Азийн хотуудын гар урлалын, ардын урлаг “Asia Folk 2024” наадам өнөөдөр эхэллээ. Тус наадам энэ сарын 16-ныг хүртэл үргэлжлэх юм.
Энд 10 орноос 160 гаруй уран бүтээлч, гар урлаачид оролцож байна.
Сонирхуулахад “Жагуанк” хөгжмийн хамтлаг Индонез улсаас хүрэлцэн ирж хөгжмийн үзүүлбэр үзүүллээ. Харин Малайз улсын “Нгалая яанг” бүжгийн чуулга, Индонез улсын “Лаб арт” хамтлагийн бүжигчид, БНСУ-ын “Шайн данс” бүжгийн хамтлаг, Узбекистан улсын бүжигчин Муминова Оёхон нар наадамд үндэсний бүжгээрээ тайз чимлээ.
Гар урлалын төрлөөс Япон улсын Кумамото мужаас кимоно ремаке урлалын гар урлаачид хүрэлцэн иржээ.
Япон урлаачдын урласан цүнх, дагалдах хэрэгслийг 6000-20.000 төгрөг. Мөн хүүхдийн Кумү гутал 20.000-48.000 төгрөг, насанд хүрсэн хүний кумү гутал 15.000-35000 төгрөг байна. Харин хүссэн өнгөөр нь будаад авах түлхүүрийн оосор 3000 төгрөгөөр худалдаалж байв.
Мөн нийслэлийн есөн дүүргийн жижиг, үйлдвэрлэл эрхлэгч, ар урлаачид өөрсдийн урласан бүтээлээрээ оролцож байна.
Дорноговь аймгын үйлдвэрлэгч н.Мөнхзул “Бүтээгдэхүүнээ хийгээд 3 жил болж байгаа. Нэг бүтээгдэхүүн хийхэд 1-2 сарыг зарцуулдаг. Химийн гаралгүй нэмэлт өнгө, үнэр, будаг, хөөсрүүлэгч ороогүйгээрээ давуу талтай. Хүний эрүүл мэндэд ямар ч сөрөг нөлөөгүй болохоор ашиг тустай” гэв.
Нэрийн бүтээгдэхүүнээрээ ингэний сүүтэй саванг онцлов. Үнийн хувьд 2000-5000 төгрөг аж.
Гар урлаачид өөрсдөө урласан Монгол үндэсний дээлийг дунджаар 120 мянган төгрөгөөр худалдаалж байгаа бол гутал 250- 350 мянган төгрөг. Харин давсан урлал 20000-40000 төгрөг.
Толгойн гоёл нь 15.000-150.000 төгрөгөөр худалдаалагдаж байна
О.ЮМЧИНБАДАМ