Цахим орчинд гарсан мэдээллээр толгойгоо цэнэглэдэг, тэндээс уншсан юуг ч гэсэн үнэн хэмээн итгэдэг, ямар нэгэн анализ дүгнэлт хийдэггүй, хийхийг ч хүсдэггүй хүмүүсийг дижитал харанхуй хүн хэмээн нэрлэжээ. Одоо цагт ийм хүмүүс нэлээд олширч байгаа аж. Энэхүү дижитал хүмүүс ямар нэгэн мэдээллийг цензургүй хүлээн авч бат итгэдэг. Дараа нь дахин өөр мэдээлэл аваад мөн л шууд итгэдэг.
Энэ мэт давтамжтай мэдээлэл нь байнга солигдох боловч бүгдийг нь үнэн гэж итгэдэгт тэдний гол асуудал оршдог байна. Өөрөөр хэлбэл, тогтсон үзэл бодолгүй маш туйлбаргүй хүмүүсийг ингэж нэрлээд байгаа ажээ.
Хүүхдүүд интернэтэд хэт их цаг зарцуулах нь найзуудаасаа хөндийрөх шалтгаан болдог. Өөрийнх нь аз жаргал интернэт орчин мэтээр төсөөлж, зөвхөн тэндээ л сэтгэл зүрхээ зориулдаг. Ингэснээр найз нөхдөөсөө холдон хажиг зожиг болдог. Үүний бэлээхэн жишээг бид бишгүй л ярьдаг. Эмээгээ эмнэлэгт сахихаас дургүйцдэг залуу цахим хуудаснаа “Эмээгийн бие өвдсөн. Сэтгэл зовоод үхэх нь ээ” гэж бичдэг. Уг нь тэр залуу эмнэлэгт эмээгээ нэг өдөр ч болов сахьсан бол жинхэнэ халуун харилцаа, амьдралын үнэ цэнэ, хайрыг мэдрэх байлаа.
Харин түүнд цахим орчноос элдэв хэрэгтэй хэрэггүй мэдээлэл үзэж, цахимаар эмээдээ санаа зовох нь хамаагүй амар хялбар учраас эмнэлэг явдаггүй. Иймэрхүү хүмүүсийг л дижитал харанхуй хүмүүс гэж нэрлээд байгаа юм.
Д.ОюУНтУяА