Categories
мэдээ цаг-үе

​Дэлхийн бизнес загварыг өөрчилж буй “ТЕСЛА”

Цэнхэр гаригийн сайн сайхны төлөө ажилладаг бизнесүүдийн нэг бол Элон Маск ба “Тесла”. “Тесла”-г Элон Маскгүйгээр, Элон Маскийг “Тесла”-гүйгээр төсөөлөхөд бэрх учраас холбоос үгээр илэрхийлэхээс аргагүй л дээ. “Тесла” компанийн шатахуун хэрэглэдэггүй цахилгаан машин сүүлийн үед дэлхийг жинхэнэ шоконд оруулж байна. Дэлхий даяар сэргээгдэх эрчим хүчинд анхаарлаа хандуулж эхэлсэн, ирээдүй хожим нар, салхи, уснаас цахилгаанаа гаргаж авах нь тодорхой болчихсон одоо цагт цахилгаан машинууд байгальд халгүй хамгийн гоё хэрэглээ. “Тесла моторс”-ын анхны загвар Roadster хэмээх спорт машин. Хоёр хаалгатай дээвэр нь онгорхой спорт машин мэдээж тухайн үедээ шуугиан тарьсан. Нэг удаа бүрэн цэнэглээд, 394 километр зам туулах чадвартай, дөрөв хүрэхгүй секундэд 100 км цагийн хурд авдаг хүчтэй энэ машины үнэ нь 69 мянган ам.доллар байв. Дараагийн загвар нь дөрвөн хаалгатай Model S гэдгийг машин сонирхогчид андахгүй.

-ГАЗРЫН ТОСНЫ ТОМЧУУДЫГГ ШОКОНД ОРУУЛСАН “ММОДЕЛЬ-3”-

“Тесла”-гийн бензинээр биш цахилгаанаар ажилладаг машинууд эхэндээ хэнийг ч түгшээдэггүй байв. Мөнгөтэй цөөнхийн хэрэглээ байсан учраас тэр л дээ. Харин сүүлийн үед шатахууны бизнес эрхлэгчид, газрын тосны томчууд, машин үйлдвэрлэгчид “Тесла” руу муухай хараад эхэлчихлээ. Тогоор ажилладаг машинууд дундаж давхаргынханы хэрэглээ болох гэж байгаа учраас тэр. Дэлхийн бизнес загварыг өөрчлөх нь гэсэн болгоомжлол төрүүлж буй “Тесла”-гийн шинэхэн загвар бол “Модел-3”. Үнэ нь дажгүй, дундаж давхаргынхан төвөггүй худалдаад авчих боломжтой гэдгээрээ олныг хошууруулж байгаа загвар. Түрүү жилийн хавар “Модель-3”-ийн захиалгын тоо 276 мянгад хүрсэн гэх мэдээлэл цацагдсан санагдаж байна. Дэлхийн хэвлэлүүд тэр үед “BMW компани жилийн өмнө 3 цувралын 476.792 ширхэг загвар зарсан гэхээр Тесла Модел 3 үнэхээр хүчтэй гарч ирлээ” гэж шуугиж байв. “Тесла”-г шинэ загвараа танилцуулсан даруйд компанийн дансанд 115 мянган хүн урьдчилаад захиалга өгсөн юм. “Модель-3”-ыг Америкаас захиалахад 1000 ам.доллар, Их Британиас захиалахад 1000 еврогийн урьдчилгаа өгч байгаа гэсэн мэдээг хэвлэлүүдийн тухайн үеийн дугаараас харж болно.

-“МОДЕЛЬ-3” ЗАГВАРЫН ҮНЭ-

Дэлхийн бизнес загварыг өөрчилж буй нь 35 мянган ам.доллар. Нэг удаагийн цэнэглэлтээр 364 км зам туулах чадалтай. 100 км.цаг хурдыг зургаа хүрэхгүй секундэд авна, автомат жолоодлого ба супер цэнэглэлтийн горимтой, таван хүний суудалтай зэрэг нь захиалгад дарагдах шалтгаан болсон нь ойлгомжтой. АНУ-ын Невада мужид 400 хавтгай шоо дөрвөлжин талбайд баригдаж буй үйлдвэр ашиглалтад орвол, жилдээ 500 мянган машин үйлдвэрлэх боломжтой гэж компанийн зүгээс мэдээлж буй. Ингэснээр тус компани одоо үйлдвэрлэж байгаа хэмжээнээсээ 10 дахин их машин гаргах боломжтой болох юм. Өнгөрсөн онд дэлхий даяар нийт хоёр сая гаруй цахилгаан автомашин борлуулагдсан мэдээг олон улсын мэдээллийн агентлагууд онцолж байна. 2040 онд 530 сая цахилгаан автомашин ашиглагдана гэсэн тооцоо бий. Хэрвээ энэ таамаг биеллээ олвол дэлхийн нийт автомашины гуравны нэгтэй тэнцэх хэмжээний цахилгаан машин хэрэглэгчдэд хүрнэ гэсэн үг. “Тесла” компани АНУ, Европ, Ази дахь супер-цэнэглэгч, цэнэглэгч станцуудынхаа тоогоо энэ оны эцэс гэхэд хоёр дахин нэмнэ гэж мэдэгдээд байгаа. Тэгэхээр цахилгаан машин хөлөглөгчид хүссэн газартаа төвөггүй хүрэх боломж нээгдэх нь.

Машин үйлдвэрлэлийн салбарт цочир шинэ өнгө болж буй “Модель-3” дэлхийн том бизнесүүдийг сандаргасан мэдээ хөвөрсөөр байна. Сүүлд гэхэд “Bloomberg New Energy Finance”-ийн судалгаанд анхаарал татахгүй байхын аргагүй тоо дуулдлаа. Тэд цахилгаан автомашины борлуулалт нэмэгдвэл газрын тосны эрэлт 2040 онд найман сая баррелаар буурна гэсэн тооцоо гаргажээ. Иран, Иракийн одоогийн олборлолтын хэмжээг нийлүүлснээс ч өндөр үзүүлэлт гэхээр цахилгаан машин “моод”-нд орох нь газрын тосны бизнесийн салбарт том цохилт болох нь тодорхой байна. Аюул ингээд зогсохгүй, 2040 онд цахилгаан автомашин бензин болон дизель хөдөлгүүртэй машиныг борлуулалтаараа гүйцнэ гэсэн судалгаа гарчээ. Энэ мөн л “Bloomberg New Energy Finance” –ийн гаргасан тооцоо. Цахилгаан автомашины эрчим хүчийг “Тесла”бүрдүүлэгч литийн ионын цэнэг хураагуурын зардал хурдацтайгаар буурах учраас ийм таамаг гаргасан гэж тус судалгааны байгууллагынхан тайлбарлажээ.

-ЭЛОН ММАСКИЙН УХААЛАГ БИЗНЕСҮҮД-

Дэлхийг өөрчилж буй ухаалаг бизнесмэнүүдийн эхэн хавьцаа бардам жагсах эрхэм бол яах аргагүй Элон Маск. Тэр Өмнөд Африкаас гаралтай АНУ, Канадын иргэн. Бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч. Элон Маскийн хувьд PayPal, Tesla, Zip2-ийг бусадтай хамтран үүсгэн байгуулсан. SpaceX-ийн үүсгэн байгуулагч. Элон Маск 2004 онд А шатны хөрөнгө оруулалт хийж “Тесла моторс”-той холбогдсон түүхтэй. 2008 оны санхүүгийн хямралын үеэр компанийнхаа гүйцэтгэх захирал болж бүтээгдэхүүн загварчлалыг нь хариуцах болсон юм. Тэр АНУ-д нарны хавтан, борлуулалт, суурилуулалтаараа эхэнд орох “Solar city”-гийн санаачлагч. Харин үүсгэн байгуулагчид нь түүний үеэлүүд. Маск “Solar city”-гийн хөрөнгө оруулагч, ТУЗ-ийнх нь гишүүн.

Дэлхийн дулаарлын эсрэг хийж буй эрчим хүчний, машин үйлдвэрлэлийн хоёр ч бизнес нь цэнхэр гаригт гэж яригдаж байгаа Элон Маскийн тухай “Bloomberg business”-ийн сэтгүүлч Ашлий Ванс ном гаргасан юм. “SpaceX”, “Tesla”,

“Solar City” гэсэн төслүүдэд мөнгөө оруулж салбар бүрт уламжлалт бизнесийн схем, тогтолцоог эвдэж буй энэ эрхэм Локхийд Мартин, Бойнг-той тулж, Орос, Хятад улсуудын эрх ашигтай ч харгалдаж байгаа тухай Ашлий Ванс номондоо онцолжээ. “Тесла моторс” бол машин үйлдвэрлэх, зарах тогтолцоог тэр чигээр нь өөрчилсөн, машинаа бензин колонктой нь зарж буй бизнес модель, машинаа вэб хуудсаараа дамжуулаад зарчих тул бүхэл бүтэн машины дилерүүдийн тогтолцоог үгүйсгэж байгаа, цахилгаан машинд тос солих шаардлага байхгүй тул сервис үйлчилгээ хийдэг бизнесийг ч мөн үгүй хийж эхэлсэн гэх мэт сонирхолтой дүгнэлтүүдээр дүүрэн уг ном хоёр жилийн өмнө шилдэг номоор шалгарч байж. Цахилгаан машинаар дэлхийг шуугиулсан Маск сансар судлалд ч өөрийн гэсэн мөртэйг үүсгэн байгуулсан SpaceX нь нотолно. 2002 онд байгуулагдсан энэ компани 2006 онд “Шонхор-1” пуужинг хөөргөж байв. Үүнээс дөрвөн жилийн дараа “Шонхор-9” пуужингаа хөөргөсөн билээ. Ганцхан удаа ашиглаж үргүй зардал их гаргадаг сансар судлалын салбарт дахин дахин ашиглах боломжтой, бага төсвөөр зорилгоо биелүүлэх пуужин зохион бүтээх нь SpaceX-ийн гол зорилго. Маскийн хувьд сансар судлалыг хямд зардалтай, мөнгөө хуримтлуулж чаддаг энгийн хүмүүст ч хүртээлтэй байх боломжийг олгохоор хичээж яваа. Цахилгаан машиныг олонд хүртээлтэй, дэлхий нийтийн хэрэглээ болгох санаа нь ажил болчихсон явааг “Model-3”-ийн амжилтаас харж болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *