Олон улсын Паралимпийн Хорооны албан ёсны түнш болох Allianz SE компанийн сарын шилдэг тамирчин шалгаруулах номинацад Монгол Улсын тамирчин Х.Энхтуяа нэр дэвшлээ. 2017 оны Пара таеквондогийн Дэлхийн аварга, Дэлхийн шилдэг эмэгтэй тамирчин болсон түүнийг Олон улсын Паралимпийн Хорооноос сонгож нэр дэвшүүлсэн аж.
Олон улсын Паралимпийн Хороо нь сар бүр нэг шилдэг тамирчин шалгаруулж, тухайн онд тив болгоноос нэг оны шилдгийн шилдэг тамирчин шалгаруулан Гала хүндэтгэлийн арга хэмжээнд урин, Дэлхийн Паралимпийн шилдэг тамирчны цомыг өгдөг уламжилтай аж.
Тухайн тамирчин Дэлхийн шилдэг Паралимпийн тамирчны цомыг авснаар Олон улсын паралимпийн хорооноос шилдэг тамирчныг Дэлхий нийтэд сурталчлах, олон улсын арга хэмжээнд урилгаар оролцуулах, бусдад үлгэр дууриалал болгох нийгмийн сайн сайхны төлөө уриалах зүтгэлтэн, элч төлөөлөгч болдог юм.
10-р сарын шилдэг тамирчны өрсөлдөөн Дэлхий нийтээр зохиогддог бөгөөд уншигч та яг одоо ч www.paralympic.org веб сайт руу орж Х.Энхтуяад саналаа өгөх боломжтой аж.
Дашрамд дуулгахад Шилдэг тамирчны санал асуулгад Х.Энхтуяагаас гадна Итали, Украйн,Дани, Японы тамирчид нэр дэвшин өрсөлдөж байгаа аж. Одоогийн байдлаар манай тамирчин нийт саналын 55 хувийг авч санал асуулгыг тэргүүлж байна.