Categories
мэдээ цаг-үе

Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмч нарыг “үйлдвэрлэдэг” АШУҮИС-ийн нэг өдөр

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Цагаан халатаар жигдэрсэн оюутны их өргөөнөө нэг өдөр өнжив. Өдгөө Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургууль нь бүрэлдэхүүний долоо, салбар гурван сургуультай, 12 мянга гаруй оюутантай, эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэдэг цорын ганц улсын сургууль юм. Монгол Улсын эрүүл мэндийн салбарын дүр төрхийг тодорхойлсон 76 жилийн түүхтэй тус их сургуулийн сургалтын чанар, зорилго, ололт амжилтын талаар сурвалжиллаа. Шавийн эрдэм багшаас гэдэг шиг анагаахын салбарт хамгийн чухал нь сайн багш. Анзаараад харвал эмч болгон багштай, багш минь тэр, багшаасаа би ингэж суралцаад гэж бахархана. Анагаахын сургуулийн багш үндсэн гурван үүргийг гүйцэтгэснээр багш хэмээх эрхэм алдрыг хүлээдэг аж. Нэгдүгээрт, сургалтын үйл ажиллагаа буюу хичээлээ заана. Хоёрдугаарт, мэргэжлийн үйл ажиллагаа буюу өвчтөн үзэх, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг явуулна. Гуравдугаарт, эрдэм шинжилгээ, судалгааны ажил зайлшгүй хийнэ. Ийм гурван үндсэн шаардлагын дор АШУҮИС-ийн 600 гаруй багш нар ажилладаг. Удахгүй АШУҮИС-ийн сургалтын Монгол-Япон эмнэлэг ашиглалтад орох тул бэлтгэл ажил гээд жинхэнэ бужигнаж байна аа. Манай улс анх удаагаа их сургуулийн эмнэлэгтэй болж байгаа нь түүхэн үйл явдал юм. Япон улс их сургуулийн 56 эмнэлэгтэй бол Солонгос улс 42 эмнэлэгтэй байдаг. Их сургууль дэргэдээ эмнэлэгтэй байх нь маш олон давуу талтай. Тухайлбал, Их сургуулийн эмнэлэгт шилдэг профессорууд, эмч нар, эрдэмтэн судлаачид ажиллаж, анагаах ухааны шинэ мэдлэг, технологийг эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэх туршилт судалгаанууд хийгдэхийн зэрэгцээ үндсэн болон төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарыг чадавхжуулан бэлтгэх юм.

Эрүүл мэндийн салбарын хөгжилд маш том ахиц гарна гэсэн үг. Өнгөрсөн 76 жилийн хугацаанд АШУҮИС улсын төв эмнэлгүүд, төрөлжсөн үндэсний ба бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд, нийслэлийн эрүүл мэндийн газрын харьяа эрүүл мэндийн байгууллагууд, хувийн хэвшлийн зарим томоохон эмнэлгүүдийг түшиглэн сургалтаа явуулж иржээ. Их сургуулийн дэргэдэх эмнэлэгтэй болох тухай төсөл санаачилга анх 2010 оны үед гарч, Японы Засгийн газраас их сургуулийн дэргэдэх сургалтын эмнэлэг байгуулах төслийг 2013 онд дэмжжээ. Ийнхүү Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар эмнэлгийн барилгыг барьж өгөхийн зэрэгцээ орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангаж байна. Хамгийн сүүлийн үеийн өндөр хүчин чадалтай эмнэлэг барихад нийтдээ 220 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт шаардагдсаны 180 орчим тэрбум төгрөг нь Японы Засгийн газраас, 10 орчим тэрбум төгрөг нь АШУҮИС-иас, үлдсэн 20-30 тэрбум төгрөг нь манай улсын Засгийн газраас гарч байгаа аж. Их сургуулийн дэргэдэх эмнэлгээс гадна өөрсдийн хөрөнгө оруулалтаар Анагаах ухааны сургууль, Монгол уламжлалт анагаах ухааны 80-100 ортой эмнэлгийг бариад дуусч байгаа юм байна.

Баянзүрх дүүрэгт баригдаж буй их сургуулийн хотхон руугаа 2020 он буюу хоёрхон жилийн дараа нүүж, хотын төвд байгаа олон барилгуудаа төрдөө хүлээлгэн өгнө гэдгээ тус сургуулийнхан зарлаад байгаа билээ. Энэхүү уламжлалт анагаах ухааны эмнэлэгт спортын гэмтлийн сэргээн засах Монголын анхны төв байгуулагдах сайн мэдээ байна. Ирэх аравдугаар сараас эмнэлэг ажиллаж эхлэх учраас АШУҮИС-иас хэдийнээ тэнд ажиллах эмч, ажиллагсдаа сургаж бэлдээд эхэлжээ. Эмнэлэг ашиглалтад орохын өмнө бэлтгэл ажил хангах “Ашиглалтын өмнөх алба”-ыг байгуулсан бөгөөд ямар хүрээнд үйлчлэх вэ, хичнээн эмч, ажиллагсад ажиллах, ямар өвчнийг оношлох, эмчлэх вэ зэрэголон талын судалгааг явуулж байгаа юм байна. Саалиа хураахаар саваа бэлд гэгчээр хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжтэй, улсын хэмжээнд үйлчлэх томоохон эмнэлэгтэй болж байгаа учраас тухайлбал, өнгөрсөн хоёрдугаар сард Япон руу дүрс оношилгооны компьютер томографи, ангиографи, соронзон резонанст томографи дээр ажиллах багш, техникч нараа явуулж, үйлдвэртэй нь танилцуулаад иржээ. Шинэ эмнэлгийн үйл ажиллагааг Япон менежмэнтээр явуулахаар төлөвлөж байгаагаа АШУҮИС-ийн Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал, дэд профессор Д.Зориг багш ярьсан. Тэрбээр их сургуулийн эмнэлэгтэй болсноор оюутнуудын хувьд сургалтын орчин эрс сайжирна. Тухайлбал, Япон менежментээр үйл ажиллагаагаа явуулах тус эмнэлэгт дадлагажих анагаахын оюутнууд Японд сурч байгаагаас ялгаагүй адил хэмжээний мэдлэг мэдээллийг тэндээс авах болно. Оюутан дадлагажина гэхээрээ шууд хүн дээр дадлага хийнэ гэсэн үг биш. Тухайлбал, нэг хичээл 20 хоног үргэлжилнэ гэхэд ядаж гурав хоног нь багш нараа дагаж эмнэлэг дээр нүдээр үзэж чихээрээ харж дадлагажина. Анагаах ухаанд төгсөлтийн дараахь сургалт буюу анагаахын боловсрол эзэмшсэний дараа дахиад хоёроос гурван жил резидент эмчээр суралцах үйл явцыг маш чухалд тооцдог. Дэлхийн их сургуулийн эмнэлгийн тогтолцоонд шилжин орох үйл явцын ард бидэнд хийх ажил бичиг цааснаасааэхлээд хүнээ сургах гэх мэт олон ажил байна гэж ярив. Сонирхуулахад, мөдхөн ашиглалтад орох гэж буй Монгол, Япон сургалтын эмнэлэг, Монгол анагаах ухааны эмнэлэгт цаасгүй технологи буюу эмнэлгийн удирдлага, бүртгэл мэдээллийн тогтолцоог цахим хэлбэрээр нэвтрүүлэхээр “MED IT” компани систем хөгжүүлэлтийн ажлыг хийгээд дуусах гэж байгаа аж. Анагаахын сургууль дээр биднийг сурвалжлагаар явж байх үед БНСУ-ын Ионсей их сургуулийн зочин профессор Ёон Мүн Чаэ, эмч Хан Ен Хүнь нар дэд захирал Д.Зоригтой уулзаж ярилцан эмнэлгийн мэдээллийн системийг хөгжүүлэх, цаасгүй эмнэлэг болоход юу хэрэгтэй, юу дутуу байгаа талаар ажлын хэсгийн санал хуваалцаж байхтай нь таарсан юм. АШУҮИС өөрсдийн санал санаачилгаар төсөл хэрэгжүүлж хотын зах руу оюутны хотхоны анхны жишиг болж нүүх гэж байгаа талаараа “Бид 2024 хүртэлх хөгжлийн бодлогоо гаргаж тавьсан. Тогтвортой урт хугацааны хөгжлийн бодлогын дагуу ажиллаж байгаа учраас бидний ажил төлөвлөснөөр урагшилж байна” гэж тайлбарласан.

АШУҮИС захирал, дөрвөн дэд захиралтай. Удирдлагын баг долоо хоног бүрийн даваа гаригт хуралдаж, өнгөрсөн долоо хоногт хийсэн ажлаа дүгнэхийн зэрэгцээгээр энэ долоо хоногт хийх ажлаа яг таг хуваарилдаг тогтсон уламжлалтай аж.

АШУҮИС-ийн Эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлого эрхэлсэн дэд захирал Анагаахын шинжлэх ухааны доктор, профессор Б.Мөнхбат сургуулийн эрдэм шинжилгээ, хөгжлийн бодлогын тухай ярихдаа “АШУҮИС эрдэмтэн багш нараа чадавхжуулах, эрдэм шинжилгээний төсөл хөтөлбөр, инноваци, шинэ технологийг нутагшуулах ажлыг дэмжин ажилладаг. Судалгаа шинжилгээний ажлын чанарыг сайжруулах гол хөшүүрэг нь судалгааны сайн лаборатори байдаг. Эрдэм шинжилгээ, судалгааны орчныг эрс шинэчлэх зорилгоор хамгийн сүүлийн үеийн шилдэг дэвшилтэт технологи бүхий орчин үеийн багаж, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон Цөм лаборатори байгуулсан. 2017 онд анагаахын салбарт ихээхэн хэрэглэгддэг эсийн фенотип тодорхойлдог эс тоологч ХБНГУын “MACS Quant Analyzer 10” багажийг суурилуулсан гэх мэтээр хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, багажтай байхыг зорьж байна” гэв. АШУҮИС дотроо “Шинжлэх ухаан, технологийг дэмжих сан” байгуулж эрдэмтэн, багш нарынхаа судалгааны төслүүдийг санхүүжүүлэх болжээ. Анх 2015 онд 500 сая төгрөгийг сандаа төвлөрүүлж эрдэм шинжилгээний дөрвөн төслийг санхүүжүүлж байсан бол жил бүр нэмэгдэн явсаар энэ 2018 онд нэг тэрбум төгрөгийг төсөвлөжээ. Ингэж судлаач багш нараа дэмжсэнээр тэдний урам зориг нэмэгдэж, сайн судалгаанууд хийгдэж, гадны хэвлэлд нийтлүүлсэн өгүүллийн тоо нь олширсон. Өнгөрсөн долоо хоногт АШУҮИС-ийн эрдэм шинжилгээний долоо хоног болж өнгөрсөн бөгөөд “Монголын Анагаахын шинжлэх ухааны Эрдмийн чуулганНэгэн жаран” арга хэмжээ болжээ. Тус сургууль жил бүр Эрдмийн чуулганаа зохион байгуулж тухайн жилд шинэлэг бүтээл, санаачилга, үр дүнтэй амжилттай ажилласан судалгааны баг, багш, судлаач нараа шалгаруулж, урамшуулан дэмждэг аж. Энэ жилийн тухайд салбар хуралдааны шилдэг илтгэлүүдэд шагнал гардуулан, АНУын Дэвис дэх Калифорнийн их сургуультай хамтарсан төслийн тэтгэлгийн батламж олгож, Томсон Ройтерсийн индекс бүхий олон улсын сэтгүүлд бүтээлээ хэвлүүлсэн багш нараа мөнгөн урамшууллаар шагнажээ. АШУҮИС-ийн Эрүүл мэндийн нийгмийн ажил, нийгмийн ухааны тэнхимийн багш О.Саранчулуун багштай уулзахад “Манай сургуулийн нүдэнд харагдахгүй нэгэн соёл байдаг. Сургуульд ажиллаж, багшилж байгаа хүмүүсээ дандаа сургаж, боловсруулахыг чармайдаг. Би жишээлбэл, гадаадын хоёр ч их сургуульд суралцаж магистр хамгаалсан. Одоо гадны их сургуульд докторантаар суралцаж байна. Эрдмийн ажлыг дэмжиж, хичээлийн хуваарьт нь зохицуулалт хийж өгөх жишээтэй” гэж ярьсан.

АШУҮИС нь жилээс жилд гадаадын их сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээгээ өргөжүүлэн, гадаадын их сургуульд докторантурт суралцах боломжийг улам нэмэгдүүлсээр байна. Зөвхөн 2018 онд Японы “Жичи”, “Доккио”, “Тохоку”, “Шига” их сургуулиудад шинээр найман багш докторантурт суралцахаар явжээ. Хамтарсан судалгааны төсөл боловсруулан хэрэгжүүлэх, докторын дараахь судалгааг дэмжин хамтын ажиллагааны шинэ түвшинд хүргэх, хөгжүүлэх талаар онцгой анхаарч, тухайлбал Японы “Жичи”гийн анагаах ухааны сургуульд хоёр доктор докторын дараахь судалгаанд үргэлжлүүлэн хамрагджээ. Европын холбооны “The Eras­mus Programme”ийн хүрээнд Испанийн “Universidad de Las Palmas de Gran Canar­ia” их сургуультай хамтран Монголын Анагаахын шинжлэх ухааны судалгаа, инновацийн чадавхыг сайжруулах төслийг хэрэгжүүлж эхэлсэн гэх мэт гадаад харилцааны мэдээллүүд арвин их. Өнөөгийн байдлаар АШУҮИС нь 17 орны 85 их, дээд сургууль болон нэр хүнд бүхий байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

Оюутнуудын хувьд мөн суралцах идэвх, чадварыг дэмжих хандлагыг чухалчилдаг тухай багш нар ярьж байв. Анагаахын оюутнуудын хувьд академик соёлыг тээсэн газар гэдэг нь анзаарагдсан. Бас хүний харилцааны талаас нь оюутнуудаа ихээхэн бэлтгэдэг юм байна. Өдөр тутам өмсдөг халатаа цэвэрхэн сайхан өмсч сурах соёлоос эхлээд усны стандарт саванд ус уухыг шаардах, охидын хумсыг урт ургуулахгүй, тод өнгөөр будуулахгүй, цээжнээс дөрвөн хуруу дээшээ задгай хувцас өмсгөхгүй байх, хүний анхаарлыг татсан ээмэг, гоёл зүүхгүй байх гэх мэт шаардлагыг оюутнууддаа тавьдаг гэдэг нь сонирхолтой санагдсан. АШУҮИСийн тавдугаар курсийн оюутан Н.Цогтсайхантай уулзахад “Манай сургууль онолын өндөр мэдлэгтэй сайн эмч болж төгсгөхөөсөө гадна хүнийг хүн болгож төгсгөдөг юм болов уу гэж би хувьдаа боддог. Яагаад вэ гэвэл оюутнуудыг нэгдүгээр курсээс нь эхлээд төгстөл нь хүнтэй зөв боловсон харьцах ёстой, хувцаслалтаасаа эхлээд зөв байх ёстой гэх зэргээр харилцааны соёл, ёс суртахууныг заадаг болохоор бусад сургуулиас үүгээрээ эрс ялгарна. Хүнийг энэрэх сэтгэлийг оюутан байхаас нь суулгаж өгөхийг зорьдог. Хүнд тусалж дэмжиж яваарай. Хүний төлөө сэтгэлтэй байгаарай гэдгийг байнга захиж сургадаг. Манай багш нар “Чи нэг бол улаан нойл байх, нэг бол 100 хувь сурах ёстой” гэж хэлдэг. Хүнийг дутуу эмчлэх тухай ойлголт нэгэнт байж болохгүй учраас анхнаасаа мэргэжлээ бүрэн дүүрэн эзэмшсэн сайн мэргэжилтэн болж төгсөх ёстой гэж үздэг” гэж ярив. Тэрээр ярихдаа оюутнуудад сургуулийн захирлын тэтгэлгийг жилд хоёр удаа олгодог болсноос хойш оюутнуудын суралцах идэвх сэргэж, эрдэм шинжилгээний ажилд оролцож, улмаар шилдэг сайн оюутнууд маань сургалтын төлбөрөө бүрэн төлөх бололцоо ч бүрдсэн талаар ярив. Тус сургуулийн оюутнуудтай уулзаж эмч мэргэжлийн жаргал, зовлонгийн талаар ярилцаж суухад “Зургаан жил эхлээд суралцдаг. Хэдийгээр төгсөөд эрүүл мэндийн байгууллагад ерөнхий мэргэжлийн эмчээр сум, өрхийн эрүүл мэндийн төвийн түвшинд ажилладаг ч төгсөгчид маань мэргэжлээ улам гүнзгийрүүлэн суралцаж үндсэн болон цаашилбал төрөлжсөн мэргэжлийг эзэмших хүсэлтэй байдаг. Тэгэхийн тулд эхлээд үндсэн мэргэжлийн эмч болох сургалт буюу резидент эмч хоёр жил хийнэ. Ингэхдээ цалин авдаггүй. Найман жил суралцсаны дараагаар сая л үндсэн мэргэжлээр ажил хийх эрх нээгдэх ч улсын шатлалын эмнэлэгт магистрийн зэрэггүй бол ажиллах бололцоогүй. Ингээд дахиад хоёр жилийн хугацаанд магистрт суралцана. Үндсэндээ арван жил суралцаж байж эмч гэдэг эрхэм алдар нэрийг хүлээдэг гэж ярьцгаасан. Олон жил суралцах нь оюутан бидэнд сэтгэл санааны болон санхүү мөнгөний хувьд “хүнд” тусах ч эмч болно гэсэн чин хүсэл эрмэлзлийн дэргэд энэ бол ялихгүй зүйл юм” гэж хэлээд инээлдэцгээж байсан юм.

АШУҮИСийн Боловсролын асуудал эрхэлсэн тэргүүн дэд захирал, Анагаах ухааны доктор, профессор Н.Сүмбэрзул “Манай их сургууль баялаг түүхтэй, сургалтыг явуулах өөрийн дэг жаягтай, үндэсний тэргүүлэх их сургуулиудын нэг. Монгол эмч нарын ур чадвар дэлхийн түвшинд үнэлэгдэж буй жишээ олныг дурдаж болно. Нөгөө талаар гадаадын олон орны эмч нар манай улсад ирж ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, үйлчлүүлэгчид маань даяаршиж буй энэ үед бидний төгсгөн гаргаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтэн маань дэлхийн түвшинд ажиллах мэдлэг, ур чадвар, хандлагатай байх ёстой гэсэн шаардлагыг бид өөрсдийн сургалтад тавин ажиллаж байна. Манай анагаахын буюу бидний хэлж заншсанаар хүний их эмч бэлтгэх хөтөлбөр маань бүсийн болон олон улсын түвшинд хэд хэдэн удаа хөндлөнгийн үнэлгээ хийлгэж байсан бөгөөд саяхан 2022 он хүртэл Европын холбооны дээд боловсролын олон улсын магадлан итгэмжлэлийн АSIIN гэдэг байгууллагаар магадлан итгэмжлэгдсэн. Ингэснээр төгсөгчид маань Хойд Америк төдийгүй Европын холбоонд очоод шууд лицензийн шалгалтад орох нь эрх нь нээгдсэн. Одоо АШУҮИС-ийн хамт олон Ази, Номхон Далайн Баруун бүсийн анагаахын шилдэг 100 их сургуулийн нэг болох зорилт тавин ажиллаж байгаа. Дэлхий нийтэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд ухаалаг төхөөрөмж маш хүчтэй нэвтэрч байгаа учраас төгсөгч тухайн мэргэжлээрээ өндөр мэдлэгтэй байхаас гадна дижитал технологийн маш өндөр мэдлэгтэй байх шаардлагатай болсон. Дижитал төхөөрөмж нэвтэрчихээр эмнэлгийн үйлчилгээ, сургалт цаг хугацаа, орон зайнаас үл хамаарч байна. Өнөөдөр АНУд байгаа эмч мэс заслын Да Винчи технологийг ашиглан Японд байгаа үйлчлүүлэгчид мэс заслын тусламж үзүүлэх хэмжээнд ухаалаг технологи хөгжсөн. Үүнийг бид нэвтрүүлэх ёстой. Манай улсын мэргэжилтнүүд өдөр болгон хөгжиж, тасралтгүй төгөлдөршиж, шинэ мэдээллийг авч, түүнийгээ ур чадвар болгож хөдөлмөрийн зах зээлд өрсөлдөхгүй бол хоцрогдчих гээд байна. Энэ үүднээс тэр тусмаа их сургуулиудад тасралтгүй инноваци явагдах нь чухал. Энэ нь гагцхүү судалгаанд л суурилна. Тиймээс их сургуулиуд судалгааг хөгжүүлэхээс аргагүй юм. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж буй баг нь олон мэргэжлийн, олон үндэсний, олон соёлтой, олон хэлтэй болох явц нэмэгдэж байгаатай холбоотой төгсөгчид маань мэргэжлийн өндөр ур чадвараас гадна багаар ажиллах, асуудал шийдвэрлэх, бусдын соёл зан заншлыг ойлгон хүндэтгэх, гадаад хэлний чадвартай байх нь наад захын шаардлага болон тавигдаж байна.

“Шавийн эрдэм багшаас” гэсэн мэргэн үг байдаг. АШУҮИС өөрийн багш нарын чадавхыг бэхжүүлэх олон талт арга хэмжээг сургууль, тэнхимээр дамжуулан хэрэгжүүлдэг бөгөөд ялангуяа сурган заах арга зүй, анагаах ухааны боловсролын талаарх сургалт, судалгааг багшийн хөгжлийн төвөөр дамжуулан хэрэгжүүлж байна. Азийн хөгжлийн банкны дэмжлэгээр БСШУСЯ-ны “Дээд боловсролын шинэчлэл” төслийн хүрээнд дорвитой олон үйл ажиллагаа явуулсны нэг нь Харвардын их сургуультай хамтран хэрэгжүүлж буй анагаахын багш нарыг чадавхжуулах “Т2Т” хөтөлбөр юм. Үүнээс өмнө мөн Солонгосын Койка байгууллагын дэмжлэгээр багш нарын чадавхыг дээшлүүлэх хөтөлбөрийг сургалт, эрдэм шинжилгээ, эрүүл мэндийн үйлчилгээний чиглэлээр, АНУын Калгарийн их сургуультай хамтран мастер багш бэлтгэх хөтөлбөрүүдийг хэрэгжүүлсэн” гэж ярив.

АШУҮИС багш нарынхаа үнэлгээг оноогоор жилд дүгнэдэг аж. Жишээлбэл, заасан хичээлээс гадна мэргэжлийн үйл ажиллагааны оноо буюу эмчээр ажиллах, эрдэм шинжилгээ судалгаа, төсөл, нийгэмд чиглэсэн үйл ажиллагаа, хурал, илтгэлд оролцсон байдал гэх зэргээр тус бүрийн оролцоог нь оноожуулан багшийн гүйцэтгэх үүргийг цогцоор нь үнэлдэг байна. Ингэж ажил, санаачилга, хандлага бүрийг оноожуулаад өгөхөөр багш нар юу хийх ёстой вэ гэдгээ маш сайн мэддэг. Тэгээд оноо нь чамлалттай тохиолдол гарлаа гэхэд хэзээ ч чи үүнийг хийсэнгүй гэж зэмлэхгүй бөгөөд “Үүнийг хийлгэхийн тулд бид танд яаж тусалж дэмжих вэ?” гэж асуудаг гэнэ.

Ийнхүү АШУҮИСийн баг хамт олон Монгол Улсын Эрүүл мэндийн салбарт анхдагч болсон олон ажлуудыг хийж байна. Хөгжлөөрөө тэргүүлж буй Австрали, Сингапур, Малайз, БНСУ, Хонконг зэрэг 37 улсын 5000 гаруй их, дээд сургуулиудтай өрсөлдөж эхний 100д багтаж орно гэдэг бол амаргүй, маш их хөдөлмөр шаардах ч бид өмнөө тавьсан зорилгодоо хүрч чадна гэдэгтээ итгэл төгс байна гэж тус сургуулийнхан хэтийн зорилгынхоо тухай ярьж байна. Сургуулийн багш, ажиллагсад оюутан хэнээс нь ч “Танай сургуулийн эрхэм зорилго юу вэ?” гэж асуухад “Бүсийн шилдэг сургууль болно” гэж хариулна байх гэж ярьцгаасан. Нээрээ л тус хамт олон зорилгоо зөв тодорхойлж, зөв менежмэнтээр гадны ололт дэвшлийг авахаар урагшилж буй нь тодорхой харагдсан.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *