Бид шинжлэх ухааны мэдлэгийг үйлдвэрлэдэг: Соёлт хүн төрөлхтөн хөгжлийнхөө явцад эх дэлхийнхээ түүхийг судлан таньж, ойлгохын тулд эртний шим судлал буюу палеонтологи хэмээх шинжлэх ухааны салбарыг бий болгосон юм. Дэлхийн чулуун мандлын тунамал хурдаст хадгалагдан үлдсэн нэн эртний амьдралын ул мөр, чулуужмал эд, эс, бие бүтэц, ор мөр зэргийг нээн илрүүлж, эртний байгал дэлхийг сэргээн тогтоож, шим ертөнцийн эрт цаг, эрин галавын түүхийг бүтээхэд палеонтологийн судлагдахуун оршдог бөгөөд судалгаа нь чулуужсан олдворт тулгуурлан хийгддэг юм. Иймээс чулуужсан олдворыг олж илрүүлэх, малтлага цуглуулгыг хийж бодит баримтыг баяжуулах нь онцгой ач холбогдолтой. Олон зуун сая жилийн хугацаанд дэлхий дээр амьд байгал хэрхэн хувьсчхөгжсөнийг танин мэдэж, хувьслын онолыг баримтжуулахад чулуужсан олдворын ач тус их юм. Орчин үеийн палеонтологийн шинжлэх ухаан судалгаандаа геологи,геохими, биологи, хувьслын онол, биохими, математикийн шинжлэх ухааны арга зүйг өргөн ашиглаж байна. Бусад шинжлэх ухааны салбартай хамтарснаар микропалеонтологи, палеоэкологи, палеогеобиохими, палеобиогеографи, ихнологи, тафономи, молекулын түвшин дэх палеонтологи, бактерийн палеонтологи гэх мэт судалгааны олон шинэ чиглэл бий болжээ. Мөн тооцоолон бодох техник, томографи, бичил биетний анализатор, электрон микроскоп зэргийг ашигласнаар судалгааны аргазүй улам нарийсан хөгжиж байна.
Монгол орон эртний шим ертөнцийн чулуужсан олдвороор дэлхийд дээгүүр байр суурь эзэлдэг бөгөөд ялангуяа үлэг гүрвэлийн судалгааныхаа үр дүнгээр шинжлэх ухааны талбарт ч, танин мэдэхүй, сонирхогчдын хүрээнд ч тэргүүлэх байр суурьтай байдаг юм. Хэдийгээр үлэг гүрвэлийн чулуужсан олдвор бараг бүх тивд олдсон мэдээ байдаг боловч умард Америк (АНУ, Канадыг хамарсан нутаг), төв Ази (Монголын Говь), зүүн өмнөд Ази (БНХАУ-ын нутаг) гэсэн гурван томоохон төв дэлхий дээр ялгарч байна.Сүүлийн арав гаруй жилийн судалгааны үр дүнд Монгол, БНХАУ-ын нутгаас онцгой ховор олдворуудыг олж, дэлхийн шинжлэх ухааны сан хөмрөгийг баяжуулсан нь өвөрмөц шинж байдлаараа шинжлэх ухаанд анх бичигдсэний зэрэгцээ судалгаа шинжилгээ, танин мэдэхүйн хүрээнд гайхал төрүүлэхүйц, дэлхийн түвшинд хосгүй, нэн ховор олдворт тооцогдож байна. Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэр эртний амьтан ургамлын олон анги бүлгийн үүслийн төв, хөгжлийн голомт байсныг манай палеонтологичид олон жилийн турш явуулсан судалгаагаараа нотолж, дэлхийн байгалийн түүхийн тухай хүн төрөлхтний шинжлэх ухаан танин мэдэхүйд багагүй хувь нэмэр оруулж ирсэн юм. Монгол оронд үндэсний палеонтологийн салбар үүсч хөгжөөд хагас зуун жил болж байна. Монголын палеонтологийн судалгааны үр дүнг дэлхий нийт хүлээн зөвшөөрч, палеонтологийн аль ч чиглэлээр ажиллаж байгаа гадны судлаач Монголын олдвор цуглуулга, судалгааны баримт нотолгоог ашиглахгүйгээр үр дүнд хүрэх боломжгүй болжээ.
Эртний амьдралын ор мөр, үлдэгдэл болох амьтан ургамлын чулуужсан олдвор цуглуулга нь ховор олддог, олдсон зарим нь тооны хувьд цөөн, чанарын хувьд хагас дутуу байдгаас урьд өмнө нь тогтоосон олдворыг шинээр олдож байгаатай нь харьцуулан анатоми, морфологийн судалгааг явуулдаг. Иймээс палеонтологийн олдворын судалгаа шинжилгээ дуусаж, дундарна гэсэн ойлголт үгүй юм. Хуучныг нь шинэтэй нь харьцуулах, судалгаа шинжилгээнд шинээр нэвтэрсэн арга, аргачлалаар өмнөхөө дахин шинжлэн нягтлах ажил байнга хийгдэх учиртай. Арга ч үгүй биз, ухаант хүн үүсч бий болохоос олон арван сая жилийн тэртээ оршиж байсан амьтан ургамал, хүрээлэн байсан орчныг таньж мэдэх нь цогц судалгаа, нягт нямбай хандлагыг шаардах нь зүй ёсны юм.
Оршин амьдарч буй эх дэлхий, хүрээлэн байгаа орчноо улам сайн танин мэдэх шаардлага хөгжлийн зайлшгүй хүчин зүйл болохын хирээр шим ертөнцийн түүхийн талаарх мэдлэгийг бодит баримт дээр тулгуурлан олон нийтэд шинжлэх ухааны үндэслэлтэйгээр таниулах зорилгоор палеонтологийн музейг байгуулах болсон байна. Палеонтологийн мэдээ мэдээлэл, бодит баримт хомсхон байсан эрт үед эртний амьтан ургамлын чулуужсан олдворыг байгалийн түүхийн музейн нэгээхэн хэсэгт дэлгэн үзүүлдэг байсан бол одоо төрөлжсөн байдлаар бие даасан музей, үзэсгэлэнгийн хэлбэрээр үзүүлэх болжээ. Эртний амьтан ургамлын олдвор цуглуулга олддоггүй улс орнууд өөр орноос олдсон олдворын хуулбараар палеонтологийн музей байгуулж байгаа нь энэ чиглэлд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл юм.Орчин цагт байгалийн түүхийн цэгцтэй мэдлэгийг ном сурах бичиг зохиох, баримтат болон уран зөгнөлт кино бүтээх, музей үзэсгэлэн зохион байгуулах замаар олон түмэнд хүргэж байна.
Шинжлэх ухаанч мэдлэг оюун ухааныг цэнэглэдэг: Английн эрдэмтэн Дэвид Марри “Музейн түүх” номынхоо эхний хуудсанд: “… Орчин үеийн музей бол шинжлэх ухааны аргазүйн дагуу системчлэгдсэн, эрдэмтэн судлаачдын судалгааны үр дүнгээр байнга баяжигдаж байдаг эртний дурсгалт зүйлс ба бусад юмсын цуглуулга юм…” гэсэн байдаг. Орчин үед музейн кунсткамер хэлбэр буюу зөвхөн эд өлгийн зүйл хадгалан үзүүлдэг хэлбэрээс татгалзан “шинжлэх ухааны ордон” гэж үзэх болсноор музейн цуглуулга бүрдүүлэх, үзмэрүүдийг үзүүлэх аргачлал үндсээрээ өөрчлөгдсөн юм. Эрдэм шинжилгээний цуглуулгын үнэ цэнэ зөвхөн ховор байдлаараа биш, басхүү цогц иж бүрдлээрээ үнэ цэнэтэй юм. Иж бүрдэл, системчлэлийн зарчим музейд тэргүүн зэргийн ач холбогдолтой болсон нь хувьсал хөгжлийн үйл явц, учир шалтгааныг олох гэсэн танин мэдэхүйн үйл явцтай холбоотой. Байгалийн орчин, цаг хугацаа, нөхцөл байдлаар системчлэгдсэн үзүүлбэрүүд хүний танин мэдэх оюуны хэрэгцээнд нийцэх болсноор музей улам бүр төрөлжиж, судалгааны байгууллага болох хандлагыг бий болгосон байна.
Дэлхийн өндөр хөгжилтэй улс орнуудад аливаа нарийн мэргэжлийн музей нь судалгаа шинжилгээний байгууллагынхаа дэргэд байдаг нь санамсаргүй хэрэг биш юм. Тухайлбал, байгалийн түүхийн болон үлэг гүрвэлийн музейнүүд АНУ-ын Симпсоны институт, Калифорнийн ШУА-ийн дэргэд болон ОХУ-ын ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн, Польшийн ШУА-ийн Палеобиологийн хүрээлэнгийн дэргэд тус тус байгуулагдан ажиллаж байгааг дурдаж болно.
Монгол улсад орчин цагийн музейн үндэс суурь тавигдсан үеэс палеонтологийн үзмэрийг музейд тавьж, олон нийтэд үзүүлж эхэлсэн байдаг. Шинжлэх ухааны анхны байгууллага болох Судар бичгийн хүрээлэн 1921 онд байгуулагдаж, Монгол улсын Засгийн газраас музейн ажлыг үүсгэн хөгжүүлэхийг тус хүрээлэнд хариуцуулсан байдаг ба тухайн үед Монгол улсын нутаг дэвсгэрт төрөл бүрийн судалгааны ажил хийж байсан орос, америкийн хайгуул шинжилгээний ангиудын судалгааны үр дүн, олдворууд музейн эх санг бүрдүүлэх чухал эх сурвалж болсон байдаг. Тухайлбал, палеонтологийн чиглэлээр Р.Ч.Эндрюсээр удирдуулсан Америкийн байгалийн түүхийн музейн экспедицийн Монголын говь нутгаас илрүүлсэн олдворууд музейн сан хөмрөгт оржээ. Улмаар 1930 он гэхэд музей геологи, палеонтологи, хөрс шороо, ургамал амьтан, археологи-түүх, этнографи, ардын аж байдал гэсэн 8 үндсэн танхимдаа 2000 гаруй үзмэрийг дэлгэн харуулж, сан хөмрөгтөө 5000 гаруй үзмэртэй болсон байв. 1940 он гэхэд Шинжлэх ухааны хүрээлэн, музейн ажилтнуудын хайгуул шинжилгээ, орон нутгаас хийсэн цуглуулгын үр дүнд түүх угсаатны зүйн холбогдолтой үзмэр нилээд цугларч, харин байгалийн тасгийн үзмэрүүд хоцрогдонгуй байдалтай болжээ. Тиймээс 1940 оноос хойш ШУ-ны хүрээлэнгийн зүгээс байгалийн үзмэр цуглуулах ажлыг эрчимжүүлэхэд анхаарсан байдаг. Монголын говьд 1946 – 1949 онд Зөвлөлтийн эрдэмтэн И.А.Ефремовын шинжилгээний ангийн хийсэн хайгуул судалгааны үр дүнд музейн эртний амьтдын хэсэгт ховор сонин олдворууд нэмэгдсэн юм. Орон нутаг судлах музейг 1956 онд шинэ байранд нүүлгэн шилжүүлж, үзмэр зүйлсийг шинэчлэн дэглэж “Улсын төв музей” гэж нэрлэн түүхийн ба байгалийн гэсэн үндсэн 2 танхим, мөн урлаг, палеонтологийн бие даасан үзмэрийн хэсэгтэйгээр зохион байгуулжээ. Палеонтологийн бие даасан үзмэрийн хэсэгт монгол нутгаас олдсон эртний сөнөсөн амьтдын олдвор, түүний дотор аварга махан идэшт үлэг гүрвэл-тарбозаврын олдвор анх тавигджээ. Эдгээр олдворуудыг музейн үзмэрт байрлуулан тавих нарийн чимхлүүр ажлыг ЗХУ-ын эрдэмтэн A.К.Рождественскийн удирдлагаар мэргэжилтэн Я.М.Эглон, А.Г.Фонин нар монгол ажилчдын хамт гүйцэтгэсэн байдаг. Хожим нь 1960-1970 онд музейг шинжлэх ухааны байгууллагаас нь салган Соёлын яаманд харъяалуулснаар музейн оршин тогтнох тулгын 3 чулуу Захиргаа- Судалгаа-Үйл ажиллагаа (administration-curation-operation ) – ны нэг судалгааны ажил орхигдон Монголын музейн хөгжил зогсонги байдалд орж, үзмэр баяжуулалт, шинэчлэлт, судалгаа шинжилгээний ажил суларч, үзмэрийн танин мэдэхүйн ач холбогдол бууран, зөвхөн гадна дотны зочдын нүүр тахалдаг, оюутан сурагчдыг хүчээр үзүүлдэг газар болсон байдаг. Зөвхөн орлогын төлөвлөгөөний хойноос хөөцөлддөг ийм хандлага одоо ч манай ихэнх музейд амь бөхтэй байсаар байгаа нь орчин цагийн музейд тавигдаж буй шинжлэх ухаанч хандлагыг үл ойлгох, үндэсний шинжлэх ухааны хүрээлэнгүүдийг үл тоомсорлох, дур зоргоор авирлах явдалтай холбоотой юм.Харин 1981 онд ШУА-д өгсөн Монгол улсын Засгийн газрын 15 тоот албан даалгаврын дагуу тэр үеийн Геологийн хүрээлэнгийн Стратиграф-палеонтологийн секторын эрдэмтэн судлаачид Улсын төв музейн палеонтологийн тасгийг өргөтгөснөөр Палеонтологийн музейн үндэс суурь тавигдсан юм. Бид Улсын төв музейн том танхимын голд 50-иад оны дунд үед “ах нар”-ын босгож өгсөн тарбозаврын хэлхээ ясны зарим хэсэг нь алдагдаж, сүүлний үзүүрийг нь утасны модон дамраар орлуулан хийсэн, хаяг тайлбар нь алдаатай, сэргээн засварлалт хийгдээгүй цөөн тооны үзмэрийг хүлээн авч, том танхим дээр өргөтгөл хэсгийн 400 орчим ам метр талбайг нэмж, нийт 700 гаруй ам метр талбайд Монгол орноос шинээр олдсон эртний далай тэнгисийн сээр нуруугүй амьтдын чулуужсан олдвор, эртний ургамлын үлдэгдлээс эхлээд аварга хөхтөн болон үлэг гүрвэлийн олдвор хүртэл одоогоос 500 гаруй сая жилээс нааш тоологдох эртний амьтан ургамлын үзмэрийг геологийн цаг тооллын дэс дарааллын дагуу анх удаа дэлгэн үзүүлсэн юм. Тэр цагаас хойш өнөөг хүртэл ШУА-ийн Палеонтологийн төвийн эрдэмтэн судлаачид Төв музей, 1991 оноос Байгалийн түүхийн музейн палеонтологийн хэсгийн эрдэм шинжилгээ судалгааны менежментийг хариуцан 30 гаруй жил нягт хамтран ажиллаж, томоохон үзмэр шинэчлэлтийг 5 удаа хийж, 1985 оноос эхлэн үлэг гүрвэлийн 2 том үзэсгэлэнг бэлтгэн дэглэж, дэлхийн 20 гаруй орны 70 гаруй хотод зохион байгуулсан юм. Харин Байгалийн түүхийн музейн хамт олон хадгалалт хамгаалалт, үзвэр үйлчилгээ, үзэгч орлогын төлөвлөгөөг хариуцан ажиллаж ирсэн байдаг. Шинжлэх ухаан-соёлын үйлдвэрлэл хоёрыг холбосон энэ хоёр байгууллагын хамтын ажиллагааны туршлага олон жилийн туршид шалгагдан сайжирч ирсэн бөгөөд Монголын нөхцөлд зохистой хөгжиж ирснийг сүүлийн 30 жилийн түүх нотолдог юм.
Нөгөө талаар, эх дэлхийнхээ шим мандлын түүхийг сонирхох хүн төрөлхтөний оюуны хэрэгцээ эрс нэмэгдэж, танин мэдэхүйн сэтгэлгээний чиг хандлагаөөрчлөгдөж байна. Хүрээлэн буй орчноо хамгаалах, зөв зохистой ашиглах арга замыг эрэлхийлж байна. Энэ эрмэлзлэл судлаачдын хүрээнээс хальж, хүүхэд багачуудаас эхлээд төрөл бүрийн ажил мэргэжлийн хүмүүс хүртэл хүн амын дийлэнх хэсэг хамрагдах болсон нь гадаадын олон улс оронд зохион байгуулагдаж байгаа музей, үзэсгэлэн,хурал зөвлөгөөн, симпозиумаас харагдаж байна. Энэ нийтлэг шаардлагыг хангах зөв гарц бол шинжлэх ухааны музей байгуулах явдал гэдэг нь ойлгомжтой болжээ.
Цэнэглэгдсэн оюун ухаан хөгжлийн хөдөлгөгч хүч мөн: Монгол орон эртний амьтан ургамлын чулуужсан олдвор, ялангуяа үлэг гүрвэлийн олдвороор дэлхийд дээгүүрт ордог нь нэгэнт батлагдсан бөгөөд цаашид хууль бус малтлага, хил дамжуулан худалдах үзэгдлийг таслан зогсоож, энэ чиглэлийн судалгааны үр шимийг хүртэх ирээдүйтэй улс болох нь баараггүй юм. Энэхүү бодит боломжийг ажил хэрэг болгох нь өнөөгийн монголчуудын хүн төрөлхтөний өмнө хүлээсэн үүрэг бөгөөд ирээдүй хойч үеийнхээ оюун ухааныг цэнэглэж, улс орныхоо хөгжлийн хөдөлгөгч хүч болгоход эерэгээр нөлөөлөх баялаг билээ.
Монгол улс палеонтологийн болон үлэг гүрвэлийн музейг оновчтой хэлбэрээр байгуулж, эртний шим судлалыг эрчимтэй хөгжүүлэх оновчтой бодлого явуулбал өндөр хөгжилтэй орны судалгааны байгууллагуудтай хамтран ажиллаж, дэвшилтэт судалгааны арга зүйг бий болгон дэлхийн шинжлэх ухаанд монголын нэрийг мөнхлөхийн зэрэгцээ гадаад дотоодын аялагчид, жуулчдыг татах түшиц газартай болох юм.
Үүний тулд,
Гарц-1. Үндэсний мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн Монголын палеонтологи, үлэг гүрвэлийн музейг байгуулах нь зүйтэй юм. Монголын онцлог бол нарийн мэргэжлийн хүний нөөц дутагдалтай бөгөөд палеонтологийн музейг цоо шинээр байгуулна гэж үзэхэд тэнд ажиллагсад мэрэгшин дадлагажихад наандаж 20 жил шаардлагатай болно. Энэ хугацаанд маш их туршилт явагдаж, алдаа гаргах магадлал өндөр бөгөөд энэ чиглэлийн олдвор эмзэг, хосгүй байдгийг тооцвол бидэнд улсын баялагаар тэгэж тоглох эрх байхгүй болохыг тэмдэглэх нь илүүц юм. Өнөөдрийг хүртэл бий болгосон хүний нөөцийн боломж чадварт тулгуурлан палеонтологи, үлэг гүрвэлийн музейг зорилго зорилт, үзмэрийн чиг хандлага, үзүүлэх арга, үйл ажиллагааны менежментээрээ бусад орны музейгээс өвөрмөц онцлогтойгоор байгуулах боломжтой бөгөөд онол практикийн туршилт-хэлэлцүүлгийн тулгуур төв болж, үргэлж хөгжин шинэчлэгдэж байдаг музейг зөвхөн мэргэжлийн эрдэм шинжилгээ судалгааны байгууллага удирдан чиглүүлж чадна.
Гарц-2. Үндэсний мэргэжлийн эрдэм шинжилгээний байгууллага буюу ШУА-ын Палеонтологийн төвийн хүчин чадлыг өргөтгөж, эртний амьтан ургамлын чулуужсан олдвор цуглуулгаас хэв авч хуулбар хийн музейн үзмэр бэлтгэх лабораторийг нэн яаралтай байгуулах нь зүйтэй. Монгол улсын нутаг дэвсгэрээс палеонтологийн олдвор харьцангуй олноор олдож байгаа хэдий ч энэ бол дуусашгүй, нөхөн сэргээгддэг баялаг биш юм. Ховор олдворыг боловсруулж, судалгаанд бэлтгэсний дараа эх материалаас хэвийг нь авч хуулбар хийн музейн үзмэрт тавьдаг аргазүй палеонтологийн салбарт нэгэнт нэвтэрсэн. Энэ нь хосгүй болон үнэт, дахин давтагдашгүйолдворыг найдвартай орчинд хадгалах боломж олгодог. Дэлхий нийтийн хандлага биет эх олдвор (оригнал)-ыг музейн үзмэрт дэлгэн үзүүлэхээс зайлсхийж, хуулбар загварыг үзмэрт тавьж, эх олдворыг сан хөмрөгт найдвартай орчинд хадгалах болсон. Эх олдвороос нь хуулбарласан хэв гаднах байдлаараа жинхэнэ олдвороос ялгагдахгүй байдаг шинэ технологийг Монголд нутагшуулах бүрэн боломж байна.
Палеонтологийн олон салбарын судалгаа шинжилгээ болон танин мэдэхүйн сурталчилгааны ажлын 50 жилийн түүхтэй,олон улсын хэмжээнд танигдсан эрдэмтэн судлаачидтай, дэлхийн 20 гаруй орны 70 гаруй хотод Монголын палеонтологи – Үлэг гүрвэлийн үзэсгэлэнг гардан зохион байгуулсан туршлагатай ШУА-ийн Палеонтологийн төвийн хамт олныМонголын төр засаг, түмэн олондоо хүргэх үг энэ буюу.