Categories
мэдээ нийгэм

Дээд шүүхийн ээлжит сургалт болно

Улсын Дээд шүүхийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс сэтгүүлчдийн хууль эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, шүүхийн талаар бодит ойлголтыг төлөвшүүлэх зорилгоор “Шүүхийг сурвалжлах нь” цуврал сургалтыг 2009 оноос эхлэн амжилттай зохион байгуулж ирсэн билээ.

Сэтгүүлчдийн өөрсдийнх нь сонирхсон сэдвүүд дээр үндэслэн явуулсан манай сургалтад 2009-2013 онд нийт 32 сэдвээр Улсын Дээд шүүхийн танхимын тэргүүнүүд, шүүгчид, давж заалдах шатны шүүхийн шүүгчид хичээл заасан бөгөөд энэ сургалтын талаарх эерэг хандлага сэтгүүлчдийн дунд бий болсон гэж бид дүгнэдэг юм. Түүнчлэн сургалтад оролцогсдын шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх болон хууль эрх зүйн мэдлэг ч тодорхой хэмжээгээр дээшилсэн нь тэдний бэлтгэн нийтэлж, нэвтрүүлж буй мэдээ, мэдээлэл, нийтлэл, ярилцлага зэргээс харагдаж байгаа нь бидний сургалт амжилттай явагдаж буйг илтгэх биз ээ.

Бид энэ удаад сургалтаа 2015 оны 5 дугаар сарын 22-23-ны өдрүүдэд “Өртөө толгой” амралтын газарт зохион байгуулахаар товлоод байна.

Энэ удаагийн сургалтын сэдвийг сэтгүүлч та бүхний ирүүлсэн саналд үндэслэн гаргасан бөгөөд хичээл заах багш нар нь бүгд тухайн чиглэлээр онол, практикийн өндөр мэдлэгтэй Улсын Дээд шүүхийн шүүгчид байгаа тул сургалт үр өгөөжтэй болно гэдэгт эргэлзэхгүй байна.

Тухайлбал, энэ сургалтын үеэр авилга, албан тушаалын гэмт хэрэг, өрсөлдөөний эрх зүй, гэр бүлийн маргаан болон шүүх хуралдаан хойшлох шалтгаанууд, сэжигтэн яллагдагчийг цагдан хорих, иргэн, захиргааны хэргийн харьяаллын ялгааны тухай, сэтгүүлчид иргэний ямар асуудлаар шүүхэд дуудагддаг зэрэг олон сонирхолтой сэдвүүдийг хөндөн ярилцах болно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *