Аэробик гимнастикийн олон улсын хэмжээний мастер, олон улсын шүүгч, олон улсын хоёрдугаар түвшний дасгалжуулагч, ШУТИС-ийн багш Галбадрахын Ерөөлбатынд өнжлөө. Ажлын долоо хоногийн сүүлийн өдөр эднийх халуун ам бүлээрээ цуглажээ. Г.Ерөөлбатынх 19 дүгээр хороололд амьдардаг юм байна. Биднийг очиход гэрийн эзэгтэй Цогтбазарын Энхжаргал гарын хоолоо зэхчихсэн угтлаа. Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчдаас дэлхийн аварга шалгаруулах тэмцээний анхны медаль хүртэж байснаар нь спортын салбарынхан Энхээ гавьяатыг анддаггүй юм билээ. Гэрийн эзэн Г.Ерөөлбат ч дэлхийд данстай тамирчин бас дасгалжуулагч. ШУТИС-д башилдаг тэрбээр оюутнуудыг бэлтгэж аэробик гимнастикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой хүрэл, Ази тивийн гурван удаагийн аваргыг хүртэж байсан том гавьяатай. Инженер оюутнуудыг л уйгагүй бэлтгэж үр дүнд нь Азийн шилдэг баг, төдийгүй Дэлхийн тоглолтод тивээ төлөөлөн 2013, 2017 онуудад оролцож шагналт байрт шалгарчээ. Өдгөө гимнастикийн холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж буй тэрбээр ДАШТ-д явсан тамирчныхаа араас санаа тавиад завгүй сууна лээ.
Эднийх цом, медалийн арвин цуглуулгатай. Тив дэлхийн хэмжээний томоохон тэмцээний медалиуд эдний сервантанд ярайтал гялалзаж байна. Битүү өрөөстэй гоёмсог цомуудыг нь харахад музейд орсон мэт сэтгэгдэл төрж байлаа.
Г.Ерөөлбат, Ц.Энхжаргал нар тус тусын салбартаа анхдагч гавьяа байгуулсан улс. Тэртээ 2005 онд бөхийн чөлөөт барилдааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын Будапешт хотод зохион байгуулагдахад Цогтбазарын Энхжаргал хүрэл медаль хүртэж байв. Үүний дараахан л эмэгтэйчүүдийн шигшээ байгуулагджээ. Өнөөдрийн олимп дэлхийн медальтнуудын үүд нээгдсэн түүх ийм.
Эмэгтэй хүн барилдахыг цээрлэдэг, барилдаж байхыг нь харвал загнаж зандардаг баригдмал сэтгэхүйтэй нийгмийн дундуур шантралгүй зүтгэсний шанд Ц.Энхжаргал монгол эмэгтэй дэлхийн дэвжээнд өрсөлдөх боломж бололцоо байгааг нээж өгчээ. Соронзонболдын Батцэцэг, Пүрэвдоржийн Орхон, Сүхээгийн Цэрэнчимэд нар Энхээ гавьяатын зассан замаар зүтгэж дэлхийн аварга цол хүртээд буй. Цаашдаа ч олон ч аварга төрөх биз.
“Анх 2001 онд “Шонхор” биеийн тамирын дээд сургуулийн оюутан болж байлаа. Бөхөд л их дуртай байсан. Тухайн үед жүдо бөхийн ангид элсчихсэн н.Буянхишиг гээд найз маань чөлөөт рүү уруу татсан. Ингээд л Т.Сүхбаатар багшийн шавь болж байлаа. Сүхээ багш Японд ажиллаж байхдаа эмэгтэй шавь бэлдэх санаа төрсөн юм билээ. Ингээд л найзтайгаа хоёулаа оргил өөд зүтгэсэн дээ” гэж чөлөөт бөхөд орж байсан тухайгаа хуучилж байна. Энхээ гавьяат хэдхэн сар бэлтгэл хийгээд л насанд хүрэгчдийн улсын аварга болж байжээ. Улмаар 2002 онд Солонгосын Бусан хотод зохион байгуулагдсан Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь ирээдүйн их амжилтын аянд мордоход нь ташуур болж өгчээ.
Баруун гар талаас Гавьяат тамирчин Ц.Энхжаргал. ДАШТ Унгарын Будапешт хот. 2005 он.
Ц.Энхжаргал олон улс, олимп дэлхийн аваргын тэмцээнд бэлтгээд амсхийх завгүй гүйж явахдаа л ханьтайгаа танилцжээ. Энхээ гавьяатын хань Г.Ерөөлбат ч тухайн үед аэробик гимнастикийн шилдэг тамирчин болчихсон, энэ спортын хөгжлийг шинэ шатанд дэвшихэд гар бие оролцоод явжээ. Бөх эхнэртэй гимнастикчийн гал голомт тэртээ 2003 онд бадарч байсан гэнэ.
Хэн хэн нь улсдаа төдийгүй тивдээ танигдчихсан, дэлхийн дэвжээнд амжилт гаргах зорилготой тамирчдын дэр нэгтгэсэн түүх ийм. Өнөөдөр тэдний хэн хэн нь зорилгодоо хүрчээ. Ханын шүүгээнд нь өрөөстэй медалиуд үүнийг тод гэрчлэх мэт.
Аэробик гимнастикийн спортод нэг насны амьдралаа зориулсан Г.Ерөөлбатын олон жилийн их хөдөлмөрийн шим 2012 онд Болгарын Софигийн тэнгэр дор гарчээ. ШУТИС-ийн инженер залуусыг бэлтгэж дэлхийн дэвжээнд өрсөлдөхөөр тив алгасч Болгарын Софиг зорьсон байна.
“2012 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд шүүгч дасгалжуулагчийн статустайгаар оролцож байлаа. Тэмцээнээ шүүнэ, хажуугаар нь өнөө хэдийнхээ жижиг сажиг алдааг хэлнэ. Тив алгасч ирснийх зүгээр нэг ёсолчихоод буцмааргүй байдаг. Тэмцээний турш шавь нарыгаа хэн нэгэнтэй уулзах, утсаар ярихыг нь хатуу хориглосон доо. “Хоорондоо л зөвлөлд, хэн чинь ямар алдаа гаргаж байна, ярилцаж ойлголц” гэдэг байлаа. Манайхан ч төвлөрч байгаа хүүхдүүдэд очиж янз бүрийн юм хэлээд үймрүүлээд хаячихдаг улс шүү дээ. Аль ч спортын төрөлд манайхны нийтлэг ажиглагддаг алдаа нь энэ. Хожсон ч, хожигдсон ч бэлдсэн багш нь л хариуцлага хүлээх учраас бусад нь хөдөлмөрийг нь хүндлэх хэрэгтэй. Тухайн үед ордонд цугласан манайхан намайг янз бүрээр хэлж л байсан. Даруулгатай, дэг журамтай байсан учраас оюутнууд маань бэлдсэн үзүүлбэрээ алдаагүй, чамбай үзүүлж хийж насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монголын гимнастикийн 98 жилийн түүхэнд анхны хүрэл медаль хүртсэн. Залуу хүүхдүүд тэмцээний үеэр эмоци гаргачих гээд хэцүү. Медалийн тавцангаас буусны дараа баяраа тэмдэглээрэй гэж хэлж байлаа. Тухайн тэмцээнийг дэлхийн олон оронд шууд дамжуулж байсан. Монгол гэсэн нэр гарч байхад орилж чарлаад янз бүр болоод байж болохгүй биз дээ” гэж түүхэн амжилт үзүүлсэн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний талаар дурсаж байна. Медаль зүүгээд буухад нь л зрительд суусан монголчууд үсэрч харайж гүйлдэж ирээд л тамирчдаа бүчээд авсан даа. Биднийг чинь дээш нь авч чулуудаад тэрүүгээр нэг юм болж байсан. Манайхаар бол БуянтУхаа спортын ордон шиг л том ордны давхар суудлаас яаж үсэрч буусан юм гэж үргэлжлүүлэн ярьж байна. Тэнд очсон монголчууд одоо ч гэсэн энэ талаар дурсан ярьдаг шүү.
Олон улсын чанартай тэмцээнд орж байгаа элэг нэгтнүүдээ харахад эцсийн шүгэл дуугараагүй байхад л дэвж гүйгээд олон жилийн хөлс хөдөлмөрөө салхинд хийсгэж байгаа жишээ нэг биш харагддаг. Олимпийн медалиа долоохон секундэд тавиад туучихсан тохиолдол байгаа. Тамирчдын сэтгэл хөдлөлийг хянаж хариуцлагад суралцуулдаг нь Г.Ерөөлбат багшийн нэг арга барил юм билээ. Хаана ч сэтгэл хөдлөлөө барьдаг хариуцлагатай арга барилаар төлөвшсөн тамирчид нь өнөөдөр олон салбарт амжилттай явдаг талаар багш нь сэтгэл хангалуун ам бардам ярьж сууна.
Г.Ерөөлбат багш сүүлд 2016 онд БНСУын Инчеон хотод зохион байгуулагдсан аэробик гимнастикийн 18 дахь удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд баг тамирчдаа дасгалжуулан оролцож дахин хүрэл медаль хүртэж амжилтаа бататгажээ. Тэрбээр одоо хэр нь аэробик гимнастикийн спортын хөгжлийн төлөө ажилласаар л явна. Манай хүн “Аэробикийн хөгжилд амьдралаасаа илүү цаг зардаг хүн шүү” гэж Энхээ гавьяат оройн зоогийн ширээний ард хошигнож сууна.
Эднийх хоёр хүүхэдтэй. Том охин нь ээжийгээ дагаад бэлтгэлийн заалнаас салдаггүй гэх юм билээ. Ээжийнхээ дутууг гүйцээхээр трико өмсөөд дэвжээнд гарах цаг ойрхон биз. “Би 2013 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний дараа надад хүнд байсан шүү. Бэлтгэлийнхээ ирийг тааруулаад л шигшээ барилдаанд шалгарах зорилго тавиад очсон. Төлөвлөсний дагуу барилдаад л хагас шигшээд шалгарчихлаа. Венесуэлийн бөхийг 9:2оор илт явж яваад л цэвэр хожигдчихсон. Тухайн үеийн шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн хариуцлага ч үүнд нөлөөлсөн л дөө. Тэмцээний дараа ч сэтгэлээр унаад хүнд өдрүүд үргэлжилсэн. Ингээд л хувийн амьдралаа бодсон доо. Том охин маань төрлөө. Тэглээ гээд дэвжээнээсээ холдчихож чаддаггүй юм билээ. Охиноо дагуулаад заал руугаа явна. Дүү нартаа зааж зөвлөнө. Спорт гэдэг залуу насны ажил. Зодог тайлах ёслолоо хийгээд тэмцээн хийх бодолтой байгаа. Тэмцээнээс урам авсан хүүхдүүд ирээдүйд том амжилт үзүүлэх боломжтой. Би тэмцээнээс л урам зориг авч энэ зэрэгт хүрсэн” гэж ярилаа.
Аэробик гимнастикийн ДАШТ-аас хүрэл медаль хүртэв. БНСУ Бусан хот 2015 он.
Гавьяат тамирчин Энхжаргалын тухайд чөлөөт бөхөөр нэгэн арванд гялалзсан. Тэрбээр тамирчны замналаа өндөрлүүлж буйгаа албан ёсоор зарлаж нэрэмжит тэмцээнээ хийгээд дасгалжуулагчийн албанд шилжихээр зэхэж байгаа юм байна. Тамирчин бүсгүй Азийн аварга шалгаруулах тэмцээнээс 12 медаль хүртжээ. Чөлөөт бөхийн төрөлд хоёр өөр жинд аварга болсон түүний амжилт өнөө хэр нь эвдэгдээгүй байгаа юм.
-Таны хувьд чөлөөтийн заалаар эргэлдээд 16 жилийг үджээ. Их ч хөлс гаргасан байх. Энэ хугацаанд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс нэг л хүрэл медаль хүртэж байсан. Хааяа чамлах сэтгэл төрдөг үү?
-Олон жилийн хүнд ачаалалтай бэлтгэлийг давж зорьсон амжилтаа үзүүлж баяр баясгалан мэдэрч үзсэн би азтай хүн. Гэхдээ одоо бодоход ч гол харламаар харамсалтай барилдаанууд хийж л байсан. 2008 оны дэлхийн аваргаар түрүүлэх хэмжээнд бэлтгэгдэж очоод Казахстаны бөхөд сүүлийн оноогоор ялагдаад уйлаад дэвжээнээс бууж байлаа. Зүүд зэрэглээ шиг л санагдсан шүү. Тэр үед үеэр ялалт өгдөг байлаа. Чөлөөт бөхийн дүрэм цоорхой л юм даа. Аварга болох боломжоо салхинд хийсгэж байсан. Сүүлд 2013 онд дэлхийн аварга болохоор очоод Венесуэлийн бөхийг дутуу гаргахаар яарч яваад гишгэдлийн алдаа гаргаад цэвэр ялагдсан. Хожсон бол шигшээ барилдаанд шалгарах байсан юм. Ганц гишгэгдлийн алдаа л бүхнийг шийддэг айхтар шүү.
-Та барилдааныхаа арга барилдаа дүгнэлт хийж багш нартайгаа зөвлөж л байсан байх. Таны барилдааны сул тал юу байв?
-Өөрийгөө тамиртай юм болов уу гэж боддог юм. Гэхдээ барилдаанд маань алдаа байгаа. Гол өрсөлдөгчийнхөө хөлд орж шийдвэрлэх оноонуудаа авдаг байлаа. Ц.Нацагдорж багшаас сурсан мэх л дээ. Олон хүний хөл авч хожиж байсан. Би хөлд орохын өмнө нэг дохиод буцдаг зуршилтай. Үүнийг маань гол өрсөлдөгчид судалчихаж. Дохиод буцахад л дагаад хөлд суучихаад болж өгөхгүй байсан. Миний нэг алдаа энэ байсан юм билээ. Сүүлд л мэдсэн. Хүн барилдааны арга барил, техникээ цаг тутам шинэчилж, илүү боловсруулж байж л өндөр амжилт үзүүлнэ.
-Та эмэгтэйчүүдийн шигшээ багийн анхны гишүүдийн нэг. Эмэгтэй хүн барилдана гэхэд яаж хүлээж авч байв?
-Тэр үед эмэгтэй хүн барилдана гэсэн ойлголт байхгүй байсан шүү. Найзтайгаа зааланд бэлтгэл хийж байхад хүмүүс хялалзаад л өнгөрдөг байлаа. Шантралгүй зүтгэсний хүчинд ДАШТээс медаль хүртсэн. Миний араас ч олон хүүхэд энэ спортод орсон. Олон алдартан төрсөн байна. Дан ганц чөлөөт бөхөөс ч биш. Жүдогийн Уранцэцэг гэж мундаг охин байна. 2013 онд дэлхийн аваргад явахынх нь өмнө бэлтгэл дээр нь таарсан л даа. Тулаад үзэхэд л бэлтгэлийн ир орчихсон байгаа нь мэдрэгдсэн. Би ч бэлтгэл нь ханасан байгааг нь ойлгуулаад ирлэж өгөөд явуулсан. Урнаа дэлхийн аварга болж ирээд “Бэлтгэл ханасан эсэхдээ эргэлзээд сэтгэл зүй тогтохгүй байсан юм. Таны өгсөн урам зориг эх нэмэр болсон шүү” гэж хэлж байсан. Сайхан санагдсан даа.
-Жил хүрэхгүй хугацааны дараа олимпийн наадам эхэлнэ. Медалийн найдвар манайд байна уу?
-Сүхээгийн Цэрэнчимэд гэж охины бэлтгэлийг тааруулаад өгчихвөл хэнд ч дийлдэхгүй. Байгалиасаа авьяастай хүүхэд Энхээ гавьяат барилдааныхаа алдаа оноо, амжилтын тухай ингэж хуучилж байна.
Г.Ерөөлбатын тухайд аэробик гимнастикийн олон улсын тэмцээний шүүх эрхтэй цөөхөн эрхмийн нэг юм. Өнөөдөр тэрбээр олон улсын тэмцээнд явах тамирчдынхаа зардал мөнгө, визний асуудалд санаа тавихаас гадна олон улсын чадварлаг шүүгч бэлтгэхэд анхаарч ажиллаж байгаа талаараа дурдсан юм.
Олон жилийн ачаалалтай бэлтгэлийг хамтдаа давж, спортын гоё сайхан бүхнийг мэдэрч байсан нь эдний гэр бүлийн баяр баясгалан юм билээ. Энэ гэр бүлийн сэтгэл өнөө хэр нь спортын салбарын төлөө л цохилж байна.