Categories
мэдээ улс-төр

Дэд сайд Б.Батцэцэг Гадаад хэргийн сайд нарын VIII уулзалтад оролцов

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг 2017 оны 8 дугаар сарын 31-нд БНСУ-ын Бусан хотноо болж буй Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт (ФЕАЛАК)-ын Гадаад хэргийн сайд нарын VIII уулзалтад оролцов.

Дэд сайд ФЕАЛАК-ын сайд нарын уулзалтын нэгдсэн хуралдаанд оролцож үг хэлэхдээ, Зүүн Ази, Латин Америкийн бүс нутгийн улсууд боломжтой бүхий л салбарт хамтын ажиллагаагаа хөгжүүлж гүнзгийрүүлэхийн чухлыг тэмдэглэв.Тэрбээр Монгол Улс хөдөө аж ахуй, уул уурхай, аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах боломжтойг дурдаж ФЕАЛАК-ын Үйл ажиллагааны төлөвлөгөө, ФЕАЛАК-ын Сан, Бусаны Тунхаглалыг дэмжиж байгааг мэдэгдэв.

Дэд сайд Б.Батцэцэг БНСУ-ын Гадаад хэргийн сайд хатагтай Кан Ген Хва, Аргентины Гадаад хэргийн сайд Хорхе Марсело Фаурие, Парагвайн Гадаад хэргийн дэд сайд Оскар Кабелло Сарубби, Мексикийн Гадаад хэргийн дэд сайд Карлос Иказа Гонзалес нартай тус тус уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Мөн дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визээс чөлөөлөх тухай Монгол Улс болон Бүгд Найрамдах Аргентин Улсын хоорондын хэлэлцээрт Дэд сайд Б.Батцэцэг, Аргентины Гадаад хэргийн сайд Хорхе Марсело Фаурие нар гарын үсэг зурав.

ФЕАЛАК нь Зүүн Ази болон Латин Америкийн орнуудын хооронд хамтын ажиллагаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэх яриа хэлэлцээний механизм юм. Энэхүү олон талт байгууллагад хоёр тивийн 36 орон хамрагддаг бөгөөд тэдгээрийн 16 нь Зүүн Азийн, 20 нь Латин Америкийн орнууд юм. ФЕАЛАК-ын энэ удаагийн Сайд нарын уулзалтад 20 шахам орон сайд, дэд сайдын түвшинд, мөн зарим олон улсын байгууллагын тэргүүн оролцов. Сайд нарын 8 дугаар уулзалтаар ФЕАЛАК-ын Үйл ажиллагааны төлөвлөгөөг баталж, ФЕАЛАК-ын Сан байгуулав. Мөн уулзалтын дүнгээр Бусаны Тунхаглалыг гаргав.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *