“Дэвшил трейд” компанийн тариалсан өргөст хэмх, улаан лооль өмнөх жилүүдийн жишгээр өнгөрсөн гуравдугаар сарын эхээр нийслэлчүүдийн хэрэглээнд хүрч эхэлжээ. Өөрөөр хэлбэл жил бүрийн гуравдугаар сараас арваннэгдүгээр сарын хооронд тус компанийн өргөст хэмх, улаан лоолийн тариалалт болон ургац хураалт зэрэг явагддаг гэсэн үг. Харин арванхоёрдугаар сард үрсэлгээгээ хийдэг бол, нэгдүгээр сараас хүлэмжиндээ шилжүүлж тарьдаг байна. Ийн гуравдугаар сараас ургацаа хураах циклээр ажилладаг юм байна. Тус компанийн үйл ажиллагааг сурвалжлахаар “Дэвшил трейд”-ийг зорилоо. “Монос”-ын уулзвараас чанх урагш Сонсголонгийн замаар хагас км орчим яваад “Дэвшил трейд” хэмээх хаяг бүхий бетонон хашаа харагдлаа. Тус компанийн захирал М.Болормаа “Өдөр бүр шинэхэн бас цэвэр байгалийн гаралтай нарийн ногоог хэрхэн тариалдаг талаар газар дээрээс нь сурвалжлахаар ирсэнд баярлалаа” гэсээр биднийг угтсан юм.
Хашааны урд хэсэгт тус бүр нь 1.5 га талбайг хамрах томоо гэгчийн хоёр ч шилэн хүлэмж харагдана. Чухам үүн дотор л бидний “Дэвшлийн” хэмээн нэрлэж заншсан, шинэхэн хэрнээ амтлаг өргөст хэмх, улаан лоолийг тариалдаг юм байна. Нэгэнд нь өргөст хэмх, нөгөөд нь улаан лоолио ургуулдаг. Нарны гэрлээс хортой туяаг нь дотогш нэвтрүүлэхгүйн тулд шилэн хүлэмжээ байгалийн шохойгоор буджээ. Харин дээрх хүлэмжийн ардхан талд энд тэндээс нь гялгар уут унжсан төмөр сараалж харагдана. “Дэвшил трейд” компанийн захирал М.Болормаа “Өмнө нь хүлэмжний төмөр сараалжаа, плёнк буюу зузаан гялгар уутаар бүрээд, тэндээ тариалалт явуулах гэж оролдсон. Гэтэл хаврын ганцхан удаагийн салхинд гялгар цаас нь урагдаж, сэмрээд иймэрхүү байдалтай болчихсон. Тэгээд ч Сонсголонгийн энэ хавьд хавар үе, үе хүчтэй хуй дэгддэг. Гялгар уутаар бүрсэн хүлэмж байтугай шилэн хүлэмжний дээврийг хуу татна шүү дээ” гэснээ “Орохоосоо өмнө энэ ариутгасан цагаан халаатыг өмсчих. Тэгэхгүй шууд гадны хувцастайгаа орчихож болохгүй. Гадуур хувцас дахь гадны биет, нян хүлэмжинд орчихвол өргөст хэмх, улаан лооль ургахгүй. Хүнээр төлөөлүүлбэл өвчилнө гэсэн үг” гээд бидэнд ариутгасан цагаан халаат өмсгөв. Эхний шилэн хүлэмж рүү ортол өөдөөс халуун, чийглэг агаар хамар цоргино. Энд тогтмол 21-ээс 23 градусын дулаан бөгөөд чийглэг байдаг аж.
Барагцаагаар нэг метр гаруйн өргөнтэй цементэн замын хоёр тал руу эгнүүлэн таазанд уяж тогтоосон утсыг ороон ургах далбагар том ногоон навчит ургамлын энд тэндээс жижигхэн, үрчгэр өргөст хэмх цухуйжээ. Ийн хүлэмжийн баруунаас зүүн зах хүртэл хоорондоо нэг алхмын зайтай дээш мушгиран ургах ургах навчит ургамлаар “ногоон шугам”-ууд татсан мэт харагдана. Хүлэмжийн гүн рүү явах тусам өргөст хэмхийн хэмжээ томорч, эсрэг буланд хүрэхэд боловсорч гүйцсэн өргөст хэмх байх аж. Өргөст хэмхээ долоо хоногт гурван удаа, улаан лоолио хоёр ч удаа хураан авдаг юм байна. Биднийг очихын өмнөх өдөр өргөст хэмхээ хурааж дууссан хэдий ч маргааш дахин хураана даа гэцгээж байлаа. Хүлэмжний гол хэсэгт намхан сандал дээр тавьсан хөгжмөөс зохиолын дуу аядуухан эгшиглэнэ. “Дэвшил трейд” компанид найм дахь жилдээ ажиллаж буй ногоочин Ц.Лхагвадуламын хэлснээр дуу хөгжмийн намуухан, эгшиглэнтэй аялгуу өргөст хэмхийг жигд бөгөөд хугацаандаа ургаж гүйцэхэд чухал нөлөөтэй аж. Улаан лооль ч мөн ялгаагүй. Тэрээр “Жимс ногоо, ургамал бүгд амьтай. Энхрий сайхан үгсээр магтаж, аялгуулаг хөгжим сонсгоод байвал өргөст хэмхийн ургац хурдан байдаг. Тэр бүү хэл бид хүлэмжиндээ нэгэн рүүгээ хашгичиж, нэгэнтэйгээ муудалцдаггүй. Хэрэв тэгэх юм бол өргөст хэмхийн болц удааширч, чанар нь мууддаг” гэсэн юм. Талбайн голоор сүлжилдэх усны хоолойноос энд тэндгүй ус дусална. Ингэж дусал дуслаар хөрсийг нь усалдаг гэнэ.
Хажуухан дахь хүлэмж рүү ортол өмнөхөөсөө арай бүгчим агаад чийглэг байх юм. Энд улаан лооль тарьдаг юм байна. Биднийг орох үед ургац хураалт нь ид дундаа явж байлаа. Тав зургаан ч ногоочин дөрвөн дугуйтай, модон тавцан бүхий түрдэг тэргэн дээрээ цагаан сагснуудаа тавьчихаад, түүн рүүгээ томорч улайсан лоолиудаа хийж байлаа. Ногоочдын хэлж буйгаар нэг захаас нь нөгөөг хүртэл хураагаад дуусч байтал дахиад л нөгөө захаас нь болц нь гүйцээд хурааж эхэлдэг гэнэ. Ургацаа хураахын хажуугаар хөрсөө бордох, талбайгаа цэвэрлэх зэрэг ажлыг амжуулдгаа бас дуулгасан юм. Үхрийн баас, шувууны сангас, байгалийн шохой зэрэг нь хүлэмжний хамгийн сайн чанарын бордоо болдог гэнэ. Хэд хэдэн алхмын зайтай халуунаар үлээдэг халаагч байрлуулжээ. Халаалт муудах болон тасрах үед дээрх халаагчуудыг ашигладаг байна. Жилдээ дээрх хоёр хүлэмжээс 350-400 орчим тонн улаан лооль, өргөст хэмх хураан авдаг байна.“Дэвшил трейд” компани Голландын “Энза Зайден” компанитай 1998 оноос өдийг хүртэл хамтран ажиллаж байгаа бөгөөд тухайн компани Монголын орчин, хөрс агаарт тохирсон сортыг гарган, тус компанид нийлүүлдэг аж.
“Дэвшил трейд” компанийн захирал М.Болормаа “Энэ хашаан дотор 1958 онд Амгалан сангийн аж ахуй байгуулагдаж байсан. Харин 1972 онд Болгарын буцалтгүй тусламжаар нэг бүр нь 1.5 га талбай бүхий энэхүү хоёр хүлэмжийг барьсан. Үүнийг нь 1998 онд хувьчилж аваад, “Дэвшил трейд” компаниа байгуулж байлаа.Анхнаасаа Монголынхоо хэрэглэгчдэд чанартай өргөст хэмх, улаан лоолийг шинэхэнээр нь хүргэе гэсэн зорилготой байсан. Өнгөрсөн хугацаанд энэ зорилгодоо хүрэхийн тулд багагүй хөдөлмөрлөсний дүнд нийслэлчүүдийн арван хүн тутмын гурвынх нь хэрэглээг бүрэн хангаж байна. Өмнө нь гурван хүн тутмын хоёрынх нь хэрэглээг хангадаг байсан ч сүүлийн үед нарийн ногоо тарьдаг ногоочид эрс нэмэгдсэн учраас бидний зах зээл хумигдсан. Гэхдээ өрсөлдөөн байгаа газар чанар, зах зээлийн жишиг үнэ тогтдог жамтай. Манай тариалсан ногоо хавар хамгийн эрт буюу гуравдугаар сарын эхээр хэрэглэгчдэд хүрдэг. Тогтмол үрийн шинэчлэлт хийхээс гадна Голланд, Израилиас мэргэжилтнүүд ирж, газар дээр нь байнга зөвлөгөө өгдөг. Хаврын нэг өдөр зуны арван өдөртэй тэнцдэг учраас бид хичээн ажиллаж байна. Ер нь газар тариалангийн салбарт цаг агаар, цаг хугацаа маш чухал. Өнгөрсөн 20-иод жилийн хугацаанд шаргуу хөдөлмөрлөсний дүнд “Дэвшлийн” хэмээх брэндийг бий болгож чадсан” гэсэн юм. Мөн тэрээр өвлийн улиралд “Дэвшил трейд” хэмээх хуурамч шошготой нарийн ногоо зарагдах болсонд сэтгэл зовниж буйгаа дуулгасан юм. Энэ тухайд “Арванхоёрдугаар сараас дараа жилийнх нь гуравдугаар сар хүртэл манай ногоо гардаггүй. Энэ хооронд хөрсөө амрааж, борддог. Тэгээд ч нарны илч багатай, хахир хүйтэн өвлийн улиралд тариалалт хийх боломжгүй. Гэтэл шинэ жилээр Дэвшлийн гэсэн хаяг шошготой өргөст хэмх, улаан лооль зарагдах болсон. Тиймээс жил гаруйн өмнө Оюуны өмчийн газар, Мэргэжлийн хяналтын газартай хамтран шалгалт хийж, манай компанийн шошгыг хуурамчаар хэрэглэдэг аж ахуй нэгжийг илрүүлж, зохих арга хэмжээ авсан. Хятадаас оруулж ирсэн ногоогоо савлаад л дээр нь монгол хаяг шошго наадаг аж ахуй нэгжүүд одоо ч байсаар байна. Өргөст хэмх, улаан лоолийг европ стандартын дагуу буюу 12-15 градуст, хуурай орчинд 21 хоног хүртэл хадгалж болдог. Гэхдээ манай ногоо цэвэр байгалийн гаралтай учраас долоо ч хонолгүй мууддаг. Ид зундаа бол өнөөдөр хураагаад, маргааш худалдаанд гараад, нөгөөдөр гэхэд үлдсэн нь муудчихдаг. Энэ нь хадгалалтыг нь уртасгах зорилгоор бид химийн нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэдэггүй гэсэн үг” гэв.
М.УУГАН-ЭРДЭНЭ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН