Бага насны хүүхдийн бие бялдрыг чийрэгжүүлэх, амралт, чөлөөт цагийг зөв зохистой өнгөрүүлэхэд чухал ач холбогдол өгдөг ганц зүйл нь тоглоомын талбай байдаг. Энд хүүхдүүд эрүүл, аюулгүй таатай үйлчлүүлэх ёстой. Гэвч тэд өөрсдийн алдаанаас бус шаардлага хангаагүй тоглоомын талбайгаас болоод гэмтэж, бэртэх цаашлаад амиа алдаж байгаа нь харамсалтай.
Иймд хотын төвөөр хүүхдийн тоглоомын талбайн нөхцөл байдал ямар байгаа талаар сурвалжиллаа.
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 10, 11 дүгээр хорооны тоглоомын талбайг очиж үзэхэд ихэнх нь тоглоомын боолт нь суларсан, алга болсон байлаа. Зарим тоглоомын талбайн гулсуур нь хагарч, дасгалын хэрэгслүүд нь зэвэрсэн ямар нэг хэрэглэгдэхүүн нь байхгүй, гулсуур нь унасан ч засварлаагүй төмөр хаалт тавьсан байсан юм. Мөн стандартын дагуу тоглоомын талбай дээр 6-13 насны хүүхэд элсээр тоглох үед саравчгүй байв.
Хүүхдээ салхилуулан сууж байсан иргэнтэй ярилцлаа. Түүнийг Г. Энхцэцэгт гэдэг. Тэрбээр “Тоглоомын талбайн тоглоом нь хуучирч шаардлага хангахаа больсон ч шинэчилж засдаггүй. Авто замтай ойрхон учир хүүхдүүдээ тоглуулахад хамт л гарахгүй бол айдастай байдаг” хэмээн ярьсан юм.
Иргэн Ж. Тэмүүлэн “Аюулгүй байдлын шаардлага хангаагүй, хүүхэд өөрсдөө л болгож тоглодог болохоос олигтой тоглоом байдаггүй. Тэгээд заавал эцэг эх нь хамт л гарч ирэхгүй бол эвдэрсэн тоглоомуудаас болоод зөндөө л шалбарч орж ирдэг” гэлээ.
Тоглоомын талбайд нарны тусгал хамгийн багадаа таван цаг тусах, шөнө гэрэлтүүлэгтэй байх, нэгдсэн хог хаях цэгээс 100 метрээс багагүй зайтай байх, мэдээлэх тэмдгийг орц гарц дээр байрлуулах, 20-с багагүй хувьд ногоон байгууламж байх зэрэг шаардлагыг заасан байдаг.
Иргэн Б.Хүслэн “Манай байрныхан өөрсдөө л засаж янзалдаг тулдаа тоглоомын эвдрэл гэмтэл нь бага байна. Гэхдээ л тоглоомын талбай сааданд оройдоо хүмүүс архи уугаад орилолдож, тэрүүгээр дүүрэн архины шил, тамхины иш байдаг” гэсэн юм.
2019 онд олон улсын жишигт нийцүүлсэн хүүхдийн тоглоомын талбайн стандартыг баталсан ч Улаанбаатар хотын 44 байршилд дахь тоглоомын талбайн 60 хувь нь эрсдэлтэй байна.
Тоглоомын талбайд тоглож унаж бэртсэн дуудлага хэр ирдэг талаар ГССҮТ-с тодруулахад “Он гарсаар нийт 16247 хүүхэд ГССҮТ-ийн яаралтай тусламжийн тасагт тусламж үйлчилгээ авснаас 2819 хүүхэд тоглоомын талбайд тоглож байгаад бэртэл гэмтэл авсан.
Ийм учраас хүүхдийг хараа хяналтгүй тоглуулах, эвдэрч гэмтсэн тоглоом дээр тоглуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна” гэлээ.
Э.АНХЧИМЭГ
П.ТЭРГЭЛСАРАН
One reply on “DNN-СУРВАЛЖЛАГА: Хүүхдүүдийн дийлэнх нь байрныхаа гадаа тоглож байхдаа бэртэж, гэмтдэг DNN.mn”
Үнэхээр хүүхдийн төлөө юм хийдэггүй, өрөвдөлтэй хүүхдүүдтэй өөдгүй улс байна даа манай улс гэж…