Categories
мэдээ энтертаймент-ертөнц

Дэнжийн мянгад ​”Ногоонбаатар” эко урлагийн Олон улсын наадам болно

Европын Холбооны Соёлын Институтийн Нэгдлээс санхүүжилттэй “Ногоонбаатар” Эко Урлагийн Олон Улсын Наадам нь монгол, франц, герман, чех уран бүтээлчидтэй хамтран энэ оны гуравдугаар сараас үйл ажиллагаагаа эхлүүлээд байна.

Наадам эхэлснээр Герман, Франц, Чех улсын уран бүтээлчид, мэргэжилтнүүд Монголоос сонгогдсон 24 уран бүтээлчтэй гудамжны болон олон нийтийн урлаг, ногоон санаачилгын талаар туршлага солилцлоо. Гаднын уран бүтээлчид Монголд ирэх ёстой байсан боловч Ковид-19 цар тахлын улмаас онлайн хэлбэрээр оролцож байгаа ажээ.

Энэхүү наадмыг Европын Холбооноос Монгол Улсад суугаа Төлөөлөгчийн газар, БНЧУ-ын Элчин сайдын яам, Монгол-Францын төв, Монгол дахь ХБНГУ-ын соёлын Гёте-Институт, Монголын Урлагийн Зөвлөл, Дүрслэх Урлагийн Академи хамтран зохион байгуулж, 976 Арт Галерейгаас санаачилсан Улаан Булан төслийн баг куратороор нь ажиллаж байна.

Төслийн хамтрагчаар Чингэлтэй дүүрэгт байрлах Уулын нуур цэцэрлэгт хүрээлэн сонгогдсон ба тус хүрээлэнгийн дотор хэсэгт болон Нарантуул 2 захаас цэцэрлэгт хүрээлэн хүртэлх 600 метр гудамжинд Ц.Ариунтөгс, М.Батзориг, Т.Энхболд, Э.Жанцанхорол, Р.Лувсандорж, Ц.Түвшинжаргал, С.Батсайхан Н.Амарсайхан, О.Төгөлдөр, Б.Идэр, Р.Чинзориг, Б.Бат-Эрдэнэ, Э.Цагаанцоож, Ж.Шижирбаатар, М.Мөнх-Эрдэнэ, Д.Отгонбаяр нарын Монголын шилдэг контемпорари уран бүтээлчид уран зураг, баримал зэрэг бүтээлүүдээ туурвилаа.

No photo description available.

Тэд бүтээл туурвих явцдаа агаарын бохирдлын хор уршгийг таниулах, олон нийтийн хандлагыг байгаль орчинд ээлтэй болгож өөрчлөх дээр анхааран ажиллах юм. Уран бүтээлчдийг ажиллаж байх явцад оршин суугчид олноор ирж үзэхийн сацуу баярлаж талархсанаа илэрхийлсээр байна. Төсөл хэрэгжиж дуусахад Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнгийн хавь ойр урлагийн орчин болон хувирах ба зам дагуу алхах иргэдэд музей үзэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх юм.

Түүнчлэн тус наадмын хүрээнд агаарын бохирдлын сэдвээр дунд сургуулийн сурагчдын дунд зургийн уралдаан, Дүрслэх Урлагийн Академийн оюутнуудын дунд иллюстраци зургийн уралдаан зарласан ба шалгарсан бүтээлүүдийг томоор хэвлэн Уулын нуур хавийн гудамжинд байршуулна.

Урлагийн хөтөлбөрүүдээс гадна тус наадмын үйл ажиллагааны хүрээнд Уулын нуур цэцэрлэгт хүрээлэнгийн төв байрыг дулаалах төслийг Европын Холбооны Монгол дахь Төлөөлөгчийн газрын дэмжлэгтэйгээр “Жэрэс” ТББ хэрэгжүүлж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *