Categories
мэдээ цаг-үе

Дэлбэрч дуусдаггүй галт уул мэт Карабах

ЗХУ-ын задралыг М.Горбачевын өөрчлөн байгуулалт эхлүүлсэн гээд байдаг ч үнэндээ Нагорный Карабахын эргэн тойрон дахь зэвсэгт мөргөлдөөн, салан тусгаарлах үзэл эхлүүлсэн гэхэд үнэнээс хол зөрөхгүй.

Армян, Азербайжан хоёр, Карабахаас болж мөргөлдсөн он жилүүд зуунаар хэмжигдэн, эхлэл алсрах тусам үнэн худлыг тогтоох хэмжүүр улам холдсоор. Тэд яг л сөнөж дуусдаггүй галт уул мэт хэсэг хугацаанд чимээгүй “унтаж” байгаад сэрэхээрээ алдсан он жилүүдээ гүйцээх гэж буй мэт ширүүн хагаралдан хэсэг тулалдсаар. Одоо эхлээд байгаа энэ тулаан бас л урьдын адил долоо хоног хэртэй үргэлжлээд зогсох биз. Уг нь түүх сөхвөл тэр нутагт анхнаасаа л армянууд амьдарч байсан, одоо ч армянууд амьдарч байгаа, зүгээр л Зөвлөлт засгийн үеийн коммунистууд газар зүйн байршлаар нь шууд Азербайжаны БНУ-д хүчээр нэгтгэсэн нь өнөөг хүртэл дуусдаггүй хагаралдааны эхлэл болсон гэлтэй.

Тэд Хаант Оросын үед шахуу буюу 1918-1920 онуудад сүрхий байлдаж армянчуудын ялагдлаар дуусч байсан бөгөөд үр дүнд нь Карабах бие даасан автономит эрхтэйгээр Азербайжан улсын бүрэлдэхүүнд багтан жар гаран жилийг харьцангуй тайван өнгөрөөжээ. Тэгээд 1988 онд “галт уул сэргэлээ”. Зөвлөлт засгийн он жилүүдэд нутагт нь олон азербайжан гэр бүл нүүн ирж суурьшсан, уугуул армян иргэдийг хавчин гадуурхдаг, автономит хязгаарын удирдах албан тушаалд дандаа азербайжан хүн тавигддаг гэх мэт гомдол тасрахгүй байсаар дэлбэрэхгүй юү. Тэр үед Нагорный Карабахын оршин суугчдын 77 хувь нь армян, 21 хувь нь азербайжан, нэг хувь нь оросууд байж. Хүчээ алдаж байсан Горбачев тэргүүтэй ЗХУ уг мөргөлдөөнийг энх тайвны замаар зогсоох гээд хүчрээгүй, харин ч өөрсдөө задран унаад алга болсон. Зөвлөлт улс задрахтай зэрэгцээд Армян, Азербайжан улсууд бие даасан армитай болж мөргөлдөөн нь бүр угширч дайны шинжтэй болж, 1994 он хүртэл байлдсан юм.

Тэгээд олон улсын байгууллагууд, НҮБ зэргийнхний хичээл чармайлтаар Бишкекийн гэрээ, Казаний томьёолол мэтийн тунхаглалууд гарч тэр дайн дуусч байжээ. Дуусах ч юу байхав дээ, хэсэг намжиж “унтаа” байдалд шилжихгүй юү.

Эдгээр гэрээний дагуу Армяны тал Карабахын зарим хэсгийг Азербайжанд өгч тэд оронд нь Нагорный Карабахыг Армянтай холбох гудам, зурвас гаргаж өгөхөөр тохиролцож байсан юм. Нэгэнт эхлүүлсэн дайсагнал улстөрчдийн гарын үсгийн үзүүрээр намжина гэж байдаггүй хойно тэр цагаас эхлээд баруунаас зүүн, зүүнээс баруун тийш нүүсэн дүрвэгсдийн их аян хөвөрч эхэлсэн. Өсөж өндийсөн нутгаасаа армянчуудад адлагдан нүүх Карабахын азербайжануудын эсрэг талд Зөвлөлт засгийн үед Азербайжан улсад тохижиж суурьшсан армянчууд бас л тийм хувь тавилантайгаар идээшиж ундаалсан нутгаа орхин явцгааж байлаа.

Дараа нь 2016 оны дөрөвдүгээр сард гурван өдрийн үргэлжилсэн тулаан хоёр улсын хил орчим өрнөж гуч орчим цэрэг алагдан олон мянган шархдсан хүнтэй дуусч байсныг хүмүүс мартаагүй байх. Энэ жилийн зургадугаар сард хүртэл хэсэг байлдаад л авсан. Гэхдээ өнөө цагийнх шиг хүнд их буу, танк, БТР, явган цэргийн анги нэгтгэлүүд оролцож тэнгэрт нисдэг тэргүүд хөөрсөн том тулаан тэртээх ерээд оны дайнаас хойш болоогүй юм байна.

Есдүгээр сарын 27-ны өглөө эхэлсэн энэ удаагийн мөргөлдөөн юунаас эхлэлтэй вэ гэдгийг тогтоох чин үнэн баримт гэж байхгүй бөлгөө. Учир нь орчин цагийн зэвсэгт мөргөлдөөнд мэдээллийн хуурмаг өгөгдөхүүн нь өөрөө ямар ч зэвсгээс илүү ашиглагддаг болсон тул аль, аль тал нь тэр боломжоо өргөн ашиглаж байна. Азербайжанчууд хэлэхдээ Армяны их буучид хил залгаа манай тосгодыг өглөөний зургаан цагт галлаж энгийн иргэдийн амийг хөнөөсөн тул бид өргөн фронтоор давшин зургаан гацаа, стратегийн чухал ач холбогдолтой өндөрлөгүүдийг эзлэн урагшилж байна гэхэд армянчууд болохоор хөрш улсынх нь арми Нагорный Карабахын бүх хил дагуу их буу, хүнд танк, нисэх хүчнээ оролцуулсан өргөн хэмжээний давшилтыг эртнээс бэлдсэн байдалтайгаар гэнэт эхлүүлж Карабахын нийслэл Степанакерт хотыг зогсоо зайгүй бөмбөгдөж байна, бүх нийтийг хамарсан цэрэг татлага явуулна гэж яриад эхэллээ. Азербайжаны ард мэдээж удам, угсаа нэгт Турк улс зогсож байгаа, тэнгэрт нь Туркийн байлдааны дрон нисч, газарт батлагдаагүй баримтаар бол Сирид байлдаж байсан хөлсний дайчид ирчихсэн тулалдаж буй.

Тэгээд ч сүүлийн үед эдийн засгийн хувьд асар их өндийсөн Азербайжан бараг хоёр дахин илүү цэргийн хүчтэй тул Армяныг дорхноо өвдөг сөхрүүлнэ гэж бодож байж магадгүй. Харин Армяны талд Хамтын аюулгүй байдлын гэрээгээ үндэслээд оросууд ороод ирвэл тийм ч амархан буугаад өгчихгүй байх л даа. Армянчууд байлдаад сурчихсан, дайнд бэлэн гэдгээ харуулан байлдааны эхний өдрүүдэд сөнөөсөн дайсныхаа хуягт машинуудын бичлэгийг сүлжээнд тавихдаа орос зэвсэг ашиглаж буйгаа үзүүлж л байх юм.

Б.ХУЛАН

7 replies on “Дэлбэрч дуусдаггүй галт уул мэт Карабах”

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *