсаа хайн тэвдэж эхлэв. Нөгөөдүүл нь ч бас түгшүүр хүлээж авсан байдалтай чимээгүй болоод, хөдөлгөөнөө цэгнэчихэж.

-Миний утас хаана байна аа… өө энд байна гэснээ

-Энэ миний утас биш байна гэхэд хэн нэг нь өлгөж аваад л

-Миний утас хаана байна? хэмээн уулга алдлаа. Ийнхүү тэднийг гар утсаа хайж, хэнээс ч юм бэ сүрхий айн тэвдэж байх зуурт би ч бас хэзээний дадал болсон зуршлаараа гар утсаа халааснаасаа гаргаж ирэв. Утасны минь дэлгэц асаалттай байх бөгөөд хэн нэгнээс дуудлага ирж байлаа.

-Манайхаан, тэвдэх хэрэггүй дээ. Миний утас дуугарсан байна гэвэл бүгд зэрэг шахам гүнзгий амьсгаа авч тайвшраад л биеэ сул тавьж, урьдынх шигээ шуугилдаж эхлэв.

-Алив хөгшөөн, энийг татчих.

-Мөс хий л дээ, чи.

-Бай… бай… байна уу?

-Байна байна. Унтаж байхад чинь сэрээчихэв үү?

-Үгүй ээ, би унтаагүй байна. Хэн бэ?

-Минжин байна аа.

Тархи руу минь 220 вольтоор цохичих шиг л болох нь тэр.Мэдээж алдаж эхлээд байсан биеийн минь эд эс тэрхэн зуурт бүгд сэртэсхийж, манарч сүүмэлзээд байсан оюун санаа минь төдхөнөө түргэн аваад сэргэчихэв. Тэгтэл ч

-Уучлаарай. Найзуудтайгаа наргиж байхад чинь залгачихав уу даа. За би дараа… гэж хэлээд тэр утсаа таслахыг завдах нь тэр.

-Үгүй ээ, үгүй. Одоо ярь. Юу болсон бэ? гэж яаран хэлээд хүсэн хүлээсэн дуудлагаа хүлээн авах мөчийг минь юу юугүй нураачих гээд байгаа нөхдөдөө хандан:

-Хөөе, та нар чимээгүй байгаад өгөөч хэмээн өөрийн мэдэлгүй л хашхирчихав. Нэгдүгээр ангийн учир мэдэхгүй багачуул шиг учир нь олдохгүй шуугилдаж байсан нөхөд минь миний бухимдангуй дуунд цочирдов бололтой, дуулгавартай гэгч нь дуугаа хураачихлаа.

-Байна уу… байна уу? Юу болсон бэ?

-Байна аа. Би цагаа ололгүй л залгачих шиг боллоо. Би чамайг боломжтой бол манай зуслан руу хүрээд ирээч гэх гэсэн юм л даа.

-Юу… аан тэгэлгүй яах вэ. Хаана билээ?

-Чи ирэх боломжтой гэж үү?

-Тийм ээ, боломжтой.

-Ашгүй дээ. Манай нөхрийн жолооч одоо наанаас чинь ирэх юм. Тэгвэл би чамайг аваад ирээч гээд хэлчихье.

-За тэг тэг. Ирээд авах юм уу?

-Тийм ээ. Гэрийн чинь гадаа очоод залга гээд хэлчихье.

-За ойлголоо. Би бэлэн байж байя

-Баярлалаа…

Тэр ингэж хэлээд утсаа таслах гэснээ:

-Наба… гэж их л дотночлон дуудав.

-Юу?

-Гэхдээ би чамайг завгүй байхад чинь дуудчихаагүй биз дээ?

-Үгүй дээ, яалаа гэж. Санаа зоволтгүй. Би хүлээж байя.

-За баярлалаа.

Дуудлага тасармагц би огло үсрэн босоод, өмд, цамцаа солин явахаар бэлтгэж эхэллээ. Гутлаа шүүрэн автал:

-Хүүе, Наба хаачих нь вэ? гэж хэн нэг нь хэлээгүй бол би найзуудтайгаа хамт байгаагаа бараг саналгүй, гараад гүйчих байсан болов уу.

Өрөөсөн гутлаа яаран углах зууртаа:

-Надад яаралтай ажил гарчихлаа. Та хэд минь үргэлжлүүлээд ууж бай. Найз нь удахгүй эргээд ирнэ гэж бараг л нэг амьсгаагаар хэлж орхив.

-Үгүй ээ, гэрийн эзэн байхгүй байхад бид энд юу хийх юм бэ?

-За энэ ямар гэрийн эзэн юм уу? Бид ямар танихгүй айлд байгаа биш. Наадах чинь аягүй бол нэг хүүхэнтэй уулзах гэж байгаа. Сингл хүнийг явуул явуул.

-Анд аа, хүүхэн рүү явах гэж байгаа юм уу?

-Үгүй дээ, яалаа гэж?

-Хүүхэн рүү явах гэж байгаа юм байна. За яв яв, хөгшөөн.

Гутлаа хам хум углаж, гар утас болон хэтэвчээ энгэрийн халаасандаа хийгээд л гүйгээд гарав. Байрныхаа үүдэнд гарч ирснийхээ дараа л машин ирээгүй байгааг саналаа. Гэвч эргээд оролтой нь биш, эндээ хүлээхээр шийдэв. “Юу болсон юм бол…” гэсэн бодол байсхийгээд л тархи тоншино. Тэгэх бүрт зүрх минь байж ядан дэвхэцнэ. Тэвчээр алдуулан удаан хүлээлгэсний эцэст том хар жийп өмнө минь ирж зогсоод:

-Наранбаяр уу? гэж асуулаа. Би ч гүйж очоод л суучихав.

♠♠♠

Машинаас буумагц хоёр, гуравхан харайгаад л Минжингийн байрлаж буй байшин руу орчихлоо.

-Минжээн… гэж дуудтал

-Наба… хоёр давхар луу гараад ирээч гэх сонсогдов. Гишгүүр алгасаж харайлгаад л хоёр давхарт гарчихлаа. Шатны хажуугийн хаалга хагас дэлгээстэй байх бөгөөд хүүхэд уйлагнах дуу гарч байв. Минжин хүүгээ тэврэн гарч ирээд:

-Хүү маань гэнэт өвдөөд… би Мөнхөөтэй хамт эмнэлэг явлаа. Чи Наргилыг харж байгаарай гэх нь тэр. Би юу ч хэлэлгүй, гараа сунган, хүүг нь тэвэрч гараад, машинд суулгаж өгөв. Минжин:

-Утсаар ярья. Маргааш өглөө асрагч ирнэ гэснээ жолоочид хандан

-Мөнхөө, явъя гэв. Тэд шуртхийгээд л давхиад одлоо. Бүх зүйл хэтэрхий хурдан өрнөсөн учир ухаан санаа нь хараахан бүрэн тогтворжоогүй байгаа бололтой. Хэсэг зуур манарч зогсоод, эргэн харвал Наргил хаалгаа хагас дэлгээд бариулаас нь тас зуурчихсан зогсож байв.

-Алив оръё. Даарчихна.

-Та гайхсан уу?

-Юуг?

-Шөнө дунд тан руу залгахаар…

-Үгүй ээ, яагаад гайхана гэж?

-Би таныг гайхана гэж бодсоон.

-Мхнн

-Та унтаж байсан уу?

-Үгүй ээ.

-Ээжийг тан руу залга гэж би хэлсэн юм.

-Мхнн

-Яагаад тан руу залгуулсан юм бол гэж гайхаж байна уу?

-Үгүй ээ… ингэхэд нээрээ яагаад над руу залгуулсан юм бэ?

-Асрагч эгч хөдөө явчихсан. Маргааш өглөө л хотод орж ирнэ гэсэн. Онон… үгүй ээ, аав чухал уулзалттай байна, ирж чадахгүй гэсэн. Эмээг ийм орой дуудвал бөөн уур болно. Ирэхээрээ үглээд салдаггүй юм. Тэгээд л таныг дуудсан юм. Би өөр хүнтэй хамт байж чадахгүй шүү дээ. Ээж ч намайг янз бүрийн хүнтэй хамт үлдээдэггүй юм.

-Мхнн. Цаг орой болчихсон байна. Миний дүү одоо унт за.

-За.

Наргил хөнжлөө нөмөрч, унтахаар тухалсан боловч над руу бүлтийтэл ширтээд унтах шинжгүй хэсэг хэвтэв.

-Чи яагаад унтахгүй байгаа юм бэ?

-Миний нойр хүрэхгүй байна.

-Ингэхэд дүүгийнх нь юу өвдөө вэ?

-Хоолны хордлого байх гэсээн. Ээжийн үгэнд оролгүй, муудсан бялуу идчихсэн.

-Өө хөөрхий. Гэхдээ одоо эмнэлэгт очоод зүгээр болчихно оо.

-Мхнн.

-За миний дүү одоо унт. Нүдээ аниарай.

-Би танаас нэг юм гуйж болох уу?

-За юу юм бэ?

-Та надад бүүвэйн дуу аялаад өгөөч.

-Юу? Ийм том болчихоод…

-Та надад бүүвэйн дуу дуулж өгдөг байснаа санадаг уу? Би бол үргэлж санадаг аа.

-Айн… юу… юу билээ?

-Өө та мартчихсан юм уу даа. Таныг манайд ирж хонохоор би унтахгүй гүрийгээд байдаг байсан даа. Тэгэхээр та намайг унтуулах гээд бүүвэйн дуу аялж өгч байснаа өөрөө унтчихдаг байсан шүү дээ.

-Аан… би яалаа гэж мартах вэ дээ.

-Одоо надад бүүвэй аялаад өгөөч.

-Ах нь бүүвэйн дуу мэдэхгүй шүү дээ.

-Бүүвэйн дуу мэддэггүйг чинь би мэднэ ээ. Гэхдээ та “Бүүвэй, бүүвэй… унтаарай… унтаарай… бяцхан Наргил унтаарай…” гээд гэдсэн дээр минь зөөлөн цохиод…

-Өө нээрээ тийм л дээ. Бүүвэй, бүүвэй… унтаарай… унтаарай… бяцхан Наргил унтаарай…

Наргил нүдээ аниад, хөдөлгөөнгүй хэсэг хэвтэв. Үе үе уруулаа жимбэлзүүлэн инээмхийлэхийг бодоход унтаагүй л байгаа бололтой. Нэг үгээ олон давтан дуулснаас болоод хоолой минь аргаж, гар минь ч чилэх мэдрэмж төрөхөд хөдөлгөөн минь удааширч, дуу минь ч гарахаа болив. Охин хөнжлөө сөхөн гараа гаргаж ирснээ гараас минь атгаад:

-Баярлалаа. Би унтлаа. Та миний хажуугаар унтаарай гээд буруу хараад хэвтчихэв. Босохоор өндийтөл:

-Миний хажуугаар унтаарай гэж би танд хэлсэн шүү хэмээн сануулах нь тэр. Балмагдсандаа:

-Агаа нь гадуур хувцасаа тайлаадахъя гэж яаран хариуллаа. Хүрмээ тайлж, хажуугийн сандал дээр тавиад, охины хажуугаар хэвтсэн боловч нойр хүрсэнгүй. Хэсэг чимээгүй хэвтээд:

-Чи унтчихсан уу гэвэл охин дуугүйхэн толгойгоо сэгсэрч байна.

-Ингэхэд Ононбат… үгүй ээ, аав нь хотод байгаа юу?

-Тийм ээ.

-Тэгээд хүүхэд өвдчихөөд байхад яагаад ирдэггүй юм бэ?

-Нэг том уурхайтай холбоотой хэлэлцээр хийх гээд хуралдаж байгаа гэсэн.

-Ер нь л ажил ихтэй байдаг уу?

-Тийм ээ, гэртээ бараг үзэгддэггүй юм.

-Ммм… Дүү нь ингэхэд юу идчихсэн гэлээ?

-Бялуу… төрсөн өдрийн бялуу.

-Хэний төрсөн өдөр болоо вэ?

-Мөнхүүш дөрөв хоногийн өмнө 2 нас хүрсэн.

-Аан. Тэгээд бялуугаа яагаад дөрөв хоног хадгалчихдаг билээ?

-Аав төрсөн өдөрт нь ирж чадаагүй юм. Мөнхүүш уг нь тэр бялууг аавдаа хадгалж байсан юм байхгүй юу.

-Өө…

-Өөдгүй байгаа биз?

-Хэн?

-Аавууд ямар ч чухал ажилтай байсан хүүхдийнхээ төрсөн өдрийг заавал хамт тэмдэглэдэг тэ?

-Заримдаа чаддаггүй л дээ.

-Гэхдээ л ихэнхдээ хамт тэмдэглэдэг.

-Аав нь улсын маш чухал ажилтай хүн шүү дээ.

-Би мэднэ ээ.

-…

-Мөнхүүшийн төрсөн өдрийн бэлгийг ч одоо хүртэл авчирч өгөөгүй байгаа.

-Ирж амжихгүй л яваа юм байлгүй дээ.

-Би танд нэг нууц хэлэх үү?

-За… ямар нууц билээ?

-Та гэхдээ намайг хэлсэн гэж ээжид хэлж болохгүй шүү дээ.

-За.

-Тангараглаж байна уу?

-Тангараглаж байна аа.

-Ононбат агаа миний төрсөн аав биш.

-Агаа нь мэднэ ээ.

-Мөнхүүшийн ч бас…

Дахиад л тархи руугаа 220 вольтоор цохиулчих шиг боллоо. Наргил миний төсөөлж ч чадахгүй нууцыг тун санамсаргүй дэлгэчихэв. Есөн настай охины гэмгүй цагаахан яриа мэт боловч энэ нууцыг надад л хэлэх гэж хэлсэн ч юм шиг.

-Дүү чинь ингэхэд хэзээ төрсөн гэнэ ээ?

-2012 оны наймдугаар сарын 23. Дөрөв хоногийн өмнө 2 нас хүрсэн…

Наргил үргэлжлүүлээд нэлээд олон зүйл хэлэх шиг болсон. Гэвч юу гэж хэлснийг нь би анхааран сонсож чадсангүй.

2012 оны наймдугаар сарын 23. Би Минжингээс холбоо тасарснаас дөрвөн сарын дараа Солонгос руу ниссэн. Тэгэхэд тэр хүү эхийнхээ хэвлийд зургаан сартай үлдсэн байх нь.

♠♠♠

Мөнх-Учрал… Биед нь хүрч мэдрэх нь байтугай үг ч сольж үзээгүй, танин мэдэхийг хэчнээн хүсэвч ойртон дотносож чадахгүй нууцлаг нэгэн оршихуй. Давхраагүй дугариг нүд, өтгөн хөмсөг, сартан хамар, өргөн шанаатай божин бор хүүгийн зургийг би үдэш бүр ширтдэг. Тэр ч бас өөдөөс минь бүлтийтэл ширтээд л байдаг.

Өмнө нь би Минжинг харахсан гэсэн догдлолоо барьж ядан тэднийхийг зорьдог байлаа. Тэр өдрөөс хойш харин танилаас танил хэрнээ огт танихгүй тэр нэгэн хөвгүүнийг харахсан гэсэн тэмүүлэлдээ хөтлөгдөн тэднийхийг зорьдог болсон. Хоолны ширээний ард түүнтэй зэрэгцэн суугаад ээжийнхээ таваглаж өгсөн хоолыг хэрхэн бувар бувар зажилахыг нь, аяга, халбагаа харшуулж тоглохыг нь, юунд ч юм бэ сүрхий хөгжиж, ход ход инээхийг нь, хооллож дуусмагцаа өөрт нь хэт өндөрдсөн сандал дээрээс хэрхэн эвтэйхэн бууж буйг нь, тонтогнотол алхсаар булан тойрохыг нь өдөр бүр сонжин ширтэвч ер уйддаггүй. Би түүнийтухай бүгдийг судалж, бүгдийг мэдэхийг хичээдэг. Хяслантай нь, би түүний хамгийн том ганцхан нууцаас өөр юу ч мэдэхгүй. Бүх нууцыг мэдчихсэн хэрнээ мэдээгүй мэт дүр эсгэнэ гэдэг яасан хүнд даалгавар вэ. Гэвч би дүр эсгэсээр багагүй хугацааг ардаа үджээ.

Бид өдөр бүр уулзалддаг. Өглөө бүр хамт хооллодог. Заримдаа бүтэн өдрийг хамтдаа өнгөрөөдөг. Энэ өрхийн бүх гишүүн намайг эрхэм дотно нэгэн хэмээн хүлээн зөвшөөрдөг. Гэвч санасандаа хүртэл ойртон дотносож чаддаггүй хоёр хүн надад бий. Тэр нь Минжин, Мөнх-Учрал хоёр. Минжин жилийн өмнөх аяллаас хойш ганц ч удаа над руу хайр дүүрэн нүдээр ширтэж, энхрий дотноор биед минь хүрээгүй. Идэх хоол, өмсөх хувцас, эрүүл мэнд, хувийн амьдралд минь байнга санаа тавьдаг ч тэр нь үргэлж найзын сэтгэл, захирлын халамжаар л хязгаарлагддаг.

Мөнх-Учрал. Энэ бол миний хэзээ ч халдаж зүрхлэхгүй тийм нэгэн нандин ертөнц. Ононбат намайг гэр бүлийн найз хэмээн хүлээн зөвшөөрч, дотночлон яриа дэлгэж, хааяахан биллъяард, гольф тоглохоор хань татна. Наргил надтай уулзах бүртээ дотночлон тэвэрнэ. Мөнх-Учрал харин ээж, эгч хоёроосоо өөр хүнд төдийлөн хүрдэггүй, аминчилж ярилцдаггүй, хөгжилдөн тоглосон ч ойртож дотносдоггүй бүрэг ичимхий гэмээр нэгэн. Тэгээд ч тэр үү, түүний биед хүрэх, юм асуух, дотночлон ярилцахаар зориглоно гэдэг түүний ертөнцөд, эрх чөлөөнд, бие даасан байдалд нь халдаж буй ёс бус үйлдэл мэт санагддаг юм. Өнөөдөр ч мөн би түүнд халдахгүйг хичээн биеэ барьж сууна.

Тэр дөнгөж сая сандал дээрээсээ буух гэж байгаад уначихлаа. Минжин гадагш гарахаар бэлтгэж байгаа учир түүнийг анзаарсангүй. Наргил аяга таваг угаагаад буруу хараад зогсож байв. Ононбат гар утсаараа өглөөний мэдээ үзээд завгүй байна. Мөнх-Учралыг сандал дээрээс ойчсоныг надаас өөр хэн ч харсангүй. Ухасхийж өндийгөөд, түүнийг өргөн босохыг завдсан боловч өөрийгөө хүчлээд эргээд суулаа. Өвдгөө хоёр гараараа базаад ярвайж байгааг харваас өвдөж байгаа нь илт. Гэвч хүү уйлж урвагнасангүй, ёоё ч гэж уулга алдсангүй. Хэн нэгнээс тусламж авахыг хүсвэл ганцхан удаа чангахан дуугарахад л хангалттай. Гэвч тэр хэнийч анхаарлыг татаж, тусламж авахыг хүсэхгүй байгаа бололтой. Өвдгөө бариад босолгүй хэсэг суув. Минжин түүнийг нь анзаарчихаад:

-Мөнхүүш ээ, миний хүү зүгээр үү? гэвэл хөвгүүн юу ч хэлэлгүй, босоод алхчихлаа.

Төдөлгүй бүгд гарахад бэлэн болсноо мэдэгдэв. Би Наргил, Мөнх-Учрал хоёрын цүнхийг тэврээд машин руугаа алхлаа. Мөнх-Учрал араас минь гүйж ирээд, бүхнээс түрүүлж суухаар машин руу зүтгэв. Түүнд хаалга онгойлгож өгөхдөө “Хөл зүгээр үү, залуу” гэж хэлэхийг хүссэн ч хэлээ хазаад л өнгөрлөө. Бусдад мэдэгдэхийг хүсээгүй нууцыг нь хэн нэгэн мэдчихсэн байх түүнд лавтайяа таалагдахгүй байх.

Ононбат, Минжин, Наргил гурвыг гарч ирэх үед Мөнх-Учрал бид хоёр хэдийнэ суудлаа эзлэн тухалсан байлаа. Өнөөдөр бол Гэр бүлийн өдөр. Хэдхэн хоногийн өмнө УИХ-ын ээлжит сонгууль өндөрлөж, Ононбат хоёр дахь удаагаа сонгогдсон юм. Бүтэн хоёр жилийн турш нойр хоолоо умартан зүтгэснийхээ үр шимийг хүртсэний баяр. Их ажлын ард гарсны дараа халуун ам бүлээрээ хөгжилдөхөөр товлосон өдөр. Бас миний жолоочоор ажиллах сүүлийн өдөр. Анх ажилд орохдоо л төлөвлөж байснаараа би цалингаа хуримтлуулж, өнгөрсөн дөрөвдүгээр сард байр авах хуримтлалаа бүрдүүлж чадсан. Сонгуулийн ажил ид эхэлчихсэн, завгүй өдрүүд үргэлжилж байсан учир сонгуулийн дараа байраа худалдаж авахаар төлөвлөж байлаа. Гэтэл Сонгуулийн дараах тайлангийн хурлаар одоо амьдарч буй байрыг минь компанийн зүгээс надад урамшуулал болгон бэлэглэж байгааг дуулгасан юм. Харин хуримтлуулсан мөнгөөрөө өөрийн гэсэн бизнесээ эхлүүлэх саналыг Ононбат надад тавьж, Минжин ч оффис болон бусад зүйлээр дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тиймээс би энэ гэр бүлийн аяллаас эргэж ирээд, жолоочийн ажлаа хүлээлгэж өгнө. Шинэ оффистоо шинэ хамт олонтойгоо шинэ ажлаа эхлүүлнэ.

Харин өнөөдөр бид төлөвлөгөө ёсоор бол их хотын чимээ шуугианаас холдон, голын урсгал, ногооны шимийг дагаж буудаллаад хорхог хийж идэн, хөгжилтэй тоглоомуудаар наадна. Энэхүү өдөрлөгийн гол зохион байгуулагч нь Минжин, Наргил хоёр. Ерөнхий зохион байгуулагчийн зааварчилгаагаар хотоос гарч 200 орчим километр давхиад нэгэн нуурын эрэгт хүрч ирэв. Хүн амьтан олноороо цуглаад байдаггүй, нам гүм газар байлаа.

Өдөржин хөгжилдсөний эцэст хүүхдүүд нэлээд ядарсан бололтой, нар жаргахаас өмнө майхандаа ороод нам унтацгаав. Ононбат бид гурав түүдэг тойрч суугаад улаан дарс шимэнгээ амьдралын аар саархан зүйлсийн талаар ярилцаж суутал Минжин:

-Ингэхэд тэр уул руу алхах уу? Нар ч жаргах гэж байна. Нар жаргахыг уулын орой дээрээс харж, зураг даруулъя гэв. Ононбат биднээс холгүйхэн дүнхийж үзэгдэх намхан толгодын зүг хэсэг ширтсэнээ:

-Та хоёр алхвал алх. Би хүүхдүүдээ хараад байж байя гэх нь тэр. Алхах хүсэл төдийлөн төрөхгүй байсан боловч Минжингийн аргадан ширтэх харцанд татгалзах арга байсангүй.

-За тэгвэл бид хоёр алхчихаад ирье дээ гээд өндийвөл Минжин годхийгээд түрүүлээд гүйчихэв. Ононбат түүний араас харан толгой сэгсэрснээ:

-Уг нь их л намбатай эмэгтэй шиг харагддаг юм. Хотоос гарахаараа л танигдахаа больчихдог хүн дээ гээд инээмсэглэв.

-За дагаад алхчихвал энэ үл таних эмэгтэйн хөлд чирэгдчихдэг юм болов уу, яадаг юм бол…

-Магадгүй шүү. Зургийн аппаратаа аваад яваарай. Үл таних эмэгтэй зураг даруулна гэсэн шүү.

-За тэгнэ ээ хө.

Минжин хэсэг гүйж байгаад түр зогсож, намайг хүлээх авч гүйцээд ирэхийн даваан дээр дэггүй охин шиг год хийгээд л гүйчихнэ. Ийнхүү түүнийг гүйцэлгүй мадлуулсаар уулын оргил дээр гарч ирэх үед нар жаргаж байв. Минжин гараа саравчилж зогсоод жаргаж буй нарны зүг анхааралтай ширтэх аж. Тэгснээ гэнэт алгаа хавсарч, нүдээ аниад тун нухацтай залбирч эхэллээ. Залбирч дуусмагцаа над руу эргэж хараад:

-Сая би юу гэж залбирсан гээч? хэмээн асуув. Би дуугүйхэн л мөрөө хавчив.

-Чиний төлөө…

Түүнийг ингэж хэлнэ гэж огт бодоогүй боловч урьдчилан таамаглаж байсан мэт дүр эсгэн

-За тэгээд миний төлөө юу гэж залбирав даа? хэмээн тоомжиргүйхэн асуулаа.

-Миний амьдралын хамгийн нандин бэлэгнүүдийн нэг болох Наранбаяр хэмээх энэ залууг маш сайн бүсгүйтэй учруулж, айх айдасгүй, шаналах өвчингүй амар амгалан амьдруулаарай гэж.

-Өөрт чинь өгсөн нандин бэлгийг өөр хүнд өгчих тэгээд зүгээр үү?

-Зүгээр ээ. Хайрлана, нандигнана гэдэг чинь өөртөө өмчилж, дэргэдээ үүрд уяхыг л хэлдэг юм биш шүү дээ. Өөрийн хүссэнээрээ амьдрах эрх чөлөөг нь олгох нь хайрлаж, нандигнахын хамгийн дээд хэлбэр гэж би боддог болсоон.

-Магадгүй ээ.

-Хувь тавилан гэдэг зурагдчихсан байдаг юм байна. Зураач нь зарим хүмүүсийг түрхэн зуур уулзаад салахаар, зарим хүмүүсийг насан туршдаа хамтдаа байхаар зурдаг. Гэхдээ хамт байх нь хүртэл ялгаатай. Зарим нь нэг гэрт, зарим нь хөрш зэргэлдээ амьдарна. Зарим нь яг дэргэдээс нь харж халамжлах хэдий ч халамжлуулж байгаа нь түүнийг огт танихгүй байсаар насыг элээх хувь тохиол л бий. Тэр зураач чи бидний хувь тавиланг ч бас нэлээд ээдрээтэй зуржээ. Нэгэн үе хамтдаа байж, нэгэн үе салж холдоод, эргэн уулзана. Тэгэхдээ тэр чамайг миний хөрш зэргэлдээ л зурчихаж. Санаатай юм болов уу, санамсаргүй юм болов уу? Алин ч болов, нэгэнт ингэж зураад тамгалчихсан тавиланг бид өөрчилж чадахгүй шүү дээ. Тийм ээ?

Юу гэж хариулах ёстойгоо үнэндээ би мэдэхгүй байлаа. Тиймээс дуугүйхэн л жаргаж буй нарны зүг ширтэв. Саяхан л тэнгэрийн хаяаг дүүргэн мэлтийж байсан дүүрэн шаргал наран уулсын цаагуур нуугдчихаж. Гэвч улбар ягаан туяа нь тэнгэрийн хаяаг бүрхэн солонгорсоор л байна. Чи ч бас сэтгэлийг минь гэрэлтүүлэх гэж ирсэн хэрнээ бие нь барагдаж, надад өмчлөгдөхгүй амьдралын минь наран юмсан уу. Сэтгэлийн чинь илч эргэн тойронд минь туяаран солонгорсоор авч чи надтай насан туршдаа нуугдаж тоглох л хувь зохиолтой юмсан уу.

Минжин нэгэн ургаа хадан дээр суугаад

-Нааш ир. Энд ирж суугаач хэмээн урив.

-Би чамд нэг шинэ мэдээ хэлэх даалгавартай яваа. Энэ мэдээг өөр хэн ч биш би өөрөө чамд хэлэх нь зүйтэй гэж бодсон юм.

-…

-Түрүүн хэлсэнчлэн чи бол миний амьдралдаа бурхнаас авсан хамгийн нандин бэлэгнүүдийн нэг. Чамтай учирсандаа, чамаас холдсондоо, эргэн уулзсандаа би хязгааргүй их баярладаг. Чамтай эргэж хэзээ ч уулзахгүй байх вий гэдэг бол миний хамгийн том айдас байсан. Чамтай эргэж уулзах, сэтгэлээ уудлан ярих ганцхан боломж олговол би өөр юу ч хүсэхгүй гэж үдэш бүрийн тэнгэрт залбиран гуйдаг байлаа. Хувь тавилан, мөнх хөх тэнгэр хүслийг минь сонссон, биелүүлсэн. Би ч бас амлалтандаа хүрсэн. Дэргэд минь байгаад хязгааргүй их баярладаг шүү…

-…

-Зарим хүнийг бид дэргэдээ байлгаж, тэвэрч, үнсэж, энхрийлж таалж байж жаргалтай байгаагаа мэдэрдэг. Зарим хүнийг холоос харах төдийдөө бид жаргалтай байж чаддаг… Хамтдаа байж чадахгүй байх, биесээсээ дэндүү алсад байх, хүссэн үедээ харж чадахгүй байх… юутай их хяслан бэ. Өмнө нь би чамайг зөвхөн өөртөө өмчилж, хүссэн үедээ тэвэрч үнсэж, энхрийлж таалаад насан туршдаа жаргалтай амьдарна аа гэж боддог байлаа. Харин чамаас холдоод… алсаас ч болов харахыг, дахиад ганцхан удаа уулзахыг хүсдэг болсон. Эхний саруудад би чамайг эргээд ирнэ гэдэгт огт эргэлзээгүй. Өдөр хоног өнгөрөх тусам эргэж ирнэ ээ гэсэн итгэл минь бүдгэрч эхэлсэн. Үнэндээ чамайг өөрөө эргэж ирэхгүй нь ээ гэдэгтэй эвлэрч эхэлсэн. Гэвч ямар нэгэн далдын хүчний тусламжтайгаар ч хамаагүй, үгсэж хуйвалдах нэгэн байдаг бол түүнтэй үгсэж хуйвалдаад ч хамаагүй чамайг эргүүлж авч ирэхийг л хүссэн. Эргээд ирсэн ч бидний харилцаа урьдынх шигээ халуун дотно хэвээрээ байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч эхэлсэн. Эргээд ирсэн ч дэргэд минь үүрд үлдэхгүй ч байж магадгүй гэдэгтэй эвлэрсэн. Тэгээд л дахиад ганцхан удаа уулзахыг, алсаас ч болов харахыг хүсэн залбирч эхэлсэн. “Заавал амраг минь байх албагүй ээ. Ах минь, дүү минь, анд минь… болгоод ч болсон, түүнийг минь надад эргүүлээд аваад ирээч” гэж гуйж залбирсан. Энэ бол миний эцсийн арга ядсан арга байсан юм. Өмнөх бүх хүслийг минь сонсоогүй мэт дүлбийрсэн хэрнээ энэ хүслийг минь харин бурхан дуулгавартай биелүүлсэн шүү. Би амьдралд, хувь тавиланд, надад оноосон юм бүхэнд талархдаг. Надад өгсөн хийгээд эргүүлж авсан зүйлсэд ч талархдаг. Бурхан чамайг надад өгөөд, эргүүлж аваад, буцааж өгсөн. Үүнд хамгийн их талархдаг. Чи яг одоо дэргэд минь сууж байна. Бид өдөр бүрийг хамтдаа өнгөрөөж байна. Би чамайг заавал тэврэхсэн, үнсэхсэн, энхрийлж таалахсан гэж шунахгүй ээ. Харахыг хэчнээн хүссэн ч харж чадахгүй тийм гашуун өдрүүд надад тохиосон. Давж гарамгүй өдрүүд байсан. Гэвч давж гараад, чамтай эргэн уулзсан. Энэ нүдийг ширтэж, энэ харцыг мэдэрч, энэ инээмсэглэл, энэ ирмэлтэнд нууцхан догдолж байгаадаа л сэтгэл дүүрэн байна.

-Дуулгах мэдээ чинь энэ бүхэнтэй ямар нэгэн байдлаар холбоотой юм уу?

-Холбоотой ч байж магад. Үгүй ч байж магад. Үнэндээ энэ мэдээг чамд дуулгах сэтгэл зүйгээ л бэлтгэж буй хэрэг л дээ.

-Сайхан мэдээ юү?

-Тийм ээ.

-Тэгвэл хурдан хэл л дээ.

-Ирэх сарын 28-нд бид хуримаа хийнэ. Энэ сонгуульд ялсан ч, ялагдсан ч намар нь хуримаа хийнэ ээ гэж хоёр жилийн өмнөөс ярилцаж төлөвлөсөн юм.

-Сайхан мэдээ байна. Баяр хүргэе.

-Баярлалаа.

-Чин сэтгэлээсээ баяр хүргэе. Алив тэвэрье.

Хоолой дээр тээглэчихээд дотор бачууруулаад байгаа нулимсаа залгих боломжийг л өөртөө олгох гэж би түүнийг энгэртээ нааж, дотночлон тэвэрсэн юм. Дахиж би чамайг ийм халуун дотноор тэврэхгүй ч байж магад. Чамайг миний бүсгүй байхаа больсон гэдэгтэй би хэдийнэ эвлэрсэн ч ингээд албан ёсоор алдаж байгаагаа шууд хүлээн зөвшөөрчихөж чадсангүй. Тэр энгэрт минь наалдаад, суган доогуур минь гараа гүйлгэн намайг тэвэрлээ. Ингэж тэвэрч, тэврүүлэхдээ чи үргэлж миний л бүсгүй байдаг. Цаг хугацааг яг ингээд зогсоочихож болох уу?

-Би чамаас бас нэгэн зүйлийг гуйх гэсэн юм.

-Тэг тэг.

-Чи миний хуримын гэрч болооч.

Балмагдсандаа би түүнийг зөөлөн түлхээд, өөрөөсөө хөндийрүүлчихэв.

-Сүйт бүсгүйн гэрчүүд дандаа л эмэгтэйчүүд байдаг юм билээ. Гэхдээ миний гэрч яагаад эрэгтэй хүн байж болохгүй гэж? Хамгийн итгэлт дотно хүнээ л хуримынхаа гэрчээр сонгодог биз дээ? Миний хувьд чамаас илүү элгэмсэг дотно санагдах хүн огт санаанд буухгүй байна…

-Чи… чи…чи арай дэндэж байна. Би чамтай эргэж уулзсан хувь тавиландаа чиний л адил талархдаг. Талархсандаа ч чиний гаргаж буй тэсвэрлэшгүй авир, үл тоомсорлолт, дүр эсгэлтийг чинь тэвчдэг. Тэвчихийн дээдээр тэвчдэг. Надаас нуудаг зүйлийг чинь мэдсэн ч мэдээгүй мэт дүр эсгэдэг. Ингэж тэвчсэний минь шагнал энэ үү?

-Наба… Наба…

-Битгий намайг дуудаад бай. Би тэр Ононбат чинь биш шүү. Бос гэсэн газар босож, суу гэсэн газар суудаг дуулгавартай гөлөг чинь би биш. Ойлгов уу?

-Би чамайг хэзээ ч тэгж дорд үзэж байгаагүй ээ.

-Дорд үздэггүй гэв үү? Чи намайг дорд үздэггүй гэж үү? УИХ-ын гишүүний эхнэр, том группийн ерөнхийлөгч хатагтай над шиг мэргэжил ч үгүй, боловсрол ч үгүй золбин амьтантай дотносож явснаасаа, хүүхдийг нь төрүүлснээсээ ичдэг байлгүй дээ.

-Наба… одоо болно.

-Наад үгээ чи өөртөө л хэл. Юманд хэмжээ хязгаар гэж байдаг юм.

-Би хэзээ ч, хэнээс ч, юунаас ч ичдэггүй. Тэр дундаа хайрлан нандигнадаг хүмүүсээсээ огтхон ч ичихгүй. Чи хүүгээ тэгтлээ их анхаарч, сонжин ширтэж, судалж таних хүслээр дүүрэн байдаг хэрнээ хамгийн энгийн зүйлийг анзаардаггүй юм бэ? Мөнхүүш хэн өөрийнх нь төрсөн аав бэ гэдгийг сайн мэднэ. Мэддэг ч учраас чамаас дөлж бишүүрхээд байдаг юм. Унаж байгаагаа, өвдөж байгаагаа, алдаа гаргаж байгаагаа, уйлж байгаагаа чамд харуулахгүй гэж гүрийгээд байдаг юм. Түүнийг жаахан хүүхэд гэж басах хэрэггүй шүү.

