Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба Хятадад айлчилж, Оростой хийж буй дайнд “шударга энх тайван” тогтоох арга замын талаар БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй гурван цаг гаруй ярилцсан байна. Сайд Дмитрий Кулеба 2022 онд Орос улс бүрэн хэмжэний дайн дэгдээснээс хойш Хятадад айлчилсан Украины хамгийн өндөр албан тушаалтан болж байгаа юм.
Хэлэлцээний дараа Украины төлөөлөгчид Ройтерс агентлагт “Хэлэлцээ дууссан. Нийтдээ тэд төлөвлөснөөс илүү гурван цаг гаруй уулзсан. Энэ бол маш гүн гүнзгий бас тодорхой яриа болсон” гэж мэдээлжээ. Харин Украины ГХЯ-ны мэдэгдэлд дурдсанаар, хэлэлцээний гол сэдэв нь Оросын түрэмгийллийг зогсоох арга зам, Украинд “тогтвортой, шударга энх тайван” тогтооход Хятад улсын гүйцэтгэх үүрэг байсан гэж дурджээ. Хэлэлцээний үеэр сайд Кулеба “Украинд шударгаар энх тайвныг тогтоох нь Хятадын ашиг сонирхолд нийцнэ. Ялангуяа Европтой хийх Хятадын худалдаанд дэмжлэг болно. Украин Европын Холбоонд гишүүнээр элсэх нь тодорхой болсон учир Бээжин, Киев хоёр харилцаагаа хөгжүүлэх нь зүйтэй. Оросын түрэмгийлэл зөвхөн Украины хөгжлийн замд бус олон улсын тогтвортой байдал, сайн хөршийн харилцааг хөгжүүлэх, ялангуяа Хятад, Европын худалдааны хөгжилд саад учруулж байна” гэж онцлон тэмдэглэсэн байна. Украины Гадаад хэргийн сайд мөн “Киев Хятад, Бразилийн хамтарсан байлдааны газар нутгийг тэлэхийг зогсоох, дайсагналцах, өдөөн хатгах үйлдлээс татгалзах гэсэн гурван зарчмыг баримталсан энхийн хэлэлцээ хийх байр суурийг судалсан” гэж мэдэгдсэн байна. Харин “Ройтерс” болон Украины хэвлэлүүд “Кулеба Хятадын ГХЯ-ны тэргүүн Ван И-д Киев Оростой “тодорхой үе шатанд” хэлэлцээ хийхэд бэлэн байна. Иймээс Москва шударга хэлэлцээнд бэлэн байх ёстой гэж хэлсэн” хэмээн мэдээлжээ.
Орос Украинд халдсаны дараа барууны орнууд Орост олон бараа нийлүүлэхийг хориглосон бөгөөд уг хориг арга хэмжээнд нэгдээгүй Хятадыг Москвад зэвсэг үйлдвэрлэхэд тустай бүтээгдэхүүнээр хангаж байна гэж буруутгаж байгаа билээ. Тэгвэл Хятадын ГХЯ-ны мэдэгдэлд “Украин, Хятад хоёр бол стратегийн хамтын ажиллагааны харилцаатай найрсаг улс юм. Тэд бие биенээ хүндэтгэж, эрх тэгш харилцаж, харилцан ашигтай хамтын ажиллагаа үргэлжлэн хөгжиж байна. Ван И дарга хэлэлцээний үеэр, Хятад улс “Украины хямралыг” улс төрийн аргаар шийдвэрлэхийг үргэлж дэмжиж ирсэн. Сүүлийн үед нөхцөл, цаг нь хараахан бүрдээгүй байгаа ч Украин, Оросын аль аль нь хэлэлцээрт бэлэн байна гэсэн янз бүрийн дохиог илгээж байгаа бөгөөд бид энхийн хэлэлцээг сэргээж энх тайвныг дэмжих бүх хүчин чармайлтыг дэмжиж, гал зогсооход бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна” гэж дурдаад сайд Кулеба Ван И даргад “Украин Оростой яриа хэлэлцээ хийхэд бэлэн байна. Мэдээжийн хэрэг, зөвшилцөл нь шударга бөгөөд тогтвортой энх тайванд хүрэхэд чиглэсэн үндэслэлтэй, бодитой байх ёстой” гэж хэлснийг онцолсон байна.
Владимир Путины хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Хятадад болсон хэлэлцээний талаар сэтгүүлчдийн асуултад “Энэ мессэж нь бидний байр суурьтай нийцэж байна гэж хэлж болно, Оросын тал хэзээ ч хэлэлцээрээс татгалзаж байгаагүй, хэлэлцээрийн үйл явцад нээлттэй байсаар ирсэн гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Гэсэн хэдий ч мөргөлдөөнийг шийдвэрлэх асуудалд “нарийвчилсан мэдээлэл чухал” бөгөөд Оросын эрх баригчид үүнийг хараахан мэдэхгүй байгаа тул нэмэлт тодруулга хүлээж байна” гэж хариулжээ.