БОАЖЯ-наас энэ сарын 13-ны өдрөөс эхлэн бүх авто угаалгын газруудыг цэвэр ус ашиглахыг хориглосон. Энэ талаар БОАЖЯ-ны харьяа Усны газрын Усны хяналт шинжилгээний хэлтсийн дарга Д.Сайханжаргалаас тодрууллаа.
-Авто угаалгын газруудын цэвэр ус ашиглалт болон хаялтын зөрчлийн талаар мэдээлэл өгөөч?
-Улаанбаатар хотын ус ашиглалтын 0.2 хувийг авто машин угаалгын газрууд эзэлж байна. Усны нөөцийг бохирдож, хомстохоос хамгаалах зорилгоор Байгаль орчны яам болон холбогдох төрийн байгууллагууд усны газар хамтран Ус бохирдуулсны төлбөрийн тухай хууль, Усны тухай хуулийг хэрэгжүүлэн ажилладаг. Хуулиар ашиглагч нь хамгаалагч, бохирдуулагч нь төлөгч байх зарчим хэрэгжээд авч байгаа усаа ашиглахаас гадна хаяхдаа бид тодорхой хэмжээгээр стандартын шаардлага хангаж байгаль дэлхийд болон төв шугамд нийлүүлэх хэрэгтэй байдаг.
Тухайлбал, төв шугамд нийлүүлэхдээ бид 65,61 гэсэн стандарт тогтоож, тэндээсээ туул гол руу нийлүүлэхдээ 40,43 гэхчлэн стандартуудыг хангуулаад хаяж байх ёстой. Тэгэхээр машин угаалгын газрууд 2022 оны байдлаар гурав дахин их бохирдуулсан усыг стандартаас давуулж шугамд нийлүүлдэг тохиолдлууд гарсан.
-Саарал ус ашигладаг авто угаалга энэ чиглэлийн ААН байгаа юу?
-2020 оноос эхлээд машин угаалгын газруудыг ашигласан усаа урьдчилан цэвэрлээд дахин ашиглах тоног төхөөрөмжүүдийг суулгах шаардлагатай гэсэн шаардлагыг Ус суваг удирдах газар болон холбогдох төрийн байгууллагуудад хүргүүлсэн. Улмаар 34 нэгж байгууллагууд тодорхой хэмжээгээр ус цэвэршүүлэх тоног төхөөрөмжтэй болсон.
-Саарал ус ашиглаж байгаа ААН-д ямар дэмжлэг үзүүлэх вэ?
-Ус бохирдуулсан төлбөрийн тухай хуульд хэрвээ усыг цэвэршүүлж ашиглавал цэвэршүүлж эргүүлэн ашигласан усны хэмжээгээр төлбөрөөс чөлөөлөх ААН байгууллагуудыг дэмжсэн зохицуулалтууд байдаг. Тэгэхээр энэ чиглэлд л дэмжлэг үзүүлнэ.
-Саарал усны төхөөрөмжид чанарын шаардлага яригдах уу?
-Ямар усыг ашиглах шаардлагатай вэ гэхээр бид 2018 онд 67,34 гэж стандарт баталсан байдаг. Тэгэхээр энэ нь дахин ашиглах цэвэршүүлсэн усны техникийн ерөнхий шаардлага. Энэ дээр аливаа усыг ус ашиглагч хэрэглээд хаяж байгаа тохиолдолд стандартын шаардлага хүртэл цэвэршүүлсэн усыг гурван чиглэлд ашиглаж болж байгаа. Тухайлбал, үйлдвэл, үйлчилгээ, хүрээлэн байгаа орчин буюу ДЦС-ууд, байгалийн гал унтраахад, авто угаалга, байгууллагууд ашиглаж болно гэсэн үг. Тэгэхээр бид дахин ямар усыг ашиглах вэ гэдэг стандартыг боловсруулж, батлуулаад мөрдөн ажиллаж байна.
-Зарим хүмүүс стандарт хамаарахгүй саарал ус л бол хортой гэсэн ойлголттой байдаг. Тэгэхээр энэ тал дээр ерөнхий мэдээлэл өгвөл?
-Саарал ус гэдэг нь бидний ахуйгаас гарч байгаа буюу өтгөн шингэн нийлээгүй бусад ахуйгаас гарч байгаа ус. Тэгэхээр банн, дүүш, угаалгын машин зэргээс гарч байгаа усыг саарал ус гэж хэлээд байгаа юм. Өтгөн, шингэн буюу нойлоос гарч байгаа ус болохоор хар ус болдог. Харахад ч өнгө нь саарал ус байдаг. Гэхдээ Монгол Улсын хэмжээнд та бүхний мэдэхээр бидний шугам хоолой бүгд саарал болон хар ус нь нийлсэн шугам хоолойнууд явдаг. Иймд Монгол Улсын Засгийн газар, АНУ-ын засгийн газар хоорондын мянганы сорилтын сангийн компакт гэрээ гэж байгаа. Энэ гэрээ 2025 он хүртэл хэрэгжих хүрээнд бид Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг цэвэршүүлээд, цэвэрлэсэн усаа техникийн ус руу өгч байгаа юм. Тэгээд мэдээж шаардлагатай бол машин угааж болно. Тэгэхээр Монгол Улс анх удаа хаясан усаа цэвэршүүлээд дахин ашиглах боломжтой стандартад хүргэдэг үйлдвэр барьж байна. Энэ үйлдвэр маань 2025 онд ашиглалтад орохоор үйл ажиллагаа нь эхлээд бүтээн байгуулалтын ажил явж байгаа.
Саарал ус гэдэг нь Европын EN 12056 нормын дагуу угаалтуур, угаалгын машин, ванн, шүршүүр, гал тогооны тосгуур зэргээс урсан гардаг, найрлагадаа ялгадас, шээс агуулаагүй хаягдал ус юм. Харин эдгээрийг тусад нь авч цэвэршүүлээд дахин ашиглахыг саарал усны технологи гэж нэрлэдэг.
Улаанбаатар хотод 240 гаруй авто машин угаалгын газар байдаг. Үүнээс 34 нь саарал ус ашиглах шахуурга, тоног төхөөрөмж суурилуулжээ. Тус угаалгын газрууд бохирдлоос нь хамаараад бага оврын нэг машиныг угаахад 50-60 литр ус зарцуулдаг байна. Харин олон автомашин хүлээн авах хүчин чадалтай, том угаалгын газрууд нэг машин угаахад ойролцоогоор 100-150 литр ус зарцуулдаг аж.
Бохир ус цэвэршүүлэх технологи нэвтрүүлсэн эдгээр угаалгын газрын нэг нь “Эко экспресс” авто угаалгын газар юм. Тус угаалгын газар саарал усыг дахин ашиглах технологийг 8 жилийн өмнө нэвтрүүлжээ.
Эко экспресс авто угаалгын газрын үйл ажиллагааны менежер Я.Тулга “Манайх 2015 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Авто угаалгын газар нээсэн цагаасаа хойш саарал ус ашиглаж
байна. Төхөөрөмжөө Америкаас оруулж ирсэн. Coleman Hanna брэндийн автомат конвейр, угаалгын бодисуудыг ашигладаг. Энэ технологи нь саарал усаа 60-70 хувийг нь эргүүлэн ашиглаж болдгоороо онцлогтой. Энэ нь тооцоогоор нэг машин угаахад 80 литр цэвэр ус ашигладаг бөгөөд саарал усаар дахин хоёроос гурван удаа угааснаар 200 гаруй литр ус хэмнэдэг. Түүнчлэн манайд 9-15 тонн ус хадгалах багтаамжтай 4 худаг байгаа. Бүгдээрээ өөр, өөр түвшинтэй усыг нь физик чанараар нь бохир нь доошоо тунаад цэвэр ус нь дээрээ тунадаг. гэсэн үг. Буцааж соруулахдаа 3 фильтерээр шүүж дамжуулдаг. Долоо хоног тутамд нэг удаас саарал усаа шинэчилдэг. Өвлийн улиралд саарал ус ашиглахад тохиромжгүй. Нүүрсний тоос тортогтой усыг худагт цэвэрлэхэд Нефтийн бүтээгдэхүүн шиг хар болчихсон байдаг” гэв.
Д.БАТТОГТОХ