-Тэр яаж мэддэг гэж? Би итгэхгүй байна.

-Чи миний болоод хүүгийн минь талаар их зүйл мэддэг гэж бодож байна уу? Чи эндүүрч байна. Миний хүүг Наранбаярын Мөнх-Учрал гэдэг юм. Төрсний гэрчилгээн дээр нь энэ нэрийг бичүүлэхийн тулд чиний регистрийн дугаар, ургийн овгийг олох гэж Ононбат бүхэл бүтэн баг гаргаж ажиллуулсан юм шүү.

Би, миний хүү, миний гэр бүл хайрладаг хүмүүсээсээ, нандигнадаг зүйлсээсээ, туулж өнгөрүүлсэн түүхээсээ хэзээ ч, хэнээс ч ичиж байгаагүй. Ичих ч үгүй. Учир нь, хэн бидэнд нандин хийгээд юу бидэнд хамгийн үнэ цэнэтэйг би хүүхдүүддээ хэлж ойлгуулдаг юм. Тэд минь ч маш сайн ойлгодог. Харин чи өрөөлийн байтугай өөрийнхөө ч үнэ цэнийг мэддэггүй юм байна. Хэрэв чи өөрийгөө нохой гэж бодож байвал чи нохой. Бид чамайг Бурхан гэж боддог байгаад ч нэмэргүй.

Ингэж хэлчихээд тэр хариу хэлэхийн завдалгүй гүйгээд явчихав.

♠♠♠

2016 оны наймдугаар сарын 28. Өнөөдөр тэр минь хуримаа хийсэн. Хун цагаан даашинзтай тэр минь тэнгэрийн дагина шиг л харагдаж байсан. Харин би түүнийхээ хуримын гэрч болсон. Цайвар цэнхэр хослол өмсөөд түүнийхээ насан багын найз дөрвөн бүсгүйтэй зэрэгцэж зогссон. Уг нь би энэ ёслолд юүдэнтэй хар цамц, бариу өмд, хөнгөн кеттэй л ирье гэж бодсон. Гэвч биед минь яг тааруулж урласан энэ хослолыг өчигдөр орой Минжин өөрийн гараар индүүдэж бэлтгээд, өнөө өглөө гэрлэх ёслол эхлэхийн өмнөхөн Наргилаар надад өгүүлсэн юм. Яаран сандран хувцасаа сольсон учир түүнд өгөхөөр бэлтгэсэн цэцгийн баглаагаа ч машин дотроо мартаад ёслолын танхим руу орчихсон байсан.

Хөнгөн ая эгшиглэж, цагаан даашинз, сувдан гоёлтой тэр минь инээмсэглэн алхаж ирээд надад гараа өгсөн. Би түүндээ хэсэгхэн зуур сугадуулж алхах хувь тэгж тохиосон. Эр нөхөрт нь хүргэж өгөөд, арагш ухарч, хуримын гэрчүүдийнхээ эгнээнд орж зогссон. Тэд тангаргаа өргөж, сүйн бөгжөө солилцсон. Цээжинд минь нулимс зангирч, амьсгалах агаар дутагдан бачуурч байсан ч би тэвчсэн.

Амилсан хүсэл, хувилсан бие минь болох ганц хүү минь тав хоногийн өмнө дөрвөн нас хүрсэн. Анх удаа түүнийхээ төрсөн өдөрт аавын хувиар оролцож, энгэртээ тэвэрч, энхрийлэн үнссэн. Тэр өдрөөс хойш бид илүү элгэсэн дотносож эхэлсэн. Гэвч өнөөдөр би өр зүрхний минь шигтгээ болон гэрэлтдэг гурван эрдэнээ өрөөл нэгэнд албан ёсоор хүлээлгэж өглөө. Өглөө машиндаа мартсан цэцэг минь хатаад хорчийчихсон байсан учир хамгаас хайртай юүдэнтэй цамцаа том ягаан хайрцаганд нь хийж, хатаж эхэлсэн дэлбээгээр хучаад “Хүүг минь том болохоор өгөөрэй” гэсэн зурвас шургуулчихсан. Солонгосоос эргэж ирэхдээ чамд зориулж авсан хөх сувдан зүүлт халаасанд нь бий. Бүх зүйл байх ёстой байрандаа эмх цэгцтэй оршиж байвал сэтгэл минь уужуу тэнэгэр байдаг юм.

Хамгийн гэгээн бүхнийг түүндээ ерөөгөөд хуримын цайллаганаас гарч ирлээ. Хэн нэгнийг чин сэтгэлээсээ хайрладаг бол дэргэдээ өмчлөн хорих бус тавьж явуулах ч тэвчээртэй байх учиртай. Тийм тэвчээрийг надад хайрласан амьдрал, хувь заяанд талархъя.

Сүйт хархүү чинь болж хажууд чинь зогсох хувь дутсан ч чинийхээ амьдралын алтан мөч, аз жаргалын гэрч болох л төөрөг тавилантай байжээ. Төөрөг тавиланг минь хэн нэгэн ингэж зураад тамгалчихсан юм бол би насан туршдаа чинийхээ хажууд бус ард зогсох болно. Дэргэдээс чинь түших хүн үгүй болох үед араас чинь тулах түшиг бат зогсож байгааг санаарай.

2020.07.28

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *