Францын гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Лореаль” компанийн эзэн Лилиан Беттанкур 94 насандаа нас барсан тухай түүний ар гэрийнхэн мэдэгдсэнийг Их Британийн “Би-Би-Си” телевиз уламжилжээ.
Түүний ар гэрийнхний мэдэгдсэнээр, Л.Беттанкур энэ долоо хоногийн лхагва гарагийн шөнө “амар тайван”-аар амьсгал хураасан байна.
2017 оны тооцоогоор, хатагтай Л.Беттанкур нь 33 тэрбум еврогийн хөрөнгөтэйгөөр “дэлхийн хамгийн баян эмэгтэй” гэгдэж байв.
Тэрбээр 2012 онд компанийнхаа ТУЗ-өөс гарснаасаа хойш олон нийтийн арга хэмжээнд төдийлөн оролцохоо байсан бөгөөд түүнийг сэтгэцийн олдмол өвчин туссан гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарч байсан юм.
“Лореаль” компанийн ерөнхий захирал Жан-Поль Агон өчигдөр мэдэгдэл хийхдээ “Хатагтай Л.Беттанкур нь компани, ажилтнууддаа байнга анхаарал тавьдаг гайхамшигтай хүн байсан. Энэ компанийн амжилт түүнтэй салшгүй холбоотой. Биднийг энэ үзэсгэлэнт эмэгтэй үүрд орхин бурхны оронд заларлаа. Бидний сэтгэлд түүний гэгээн дүр төрх, эелдэг найрсаг зан чанар үүрд хоногшин үлдэх болно” гэжээ.
“Лореаль”-ийн вант улс
Хатагтай Л.Беттанкурын хөрөнгө, үүний дотор “Лореаль”-ийн хувьцаа нь түүний охин Франсуа Беттенкур-Мейерст очжээ.
Хоёр зээ охиных нь нэг болох Жан-Виктор Мейерс эмээгээ залгамжлан “Лореаль”-ийн ТУЗ-д орсон байна.
Л.Беттанкурын эцэг Эжен Шуллер 1909 онд үсний будагны компани үүсгэн байгуулж байсан нь өнөөдөр дэлхийд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр тэргүүлэгч “Лореаль” компани болж өргөжөөд байна.