Categories
гадаад мэдээ

Дэвид Кэмерон: Гитлерт харуулсан бидний сул дорой байдал давтагдахыг би хүсэхгүй байна DNN.mn

Их Британийн Ерөнхий сайд асан, одоогийн Гадаад хэргийн сайд Дэвид Камерон Гитлерийг зөөлрүүлэх гэсэн бодлогын алдааг Путин дээр давтахгүй байхыг Америкийн конгрессийн гишүүдэд уриалж, Украинд олон тэрбум долларын цэргийн тусламж үзүүлэх шийдвэрийг яаралтай батлахыг уриалав. Лорд Кэмерон “1930-аад онд Гитлерт харуулсан бидний сул дорой байдал давтагдахыг би хүсэхгүй байна… 2008 онд Путин Гүржийг довтлох үед, эсвэл түүнийг Крым болон Донбассын ихэнх хэсгийг эзлэн авахад нь 2014 онд Кремлийн эсрэг авсан бидний сул дорой хариу арга хэмжээ түүнд 2022 онд өргөн хэмжээний шинэ түрэмгийлэл үйлдэх боломж олгож, бид илүү их зардал гаргах болоод байна” гэж Америкийн The Hill цахим хуудсанд бичжээ.

Камерон АНУ-ын конгрессменүүдэд хандан “Ямар ч шалтгаангүйгээр нэг улс нөгөө рүүгээ дайрч байгаа үүнээс илүү жишээг олох байтугай төсөөлөхөд бэрх зүйл” гэсэн байна. Их Британийн Гадаад хэргийн сайд цааш нь “Нэг талд барууныхны идэвхигүй байдалд тулгуурлан эзэнт гүрнээ өргөжүүлнэ гэж найдаж буй Путин сууж байна. Тэр биднийг сул дорой амьтад гэж бодож сууна. Тэрээр өөрийн энэхүү түрэмгийллийг бүтэлтэй болно гэж найдаж байгаа нь бидний амьдралдаа харсан хамгийн цочирдмоор зүйл юм. Нөгөө талд нь бид зогсож байна. Бидэнд нөөц, эдийн засгийн хүч бас мэдлэг, чадвар бий. Манай эдийн засаг Оросынхоос 25 дахин илүү байна. Харин тэр Пхеньянаас тусламж хүсэх болсон. Бидний хийх ёстой зүйл бол өөрсдийн хүчийг ашиглах явдал юм. Гол асуудал нь бидэнд ийм хүсэл байна уу? гэдэгт л байна” гэж бичжээ.

Их Британийн Ерөнхий сайд асан “Бид хурцадмал байдал буюу Кремлийн “улаан шугам” гэдэг нь огт хуурмаг зүйл гэдгийг нотолж чадсан. Учир нь Их Британи танк эсэргүүцэх зэвсгээс эхлээд их буу, танк, одоо “Storm Shad­ow” пуужин зэрэг алсын тусгалын зэвсгийг Украинд шууд өгсөн. Путин биднийг Украинд шинэ зэвсэг өгөх болгонд хурцадмал байдал үүснэ хэмээн дайсагнасан мэдэгдлээс өөр юу ч хийж чадаагүйг бид харсан” гэж дурдаад “Би үүнийг гадаадын улстөрч АНУ-ын парламентын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож байгаа явдал гэдгийг хүлээн зөвшөөрнө. Гэсэн хэдий ч АНУ-ын хамгийн ойрын холбоотон улсын албан ёсны төлөөлөгч, удирдагч асан хүний хувьд аливаа дипломат хоригоо таслан зогсоож, Конгрессийн гишүүдийг Украйнд үзүүлэх тусламжаа батлах уриалга гаргахыг би өөрийн үүрэг гэж үзэж байна” гэжээ.

Дэвид Камерон Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцохын өмнө НАТО-гийн зүүн Европын орнууд болох Болгар, Польш улсад айлчилж Украинд зориулсан цэргийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг яаралтай нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэх үеэр энэ уриалгыг нийтлүүлжээ.

One reply on “Дэвид Кэмерон: Гитлерт харуулсан бидний сул дорой байдал давтагдахыг би хүсэхгүй байна DNN.mn”

Их Британи Оросын пуужин нутагт нь хүрэхгүй гэж бодож байгаа юм байх даа…украйны дайныг зогсооход Их Британи гай болж саад хийсэн гэж Орос-украйны хэлэлцээ хийх ажлын хэсэгт байсан украйны хүмүүс батлаад байгаа биш үү???????? Орос- украйны хэдэн зуун мянган цэрэг эрсийн амийг Их Британиас нэхэх ёстой гэж бодож байна!!!!!!!!!!!!!!

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *