Монголын Хөлбөмбөгийн Холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг өсвөрийн УАШТ-ий 13 хүртэлх насны аваргууд өчигдөр тодорлоо.
Хүрэл медалийн төлөө Чингэлтэй дүүргийн “ДМЮ” болон Э.Шинэбаяр дасгалжуулагчтай “Хараацай” клубүүд тун ширүүн тоглолтыг хийсэн. Үндсэн цаг гоолгүй тэнцээгээр өндөрлөх дөхөөд байсан ч цаг дуусахаас таван минутын өмнө Чингэлтэй дүүргийн багаас Б.Ганбаяр хожлын гоолыг оруулж, багаа медалийн тавцанд хөтлөн гаргалаа.
Харин аваргын төлөөх тоглолтод “Дэрэн” “Сэлэнгэпресс”-ийг 6:2-оор илүүрхэн хожиж, энэ оны 13 хүртэлх насны улсын аварга боллоо. Тус тоглолтод Төв аймгийн Лүн сумаас УАШТ-д хүрэлцэн ирж оролцсон Ц.Мөнхболд дөрвөн гоолыг оруулан, 18 гоолтой тэмцээний мэргэн бууч болж, багийнхаа хамтаар түрүүлэв. Өнгөрсөн долоо хоногт болсон 11 хүртэлх насны хөвгүүдийн УАШТ-нд “Дэрэн” клубийн баг аваргалаад байсан бол мөн ах нар нь аваргын цомыг өргөж, алтан медалиа ихэрлүүллээ.
Шигшээ тоглолтуудын дараа тэмцээний шилдгүүдийг тодруулахад “Дэрэн” багийн Б.Мөнхсүлд шилдэг хаалгач, Ц.Мөнхболд шилдэг довтлогчоор шалгарав. Харин шилдэг хамгаалагчийн шагналыг Чингэлтэй дүүргийн “ДМЮ” клубийн А.Балжинням, хагас хамгаалагчаар “Сэлэнэгпресс”-ийн Б.Амарсанаа тодорлоо.