Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Дэд профессор Л.Содномцогт: Сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг бага наснаас нь төлөвшүүлэх хэрэгтэй DNN.mn

Шинжлэх ухааны академийн харьяа Тархи,сэтгэл судлалын  хүрээлэнгийн захирал АУ-ны доктор, дэд профессор Л.Содномцогтой  сэтгэл хөдлөлөө  удирдах чадварын талаар ярилцлаа.


Сэтгэл хөдлөлөө удирдах чадвар гэж юу вэ?

-Өөрийн сэтгэл хөдлөлийг таньж мэдэх, ойлгох, зохицуулах, илэрхийлэх, мөн бусдын сэтгэл хөдлөлийг ойлгон хариу үйлдэл үзүүлэх чадварыг хэлдэг.Энэ нь сэтгэл хөдлөлийн зохицуулалт, сэтгэл хөдлөлийн оюун ухаан гэсэн ойлголтуудтай холбоотой. Өөрөөр хэлбэл, сэтгэл хөдлөлөө удирдах чадвар гэдэг нь хүн өөрийн мэдрэмжийг ухамсарлаж, ойлгож, зөв илэрхийлж, шаардлагатай үед хянаж сурах явдал юм. Энэ чадвар нь бидний өдөр тутмын амьдралд, ажлын байранд, бусадтай харилцах харилцаанд чухал нөлөө үзүүлдэг. Жишээлбэл, бид бүгд ямар нэгэн таагүй зүйлтэй тулгарвал уурлаж, бухимдаж, эсвэл гунигладаг шүү дээ. Гэхдээ тухайн сэтгэл хөдлөлийг шууд ил гаргах нь үргэлж зөв алхам байдаггүй.Харин тухайн мэдрэмжээ ойлгож, түүнийг яаж зохицуулах вэ гэдгээ бодож илэрхийлэх нь илүү үр дүнтэй.

– Ер нь энэ чадвар удамшдаг уу ?

– Сэтгэл хөдлөлийн  зохицуулалт нь хувь хүний зан төлөвийн удамшил ба орчны нөлөөллийн нэгдэл юм. Судалгаагаар сэтгэл хөдлөлийн тогтвортой байдал, хариу урвалын түвшин буюу импульс зэрэг нь тодорхой хэмжээгээр удамшдаг болохыг тогтоосон байдаг. Гэхдээ энэ нь хувь хүний өссөн орчин, боловсрол, туршлага, харилцааны  дадал зуршлуудаас ихээхэн хамаарна. Зарим хүүхдүүд багаасаа тайван, стресст бага  автах хандлагатай байдаг бол зарим нь  амархан бухимдаж,бухимдаж, сэтгэл хөдлөлөө хянахад хүндрэлтэй гэх мэт төлөвтэй. Мэдээж хүн бүр сэтгэл хөдлөлөө илүү сайн удирдаж сурах боломжтой бөгөөд энэ чадварыг хөгжүүлэхэд боловсрол, сэтгэл зүйн дасгал, дадал зуршил чухал.


– Сэтгэл хөдлөлөө удирдаж чадахгүй байгаагийн хурц хэлбэр хэрхэн илэрдэг вэ?
– Сэтгэлээ удирдаж чадахгүй байх нь хүний өдөр тутмын  амьдрал, ажил, харилцаанд ноцтой хүндрэл учруулдаг. Энэ чадварын сулрал нь энгийн бухимдлаас эхлээд хүчирхийлэл, сэтгэл зүйн эмгэг, нийгмийн зөрчилдөөн хүртэл олон янзаар илэрнэ. Жишээлбэл, огцом уурлаж, бусадтай байнга маргалддаг нэгнийг төсөөлье. Тэр  ажлын хамт олонтойгоо үл ойлголцож, амархан бухимддаг. Стрессийн үед тайван хандахын оронд хашхирч, ширээ балбах, бусдад хатуу үг хэлчихдэг бол энэ нь түүний эргэн тойрны хүмүүст таагүй санагдаж, харилцаа улам дордох эрсдэлтэй. Зарим хүмүүсийн хувьд энэ нь зөвхөн түрэмгий авир төдий биш, импульсийн хяналтгүй байдлаар илэрдэг. Стрессийг зохицуулж чаддагүй хүмүүсийн хувьд жижиг зүйлс хүртэл тэднийг бухимдуулж, удаан хугацаанд тэр мэдрэмж нь үргэлжилдэг. Өөрөөр хэлбэл, амьдралын энгийн асуудлуудыг том асуудал мэтээр хүлээж авдаг. Энэ нь нойргүйдэл, толгойн өвдөлт, цусны даралт ихсэх, цаашлаад бие махбодын хариу урвалуудыг дагуулж, эрүүл мэндэд ч сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.Зарим хүмүүс өөрсдийн мэдрэмжийг таньж илэрхийлэх чадваргүй
байдгаас болж өөрийгөө болон бусдыг ойлгоход хүндрэлтэй болдог. Тэд “би бухимдалтай байна” гэж хүлээн зөвшөөрөхийн оронд түрэмгий байдал, эсвэл дуугаагаа хураах байдлаар хариу үйлдэл үзүүлдэг.
Энэ бүхнийг даван туулах арга зам бий юу?
– Сэтгэл хөдлөлийн  удирдлагыг сайжруулахын тулд хүмүүс стрессийн үед гүнзгий амьсгал авч, ухамсартайгаар өөрийн мэдрэмжийг ойлгох дадлыг эзэмших нь чухал. Мөн дасгал хөдөлгөөн хийх, сөрөг бодлоо өөр өнцгөөс харах, сэтгэл хөдлөлөө эрүүл аргаар илэрхийлэх дадлаа хөгжүүлэх хэрэгтэй. Жишээлбэл, тодорхой нэг таагүй явдлыг “давагдашгүй асуудал гэж харах биш,”туршлага хуримтлуулах боломж” гэж харах нь стрессийг бууруулж, эерэг сэтгэл зүйг дэмждэг. Сэтгэл хөдлөлөө эрүүл аргаар илэрхийлэх дадлыг хөгжүүлэх нь дотоод мэдрэмжээ  хүлээн зөвшөөрөх, түүнийг бусдад ойлгомжтой, зохистой байдлаар дамжуулах чадвартай холбоотой.  Энэ нь зүгээр л сэтгэл хөдлөлөө нуун дарах бус, харин тохиромжтой арга замаар илэрхийлж сурах  явдал юм.
Сүүлийн үед нийгэмд сэтгэл хөдлөлөө удирдах чадвар дутмаг байгаа нь их анзаарагдах боллоо. Тэгвэл сэтгэл хөдлөлөө удирдах чадвар яагаад сул байна вэ?
– Сэтгэл хөдлөлөө  удирдах чадвар сул байгаа нь олон шалтгаантай. Гол нь хувь хүний түвшинд өөрийгөө танин мэдэх, сэтгэл хөдлөлөө ухамсарлах, илэрхийлэх, зохицуулах чадвар дутмаг. Нийгмийн түвшинд авч үзвэл, харилцааны соёл, сэтгэл зүйн боловсрол, стрессийг зөв даван туулах арга барил хангалтгүй хэвшсэн зэрэг холбоотой. Орчин үеийн хүмүүсийн амьдралын хэмнэл түргэсэж, олон төрлийн стресс  хүчин зүйлүүд нэмэгдсэн. Тухайлбал ажлын байрны дарамт санхүүгийн асуудал, гэр бүлийн хариуцлага, нийгмийн сүлжээн дэх мэдээллийн дарамт гэх мэт. Гэвч хүмүүс энэ зөв зохицуулах чадварт төдийлөн суралцаагүй байна. Бидэнд дутагдаж
байгаа нэг том хүчин зүйл бол сэтгэл зүйн боловсрол юм. Сэтгэл хөдөлөөө ойлгох, удирдах тухай ойлголтыг бага наснаас нь төлөвшүүлэхгүй бол стрессийн үед уур бухимдал, түрэмгий авир гаргах, өөрийгөө болон бусдыг ойлгохгүй байх  хандлага давамгайлдаг.
– Бага наснаас нь энэхүү чадварыг хэрхэн хөгжүүлэх вэ ?
– Нэгдүгээрт, сэтгэл хөдлөлийн нэрлэх болон түүнийг таньж, ойлгох чадварыг бага наснаас нь бий болгох хэрэгтэй. Жишээ нь, хүүхдэдээ “Чи ууртай байна уу?”, “Чи баяртай байна уу?” гэх мэт асуултуудыг тавьж , өөрийнхөө сэтгэл хөдлөлийг нэрлэж, таньж ойлгох боломжийг олгох хэрэгтэй. Энэ нь хүүхэд сэтгэл хөдлөлийнхөө эхлэлтэй танилцаж, түүнийг илэрхийлэх боломжийг олгодог. Эцэг эхчүүд өөрсдийн сэтгэл хөдлөлийг хянаж, нэрлэж чадвал хүүхэд ч мөн адил энэ чадварыг сурах болно. Мөн эмпати буюу бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож, хүндэтгэх чадварыг багаас нь хөгжүүлэх нь чухал. Хүүхэд бусдын сэтгэл хөдлөлийг ойлгож, хүндэтгэх замаар эмпати боловсруулдаг. Гуравдугаарт, сэтгэл хөдлөлөө зохицуулах энгийн арга барилыг заах хэрэгтэй. Жишээ нь, амьсгалын сэтгэл хөдлөлийнхөө улмаас өдөөгдсөн сөрөг мэдрэмжийг хэрхэн даван туулах талаар зааж өгөх хэрэгтэй. Энгийн амьсгалын дасгал хийх, тайвшрах, сэтгэл хөдлөлийнхөө мэдрэмжийг хэрхэн даван туулах талаар зааж өгөх хэрэгтэй. Энгийн амьсгалын дасгалууд хүүхдэд стресс болон уурыг зохицуулахад тусалдаг бөгөөд энэ нь амьдралд түгээмэл тохиолдог сэтгэл хөдлөлийн хяналтыг эзэмшихэд тустай. Бага наснаас нь сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг хөгжүүлэх нь хүүхдийг зөв сэтгэл зүйтэй хүн болгохын тулд анхны алхам юм.
Хүмүүс нэгнээ хүндлэх хүндэтгэлээ алдан нэгнийхээ бие  махбод, эрхэд халдаж уураа гаргаж байгаа нь хэвийн үзэгдэл боллоо. Энэ талаар ярихгүй юу?
-Сүүлийн жилүүдэд нийгэмд хүмүүсийн хоорондын харилцаа ихээхэн өөрчлөгсдсөн. Өдөр ирэх тусам харилцан ойлголцол багасч, хүндэтгэлгүй хандлага, түрэмгий авир илрэх нь нэмэгдэж байна. Өмнө нь хүмүүс олон нийтийн газар бие биенээ хүндэтгэн хүлээцтэй хандаж, мэдрэмжээ  хянаж чаддаг байсан бол өнөөдөр өөрсдийн сэтгэл хөдлөлийг хянах чадвар багасаж, түргэн уурлаж, бусдыг гомдоох үйлдлүүд нэмэгджээ. Яагаад энэ нь
сөрөг үр дагавар авчирдаг вэ гэдгийг энгийнээр  хэлбэл, сэтгэл хөдлөлийг
зохицуулж чадахгүй байх нь зөвхөн хувь хүний амьдралын чанарыг бууруулдаггүй, харин ч нийгмийн харилцаанд сөрөг нөлөө үзүүлдэг. Хүлээцтэй байж сурахгүй бол энэ нь хүндэтгэлгүй харилцаанд  орох,сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй байхын үндсэн шалтгаан болдог. Сэтгэл хөдлөлөө зөв таньж, ойлгохгүй байх нь хүмүүсийн харилцаанд сөргөөр
нөлөөлдөг. Жишээ нь, нэг хүн урам хугарах мэдрэмжийг бухимдал гэж
андуурч, үүнийгээ уураар илэрхийлэхэд хүргэдэг. Энэ нь тухайн хүний сэтгэл
хөдлөлийн зохицуулалт муу байгаагийн илрэл юм. Судалгаагаар сэтгэл хөдлөлөө зохицууулж чадахгүй чадахгүй хүмүүс бусадтай зөрчилдөх, түрэмгий авир гаргах хандлагатай байдаг. Тэд мэдрэмжүүдээ зөв илэрхийлж чадахгүйгээс өөрийн болон бусдын мэдрэмжийг ойлгох чадваргүй болдог.

А.ДАВААДУЛАМ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *