Categories
мэдээ нийгэм

Дэлхийн Буддист эмэгтэйчүүд Монголд чуулж байна

Дэлхийн Буддист эмэгтэйчүүдийн “Гэгээрэл рүү замнах нь” сэдэвт гуравдугаар хурал өнөөдөр буюу наймдугаар сарын 1-нд Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдэд эхэлжээ.

Энэхүү хуралд дэлхийн 15 орны 300 гаруй эмэгтэй оролцож байгаа ажээ. Үүнд, Швейцар улсын “Асрал” төвийн тэргүүн Уйли Миндэр, ОХУ-ын Түвдийн өргөөний дэд ерөнхийлөгч Н.А.Беркенгейм, АНУ-ын Санта Барбарагийн их сургуулийн доктор, профессор Вэсна Валлас зэрэг зочид төлөөлөгчөөс гадна Баян-Өлгий, Өвөрхангай, Ховд аймгаас эмэгтэйчүүд оролцож, илтгэл хэлэлцүүлж байна.

“Гэгээрэл рүү замнах нь” сэдэвт гуравдугаар хурал хоёр өдөр үргэлжлэх бөгөөд маргааш “Монголын буддист эмэгтэйчүүдийн нийгэмд гүйцэтгэх үүргийг дээшлүүлэх нь ” сэдвийн хүрээнд илтгэл хэлэлцэх аж.

1990 оноос Монгол оронд буддын шашин эргэн сэргэснээр эмэгтэйчүүдийн сүм хийд, шашны төвүүд бий болж, эмэгтэйчүүд буддын гүн ухаан, зан үйлд суралцах болжээ. Мөн тэр үед Энэтхэг улсаас Монгол улсад сууж байсан Элчин сайд Бакула Ринбүүчи хандмаа нарт сахил, санваар хайрлаж, хутагтын орноо шашны гүн ухаанд суралцуулахаар илгээж, эмэгтэйчүүд бурхан шашны ном, буяны үйлсэд шамдах болсон байна.

О.ӨНӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *