Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэд сайд Б.Цогтгэрэл УИХ-ын гишүүн О.Баасанхүүг нийтийн сүлжээгээр доромжлох нь хэвийн үзэгдэл үү?

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл өөрийн твиттер хуудаснаа “О.Баацанхүү хуулиа уншиж баймаар байна. Хар тамхины асуудал Эрүүгийн хууль дээр ялын хугацаа нэмэгдсэн. Нэрэл төрөл нэмсэн. Үхэв”, “Хууль зөөлөрсөн гэж О.Баацанхүүгийн үг нь хар тамхи тат гэсэн уриалга юм”, “О.Баацанхүү шиг хуулийг уншдаггүй ордны ховоор ам хийдэг хүмүүсийн хоморгонд автаж хэрэгт орж болохгүй шүү залуусаа, “Өмнөх хуулиар мансуурсан этгээдэд ямар ч хариуцлага тооцдоггүй өртсөн донтогч гэх ойлголт үгүй болж ял шийтгэл оноодог болсон”, “Цайны цагаар Баацанхүүгийн уншаагүй Эрүүгийн хууль, Хар тамхи мансууруулах бодисын талаар бичлээ. Эргүү хог ухаарах байлгүй дээ” гэж жиргэжээ. Бүх ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн нэрийг Баацанхүү болгон нийтийн сүлжээгээр доромжилж байгаа нь энэ. Монгол Улсын төрийн түшээ хүнийг бидний удирдагчдын нэг болсон дэд сайд Б.Цогтгэрэл ийн хэлж байгаа нь ёс суртахуунтай хэрэг үү. Төрийн шатлалаар Б.Цогтгэрэлийн шууд дарга нь УИХ-ын гишүүн О.Баасанхүү мөн. Бусдыг ингэж доромжилсных нь төлөө уучлал гуй гэж МАН-ын бусад гишүүд нь энэ хүндээ хэлж, зөвлөдөг болов уу. Төрийн сайд хүн ийм болчимгүй зан гаргаж болохгүй. Та нар бод доо, социализмын үеийн Зам, тээврийн яамны орлогч сайд Б.Лувсан гуай тэр үеийн Улс төрийн товчооны гишүүн С.Жалан-Аажав гуайг ийм байдлаар доромжилбол яах байсан бол гэж. Улс төрийн товчооны гишүүнийг орлогч сайд хүн тухайн үеийнхээ сонин хэвлэлээр янз бүрээр доромжилсон байна гээд бодох гэхээр ухаан санаанд ч багтахгүй юм. Хэрэвзээ тийм зүйл болдог юм бол орлогч сайд Б.Лувсан гуайг шууд Шар хадны галзуугийн хурцын тасаг руу явуулах байсан биз. Тэр хүний сэтгэц нь хэвийн биш байна гэж үзээд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй болно. Харин өнөөгийн нийгэмд төрийн албан тушаал хашиж буй дэд сайд хүн ийм ёс зүйгүй авир гаргалаа. Монгол Улсын төрт ёсны тэр үеийн байдал одоо үеийнхээс ямар ч ялгаагүй. Зэрэг дэв, захирах, захирагдах, эх орныхоо төлөө зүтгэх, ард түмний өмнө хариуцлагатай байх, үлгэр жишээ үзүүлэх, төрийг хүндлэх энэ бүх ёс журам яг хэвээрээ байх ёстой. Гэтэл дэд сайд Б.Цогтгэрэл монгол төрийг ийн бүдүүлгээр доромжиллоо. Нэг ёсондоо бохирдуулж байна. Магадгүй дэд сайд Б.Цогтгэрэл үзэл бодлоо илэрхийлсэн нь ардчилал гэж бодож байж болох юм. Тэгвэл үүнд ардчилал ямар ч хамаагүй. Бид ардчиллын хүчинд аливаа асуудлыг, хүнийг ил тод шүүмжлэх эрхтэй болсон нь үнэн. Гэхдээ доромжлох эрх хэнд ч байхгүй. Ингэж ардчиллын нэр барьж доромжлохыг анархизм гэдэг. Хэрвээ үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай ярих гэж байгаа бол ардчиллыг гуйвуулсан хэрэг болно. Монгол төрийг ингэж бохирдуулж хүчгүйдүүлэх нь санаатай юу, эсхүл санаандгүй үйлдэл үү. Ийм хүн монгол төрд ажиллаж болох уу, үгүй юу гэдгийг томилсон улс нь эргэж хэлэлцэх цаг нь болжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *