Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлгүүрүүд тоглоомын хэсгээ хүүхдийн нүдэнд шууд харагдахгүй байхаар байршуулах үүрэгтэй DNN.mn

Саяхан байрныхаа дэлгүүр лүү талх авах гэж ортол бөөн уйлаан майлаан болж байна. Гурав орчим насны хүү тоглоомын тасгийн өмнө сөхөрч суучихаад ёстой нэг нус, нулимсандаа хутгалдчихсан уйлж байдаг шүү. Ээж нь цаанаас “…явъя миний хүү. Ээж нь дараа мөнгөтэй болохоороо авч өгье” гээд л байн байн учирлан тайлбарлаж байх шиг. Гэтэл уйлж суугаа хүүд явах шинж алга.

Нэг тоглоом харчихаад түүнийгээ авна гэж зүтгэж байгаа нь илт. Энэ мэт жишээ манай эцэг эхчүүдэд өдөр тутам л тохиолддог байх. Олон нийтийн газар хүүхдээ уйлуулах нэг хэцүү. Уйлуулахгүй байя гээд хүссэн тоглоом болгоныг нь авч өгөөд байх ч хэцүү. Түүнчлэн ихэнх тоглоомууд чанаргүй, хүүхдийн эрүүл мэндэд хортой материалаар хийгдсэн атлаа өндөр үнэтэй. Нөгөөтэйгүүр мөнгө санхүү тааруу хүмүүс ч олон.

Иймээс уг асуудлыг дэлхийн бусад хотуудад зохицуулсан журам байдаг аж. Тэр нь хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд хүүхдийн тоглоомын тасагтай бол хэсгийг бага насны хүүхдэд шууд харагдахгүй, далд байршуулж борлуулахаар журамдаа заасан байдаг гэнэ. Зөвхөн эцэг, эхчүүдийн сонирхлоор тоглоомын тасгаар явах нөхцөлийг тухайн худалдааны төв бүрдүүлэх үүрэгтэй байдаг аж. Тэр бүү хэл хүнсний дэлгүүр, худалдааны төвүүд хүүхдийн тоглоомын тасагтай байхыг хуулиар хориглодог хотууд ч цөөнгүй. Гэтэл манайд уг асуудлыг зохицуулсан журам байдаггүйгээс болоод дэлгүүр болгон ашиг орлогоо бодож хүүхдийн сонирхлыг ашиглан тоглоомын тасгаа үүдэндээ байршуулдаг нь нууц биш.

Тиймээс ийм дэлгүүр, худалдааны төвүүдээр хүүхэдтэйгээ хамт үйлчлүүлэхээс татгалзаарай. Нөгөөтэйгүүр холбогдох албаныхан дэлхийн бусад хотуудын жишгээр дээрх асуудлыг зохицуулсан журмыг батлах, мөрдүүлэх нэн шаардлагатай байгааг эцэг эхчүүд хэлж байна.

One reply on “Дэлгүүрүүд тоглоомын хэсгээ хүүхдийн нүдэнд шууд харагдахгүй байхаар байршуулах үүрэгтэй DNN.mn”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *