Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага нэн ядуу өрхөд чиглэсэн төсөл хэрэгжүүлж байна

ХНХЯ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар /ХХҮЕГ/ болон “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллага хамтран “Ядуурал, гарц ба арга зам” зөвлөгөөн зохион байгууллаа. “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас “Зорилтот бүлгийн 3500 өрхийг ядуурлаас гаргаж, амьжиргааг нь дээшлүүлнэ” хэмээн зөвлөгөөний үеэр тодотгов.

Энэ үеэр “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын техникийн дэмжлэг туслалцааны салбарын үндэсний зохицуулагч Т.Энхцэцэг ярихдаа “Ядуурал, гарц ба арга зам” төслийн хүрээнд 2017-2019 онд зорилтот бүлгийн 3500 өрхийг ядуурлаас гаргахаар төлөвлөсөн. Уг төсөл 2017 оны нэгдүгээр сараас хэрэгжиж эхэлсэн бөгөөд одоогоор 600 гаруй өрх ядуурлаас гараад байна. Мөн бид туршилтын төслийг 2016 онд Сонгинохайрхан, Баянзүрх дүүргийн 250 өрхийн дунд хэрэгжүүлсэн. Үүнээс нийт 249 нь ядуурлаас амжилттай гарч чадсан. Эдгээр айл өрхийн 50 хувь нь 3-4 хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйчүүд байсан бол 50 хувь нь бүрэн дунд боловсролтой, цөөн хувь нь дээд боловсролтой байсан. Бид өрхийн орлого доогуур амьдарч буй өрхүүдэд чиглэж ажилладаг. Хамгийн эмзэг өрхөд ч хүүхдүүд амьдарч байна. Ганц хоёр төрлийн арга хэмжээ зохион байгуулаад хүмүүсийг ядуурлаас гаргах боломжгүй. Олон улсад туршигдсан нэн эмзэг нөхцөл байдлаас гаргах төслийг анх 2015 оноос туршсан. Энэ төсөлд нийтдээ 600 өрх хамрагдаж, амжилттай төгссөн. Амжилттай төгсөнө гэдэг ядуурлын шугамаас доогуур байсан өрхүүд шугамаас дээгүүр болж байгаа юм. Төсөлд хамрагдсан өрхүүдийн орлого нэмэгдэж, нэгээс хоёр орлогын эх үүсвэртэй болон бичил жижиг бизнес хийж эхлээд байна. Тэдгээр хүмүүс өөртөө итгэлтэй болж нийгмийн ажилд идэвхтэй оролцдог болсон. Төслийн хүрээнд маш олон үр дүн гарсан. Өнөөдрийн арга хэмжээгээр хэрэгжүүлсэн ажил, туршлагаа бусад зорилтот бүлгийнхнийг сайжруулах чиглэлээр ажиллаж буй төрийн болон төрийн бус байгууллагуудад таниулах, харилцан туршлага солилцох зорилготой юм. Цаашилбал ядуурлаас богино хугацаанд гаргах цогц арга хэмжээг хэрэгжүүлснээр олон өрхийг ядуурлаас гаргах боломж харагдаж байгаа. Эмзэг өрхүүд хамгийн түрүүнд халамждаа бүрэн хамрагдах шаардлагатай. Ямар үйлчилгээг хаанаас яаж авахаа мэддэггүй. Нийгмээс хол хөндий амьдарч байгаа юм. Өрхийн суурь хэрэгцээ хангагдаагүй байдаг учраас төрөөс өгөгдөж буй халамж зөв өрхдөө хүрэх ёстой. Энэ талаас бид өрхтэйгөө хамтарч ажиллаж байна.

600 өрхийг ямар шалгуураар сонгож авсан бэ?

Нийслэлийн сонгино хайрхан, баян зүрх дүүргүүдээс өрхүүд сонгон авч төслөө эхлүүлсэн. Энэ оноос эхлэн туршлагадаа суурилан үргэлжлүүлж нийтдээ 14 аймаг нийслэлийн зургаан дүүргээс нийт 3000 өрхийг хамруулан ажиллаж байна. Сонгон шалгаруулалтын хувьд тухайн төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байгаа ядуурлын хэмжээ өндөртэй орон нутаг, хороог сонгодог.

Судалгаанаас харахад ядуурлын зурааснаас доош амьдарч буй өрх хэр байна вэ?

Нийтдээ 900 мянга гаруй иргэн Монгол Улсын татсан ядуурлын шугамаас доогуур байна гэх 2016 оны үндэсний статистикийн тоо баримт бий. Энэ нь 2014 оноос ядуурлын түвшин найман функтээр дээшилсэн байгаа юм. Тогтвортой хөгжлийн зорилтод ядуурлыг тэглэнэ гэсэн зорилттой ажиллаж байгаа. Үүнд хүрэхэд маш их хүчин чармайлт шаардана. Ядуурлаас гарахад бүх талын оролцоо чухал. Зөвхөн материаллаг зүйлсээр дэмжлэг өгөөд зогсохгүй бүх талаар нь дэмжих хэрэгтэй. Эдгээр хүмүүс нийгмээс алслагдчихсан байдаг. Нийгмийн янз бүрийн албан ба албан бус үйл ажиллагаанд хамрагддаггүй. Энэ байдал нь хүмүүсийг өөртөө улам итгэлгүй болгодог. Тиймээс бид нийгэмд тэдгээр хүмүүсийг идэвхтэй байлгах, хөгжүүлэх, өөртөө итгэлтэй болгох замаар цогц үйл ажиллагаагаа явуулж байна” гэв.

Мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын Суурин төлөөлөгч Филип Ийвэрт ярихдаа “Манай байгууллагын үндсэн ажил нь хүүхдийн сайн сайхны төлөө чиглэсэн байдаг. Өнөөдөр ядуурал ярихад хэцүү, шийдлийг нь олоход ч маш хэцүү. Төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын байгууллагууд хамтарч ажиллаач ээ гэсэн үүднээс энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Бидний хувьд төгсөлтийн аргачлал гэх төслийг хэрэгжүүлээд явж байна. Төслийн хүрээнд бид айл өрхүүдийн амжиргааг дээшлүүлэхэд чиглэсэн ажлууд хийдэг. Өнөөдөр уг төслөө танилцуулж байгаа юм. Ядуурал маш олон зүйлсээс шалтгаалдаг. Юуны түрүүнд ядуурлын шалтгаанаа тодорхойлох хэрэгтэй. Богино хугацааны ажил ядуурлыг бууруулахгүй. Ядуурлаас гарахад урт хугацааны төсөл хөтөлбөр хэрэгтэй. Тогтвортой удаан хугацаанд хийх төслүүд хэрэгжүүлэхдээ төрийн болон төрийн бус байгууллага хамтран ажиллаж байж шийдвэрт хүрнэ” гэв.

Төсөлд хамрагдсан иргэн Ц.Лхагвасүрэн ярихдаа “Би төрөөс өгдөг халамжийн тухай мэддэггүй байсан. 2015 оны наймдугаар сард хорооны хэсгийн ахлагч өрхийн амьжиргааны судалгаанд хамрагдах санал тавьсан юм. Төсөлд өрхийн амжиргааны түвшин доогуур иргэдийг сонгосон. Тэдгээр хүмүүсийг хийж чаддаг зүйлээр нь 15 хүний бүрэлдэхүүнтэйгээр багуудад хуваасан. Баг тус бүр дундын хуримтлал үүсгэсэн. Мөн “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагаас 45 хоногийн мэргэшүүлэх сургалтад биднийг хамруулсан юм. Төслийн хүрээнд хоёр ширхэг оёдлын машин өгснөөр гэрээр оёдол хийж эхэлсэн. Хорооны хэсгүүдэд борлуулж, захиалга авах зэргээр ажиллаж байлаа. Дараа нь дундын хуримтлалаас 200 мянган төгрөгийн зээл авч лангуу түрээслэн ажиллаж байна. Төсөлд хамрагдсанаар манай өрхийн амьжиргааны түвшин дээшиллээ.” гэв.


Э.АНУДАРЬ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *